Судрууд
Мосе 5


Бүлэг 5

(1830 оны зургаадугаар сараас аравдугаар сар)

Адам, Ева хоёр хүүхдүүдийг төрүүлэв—Адам тахил өргөж мөн Бурханд үйлчлэв—Каин, Абел хоёр төрөв—Каин эсэргүүцэн босож, Бурханаас илүү Сатанд хайртай байж, мөн Мөхөл болов—Аллага болон ёс бус байдал газар авав—Сайн мэдээ эхлэлээс номлогдов.

1 Мөнхүү улиран тохиох дор, Их Эзэн, Бурхан бибээр тэднийг хөөсний дараа Их Эзэн миний түүнд зарлигласанчлан, Адам газар боловсруулж эхлэн мөн тэжээмэл бүх амьтдын дээр ноёрхолтой байж, мөн духныхаа хөлсөөр талхаа олж идэж эхлэв. Мөн түүнчлэн түүний эхнэр Ева түүнтэй хамт хөдөлмөрлөж байлаа.

2 Мөн Адам эхнэртэйгээ унтаж, мөн тэр түүнд хөвгүүд мөн охидыг төрүүлэв, мөн тэд өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэж эхлэв.

3 Мөн тэр цагаас хойш, Адамын хөвгүүд болон охид газар нутагт хоёр хоёроороо хуваагдан, газар боловсруулж, мөн мал өсгөж эхлэв, мөн тэд тэрчлэн хөвгүүд болон охидыг төрүүлэв.

4 Мөн Адам мөн түүний эхнэр Ева хоёр Их Эзэний нэрийг дуудав, мөн тэдэнд хандан өгүүлэх Их Эзэний дуу хоолойг Едений Цэцэрлэг рүү хөтлөх замаас тэд сонсов, мөн тэд түүнийг харсангүй; учир нь тэд түүний оршихуйгаас таслагдсан байлаа.

5 Мөн тэрбээр тэдэнд зарлигуудыг өгч, тэд өөрсдийн Их Эзэн Бурханыг шүтэх ёстой, мөн мал сүргийнхээ ууган төлүүдийг Их Эзэнд өргөл болгон өргөж байх ёстой хэмээв. Мөн Адам Их Эзэний зарлигуудад дуулгавартай байв.

6 Мөн олон өдрийн дараа Их Эзэний тэнгэр элч Адамд үзэгдэн: Чи яагаад Их Эзэнд тахил өргөдөг юм бэ? хэмээв. Мөн Адам түүнд хэлэв: Их Эзэн зарлигласнаас өөрийг би мэдэх нь үгүй.

7 Мөн тэгэхэд тэрхүү тэнгэр элч ярьж, хэлэв: Энэ зүйл бол ач ивээл бөгөөд үнэнээр дүүрэн, Эцэгийн Төрсөн Ганц тахил болон өргөгдөхийн адилтгал бөлгөө.

8 Иймийн тул, чи өөрийн хийх бүхнээ Хүүгийн нэрээр хийх ёстой, мөн чи наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой.

9 Мөн тэр өдөр Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг Ариун Сүнс Адам дээр бууж ирэн, хэлэв: Бибээр эхлэлээс, үүнээс хойш мөн үүрд Эцэгийн Төрсөн Ганц билээ, унасан болохоор чи, мөн бүх хүн төрөлхтөн, бүр хүссэн болгон нь гэтэлгэгдэж болох буюу.

10 Мөн тэр өдөр Адам Бурханыг магтан дуулж мөн дүүргэгдсэн байв, мөн дэлхийн бүх гэр бүлийн талаар бошиглож эхлэн: Бурханы нэр алдаршиг, учир нь миний зөрчлийн улмаас нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд би баяр хөөртэй байх болно, мөн би маханбодод Бурханыг дахин харах болно хэмээв.

11 Мөн түүний эхнэр Ева эдгээр бүх зүйлийг сонсоод мөн баярлан: Хэрэв бидний зөрчил байгаагүйсэн бол бид хэзээ ч үр удамтай болохгүй байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгдөг мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан хэмээв.

12 Мөн Адам, Ева хоёр Бурханы нэрийг магтан дуулав, мөн тэд бүх зүйлийг хөвгүүд болоод охиддоо мэдүүлэв.

13 Мөн Сатан тэдний дунд ирж: Би ч бас Бурханы хүү бөлгөө хэмээв; мөн тэрээр тэдэнд тушаан хэлэв: Үүнд бүү итгэ; мөн тэд үүнд итгэсэнгүй, мөн тэд Бурханаас илүү Сатаныг хайрлав. Мөн хүмүүс тэр үеэс хойш таашаалыг эрхэмлэдэг, тачаангуй, мөн чөтгөр адил болж эхэлсэн бөлгөө.

14 Мөн Их Эзэн Бурхан хүмүүсийг газар сайгүй Ариун Сүнсээр дуудаж мөн тэд наманчлах ёстой хэмээн тэдэнд зарлиглав;

15 Мөн Хүүд итгэж нүглүүдээсээ наманчилсан болгон нь аврагдах болно; мөн итгээгүй мөн наманчлаагүй болгон нь яллагдах болно; мөн үгс нь Бурханы амнаас чанд тунхаглалд урагш гарсан бөлгөө; иймийн тул тэдгээр нь гүйцэлдэх ёстой.

16 Мөн Адам, түүний эхнэр Ева хоёр Бурханыг дуудахаа зогссонгүй. Мөн Адам эхнэр Еватайгаа унтаж, мөн тэрээр жирэмсэлж тэгээд Каиныг төрүүлж, мөн: Би Их Эзэнээс эр хүнтэй боллоо, иймийн тул тэрээр түүний үгсийг эсэргүүцэж болохгүй хэмээв. Гэвч болгоогтун, Каин: Миний мэдэх ёстой тэр Их Эзэн чинь хэн бэ? хэмээн үл анхаарав.

17 Мөн тэр дахин жирэмсэлж мөн дүү Абелыг нь төрүүлэв. Мөн Абел Их Эзэний дуу хоолойг анхаарав. Мөн Абел хоньчин байв, харин Каин тариачин байв.

18 Мөн Каин Сатанд Бурханаас илүү хайртай байв. Мөн Сатан түүнд тушаан, хэлсэн нь: Их Эзэнд өргөл өргөгтүн.

19 Мөн улиран тохиох дор цаг хугацааны явцад Каин газрын жимснээс Их Эзэнд өргөл болгон авчрав.

20 Мөн Абел, тэрээр тэрчлэн сүргийнхээ ууган төлүүдээс, мөн тэдгээрийн өөх тосноос нь авчрав. Мөн Абелыг, мөн түүний өргөлийг Их Эзэн хүлээн авав;

21 Харин Каиныг, мөн түүний өргөлийг тэрбээр хүлээн авсангүй. Эдүгээ Сатан үүнийг мэдэж мөн энэ нь түүнийг баярлуулав. Мөн Каин маш ууртай байв, мөн түүний царай төрх хувирав.

22 Мөн Их Эзэн Каинд хэлэв: Яагаад чи ууртай байна вэ? Яагаад царай төрх чинь хувирав?

23 Хэрэв чи сайныг хийх аваас, чи хүлээн авагдах болно. Мөн хэрэв чи сайн бишийг хийх аваас, нүгэл хаалган дээр ирж, мөн Сатан чамайг эзэмдэхийг хүснэ; мөн чи миний зарлигуудыг анхаарахгүй аваас, би чамайг хүргэж өгөх болно, мөн чамд түүний хүслийн дагуу байх болно. Мөн чи түүний дээр захирах болно;

24 Учир нь энэ цагаас хойш чи түүний худал хуурмагийн эцэг байх болно; чи Мөхөл хэмээн нэрлэгдэх болно, учир нь чи тэрчлэн дэлхийн өмнө байсан бөлгөө.

25 Мөн ирэх цагт энэ нь хэлэгдэх болно—Эдгээр жигшүүрт хэрэг Каинаас ирсэн байлаа; учир нь Бурханаас байсан агуу зөвлөгөөг тэрээр эсэргүүцсэн юм; мөн энэ нь, чамайг үл наманчилбал чиний дээр миний тавих зүхэл байх болно.

26 Мөн Каин ууртай байв, мөн цаашид Их Эзэний дуу хоолойг ч сонссонгүй, мөн Их Эзэний өмнө цэвэр ариун байдалд алхаж асан, дүү Абелыгаа ч сонссонгүй.

27 Мөн Каин болон түүний дүү нарын улмаас Адам бас түүний эхнэр Их Эзэний өмнө гашуудав.

28 Мөнхүү улиран тохиох дор Каин эрэгтэй дүү нарынхаа охидын нэгийг эхнэр болгон авсан ба тэд Сатанд Бурханаас илүү хайртай байв.

29 Мөн Сатан Каинд хэлэв: Хүзүү хоолойгоороо надад тангарагла, мөн хэрэв чи үүнийг ярих аваас чи үхэх болно; мөн тэд үүнийг ярихгүй гэдгийг дүү нараараа толгойгоор нь мөн амьд Бурханаар тангараглуул; учир нь хэрэв тэд үүнийг ярих аваас, тэд гарцаагүй үхэх болно; мөн үүнийг эцэг чинь мэдэхгүй байж болохын тулд буюу; мөн энэ өдөр дүү Абелыг чинь би чиний гарт шилжүүлэх болно.

30 Мөн Сатан өөрийнх нь зарлигуудын дагуу үйлдэх болно гэдгээ Каинд тангараглав. Мөн эдгээр бүх зүйл нууцаар хийгдсэн байлаа.

31 Мөн Каин хэлэв: Би аллага хийж мөн ашиг олж болох энэ агуу нууцын эзэн Мэйхан үнэхээр би мөн. Иймийн тул Каин Эзэн Мэйхан хэмээн нэрлэгдэв, мөн тэрээр өөрийн ёс бусаар бахархдаг байв.

32 Мөн Каин талбайд очиж, мөн Каин дүү Абелтайгаа ярилцав. Мөнхүү улиран тохиох дор тэднийг талбайд байхад, Каин дүү Абел руугаа дайрч, мөн түүнийг алав.

33 Мөн Каин өөрийн хийснээрээ бахархан: Би чөлөөтэй боллоо; дүүгийн минь мал сүрэг гарцаагүй миний гарт орлоо хэмээв.

34 Мөн Их Эзэн Каинд хэлэв: Дүү Абел чинь хаана байна? Мөн тэр хэлсэн нь: Би мэдэхгүй. Би дүүгийнхээ манаач нь юм уу?

35 Мөн Их Эзэн хэлэв: Чи юу хийчихсэн юм бэ? Дүүгийн чинь цусны дуу хоолой газраас надад хашхирч байна.

36 Мөн эдүгээ дүүгийн чинь цусыг чиний гараас хүлээн авахаар амаа ангайсан дэлхийн хувьд чи зүхэгдэх болно.

37 Чамайг газар боловсруулахад үүнээс хойш энэ нь хүч чадлаараа чамд өгөхгүй байх болно. Чи дэлхийд оргодол мөн бадарчин байх болно.

38 Мөн Каин Их Эзэнд хэлэв: Дүүгийн минь мал сүргийн улмаас Сатан намайг уруу татсан бөлгөө. Мөн би ч бас ууртай байв; учир нь та минийхийг биш, харин түүний өргөлийг хүлээн авсан билээ; шийтгэл минь миний тэвчиж чадахаас илүү их бөлгөө.

39 Болгоогтун та энэ өдөр намайг Их Эзэний нүүрнээс хөөн зайлууллаа, мөн би таны нүүрнээс нуугдах болно; мөн би дэлхийд оргодол мөн бадарчин байх болно; мөнхүү улиран тохиох дор намайг олох тэр нь алдсуудын минь учир намайг алах болно, учир нь эдгээр зүйл Их Эзэнээс нуугддаг нь үгүй бөлгөө.

40 Мөн Их Эзэн бибээр түүнд хэлэв: Хэн ч чамайг аллаа гэсэн, өшөө авалт нь түүн дээр долоо дахин байх болно. Мөн түүнийг олсон хэн ч гэсэн түүнийг алахгүйн тулд Их Эзэн бибээр Каин дээр тэмдэг тавьсан болой.

41 Мөн Каин Их Эзэний оршихуйгаас таслагдсан байв, мөн өөрийн эхнэр бас дүү нарынхаа олонтой нь Едений зүүн талд, Нодын нутагт оршин сууж байв.

42 Мөн Каин эхнэртэйгээ унтаж, мөн тэрээр жирэмсэлж мөн Енохыг төрүүлэв, мөн тэрээр тэрчлэн олон хөвгүүд мөн охидыг төрүүлэв. Мөн тэрээр хот барьж, мөн тэрээр уг хотын нэрийг өөрийн хүү Енохын нэрээр нэрлэв.

43 Мөн Ирад, бас бусад хөвгүүд болон охид Енохт төрөв. Мөн Ирад Мехуиаелыг, мөн бусад хөвгүүд болон охидыг төрүүлэв. Мөн Мехуиаел Метушаелыг, мөн бусад хөвгүүд болон охидыг төрүүлэв. Мөн Метушаел Ламехыг төрүүлэв.

44 Мөн Ламех өөртөө хоёр эхнэр авав; нэгнийх нь нэр Ада, мөн нөгөөгийнх нь нэр Зилла байв.

45 Мөн Ада Иабалыг төрүүлэв; тэрээр майханд амьдрагчдын эцэг байлаа, мөн тэд мал сахигчид байв; мөн дүүгийнх нь нэр Иубал байв, тэр ятга болон бадралт баг бишгүүр мэтийг тоглогч тэд бүгдийн эцэг байлаа.

46 Мөн Зилла тэрчлэн Тубал Каиныг төрүүлэв, тэрээр зэс болон төмрийн урлалд мэргэшигч бүрийн зааварлагч байжээ. Мөн Тубал Каины охин дүүг нь Наама гэдэг байв.

47 Мөн Ламех өөрийн эхнэрүүд, Ада, Зилла хоёрт хэлэв: Ламехын эхнэрүүд та нар, миний үгсийг анхааран сонсоцгоо, миний яриаг анхаар; учир нь би нэг хүнийг, залуу хүнийг алсан нь намайг гэмтээн, мөн намайг хохироох болно.

48 Хэрэв Каин долоо дахин өс хонзон авах ёстой юм бол, Ламех далан долоо дахин авна биз дээ;

49 Учир нь Ламех, Каины маягаар Сатантай гэрээнд орж, үүндээ тэрээр Эзэн Мэйхан, Сатанаар Каинд өгөгдсөн тэрхүү агуу нууцын эзэн болсон бөлгөө; мөн Енохын хүү Ирад, тэдний нууцыг мэдээд, үүнийг Адамын хөвгүүдэд илчилж эхэлсэн ажээ;

50 Иймийн тул Ламех уурласны улмаас түүнийг алав, Каинтай адил өөрийн дүү Абелыг ашиг олохын төлөө бус, харин тэрээр түүнийг тангаргийн улмаас хөнөөв.

51 Учир нь, Каины өдрүүдээс нууц хуйвалдаан байв, мөн тэдний ажлууд харанхуйд байлаа, мөн хүн болгон өөрийн ах дүүг мэддэг байв.

52 Иймийн тул Их Эзэн Ламехыг, мөн түүний гэр бүлийг, мөн Сатантай гэрээнд орсон тэд бүгдийг зүхэв; учир нь тэд Бурханы зарлигуудыг сахиагүй аж, мөн энэ нь Бурханы таалалд эс нийцэв, мөн тэрбээр тэдэнд тохинуулсангүй, мөн тэдний ажлууд жигшүүртэй байж, мөн хүмүүсийн бүх хөвгүүдийн дунд дэлгэрч эхлэв. Мөн энэ нь хүмүүсийн хөвгүүдийн дунд байв.

53 Мөн хүмүүсийн охидын дунд эдгээр зүйл яригдсангүй, учир нь Ламех уг нууцыг өөрийн эхнэрүүдэд ярьсан байжээ, мөн тэд түүний эсрэг босож, мөн эдгээр зүйлийг гадагш нь зарлан мэдэгджээ, мөн өрөвч сэтгэл байсангүй;

54 Иймийн тул, Ламех ад үзэгдэн, мөн зайлуулагдав, мөн тэрээр үхэхгүйн тулд хүмүүсийн хөвгүүдийн дунд ирсэнгүй.

55 Мөн харанхуйн ажлууд хүмүүсийн бүх хөвгүүдийн дунд ийн ноёрхож эхлэв.

56 Мөн Бурхан дэлхийг гашуун зүхлээр зүхэв, мөн ёс бусыг үйлдэгчдэд, өөрийнхөө бүтээсэн хүмүүсийн бүх хөвгүүдэд ууртай байлаа;

57 Учир нь тэд түүний дуу хоолойг анхаарсангүй, мөн түүний Төрсөн Ганц Хүүд, бүр цагийн голчид ирэх болно хэмээн түүний тунхагласан, дэлхийн үүслээс өмнө бэлтгэгдсэн түүнд итгэсэнгүй.

58 Мөн Сайн мэдээ ийн эхлэлээс номлогдож эхлэв, Бурханы оршихуйгаас урагш илгээгдсэн ариун тэнгэр элч нараар мөн түүний өөрийнх нь дуу хоолойгоор, мөн түүний Ариун Сүнсний бэлгээр тунхаглагдав.

59 Мөн ийн бүх зүйл нэгэн ариун нандин ёслолоор Адамд батлагдсан байлаа, мөн сайн мэдээ номлогдож, мөн энэ нь дэлхийд, үүний төгсгөл хүртэл байх ёстой тогтоол урагш илгээгдсэн буюу; мөн энэ нь ийм байв. Амен.