Ерөнхий чуулган
“Чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун”
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


“Чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун”

Бидний дотор оршино гэх Аврагчийн амлалт үнэн бөгөөд Түүний сэргээгдсэн Сүмийн гэрээгээ сахидаг гишүүн бүрд боломжтой.

Хуучин Гэрээ, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд1 дээр дурдагдсан эртний бошиглогч Енох Сион хотыг байгуулахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн.

Енохын үйлчлэх дуудлагын талаар судрын түүхэд дараах байдлаар онцолсон байдаг. “Енох, хүү минь, энэ хүмүүст бошиглогтун, мөн—Наманчлагтун хэмээн тэдэнд хэл гэж өгүүлэх дуу хоолойг тэрээр тэнгэрээс сонсов, учир нь … тэдний зүрх сэтгэл хатуурч, мөн тэдний чих сонсоход дүйрэнгэ байна, мөн тэдний нүд холыг харж чадахгүй байна.”2

“Мөн Енох эдгээр үгийг сонсоод, Их Эзэний өмнө газар уруу доош мэхийж, … ярьж, хэлэв: Бибээр таны мэлмийд тааллыг олсны учир юу билээ, гэтэл мөн би залуу, мөн бүх хүмүүс намайг үзэн яддаг буюу; учир нь би ярихдаа удаан бөлгөө; иймийн тул бибээр таны үйлчлэгч мөн үү?”3

Енох үйлчлэхээр дуудагдахдаа хувийн сул дорой, хязгаарлагдмал байдлаа хурцаар мэдрэх болсныг анзаарна уу. Мөн Енохт төрж байсантай адил мэдрэмж бид бүгдэд нэг биш удаа төрж байсан байх. Гэхдээ Енохын тавьсан асуултад өгсөн Их Эзэний хариулт сургамжтай төдийгүй өнөөдөр бидний хүн нэг бүрд хамаатай гэдэгт би итгэдэг.

“Мөн Их Эзэн Еноход хэлэв: Урагш одож мөн чамд миний зарлигласанчлан үйлдэгтүн, мөн хүмүүн чамайг цоо хатгах нь үгүй. Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно, мөн би чамд үгийг өгөх болно. …

Болгоогтун миний Сүнс чам дээр байна, иймийн тул, чиний бүх үгсийг бибээр зөвтгөх болно; мөн уулс чиний өмнө зугтах болно, мөн гол мөрнүүд голдирлоосоо эргэх болно; мөн чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун.4

Эцэст нь Енох хүчирхэг бошиглогч, агуу үйл хэргийг бүтээх Бурханы мутар дахь зэмсэг болсон ч тохинууллынх нь гараа тийм байгаагүй! Харин түүний чадавх цаг өнгөрөх тусам сайжирсаар Бурханы Хүү дотор байж, Түүнтэй хамт алхаж сурсан юм.

Их Эзэний Енохт өгсөн зөвлөгөөг мөн энэ нь таны болон миний хувьд өнөөдөр ямар утга учиртай болохыг хамтдаа ярилцах үед Ариун Сүнс бидэнд туслах болтугай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна.

Миний дотор бай

Их Эзэн Есүс Христ бидний хүн бүрийг Миний дотор бай хэмээн урьсан.5 Гэхдээ үнэндээ бид хэрхэн Түүн дотор байж сурч, тийн оршдог болох вэ?

Дотор байх гэдэг үг нь нэг газраасаа хөдлөлгүй, тогтвортой байж, бууж өгөхгүй байх гэсэн утгатай. Ахлагч Жэффри Р.Холланд “дотор байх” гэдэг нь үйлдлийн хувьд “‘үлдэх—үүрд үлдэх’ гэсэн утгатай. Энэ бол ертөнцийн [хүн бүрд] өгдөг сайн мэдээний захиасны сануулга юм. Ирцгээ, гэхдээ ирээд үлд. Ирэхдээ итгэл үнэмшилтэй, тэвчих тэвчээртэй ирцгээ. Өөрийнхөө болон таныг дагах бүх үеийнхний ач тусын тулд үүрд байхаар ир[эх] гэсэн утгатай”6 гэж тайлбарласан. Тиймээс бид Гэтэлгэгчдээ, Түүний ариун үйл хэрэгт сайн, муу аль ч үед гуйвшгүй, тууштай үнэнч байснаар Христ дотор байдаг.7

Бид ёс суртахууны сонгох эрхээ эдлэн, сэргээгдсэн сайн мэдээний гэрээ, ёслолуудаар дамжуулан Их Эзэний буулгыг өөр дээрээ авснаар8 Түүн дотор байж эхэлдэг. Тэнгэрлэг Эцэг болон Түүний амилсан, амьд Хүүтэй байгуулсан гэрээт харилцаа холбоо маань харах өнцгийн болон найдвар, хүч чадал, амар амгалан, үүрдийн баяр баясгалангийн бурханлаг эх үүсвэр бөгөөд энэ нь мөн өөрсдийн амьдралыг барьж босгох ёстой бат бөх суурь юм.9

Бид хувь хүнийхээ хувьд Эцэг, Хүү хоёртой байгуулсан гэрээт холбоогоо байнга хүчирхэгжүүлснээр Түүн дотор байдаг. Жишээлбэл: Хайрт Хүүгийнх нь нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандах нь Тэдэнтэй тогтоосон гэрээт харилцаа холбоог маань гүнзгийрүүлэн бэхжүүлдэг.

Бид мөн Христийн үгэн дээр жинхэнээсээ найрласнаар Түүн дотор байдаг. Аврагчийн сургаал гэрээний хүүхдүүдийн хувьд биднийг Түүнтэй илүү ойртуулж,10 хийвэл зохих бүх зүйлийг бидэнд хэлж өгнө.11

Өөрсдийгөө ариун ёслолд оролцоход хоёргүй сэтгэлээр бэлдэж, гэрээний амлалтуудаа эргэн харж, эргэцүүлэн бодож, үнэн сэтгэлээсээ наманчилснаар бид Түүн дотор байдаг. Ариун ёслолоос зохистойгоор хүртэх нь бидний хувьд тухайн ариун ёслолд оролцоход хэдхэн минут зарцуулсныхаа дараа Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг “үргэлж санахыг”12 хичээхэд бэлэн гэдгээ Бурханд гэрчилж байгаа хэрэг юм.

Бид Бурханы хүүхдүүдэд үйлчлэн; ах, эгч нартаа тохинуулснаар Түүн дотор байдаг.13

Аврагч “Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно”14 гэж хэлсэн.

Аврагчийн дотор байж болох олон арга замын хэдхэнийг нь би товч тайлбарлалаа. Харин одоо би та нарын хүн нэг бүрийг Христийн шавийн хувьд Түүнийг амьдралдаа хийх бүх зүйлийнхээ төвд байлгах утга учир бүхий өөр арга замуудыг Ариун Сүнсний хүчээр өөрсдөө эрэлхийлж, тогшин, суралцахад урьж байна.

Мөн би чиний дотор орших болно

Аврагчийн дагалдагчдадаа өгсөн амлалт нь хоёр талтай. Хэрэв бид Түүний дотор орших юм бол Тэрбээр бидний дотор орших болно. Гэхдээ Христ та бидэн дотор, хувь хүн бүрийн дотор орших үнэхээр боломжтой юу? Уг асуултад “тийм” гэж хариулах нь тодорхой!

Мормоны Номоос бид Алмаг ядуучуудад нөхцөл байдал нь тэднийг даруусахад хүргэсэн хэмээн зааж, гэрчилснийг мэдэж авдаг. Өгсөн заавартаа тэрээр үгийг суулгаж, арчилбал зохих үртэй зүйрлэн, “үг” нь Есүс Христийн амьдрал, үйл хэрэг, цагаатгагч золиос болохыг тайлбарлажээ.

Алма “Бурханы Хүүд, тэрээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно гэдэгт, мөн тэрээр тэдний нүглүүдийг цагаатгахаар зовж мөн егүүтгэгдэх болно гэдэгт, бүх хүмүүн эцсийн хийгээд шүүлтийн өдөр үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр түүний өмнө зогсохын тулд тэрээр амилуулалтыг улируулан тохиолгохоор нас барагсдын дундаас босно гэдэгт итгэж эхлэгтүн”15 гэж хэлсэн.

“Үгийн” талаарх Алмагийн тайлбарыг авч үзээд, үүний дараа түүний тодорхойлсон сүнслэг өдөөлт бүхий холбоосыг бодож үзээрэй.

“Мөн эдүгээ, … та нар энэ үгийг зүрх сэтгэлдээ тариасай, мөн энэ нь ургаж эхлэхэд та нар итгэлээрээ арчлаасай хэмээн би хүснэ. Мөн болгоогтун, энэ нь танд үүрдийн амьдралд нахиалах нэгэн мод болно. Мөн тэгээд түүний Хүүгийн баяслаар танд үүрэг чинь хөнгөн байж болохыг Бурхан соёрхох болтугай. Мөн хэрэв та нар хүсвэл бүр энэ бүгдийг та нар хийж чадах нь тэр бөлгөө.”16

Зүрх сэтгэлдээ суулгах ёстой үр бол үг буюу Есүс Христийн амьдрал, үйл хэрэг, сургаал юм. Мөн итгэлээр тэжээгддэг үгийн хувьд энэ нь бидэнд үүрдийн амьдралд нахиалах нэгэн мод болно.17

Лихайн үзэгдэл дэх мод юуг бэлгэдэж байсан бэ? Уг мод Есүс Христийг төлөөлдөг гэж үзэж болно.18

Хайрт ах эгч нар аа, Үг бидний дотор оршиж байна уу? Аврагчийн сайн мэдээний үнэнүүд бидний бие махбодын зүрхэн самбарт бичигдсэн байна уу?19 Бид Түүн рүү ирж, аажмаар Түүнтэй улам адилхан болж байна уу? Христийн мод бидний дотор ургаж байна уу? Бид Түүн дотор21 “шинэ бүтээл”20 болохыг эрмэлзэж байна уу?

Энэхүү гайхамшигт чадамж Алмаг “Та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү? Та нар түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авсан уу? Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?”22 хэмээн асуухад нөлөөлсөн байж ч магад.

Бид Их Эзэний Енохт өгсөн “Чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тулд надтай хамт алхагтун”23 гэсэн удирдамжийг үргэлж санаж байх ёстой. Мөн бидний дотор оршино гэх Аврагчийн амлалт үнэн бөгөөд энэ нь Түүний сэргээгдсэн Сүмийн гэрээгээ сахидаг гишүүн бүрд боломжтой.

Тиймийн тул Надтай хамт алхагтун

Төлөөлөгч Паул Их Эзэнийг хүлээн авсан итгэгчдэд “Түүн дотор алхах”24-ыг зөвлөжээ.

Аврагчийн дотор байж, Түүнтэй хамт алхах нь (1) Бурханы зарлигийг сахих; (2) Эцэгтэй болон Хүүтэй биднийг холбодог ариун гэрээнүүдээ санаж, эрхэмлэн дээдлэх гэсэн шавь байхын хоёр амин чухал хэсгийг тодотгодог.

Иохан ийн тунхаглажээ.

“Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ.

‘Түүнийг би мэднэ’ гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга.

Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ.

Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай.”25

Есүс бидний хүн нэг бүрийг “Ирээд, Намайг дага”26 мөн “Надтай хамт алх”27 хэмээн урьдаг.

Бид итгэлээр урагшилж, Их Эзэний сүнсэнд даруухан алхсанаар28 хүч чадал, хамгаалалт, амар амгалангаар адислагддаг гэдгийг би гэрчилж байна.

Гэрчлэл ба амлалт

Бүх амьд бодгальд хандан хайраар хэлсэн Их Эзэний гуйлтыг Алма ийн тайлбарлажээ.

“Болгоогтун, тэрээр бүх хүмүүнд урилга илгээдэг, учир нь нигүүлслийн мутар тэдний зүг сунгагдаж, мөн тэрээр: Наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно хэмээн хэлэх болно.

… Тийм ээ, тэрээр хэлэв: Надад ирэгтүн мөн та нар амьдралын модны үр жимснээс хүртэх болно; тийм ээ, та нар үнэгүйгээр амьдралын талх мөн уснаас идэж мөн уух болно.”29

Аврагчийн гуйлт бүхий л талыг төгс хамарсан гэдгийг би онцолж байна. Тэрээр дэлхий дээр амьдарч байгаа, амьдарч байсан, амьдрах хүн нэг бүрийг Өөрийн нигүүлслээр адислахыг хүсдэг.

Сүмийн зарим гишүүн Чуулганы төвийн болон дэлхийн өнцөг буланд байх орон нутгийн цуглааны индэр дээрээс ахин дахин тунхагласан сургаал, зарчим, гэрчлэлийг үнэн гэж хүлээн авдаг ч эдгээр мөнхийн үнэн яг тэдний амьдрал, нөхцөл байдалд хамаатай гэдэгт итгэж чадахгүй байж магад. Тэд чин сэтгэлээсээ итгэж, үнэнчээр үйлчилдэг ч Эцэгтэй болон Түүний Гэтэлгэгч Хүүтэй байгуулсан гэрээт харилцаа нь амьдралд нь идэвхтэй, өөрчлөлт авчирсан бодит зүйл болоогүй байдаг.

Миний та нарт тайлбарлах гэж хичээсэн сайн мэдээний үнэнүүд та нарт, хувь хүн бүрд зориулагдсан гэдгийг Ариун Сүнсний хүчээр мэдэж, мэдрэх боломжтойг би амлаж байна.

Есүс Христ бол биднийг хайрладаг, амьд Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би баяр баясгалантайгаар гэрчилж байна. Хэрэв бид Түүний дотор байх аваас Тэр бидний дотор байх болно.30 Харин бид Түүний дотор байж, Түүнтэй хамт алхах юм бол асар их үр жимсийг авчрахаар адислагдах болно. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Эхлэл 5:18–24; Сургаал ба Гэрээ 107:48–57; Мосе 6–7-г үзнэ үү.

  2. Moсe 6:27

  3. Мосе 6:31

  4. Мосе 6:32, 34; тодотгол нэмсэн.

  5. Иохан 15:4–9-ийг үзнэ үү.

  6. Jeffrey R. Holland, “Abide in Me,” Liahona, May 2004, 32.

  7. Иохан 15:10-ыг үзнэ үү.

  8. Матай 11:29–30-ийг үзнэ үү.

  9. Хиламан 5:12-ыг үзнэ үү.

  10. 3 Нифай 27:14–15-ыг үзнэ үү.

  11. 2 Нифай 32:3-ыг үзнэ үү.

  12. Моронай 4:3; 5:2

  13. Мозая 2:17-г үзнэ үү.

  14. Иохан 15:10

  15. Aлмa 33:22

  16. Алма 33:23; тодотгол нэмсэн.

  17. Алма 26:13-ыг үзнэ үү.

  18. Би энэ зарчмыг 2017 онд нэгэн онцгой цугларалт дээр тайлбарласан.

    “Алма ‘тэдний синагогуудад, мөн тэдний гэрт орж хүмүүст Бурханы үгийг номлож эхлэв; тийм ээ, мөн тэд бүр тэдний гудамжнуудад үгийг номло[ж]’ эхлэв” (Алма 32:1; тодотгол нэмсэн). Тэр мөн Бурханы үгийг үртэй адилтгасан.

    “’Эдүгээ, хэрэв та нар зүрх сэтгэлд тань үр суулгагдаж болохын тулд зай тавьж өгвөөс, болгоогтун, хэрэв энэ нь үнэн үр, эсвээс энэ нь сайн үр аваас, хэрэв та нар Их Эзэний Сүнсийг эсэргүүцэхээр итгэлгүй байдлаараа үүнийг та нар зайлуулахгүй аваас, болгоогтун, энэ нь та нарын цээжинд өсөж эхлэх болно; мөн та нар эдгээр өсөлтийг мэдрээд, та нар өөрсөддөө—Энэ нь сайн үр, өөрөөр хэлбэл үг нь сайн байх ёстой, учир нь энэ нь бодгалийг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв, тийм ээ, энэ нь надад амтат байх болж эхлэв хэмээн хэлж эхлэх болно’ (Алма 32:28; тодотгол нэмсэн).

    Сайн үр зүрх сэтгэлд суулгагдаж, өсөж, соёолж, ургаж, мод болдог нь сонирхолтой.

    ‘Мөн болгоогтун, мод ургаж эхлэхэд, та нар хэлэх болно: Энэ нь үндэслэж болохын тулд, энэ нь ургаж, мөн бидэнд үр жимс авчирч болохын тулд агуу халамжаар үүнийг арчилцгаая. Мөн эдүгээ болгоогтун, хэрэв та нар үүнийг их халамжаар арчилбаас энэ нь үндэслэн, мөн ургаж, тэгээд үр жимс авчрах болно.

    Гэвч хэрэв та нар уг модонд хайнга хандаж, мөн үүний арчилгааны талаар эс бодвоос, болгоогтун энэ нь үндэслэхгүй байх болно; мөн нарны илч тусаж, мөн түүнийг шарж төөнөхөд, үндэсгүйн учир хатан хувхайрч, мөн та нар үүнийг сугалж, тэгээд үүнийг хаях болно.

    Эдүгээ, энэ нь үр сайн бус, эсвээс үүний жимс нь дур булаам бус байснаас болсон биш юм; харин энэ нь газрын чинь үржил шимгүйнх, мөн та нар модыг арчлаагүйнх юм, тиймийн тул та нар үүний жимсийг авч чадахгүй.

    Мөн тийн, хэрэв үүний жимсийг итгэлийн нүдээр хүсэн хүлээж та нар үгийг арчлахгүй аваас, та нар хэзээ ч амьдралын модны жимснээс түүж чадахгүй.

    Гэвч хэрэв та нар үгийг арчилбал, тийм ээ, үүнийг ургаж эхлэхэд модыг арчилж, өөрийн агуу шаргуу итгэл хийгээд тэвчээрээр үүнийг хүсэн хүлээх аваас, энэ нь үндэслэх болно; мөн болгоогтун энэ нь үүрдийн амьдралд хүргэх мод байх болно’ (Алма 32:37–41; тодотгол нэмсэн). …

    Лихайн зүүдний онцлог бол ‘Бурханы хайрыг’ төлөөлсөн амьдралын мод юм (1 Нифай 11:21–22-ыг үзнэ үү).

    ‘Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно’ (Иохан 3:16).

    Их Эзэн Есүс Христийн төрөлт, амьдрал, цагаатгагч золиос нь хүүхдүүдээ хайрлах Бурханы хайрын агуу илрэл мөн. Нифайн гэрчилсэнчлэн, энэ хайр бол ‘бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч’ бөгөөд ‘сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэдэг’ байв (1 Нифай 11:22–23; мөн 1 Нифай 8:12, 15-ыг үзнэ үү). 1 Нифайн 11-р бүлэг нь Аврагчийн амьдрал, үйлчлэл, золиос буюу ‘Бурханы хүлцлийн’ ((1 Нифай 11:16) бэлгэдэл болсон амьдралын модны тухай тодорхой дүрсэлсэн байдаг. Уг мод Христийг төлөөлдөг гэж үзэж болно.

    Өөрөөр хэлэхэд, уг модны жимсийг Аврагчийн Цагаатгалын адислалуудын бэлгэдэл гэж бодож болно. Уг жимсийг ‘хүртсэн нэгнийг жаргалтай болгох дур булаам’ (1 Нифай 8:10) хэмээн дүрсэлсэн бөгөөд энэхүү баяр баяслыг бусадтай хуваалцах хүслийг төрүүлдэг.

    Мормоны Номын зонхилох сэдэв бол хүн бүхнийг Христэд ирэхийг урьсан урилга (Моронай 10:32-ыг үзнэ үү) бөгөөд энэ нь Лихайн үзэгдлийн үндсэн сэдэв юм (1 Нифай 8:19-ийг үзнэ үү] (“The Power of His Word Which Is in Us” [address given at seminar for new mission leaders, June 27, 2017], 4–5).

  19. 2 Коринт 3:3-ыг үзнэ үү.

  20. 2 Коринт 5:17

  21. Алмагийн зүйрлэл бидэнд, итгэх хүсэл нь бидний зүрх сэтгэлд үр суулгадаг бөгөөд итгэлээрээ үрийг арчлах нь амьдралын модыг соёолуулж, модыг арчлах нь “амтат бүхнээс дээд амтат” (Алма 32:42), “Бурханы бүх бэлэгнүүдээс хамгийн агуу” (1 Нифай 15:36) үр жимсийг авчирдаг гэж заадаг.

  22. Алма 5:14

  23. Мосе 6:34; тодотгол нэмсэн.

  24. Колоссай 2:6

  25. 1 Иохан 2:3-6; тодотгол нэмсэн.

  26. Лук 18:22

  27. Мосе 6:34

  28. Сургаал ба Гэрээ 19:23-ыг үзнэ үү.

  29. Алма 5:33–34; тодотгол нэмсэн.

  30. Иохан 15:5-ыг үзнэ үү.