Ерөнхий чуулган
Хожмын үеийн амьд бошиглогч
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хожмын үеийн амьд бошиглогч

Бошиглогчоор дамжуулан хайраар дүүрэн төгс Тэнгэр дэх Эцэг маань хүүхдүүддээ үнэнийг илчлэх загварыг сонгосон

Жаахан байхад бямба гарагт хийсэн бүхэн маань адал явдал мэт санагддаг байсан болохоор би энэ өдөрт дуртай байлаа. Гэхдээ юу ч хийсэн бай, эхлээд хамгийн чухал зүйл болох хүүхэлдэйн киногоо зурагтаар үздэг байлаа. Нэгэн бямба гаргийн өглөө би телевизийн өмнө зогсоод, сувгаа сольж байхдаа хайж байсан хүүхэлдэйгээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий чуулганы нэвтрүүлгээр солигдсон байсныг мэдэв. Зурагт руу хараад, хүүхэлдэйн кино маань гарахгүй болсонд гашуудан байсан би костюм, зангиатай, буурал толгойтой хүн тухлаг сандал дээр сууж байгааг харав.

Тэр хүн нэг л өөр санагдсан тул би том ахаасаа “Энэ хэн бэ?” гэж асуухад,

“Ерөнхийлөгч Давид О.Маккэй байна. Бошиглогч шүү дээ” гэж тэр хэлэв.

Ямар нэгэн зүйл мэдэрч, яагаад ч юм түүнийг бошиглогч гэж мэдэж авснаа би санадаг. Тэгээд би хүүхэлдэйн киноны хорхойтон байсан болохоор сувгаа сольсон ч тэрхэн мөчид гэнэтийн илчлэлтээр мэдэрсэн зүйлээ хэзээ ч мартаагүй. Заримдаа бошиглогчийг мэдэхэд ердөө ганцхан хором шаардлагатай байдаг.1

Илчлэлтээр дамжуулан газар дэлхий дээр амьд бошиглогч байдгийг мэдэж авах нь бүх зүйлийг өөрчилдөг.2 Үүнийг мэдсэн хүн бошиглогчийн үгсэд итгэх, зөвлөгөөг нь шилж сонгон дагах нь зөвтгөгдөх эсэх талаарх мэтгэлцээнд оролцохыг хүсдэггүй.3 Иймэрхүү илчлэгдсэн мэдлэгийг бүрэн дүүрэн ойлгохгүй байсан ч4 энэ нь биднийг амьд бошиглогчийн зөвлөгөөнд итгэхэд урьдаг. Эцсийн эцэст, ийм нандин дуудлагыг хэзээ ч эрэлхийлж байгаагүй мөн биднээр хэлүүлэлгүй төгс бус байдлаа мэддэг бошиглогчоор дамжуулан хайраар дүүрэн төгс Тэнгэр дэх Эцэг маань хүүхдүүддээ үнэнийг илчлэх загварыг сонгосон билээ.5 Бошиглогч бол Бурханы Өөрийнх нь бэлдсэн, дуудсан, засаж залруулсан, сүнслэгээр нөлөөлсөн, зэмлэсэн, ариулсан мөн дэмжсэн тэр хүн юм.6 Тиймээс бид бошиглолын зөвлөгөөг дагаж байвал хэзээ ч сүнслэг байдлаар эрсдэлд ордоггүй.

Бидэнд таалагдахаас үл хамааран бид бүгд дэлхийн өмнөх амьдралд энэ хожмын үед төрөхөөр ямар нэгэн аргаар сонгогдсон. Хожмын үетэй холбоотой хоёр бодит байдал бий. Христийн Сүм дэлхий дээр дахин байгуулагдах нь эхний бодит байдал бол, нөхцөл байдал үнэхээр хэцүү болно гэдэг хоёр дахь бодит байдал юм. Сударт хожмын өдрүүдэд “дэлхийн ургацыг устгахын тулд агуу мөндрөн шуурга,”7 тахал,8 “дайнууд хийгээд дайнуудын цуурхал урагш илгээгдэх болно мөн бүхэл дэлхий үймээн самуунд байх болно, … мөн алдас газар авах болно”9 хэмээн илчилдэг.

Намайг хүүхэд байхад хожмын өдрүүдийн талаарх эдгээр бошиглол сэтгэлийг минь түгшээдэг байсан болохоор намайг амьд байхад Хоёр дахь ирэлт битгий болоосой гэж залбирахад хүргэдэг байв. Залбирал маань одоогийн байдлаар амжилттай болжээ. Харин одоо бол бошиглогдсон сорилтууд тохиох нь дамжиггүй болохоор би эсрэгээр нь залбирдаг болсон.10 Учир нь Христийг засаглахаар эргэн ирэх үед Түүний бүх бүтээл “аюулгүй хэвтэх болно.”11

Дэлхийн өнөөгийн нөхцөлд байдал зарим хүнийг үймж сандрахад хүргэдэг. Бид Бурханы гэрээт хүүхдүүдийн хувьд энэ хэцүү цаг үеийг хэрхэн туулахаа мэдэхийн тулд энэ тэрийг дагаж хуйлрах шаардлагагүй. Бид огтхон ч айх шаардлагагүй.12 Бид сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхийн тулд, мөн бие махбодын хувьд эцсээ хүртэл тэвчихийн тулд дагах ёстой сургаал болон зарчмуудыг амьд бошиглогчийн үгнээс олдог.13 Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Бидний дунд Бурханы бошиглогч байгаа нь өчүүхэн зүйл биш”14 хэмээн тунхагласан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурханы удаан хугацаанд бошиглогчоор дамжуулан хүүхдүүддээ зааж буй загвар нь Тэрээр бүх бошиглогчийг болон бошиглолын зөвлөгөөг анхаардаг тэднийг адисалдаг гэдгийг бидэнд баталдаг”15 хэмээн гэрчилсэн. Тиймээс гол түлхүүр нь амьд бошиглогчийг дагах явдал юм.16 Ах эгч нар аа, бошиглолын сургаал нь хуучны комик номууд болон сонгодог машинуудтай адилгүй бөгөөд удах тусам үнэ цэнтэй болдоггүй. Иймээс бид өнгөрсөн үеийн бошиглогчдын үгсээр амьд бошиглогчдын сургаалыг үгүйсгэх гэсний хэрэггүй.17

Есүс Христ сайн мэдээний зарчмуудыг заахдаа ашигладаг байсан сургаалт зүйрлэлүүдэд би дуртай. Энэ өглөө би та бүхэнтэй амьдрал дээр тохиолдсон сургаалт зүйрлэлээ хуваалцмаар байна.

Би нэг өдөр Сүмийн удирдах газрын цайны газар өдрийн хоол идэхээр орсон юм. Тавагтай хоолоо аваад хоолны заал руу орохдоо Тэргүүн зөвлөлийн гурван гишүүн гурвуулаа нэг ширээнд сууж байгааг болон дэргэд нь нэг хоосон сандал байгааг анзаарав. Өөртөө итгэлгүй байдлаасаа болоод тэдний ширээнээс холуур тойрч гарахдаа, бошиглогч Рассэлл М.Нэлсоны “Аллэн, энд сул сандал байна. Ирээд, бидэнтэй хамт суугаач” хэмээн дуудахыг сонслоо. Тэгээд би очиж суув.

Хоолоо идэж дуусаж байтал гэнэт шажигнасан чанга чимээ сонсогдоход би гайхан хартал ерөнхийлөгч Нэлсон усны хуванцар саваа дээрээс нь шалчийтал дараад, таглаж байв.

Тэгтэл ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Та яагаад усны саваа шалчийлгачхав?” гэж миний асуумаар байсан асуултыг асуув.

“Ингэвэл хогийн саванд их зай эзэлдэггүй болохоор дахивар материалтай ажилладаг хүмүүст хялбар болж байгаа юм” гэж тэр хариулав.

Түүний хариултын талаар бодож байтал яг адилхан шажигнах чимээ сонсогдлоо. Баруун тал руугаа эргээд хартал ерөнхийлөгч Өүкс усны саваа ерөнхийлөгч Нэлсоныхтой яг адилхан шалчийлгасан байв. Дараа нь зүүн талд чимээ гартал ерөнхийлөгч Хэнри Б.Айринг усны саваа арай өөрөөр буюу хөндлөнгөөр нь шалчийлгаж орхив. Харин энэ нь босоо байдлаас дарснаас илүү хүч шаардахаар харагдаж байв. Үүнийг нь анзаарсан ерөнхийлөгч Нэлсон илүү амархан шалчийлгахын тулд саваа босоогоор нь байлгах аргаа түүнд эелдгээр үзүүлэв.

Тэгэхэд би ерөнхийлөгч Өүкс рүү ойртон, “Усны хуванцар саваа шалчийлгах нь цайны газраас тавьж буй, хогоо боловсруулах шинэ шаардлага юм уу?” гэж аяархан асуув.

Ерөнхийлөгч Өүкс инээмсэглээд: “Аллэн минь, бошиглогчийг дагах хэрэгтэй шүү дээ” гэж хариулсан юм.

Ерөнхийлөгч Нэлсон тэр өдөр цайны газарт дахин боловсруулалттай холбоотой шинэ сургаал заагаагүй гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ бид ерөнхийлөгч Өүкс, ерөнхийлөгч Айринг хоёрын ерөнхийлөгч Нэлсоны үлгэр жишээг тэр даруй дагаж байгаагаас,18 мөн ерөнхийлөгч Нэлсоны хамт байгаа хүмүүстээ илүү сайн арга замыг зааж буй анхааралтай байдлаас нь суралцаж болно.19

Хэдэн жилийн өмнө ахлагч Нийл А.Максвэлл өнөөгийн тухай үнэн зөв бошиглолын зарим ажиглалт болон зөвлөмжийг хуваалцсан юм.

“Хэдэн сар, жилийн дараа үйл явдлууд нь бүх гишүүнийг Тэргүүн Зөвлөлийг дагах эсэхээ шийдэхээс өөр аргагүйд хүргэнэ. Гишүүд хоёр сонголтын дунд удаан гацах нь улам хэцүү болно гэдгийг ойлгох болно.

“… Бусдад бошиглолын зөвлөгөөг хүлээн авах үедээ үйлдэх боломж олгож, сонголтуудаа тодорхой байлгах үүднээс цэдгээ үлдээцгээе. …

“Есүс инжрийн мод навчсаа дэлгэхэд ‘зун ойртсон’ байдаг хэмээн хэлсэн. … Ингэж зун болсныг сануулсан байхад бүгдээрээ халуунаас болж гомдоллохгүй байцгаая!”20

Өсвөр үеийнхэн илүү их инжрийн навчтай, ид халуун үед өсөж торниж байна. Бодит байдал дээр бошиглолын зөвлөгөөг дагах тал дээр бол аль хэдийн насанд хүрсэн хүмүүст илүү хариуцлага оногддог. Эцэг эх нь амьд бошиглогчийн зөвлөгөөг үл тоомсорлосноор зөвхөн өөрсдөд нь амлагдсан адислалуудыг алдаад зогсохгүй хамгийн харамсалтай нь тэд хүүхдүүддээ бошиглогчийн хэлсэн зүйлс ач холбогдолгүй эсвэл энэ бошиглолын зөвлөгөөнөөс алийг нь дагах үгүйгээ сүнслэг тэжээлийн дутагдлаас эмээхгүй сонгож болно гэж зааж буй хэрэг юм.

Ахлагч Ричард Л.Эванс нэг удаа “Зарим эцэг эх биеэ авч явах болон зохицох байдал дээрээ түр амсхийж … гэр бүлдээ эсвэл гэр бүлийнхээ ирээдүйд нөлөөлөхгүйгээр үндсэн зарчмуудаа бага зэрэг хялбаршуулж болно гэж буруу боддог. Гэхдээ хэрэв эцэг эх нь замаасаа бага зэрэг хазайвал хүүхдүүд нь эцэг эхийнхээ үлгэр жишээг хэтрүүлэх магадлалтай байдаг”21 хэмээн онцолсон.

Дайсны нөлөөний оргил үед үүргээ гүйцэлдүүлэх23 өсвөр үеийнхнийг хожмын үеийн бошиглогдсон үүрэгт нь бэлтгэх ариун үүрэг хариуцлага хүлээсэн үеийнхний хувьд22 бид бошиглолын зөвлөгөөг дагахын ач холбогдлын талаарх эргэлзээтэй эх сурвалж байж болохгүй. Өсвөр үеийнхэнд “дайсныг хол байхад нь харах” боломж олгоод, дараа нь дайсны халдлагаас сэргийлэхэд тэднийг бэлэн болгох нь нэн чухал зөвлөгөө юм.24 Бидэнд жижиг мэт санагдах хазайлт, чимээгүй үл тоомсорлол эсвэл бошиглогчийн зөвлөгөөг бувтнаж шүүмжлэх зэрэг нь биднийг гэрээний замын зах хавиар алхуулаад байж болох ч дайсан эдгээр үйлдлийг өсвөр үеийнхний амьдралд илүү хүчтэй оруулах үед энэ нь тэднийг гэрээний замаа нэг мөсөн орхиход нь нөлөөлж болзошгүй. Ийм үр дагавар нь өсвөр үеийнхэнд дэндүү хүнд тусах үнэ юм.25

Та нарын зарим нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөгөөг дагах явцдаа бүтэлгүйтэж байсан гэж бодож байж магадгүй. Хэрэв тийм бол наманчлаад, Бурханы сонгогдсон бошиглогчийн зөвлөгөөг дахин дагаж эхэл. Хүүхдийн хүүхэлдэйн кинонд сатаарахаа больж, Их Эзэний тослогдсон хүнд итгэ. “Израильд эш үзүүлэгч [дахиад] байгаад”26 баярла.

Та итгэлгүй байлаа ч бид хожмын үеийн халууныг тэсвэрлэж, тэдгээрт бүр цэцэглэн хөгжиж болно гэдгийг би гэрчилж байна. Бид хожмын үеийн гэгээнтнүүд бөгөөд эдгээр нь агуу өдрүүд юм. Бид дайсны улам харанхуй, төөрөгдүүлсэн манан үүсэхэд27 бүдэрч үлдэхгүй, харин “Эзэн Бурхан ингэж айлдаж байна”28 хэмээн бидэнд, бүхэл дэлхийд хэлэх эрх мэдэлтэй нэгэн болох түүнээс удирдамж, зөвлөмж авна гэдэгтээ итгэлтэй байсан тул дэлхийд ирэхийг тэсэн ядан хүлээж байсан. Бурханы босгосон бошиглогч, Израилын Ариун Нэгэн,29 бүр Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бригам Янгийн Их Сургуулийн оюутнуудыг яг адилхан хувийн илчлэлтийн туршлагатай болоход урьсан юм: “Тэнгэрлэг Эцэгээс биднийг үнэхээр Их Эзэний төлөөлөгч, бошиглогч мөн эсэхийг асуу. Биднийг энэ болон бусад асуудлаар илчлэлт хүлээн авсан эсэхийг асуу” (“The Love and Laws of God” [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], speeches.byu.edu). Мөн Нийл Л.Андэрсэн 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Бурханы бошиглогч” хэмээх захиасандаа “Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд ерөнхийлөгч Нэлсоны дуудлага Бурханаас ирсэн гэдэг хувийн гэрчийг хүлээж авах эрхтэй.” Бошиглогч Абинадайг сонссон Алмагийн хөрвөлтийн түүх нь бошиглогчийн тухай илчлэлтийг бид бүгд ч хүлээн авах боломжтой гэдгийг баталж өгсөн хэмээн хэлсэн (Мозая 13:5; 17:2-ыг үзнэ үү.)

  2. “Бид бошиглогчгүй бол бидэнд юу ч байхгүй, харин бошиглогчтой байхад бүх зүйл байгаа” (Gordon B. Hinckley, “We Thank Thee, O God, for a Prophet,” Ensign, Jan. 1974, 122).

  3. “Тэд бошиглолын суу билэг, илчлэлтийн суу билэгт итгэхгүй болж эхлэв; мөн Бурханы шүүлтүүд нүүрэн дээр нь тулж иржээ” (Хиламан 4:23; мөн Сургаал ба Гэрээ 11:25-ыг үзнэ үү). “‘Бурхан минь, биднийг энэ үед залах бошиглогч дуудсанд талархъя’ гэж бид байнга дуулдаг. Үүний доор ‘Түүний өгсөн удирдамж бидний хүсэл, таалалтай нийцэх ёстой’ гэж бичээд мөн ингэж хэлэхийг хүсдэг маш олон хүн байдаг” (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 80).

  4. “Заримдаа бид сайтар залбирч, бодож үзсэний дараа ч бидэнд ойлгомжгүй эсвэл хамаагүй мэт санагдах зөвлөгөө хүлээн авах болно. Зөвлөгөөг үл тоомсорлолгүй, улам сайн зууран барь. Хэрэв таны итгэдэг хүн элснээс ялгаагүй харагдах зүйлсийг алтны хольцтой гээд танд өгсөн бол та үүнийг зөөлөн сэгсрээд гартаа нэг хэсэг аяархан барьж үзэх байсан байх. Би бошиглогчийн зөвлөгөөн дээр үүнийг үйлдэх болгонд хэсэг хугацааны дараа алтан ширхгүүд харагдаж эхэлдэг ба би үүнд талархдаг (Henry B. Eyring, “Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 26; мөн 3 Нифай 1:13; Сургаал ба Гэрээ 1:14-ийг үзнэ үү).

  5. 2 Нифай 4:17–18-ыг үзнэ үү. “Миний төгс бусын улмаас намайг, бас түүний төгс бусын улмаас эцгийг минь ч … бүү буруу шаа; харин та нар бидний байснаас илүү ухаалаг байхад сурч болохын тулд, бидний төгс бусыг та нарт илчилсэнд нь Бурханд талархлаа мэдүүл” (Мормон 9:31).

  6. Сургаал ба Гэрээ 3:6–8; мөн Сургаал ба Гэрээ 93:47-г үзнэ үү.

  7. Сургаал ба Гэрээ 29:16

  8. Сургаал ба Гэрээ 84:97; мөн Сургаал ба Гэрээ 87:6-г үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 45:26, 27

  10. Сургаал ба Гэрээ 1:38-ыг үзнэ үү.

  11. Хосеа 2:18 “Учир нь би тэнгэрээс үүний бүх олны хамт сүр хүч хийгээд агуу алдар суугаар өөрийгөө үзүүлэх болно, мөн дэлхий дээр зөв шударга ёсонд хүмүүнтэй хамт мянган жил оршин сууна, мөн ёс бусыг үйлдэгчид тэсвэрлэх нь үгүй бөлгөө” (Сургаал ба Гэрээ 29:11).

  12. 1 Нифай 22:16–17; мөн Сургаал ба Гэрээ 59:23-ыг үзнэ үү.

  13. “Учир нь болгоогтун, тэд бошиглогчдын үгсийг эсэргүүцэв. Иймийн тул эцэг минь тэр нутгаас зугтан гар хэмээгдэн зарлиглуулсныхаа дараа уг нутагт үлдсэн бол, болгоогтун, тэр ч бас эрсдэх байсан буй за” (1 Нифай 3:18; мөн 2 Нифай 26:3; Сургаал ба Гэрээ 90:5-ыг үзнэ үү).

  14. М.Рассэлл Баллард, “His Word Ye Shall Receive,” Лиахона, 2001 оны 7-р сар, 65.

  15. Рассэлл М.Нэлсон, “Гуй, хай, тогш,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93. “Хэн ч амьд бошиглогчийн зөвлөгөөг дагаснаас илүү аз жаргалтай байж чадахгүй” (The Teachings of Lorenzo Snow, ed. Clyde J. Williams [1996], 86).

  16. “Эртний бошиглогчид юу гэж харж, бодож, эсвэл ярьж байсан бол гэдэг дээр тогтохоос илүүтэй өнөөдөр юм уу маргааш Сүмийг тэргүүлж буй тэдэн рүү анхаарч, тэдний зааснаар амьдралаа авч яв” (The Teachings of Harold B. Lee [1996], 525).

  17. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийн ажигласан: “Нас барсан бошиглогчдын булшин дээр цэцэг тавьж буй хүмүүс амьд бошиглогч руу чулуу шидэж эхэлдэг” (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 462). “Бидний сонсож, тунгааж, дагаж болох хамгийн чухал үгс бидний амьд бошиглогчоор илчлэгддэг” (Роналд А.Расбанд “Миний дотоод сэтгэлийн зүйлс,” Лиахона, 2021 оны 11-р сар, 40).

  18. “Их Эзэний Сүмийн ерөнхийлөгчийн илэрхийлсэн зөвлөгөөг сонссон даруйдаа бидний хариу үйлдэл эерэг мөн шаламгай байх ёстой” (M. Russell Ballard, His Word Ye Shall Receive,” Liahona, July 2001).

  19. “Есүс Христийн Сүм үргэлж амьд бошиглогч, төлөөлөгчдөөр удирдуулж ирсэн билээ. Их Эзэний үйлчлэгчид хэдий мөнх бус хийгээд хүмүүнийхээ хувьд төгс бус ч, биднийг сүнслэг байдлын хувьд сүйрүүлэх хор уршигтай саад бэрхшээлээс зайлсхийхэд, мөнх бус байдлаар дамжуулан эцсийн бөгөөд туйлын тэнгэрлэг зорих газраа аюулгүй очиход маань туслахаар сүнслэгээр өдөөгддөг” (М.Рассэлл Баллард, “Бурхан залуур дээр байна,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 7).

  20. Neal A. Maxwell, “A More Determined Discipleship,” Ensign, Feb. 1979, 6970.

  21. Richard L. Evans, “Foundations of a Happy Home,” in Conference Report, Oct. 1964, 135–36.

  22. Сургаал ба Гэрээ 123:11-ийг үзнэ үү; мөн Робэрт Д.Хэйлс, “Бурханы өмнө бидний хүлээсэн үүрэг: Өсвөр үеийнхний эцэг эх, удирдагчдын үүрэг зорилго,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105-ыг үзнэ үү.

  23. Сургаал ба Гэрээ 52:14-ийг үзнэ үү.

  24. Сургаал ба Гэрээ 101:54

  25. Мозая 26:1–4-ийг үзнэ үү.

  26. 2 Хаад 5:8

  27. “Та нарт түүний өгөх түүний бүх үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун, … эдгээр зүйлүүдийг хийснээр … Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” (Сургаал ба Гэрээ 21:4, 6). “Их Эзэнийг төлөөлж буй хүний сургаалыг дагаж, эсвэл зөвлөгөө, зөвлөмжийг авдаг хэн боловч төөрөн одож байсан удаагүй” (Doctrines of Salvation: Sermons and Writings of Joseph Fielding Smith, ed. Bruce R. McConkie [1998], 243).

  28. Езекиел 3:27 “Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой” (Сургаал ба Гэрээ 21:5).

  29. 1 Нифай 22:20–21-ийг үзнэ үү; мөн 3 Нифай 20:23-ыг үзнэ үү.