2008
Хүүхдүүдийн минь залбирал
2008 оны зургадугаар сарын


Хүүхдүүдийн минь залбирал

Португалийн Визею дахь билээ. Утасны цаанаас найман настай хүүгийнхээ чичирхийлсэн дууг сонсоод миний гайхсаныг яана.

“Ээж ээ, Вивианаг машин шүргэчихлээ. Тэр амьд байна, гэвч толгойноос нь цус гоожоод байна! Вивиана эмнэлэг рүү явах гэж байна” гэж хүү маань хэлэв.

Би бараг л ухаан алдах шахав. Одоо би чинь яах билээ? Аз болоход, манайх ойрхон, бас хоёр эмэгтэй дүү маань надтай хамт байдаг байлаа. Тэдний нэг нь эмнэлэг рүү надтай хамт явж, нөгөөх нь гэрт байгаа, сандарч мэгдсэн гурван хүүхдийг минь харж хандаж, тайвшруулахаар үлдлээ.

Ийм гай зовлонд унасан би залбирахыг хүссэн ч, уйлахаас хэтэрсэнгүй. Гэвч эмнэлэг рүү явах замд, гэнэт амар амгалангийн болон өөртөө итгэх итгэлийн мэдрэмж надад баттай төрөх нь тэр. Сэтгэл түгшин сандрах хэрэггүй, бүх юм сайн байх болно гэсэн мэдрэмж надад төрж байлаа.

Дүү маань энэ өөрчлөлтийг ажиглаад, “Та зүгээр үү?” гэж асуухад би толгой дохилоо. Тэр эргэлзсэн байдалтайгаар, “Нээрээ юу? Та зүгээр үү?” гэж дахин асуулаа.

“Зүгээр ээ” гэж би хариулаад, эмнэлэг хүрэх замын үлдсэн хэсэгт дуугүй явлаа.

Бид эмнэлэг дээр хүрч ирээд, дөрвөн настай охин маань ухаантай, зөвхөн хөнгөхөн бэртсэнийг би мэдлээ. Түүнийг тайвшруулсны дараа, надад төрсөн амар амгалангийн мэдрэмжийн тухай би бодохгүй байж чадсангүй.

Вивиана эмнэлэгт нэг хоноод гэртээ эргэж ирэв. Ослын тухай ярилцах үеэр, хүүхдүүдтэй хамт гэрт үлдсэн дүү маань, “Өчигдөр, түргэн тусламж явсны дараа Ванесса, Васко хоёр гэрт орж, хамт залбирсан шүү” гэж ярилаа.

Айдас түгшүүр төрсөн үед хүүхдүүд минь гэртээ болон Хүүхдийн Хэсэгт заалгаснаа санасныг мэдсэндээ миний сэтгэл ихэд догдолж билээ. Тэр хоёр чинь ердөө нэг нь зургаатай, нөгөө нь долоотой хүүхдүүд шүү дээ. Гэвч тэд залбирлын хүчинд итгэдэг байжээ. Тэнгэрлэг Эцэг бяцхан дүүд нь туслах болно гэдгийг тэд мэдэж байсан аж.

Тэдний итгэлийн тухай би тэр үдээс хойшжингоо бодлоо. Би чухам хэдийд нь амар амгаланг мэдэрч эхэллээ дээ? гэсэн асуулт толгойд зурсхийн орж ирлээ. Эмнэлэг хүртэл ямар хугацаа шаардагдсаныг тооцоолж үзэхэд, амар амгалангийн мэдрэмж надад төрсөн үе нь Ванесса, Васко хоёрын залбирсан цаг хугацаатай тохирч байв.

Тэнгэрлэг Эцэг эдгээр өхөөрдөм дуу хоолойг сонсоод зөвхөн охиныг минь эрүүл мэндээр адисалсан төдийгүй, намайг бас амар амгалангаар адисалсныг би мэдсэн. Тэр өдөр хүүхдүүдээсээ сурч мэдсэн зүйлийг: бидний залбирлуудыг сонсож, “санаа тавьж анхаардаг гайхамшигтай, амар амгалангийн бат итгэлээрээ” (“Be Thou Humble,” Hymns, no. 130) биднийг адислахыг хүсдэг Эцэг бидэнд байдгийг би хэзээ ч мартахгүй.