Судрууд
Мосе 8


Бүлэг 8

(1831 оны хоёрдугаар сар)

Метусела бошиглов—Ноа болон түүний хөвгүүд сайн мэдээг номлов—Агуу ёс бус байдал ноёрхов—Наманчлалын дуудлагыг анхаарсангүй—Үерээр тохиох бүх маханбодын устгалыг Бурхан тогтоов.

1 Мөн Енохын бүх өдрүүд дөрвөн зуун гучин жил байв.

2 Мөнхүү улиран тохиох дор Енохтой хийсэн Их Эзэний өөрийнх нь гэрээнүүд биелэгдэхийн тулд, Енохын хүү Метусела аваачигдаагүй ажээ; учир нь тэрээр Ноа түүний хэвлийн үр байх болно хэмээн Енохтой үнэнээр гэрээнд орсон байлаа.

3 Мөнхүү улиран тохиох дор өөрийнх нь хэвлийгээс (Ноагаар дамжин) дэлхийн бүх хаант улс өсөн өндийх болно хэмээн Метусела бошиглож мөн тэрээр өөртөө алдар сууг авав.

4 Мөн уг нутагт их өлсгөлөн болов, мөн Их Эзэн дэлхийг зовлонт зүхлээр зүхэж, мөн үүний оршин суугчдаас олон нь үхэв.

5 Мөнхүү улиран тохиох дор Метусела нэг зуун наян долоон жил амьдарч, мөн Ламехыг төрүүлэв;

6 Мөн Метусела, тэрээр Ламехыг төрүүлсний дараа, долоон зуун наян бус жил амьдарч, мөн хөвгүүд болон охидыг төрүүлэв;

7 Мөн Метуселагийн бүх өдрүүд есөн зуун жаран есөн жил байв, мөн тэрээр нас нөгчив.

8 Мөн Ламех нэг зуун наян хоёр жил амьдарч, мөн нэг хүүг төрүүлэв;

9 Мөн тэрээр түүний нэрийг Ноа хэмээн нэрлэж, өгүүлрүүн: Энэ хөвгүүн бидний ажил ба бидний гарын хүчир хөдөлмөрийн талаар биднийг тайтгаруулах болно, Их Эзэний зүхсэн газрын улмаас буюу.

10 Мөн Ламех Ноаг төрүүлсний дараа, тэрээр таван зуун ерэн таван жил амьдарч, мөн хөвгүүд мөн охидыг төрүүлэв;

11 Мөн Ламехын бүх өдрүүд долоон зуун далан долоон жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

12 Мөн Ноа дөрвөн зуун тавин настай байв, мөн Иафетыг төрүүлэв; мөн дөчин хоёр жилийн дараа тэрээр Иафетын эх асан түүнээс Шемийг төрүүлсэн бөлгөө, мөн тэрээр таван зуун настай байхдаа Хамыг төрүүлэв.

13 Мөн Ноа болон түүний хөвгүүд Их Эзэнийг анхаарч, мөн сонсдог байв, мөн тэд Бурханы хөвгүүд хэмээн нэрлэгддэг байв.

14 Мөн эдгээр хүмүүс дэлхийн гадаргуу дээр өсөн үржиж эхлэхэд, мөн тэд охидыг төрүүлсэн байлаа, тэдгээр охид гоо үзэсгэлэнтэйг хүмүүсийн хөвгүүд хараад мөн тэд өөрсдийн сонгосноор тэднийг эхнэр болгон авцгаав.

15 Мөн Их Эзэн Ноад хэлэв: Чиний хөвгүүдийн охид өөрсдийгөө худалдлаа; учир нь болгоогтун хүмүүсийн хөвгүүдийн эсрэг миний уур дүрэлзэж байна, учир нь тэд миний дуу хоолойг анхааран сонсох нь үгүй.

16 Мөнхүү улиран тохиох дор Ноа бошиглож, мөн Бурханы зүйлсийг бүр энэ нь эхлэлд байсны адилаар заав.

17 Мөн Их Эзэн Ноад хэлэв: Миний Сүнс хүмүүнд нөлөөлөхөөр цаг ямагт хичээх нь үгүй, учир нь тэрээр бүх маханбод үхнэ гэдгийг мэдэх болно; гэсэн ч түүний өдрүүд нэг зуун хорин жил байх болно; мөн хэрэв хүмүүс үл наманчлах аваас, би тэдэн дээр үер илгээх болно.

18 Мөн тэр өдрүүдэд дэлхий дээр аварга хүмүүс байв, мөн тэд Ноагийн амь насыг нь бүрэлгэхээр эрэлхийлж байв; гэвч Их Эзэн Ноатай хамт байлаа, мөн Их Эзэний хүч түүн дээр байв.

19 Мөн Их Эзэн өөрийн жаягийн дагуу Ноаг томилж, мөн тэрээр урагш одож мөн өөрийнх нь Сайн мэдээг, бүр энэ нь Енохт өгөгдсөний адилаар хүмүүсийн үрсэд тунхаглах ёстой хэмээн түүнд зарлиглав.

20 Мөнхүү улиран тохиох дор Ноа тэд наманчлах ёстой хэмээн хүмүүсийн үрсийг дуудав; гэвч тэд түүний үгсийг анхааран сонссонгүй;

21 Мөн тэрчлэн, тэд түүнийг сонссоны дараа, тэд түүний өмнө хүрч ирэн, хэлсэн нь: Болгоогтун, бид Бурханы хүүхдүүд билээ, бид хүмүүсийн охидыг өөрсдөдөө аваагүй гэж үү? Бид идэж мөн ууж, мөн гэрлэж мөн хадамд гаргахгүй байгаа гэж үү? Мөн эхнэрүүд маань бидэнд хүүхдүүдийг төрүүлж өгдөг, мөн тэд бол эрт цагийн хүмүүсийн, агуу алдар нэрт хүмүүсийн нэгэн адил хүчирхэг хүмүүс билээ. Мөн тэд Ноагийн үгсийг анхааран сонссонгүй.

22 Мөн хүмүүсийн ёс бус байдал нь дэлхий дээр агуу болсныг Бурхан харав; мөн хүн болгон зүрх сэтгэлийнхээ бодлуудын төсөөлөлд хөөрч, үргэлжид хилэнцэт байв.

23 Мөнхүү улиран тохиох дор Ноа хүмүүст номлохоо үргэлжлүүлэн, хэлэв: Анхаарцгаа, мөн миний үгсэд анхаарал тавигтун;

24 Итгэж мөн нүглүүдээсээ наманчлан мөн Бурханы Хүү, Есүс Христийн нэрээр, бүр бидний эцэг өвгөдийн адил баптисм хүртэгтүн, мөн та нарт бүх зүйл илэрхийлэгдэхийн тулд, та нар Ариун Сүнсийг хүлээн авах болно; мөн та нар үүнийг үл хийх аваас, та нар дээр үерүүд ирэх болно; гэсэн хэдий ч тэд анхааран сонссонгүй.

25 Мөн Ноа үүнд харамсаж, Их Эзэн дэлхий дээр хүнийг бий болгосонд түүний зүрх сэтгэл өвдөв, мөн энэ нь түүний сэтгэлийг гашуудуулав.

26 Мөн Их Эзэн хэлэв: Би өөрийн бүтээсэн хүнийг, хүн амьтан аль алийг нь, мөн мөлхөгч зүйлсийг, мөн агаарын жигүүртнүүдийг дэлхийн гадаргуугаас устгах болно; би тэдгээрийг бүтээсний төлөө мөн би тэдгээрийг бий болгосны төлөө Ноа харамсав; мөн тэрээр намайг дуудсан билээ; учир нь тэд түүний амийг эрэлхийлж байв.

27 Мөн Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг ийн олсон буюу; учир нь Ноа шударга мөн өөрийн үеийнхэн дотор төгс хүн байв; мөн тэрээр, түүний гурван хүү Шем, Хам мөн Иафет нар тэрчлэн Бурхантай хамт алхалж байв.

28 Бурханы өмнө дэлхий жигшүүрт байв, мөн энэ нь хүчирхийллээр дүүрсэн байлаа.

29 Мөн Бурхан дэлхийг харав, мөн, болгоогтун, энэ нь жигшүүрт байлаа, учир нь дэлхийд бүх маханбод жигшүүрт зам дээр байв.

30 Мөн Бурхан Ноад хэлэв: Бүх маханбодын төгсгөл миний өмнө ирлээ, учир нь дэлхий хүчирхийллээр дүүрээд байна, мөн болгоогтун би дэлхийгээс бүх маханбодыг устгах болно.