Ерөнхий чуулган
Христтэй адил буурь суурьтай байх
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Христтэй адил буурь суурьтай байх

“Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов” (Марк 4:39).

Намайг өнгөрсөн Ерөнхий чуулганаар үг хэлэхэд, хүргэн Райн маань надад нэгэн жиргээг үзүүлсэн юм. Уг жиргээнд, англиар онгирох гэдэг үгтэй дуудлагаараа адил сонсогддог миний нэрийг дурдаад, “Арай ч дээ. Энэ нөхрийн нэр нь Брагг” буюу англиар “онгирох” гэсэн утгатай “мөртлөө даруу байдлын талаар ярихгүй байсан юм байх даа? Цагаа шал дэмий үржээ!” гэсэн байв. Харамсалтай нь, өнөөдөр ч бас та бүхний урмыг хугалах нь дээ.

Зураг
Дон Брагг сагсан бөмбөгийн тоглогч байхдаа

Миний сайхан аав Калифорниа мужийн Лос Анжэлэсын Их Сургуулиас Бүх Америкийн сагсан бөмбөгийн тоглогчоор шалгарч байсан бөгөөд дасгалжуулагч нь домогт Жон Вүүдэн байв. Аав тэр хоёр амьдралынхаа туршид дотно найзууд байсан ба заримдаа дасгалжуулагч Вүүдэн гэргийтэйгээ хамт гэрт маань оройн хоол идэхээр ирдэг байлаа. Тэр надтай сагсан бөмбөгийн талаар мөн миний ярихыг хүссэн бусад сэдвээр үргэлж дуртайяа ярьдаг байж билээ. Би төгсөх ангид орохдоо, надад ямар зөвлөгөө өгмөөр байгааг түүнээс асуусан юм. Тэрээр багш болохоор “Аав чинь чамайг Есүс Христийн Сүмд нэгдсэн тухай хэлсэн. Тиймээс чамайг Их Эзэнд итгэдэг гэдгийг би мэдэж байна. Тэрхүү итгэлээ алдалгүй, ямар ч нөхцөл байдалд буурь суурьтай байж, шуурганаар ч сайн хүн байгаарай” гэж билээ.

Олон жилийн турш тэр үг миний санаанаас гараагүй. Ямар ч нөхцөлд, нэн ялангуяа зовлон зүдгүүр, дарамт шахалтад орсон үед ч тайван байж, биеэ барьж, тэвчээртэй ханд хэмээх түүний зөвлөгөө сэтгэлд минь хоногшин үлджээ. Дасгалжуулагч Вүүдэний баг тоглохдоо хэрхэн буурь суурьтай байж, улсын 10 удаагийн аварга болж гайхамшигт амжилтад хүрснийг би харсан.

Гэхдээ өнөөгийн энэ цаг үед бид буурь суурьтай байх талаар бараг ярихаа больсноос гадна үймээн самуун гарч, талцаж хуваагдах үед энэ зан чанар бүр ч харагдахаа больж. Спортод буурь суурьтай байж чадсан тоглогч шийдвэрлэх тоглолтод өөртөө итгэлтэй байж чаддаг бол буурь суурьтай байж чадаагүй баг нурж унах нь элбэг. Энэ гайхамшигтай зан чанар спортоос өөр зүйлд ч хэрэгтэй. Буурь суурьтай байх чадвар амьдралд өргөн хэрэглэгддэг ба энэ нь эцэг эх, удирдагч, номлогч, багш, суралцагчдыг болон амьдралын ширүүн шуургатай тулгарсан өөр хэнийг ч адисалж чадна.

Сүнслэг байдлаараа буурь суурьтай байх нь нэн ялангуяа дарамт шахалтад орсон үед хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулж, тайван байх чадвараар адисалдаг. Ерөнхийлөгч Хюү Б.Браун “Бурханд мөн эцсийн эцэст зөв шударга байдал ялна гэдэгт итгэх итгэл нь хүнд хэцүү цаг үед сэтгэл санааны болоод сүнслэг байдлын хувьд буурь суурьтай байхад түлхэц болж өгдөг”1 гэж заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон сүнслэг байдлаараа буурь суурьтай байхын гайхамшигт үлгэр жишээг үзүүлдэг. Нэг удаа эмч байхдаа Нэлсон эмч титэм судасны дөрвөн залгаас тавих хагалгаа хийж байхад нь өвчтөнийх нь цусны даралт огцом унажээ. Нэлсон эмч нөхцөл байдлыг тайвнаар үнэлж, багийн нэг гишүүнийг санамсаргүйгээр аль нэг хавчаарыг авсныг олж тогтоов. Хавчаарыг яаралтай орлуулж тавиад, Нэлсон эмч багийнхаа уг гишүүнийг “Би чамд хайртай хэвээрээ л байгаа” гэж тайвшруулсан гэдэг. Тэрээр цааш нь наргиа болгон “Заримдаа би чамайг бусад өдрийнхөөс ч илүү хайрладаг даа” гэжээ. Тэр онцгой нөхцөлд хэрхэн хамгийн чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэнгээ буурь суурьтай байж, асуудлыг шийдвэрлэж болохыг харуулсан юм. Ерөнхийлөгч Нэлсон “Энэ бол дээд зэргийн сахилга баттай байх асуудал юм. Хүн гэдэг амьтан цаанаасаа л ‘Дасгалжуулагч аа, намайг эндээс гаргаач. Би харимаар байна!’ гэсэн хандлагатай байдаг. Гэхдээ бид гарч болохгүй нь ойлгомжтой. Нэг хүний амь амьдрал мэс заслын багийн бүх гишүүнээс бүрэн хамааралтай байдаг. Тиймээс та тайвширч, биеэ суллаад, өөрийгөө хэзээ хэзээнээс илүү хурцлах ёстой байдаг”2 гэж хэлсэн.

Мэдээж, Аврагч бол буурь суурьтай байхын төгс үлгэр жишээ юм.

Гетсеманийн цэцэрлэгт төсөөлшгүй зовлон шаналал дунд “Түүний цус нь хөлсний дусал мэт газарт дусалж байхад”3 Тэрээр “Миний хүслээр бус, харин Таныхаар болог”4 хэмээснээр бурханлаг буурь суурийг энгийн боловч сүр жавхлантай үлгэрлэн харуулсан билээ. Бүх хүн төрөлхтөнд аврагдах боломжийг олгох хязгааргүй дарамтан доорх Түүний гайхамшигт буурь суурийг ойлгоход бидэнд туслах гурван чухал нөхцөлийг Есүс харуулжээ. Нэгдүгээрт, Тэр хэн гэдгээ мэддэг байсан төдийгүй Өөрийн бурханлаг үйл хэрэгт үнэнч байсан. Хоёрдугаарт, аз жаргалын агуу төлөвлөгөө хэрэгжиж байсныг Тэр мэдэж байсан. Эцэст нь, өнөөдөр ахлагч Дэйл Г.Рэнландын зааснаар санваарын ёслолуудаар дамжуулан ариун нандин гэрээ байгуулж, сахих замаар итгэлээр өөрсдийгөө буулгад нь оруулсан бүх хүн Түүний төгсөшгүй Цагаатгалаар аврагдана гэдгийг Тэр мэдэж байсан.

Буурь сууриа алдах, хадгалах хоёрын ялгааг харьцуулахын тулд Гетсеманийн цэцэрлэгээс гарч явсны дараа Христтэй болон Түүний төлөөлөгчидтэй юу тохиолдсоныг бод. Есүсийг баривчлахаар ирсэн цэргүүдтэй нүүр тулгарах үед Петр буурь суурьгүй, догшин авирлаж, тэргүүн тахилчийн зарц Малхын чихийг тас цавчжээ. Нөгөөтээгүүр Есүс Христ буурь сууриа хадгалж, Малхыг эдгээж, хурцадмал нөхцөл байдлыг намжаасан юм.5

Харин бидний дунд буурь суурьтай байж чадахгүй байгаа, магадгүй урам зориг нь мохсон хүн байвал Петрийн түүхийн үлдсэн хэсгийг тунгаан бодоорой. Энэхүү болон Христтэй холбоотой гэдгээ үгүйсгэсэн сэтгэл эмзэглэм үйл явдлын дараахан,6 Петр Аврагчийг буруутгасан яг тэр шашны удирдагчдын өмнө зогсоод, ширүүн байцаалтын доор Есүс Христийн бурханлаг байдлыг буурь суурьтай, тод томруун гэрчилсэн билээ.7

Өөрийн хэн болохыг мэдэж, бурханлаг мөн чанартаа үнэнч байх

Христтэй адил буурь суурьтай байхын бүрэлдэхүүн хэсгүүдийг тунгаан бодоцгооё. Нэн тэргүүнд хэн болохоо мэдэж аван, бурханлаг мөн чанартаа үнэнч байх нь амар амгаланг авчирдаг. Христтэй адил буурь суурьтай байх нь өөрсдийгөө бусадтай харьцуулах юм уу өөр дүр эсгэхээс зайлсхийхийг шаарддаг.8 Иосеф Смит “Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй”9 гэж заасан. Бид хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг охид, хөвгүүд гэдгээ мэдэхгүйгээр бурханлаг буурь суурийг харуулах огтхон ч боломжгүй.

Ерөнхийлөгч Нэлсон өөрийн хэлсэн “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” үгэндээ, бид бол Бурханы хүүхдүүд, гэрээний хүүхдүүд бөгөөд Христийн шавь нар гэсэн үнэнийг заасан. Дараа нь тэр “Та нарыг эдгээр үнэнийг нандигнах үед бидний Тэнгэрлэг Эцэг та нарт Өөрийнхөө ариун оршихуйд мөнхөд амьдрах туйлын зорилгод хүрэхэд чинь туслах болно”10 хэмээн амласан. Бид үнэхээр мөнх бус амьдралыг туулж буй бурханлаг сүнслэг биес юм. Хэн гэдгээ мэдэж авч, тэрхүү бурханлаг мөн чанартаа үнэнч байх нь Христийнхтэй адил буурь суурийг хөгжүүлэхийн үндэс билээ.

Бурханлаг төлөвлөгөө байгааг мэдэх

Түүнчлэн агуу төлөвлөгөө байдгийг санах нь хүнд хэцүү нөхцөлд зоригтой, буурь суурьтай байх чадварыг өгдөг. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд Сүнс түүнийг удирдана гэдгийг мэдэж байсан тул Нифай Их Эзэний зарлигласнаар, “урьдаас мэдэхгүй байсан”11 ч хийх ёстой байсан зүйлсээ “явж мөн биелүүлсэн.”12 Бид аливаа юмсыг мөнхийн талаас нь авч үзсэнээр буурь суурьтай болдог. Их Эзэн “хараагаа дээшлүүл,”13 “үүрд мөнхийн чанд байдал та нарын оюун ухаанд оршиг”14 хэмээн шавь нартаа зөвлөсөн. Хүнд хэцүү цаг үеийг мөнхийн төлөвлөгөөний хүрээнд авч үзэх үед дарамт шахалт нь хайрлаж, үйлчилж, зааж, адислах давуу эрх болж хувирдаг. Мөнхийн талаас авч үзэх нь Христтэй адил буурь суурьтай байх боломжийг олгодог.

Есүс Христийн болон Түүний Цагаатгалын боломж олгогч хүчийг мэдэх

Эцэст нь, Христийн цагаатгагч золиослолын ачаар боломжтой болсон Түүний боломж олгогч хүч нь бидэнд тэсэж тэвчих, ялан дийлэх хүч чадлыг өгдөг. Есүс Христийн ачаар бид Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахих хүч чадлаа бэхжүүлдэг. Бид зуурдын нөхцөл байдлаасаа үл хамааран баяр хөөртэй, амар тайван байж Аврагчтай холбогдож чадна.15 Алмагийн 7-р бүлэгт Христийн боломж олгогч хүчний талаар гайхалтай заасан байдаг. Аврагч биднийг нүглээс гэтэлгэхийн сацуу сул дорой байдал, айдас түгшүүр, энэ амьдралын зовлон бэрхшээл дунд хүчирхэгжүүлдэг.

Хилам дахь Алмагийн хүмүүсийн адил, бид Христ дээр төвлөрснөөр айдсаа дарж чадна.16 Цэрэг арми цугларан заналхийлэх үед Христийн тэр үнэнч шавь нар буурь суурьтай байж чадсан. Ахлагч Дэвид А.Бэднар: “Алма Их Эзэнээ мөн зөвхөн Тэр л тэднийг чөлөөлж чадна гэдгийг санахыг итгэгчдэд зөвлөсөн (2 Нифай 2:8-ыг үзнэ үү). Аврагчийн анхааран хамгаалдаг халамжийн тухай мэдлэг нь хүмүүст айдсаа дарах боломжийг олгосон”17 гэж заажээ. Энэ бол буурь суурьтай байхын үлгэр жишээ юм.

Шуурган дундах агуу Хүн

Ноа шуурган дунд тэвчээртэй байх талаар олон зүйлийг бидэнд заасан бол Аврагч шуурган дунд хэрхэн амьд үлдэхийг заасан хамгийн гайхамшигт багш байв. Тэр бол шуурган дундах агуу Хүн. Аврагч төлөөлөгчидтэйгөө хамт өдөржин заасны дараа амрах хэрэгтэй байсан тул Галилын тэнгисийн нөгөө эрэг рүү завиар гатлахыг тэдэнд санал болгов. Аврагчийг амарч байхад аймшигт шуурга дэгдлээ. Завь шуурга, давалгаанд цохиулан живэх дөхөхөд, төлөөлөгчид амь эрсдэх вий хэмээн айж эхэлжээ. Эдгээр төлөөлөгчийн зарим нь далайн шуурга гэж юу болохыг мэддэг загасчид байсныг санаарай. Гэвч тэд санаа зовсондоо18 Есүсийг сэрээж, Түүнд “Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” хэмээн асуужээ. Тэр үед Аврагч буурь суурьтай байхыг үлгэрлэн харуулж, “сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.”19

Дараа нь Аврагч төлөөлөгчдөдөө буурь суурьтай байх агуу хичээлийг заасан. Тэрээр “Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ?”20 гэлээ. Тэр Өөрийгөө дэлхийн Аврагч гэдгийг мөн Эцэг нь Түүнийг хүүхдүүддээ үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг улиран тохиолгуулахаар илгээсэн гэдгийг тэдэнд сануулжээ. Бурханы Хүү завин дээр сүйрэхгүй нь лавтай. Аврагч Өөрийн бурханлаг мөн чанарыг мэддэг гэдгээ; аврал, өргөмжлөлийн төлөвлөгөө байдгийг; мөн Түүний Цагаатгал тэрхүү төлөвлөгөөний мөнхийн амжилтад ямар чухал гэдгийг ухаарч байсан тул бурханлаг буурь суурийг үлгэрлэн харуулж чадсан.

Бүх сайн зүйл Христээр болон Түүний Цагаатгалаар дамжин бидний амьдралд ирдэг. Хэн гэдгээ санаж, нигүүлслийн бурханлаг төлөвлөгөө байгаа гэдгийг мэдэж аван, Их Эзэний хүч чадал дотор зоригжсоноор бид бүхнийг хийж чадна. Бид амар амгаланг олж, ямар ч шуурганаар сайн эмэгтэй, эрэгтэй байж чадна.

Бид Христтэй адил буурь суурьтай байхын адислалуудыг эрэлхийлж, зөвхөн хүнд хэцүү үед өөрсдөдөө туслаад зогсохгүй бусдыг адисалж, амьдралд нь тохиох шуургыг сөрөн явахад нь туслах болтугай. Энэхүү Далдуу модны баярын өмнөх өдөр би Есүс Христийг баяртайяа гэрчилж байна. Тэр амилсан. Зөвхөн Аврагчийн бидний амьдралд авчирдаг энх тайван, амар амгалан, бурханлаг буурь суурийг би Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна. Амен.

Эх сурвалж

  1. Hugh B. Brown,” in Conference Report, Oct. 1969, 105.

  2. Sheri Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson (2019), 66–67-г үзнэ үү.

  3. Иосеф Смитийн Орчуулга, Лук 22:44 (Лук 22:44, зүүлт тайлбар b).

  4. Лук 22:42

  5. Лук 22:50–51; Иохан 18:10–12-ыг үзнэ үү.

  6. Maтай 26:34-35, 69–75-ыг үзнэ үү.

  7. Үйлс 4:8–10; Neal A. Maxwell, “Content with the Things Allotted unto Us,” Ensign, May 2000, 74; Liahona, July 2000, 89-ийг үзнэ үү: “Бид ‘бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй’ (1 Нифай 11:17) үед ч сүнслэг байдлаараа нэгдвэл буурь суурьтай байх чадварыг авах боломжтой.”

  8. John R. Wooden, Wooden on Leadership (2005) 3-ыг үзнэ үү: “Би буурь суурьтай байх гэдгийг орчин тойрон, нөхцөл байдлаас үл хамааран өөртөө үнэнч байж, уурлаж уцаарлахгүй, барьц алдахгүй эсвэл тэнцвэрээ алдахгүй байх гэж тодорхойлно. Амархан сонсогдож болох ч буурь суурьтай байх нь хүн хэцүү бэрх цаг үед тэр болгон гаргаж чаддаггүй зан чанар юм. Буурь суурьтай байж чаддаггүй удирдагчид дарамт шахалтад орохоороо сандарч тэвддэг.

    “Буурь суурьтай байх гэж нөхцөл байдал хэр муу эсвэл хэр сайн байхаас үл шалтгаалан итгэл үнэмшлээсээ зууран барьж, үүнийхээ дагуу үйлдэхийг хэлнэ. Энэ нь өөрсдийгөө бусадтай харьцуулж, байгаагаасаа өөр дүр эсгэхээс зайлсхийхийг хэлдэг. Энэ нь мөн ямар ч нөхцөлд эрэлхэг зоригтой байхыг хэлнэ.”

  9. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 40

  10. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  11. 1 Нифай 3:7

  12. 1 Нифай 4:6

  13. Иохан 4:35

  14. Сургаал ба Гэрээ 43:34; Мөн James E. Faust, “The Dignity of Self,” Ensign, May 1981-ийг үзнэ үү. “Дээш харж, ариун нандин зүйлсийг эрэлхийлснээр хүмүүний өөрийгөө үнэлэх үнэлэмж асар их нэмэгддэг. Сүрлэг модод мэт бид гэрэл өөд тэмүүлэх ёстой. Бидний таньж мэдэх боломжтой гэрлийн хамгийн чухал эх сурвалж бол Ариун Сүнсний бэлэг юм. Энэ нь дотоод хүч, амар амгалангийн эх сурвалж билээ.”

  15. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганыг үзнэ үү. “Хайрт ах эгч нар аа, бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.”

  16. Мозая 23:27–28-ыг үзнэ үү.

  17. Дэвид А.Бэднар, “Тиймийн тул тэд айдсаа дарав,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  18. Jeffrey R. Holland, Our Day Star Rising: Exploring the New Testament with Jeffrey R. Holland, 61–62-ыг үзнэ үү: “Цаашилбал, Түүнтэй хамт байсан хүмүүс туршлагатай эрс байв. Анхны арван хоёр төлөөлөгчийн арван нэг нь Галилынх байлаа (Зөвхөн Иудас Искариот иудей хүн байв). Харин арван нэгийнх нь зургаа нь загасчин байсан. Тэд уг нуурын дэргэд аж төрж, загасчилж амь зуулгаа залгуулдаг байж. Бага балчир наснаасаа л тэд тэнд амьдарсан. Тэднийг бага байхад л эцгүүд нь тороо сэлбэж, завиа засдаг байлаа. Тэд тэр тэнгисийг төдийгүй салхи, давлагааг ч сайн мэддэг байв. Тэд туршлагатай эрс байсан ч айсан байв. Хэрэв тэд айж байсан бол уг шуурга үнэхээр аймшигтай байсан хэрэг.”

  19. Марк 4:35–39-ийг үзнэ үү.

  20. Марк 4:40