Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 3

Арван зургаан чулуунд хүрэх үед нь Жаредын ах Их Эзэний хурууг харав—Христ өөрийн сүнсний биеийг Жаредын ахад үзүүлэв—Төгс мэдлэг бүхий тэд гивлүүрийн доторхыг харахгүйгээр хадгалагдах аргагүй юм—Жаредчуудын цэдгийг гэрэлд авчрахад хөрвүүлэгчид хангагдав.

1Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах (эдүгээ бэлтгэсэн хөлгийн тоо нь найм байв), үлэмж өндөр болохынх нь учир Шелем уул хэмээн тэдний нэрлэсэн уул өөд очиж, мөн хаднаас арван зургаан жижиг чулууг хайлуулан гаргаж авав; мөн тэдгээр нь цагаан бөгөөд тунгалаг, бүр нэвт харагдах шил лугаа адил байв; мөн уулын орой дээр тэрээр тэдгээрийг гартаа барин, мөн Их Эзэнд хандан залбирч хэлрүүн:

2Ай Их Эзэн, та биднийг ус үерт хүрээлэгдэх ёстой хэмээн хэлсэн. Эдүгээ болгоогтун, Ай Их Эзэн, мөн таны өмнөх сул доройгоос нь болоод үйлчлэгчдээ бүү хилэгнээч; учир нь та бол ариун мөн тэнгэрт оршдог, мөн таны өмнө зохисгүйгээ бид мэднэ; уналтын улмаас бидний төрөлхийн чанар үргэлжид хилэнцэт байхаар болсон юм; гэсэн хэдий ч, Ай Их Эзэн, танаас бид хүслийнхээ дагуу хүлээн авч болохын тулд бид таныг дуудах учиртай хэмээх зарлигийг та бидэнд өгсөн буюу.

3Болгоогтун, Ай Их Эзэн, бидний алдсын улмаас та биднийг гэсгээсэн, мөн биднийг нүүлгэсэн, мөн энэ олон жилийн туршид бид аглаг буйдад л байлаа; гэсэн хэдий ч, та бидэнд нигүүлсэнгүй хандаж байсан. Ай Их Эзэн, намайг өрөвдөн хараач, мөн өөрийн энэ хүмүүсээс та уур хилэнгээ холдуулаач, мөн энэ догшин гүнийг тэд харанхуйд гатлахыг бүү зөвшөөрөөч; харин хаднаас миний хайлуулан гаргасан эдгээр зүйлсийг болгооно уу.

4Мөн, Ай Их Эзэн, та бүх хүчийг эзэмшдэг, мөн хүмүүний тусын тулд та ямарвааг хийж чадна гэдгийг би мэднэ; тиймийн тул эдгээр чулуунд хуруугаараа хүрээч, Ай Их Эзэн, тэдгээр нь харанхуйд гэрэлтэж болохын тулд; мөн далайг гатлахдаа бид гэрэлтэй байж болохын тулд тэдгээрийг бэлтгээч, тэдгээр нь бидний бэлтгэсэн хөлгүүд дотор бидэнд гэрэл өгөх болно.

5Болгоогтун, Ай Их Эзэн, та үүнийг хийж чадна шүү дээ. Та, хүмүүсийн ойлголтонд өчүүхэн мэт харагддаг агуу хүчийг үзүүлж чадахыг бид мэднэ.

6Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах эдгээр үгсийг хэлэхэд, болгоогтун, Их Эзэн мутраа сунган мөн чулуунуудад нэг нэгээр нь хуруугаараа хүрэв. Мөн Жаредын ахын нүднээс гивлүүр сөхөгдөхөд, мөн Их Эзэний хурууг тэр харлаа; мөн энэ нь хүмүүний хуруутай адил, мах цустай мэт байв; мөн Жаредын ах Их Эзэний өмнө унав, учир нь тэрээр айдаст хүлэгдсэн ажгуу.

7Мөн Их Эзэн Жаредын ах газарт унасныг харж; мөн Их Эзэн түүнд хандан хэлэв: Бос, чи юунд унав

8Мөн тэрээр Их Эзэнд хандан өчиж: Их Эзэний хурууг би харлаа, мөн тэр намайг цохих вий хэмээн айв би; Их Эзэн мах цустайг би эс мэдсэний учир буюу.

9Мөн Их Эзэн түүнд хандан хэлсэн нь: Итгэлийн чинь улмаас би өөртөө мах цусыг авах болно гэдгийг чи харлаа; мөн чиний нэгэн адил ийм үлэмж итгэлтэйгээр хүмүүн миний өмнө хэзээ ч ирж байсангүй; тийм бус аваас чи миний хурууг харж чадахгүй байсан. Чи үүнээс өөрийг харав уу

10Мөн тэрээр хариулсан нь: Үгүй; Их Эзэн, өөрийгөө надад үзүүлээч.

11Мөн Их Эзэн түүнд хандан хэлрүүн: Миний ярих үгсэд чи итгэх үү

12Мөн тэрээр хариулсан нь: Тийм ээ, Их Эзэн, та үнэнийг ярьж буйг, учир нь та үнэний Бурхан болохыг, мөн худал хэлж эс чадахыг би мэднэ.

13Мөн тэрээр эдгээр үгсийг хэлэхэд, болгоогтун, Их Эзэн өөрийгөө түүнд үзүүлэн, мөн хэлсэн нь: Чи эдгээр зүйлсийг мэдэхийн учир чи уналтаас гэтэлгэгдсэн болой; тиймийн тул чи миний дэргэд буцаан хүргэгдлээ; тиймийн тул би чамд өөрийгөө үзүүлж буй.

14Болгоогтун, өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийн үүслээс бэлтгэгдсэн нь би болой. Болгоогтун, бибээр Есүс Христ. Бибээр Эцэг мөн Хүү. Надаар бүх хүмүүн төрөлхтөн амьдралыг, бүр миний нэрэнд итгэх тэд мөнхийн түүнийг хүртэх болно; мөн тэд миний охид, мөн миний хөвгүүд болох болно.

15Мөн чиний нэгэн адилаар надад хүмүүн итгэж байсан нь үгүйн учир, өөрийн бүтээсэн хүмүүндээ, би хэзээ ч өөрийгөө үзүүлж байсан нь үгүй. Миний өөрийн төрхөөр чи бүтээгдсэн болохоо харж байна уу? Тийм ээ, бүр бүх хүмүүс эхлэлд миний өөрийн төрхөөр бүтээгдсэн билээ.

16Болгоогтун, чиний болгоож буй энэ бие болбоос миний сүнсний бие; мөн хүмүүнийг би өөрийн сүнсний биеийн адилаар бүтээсэн юм; мөн би сүнсэндээ чиний өмнө үзэгдэж буй ч би өөрийн хүмүүст маханбодиороо үзэгдэх болно.

17Мөн эдүгээ, би, Моронай, эдгээр бичигдсэн зүйлүүдийн бүхэл шастирыг үйлдэж чадахгүйгээ би хэлсэн учир, тиймийн тул, бүр нифайчуудад өөрийгөө үзүүлснийхээ адил биеийн төрхөөр мөн маягаар, Есүс өөрийгөө энэ хүмүүнд сүнсээрээ үзүүлсэн хэмээн хэлэх нь надад хангалттай юм.

18Мөн тэрээр нифайчуудад тохинуулсныхаа адилаар түүнд тохинуулсан билээ; мөн энэ бүхэн, Их Эзэн түүнд үзүүлсэн олон агуу үйлсийн улмаас, энэ хүмүүн тэрбээр Бурхан болохыг мэдэж болохын тулд хийгдсэн буюу.

19Мөн энэ хүмүүний мэдлэгийн улмаас тэрээр гивлүүрийн доторхыг нэвт харах гүйгээр хадгалагдах аргагүй юм; мөн тэрээр Есүсийн хурууг харсан байв, түүнийг тэрээр хараад, энэ нь Их Эзэний хуруу болохыг тэрээр мэдсэн учир, тэр айдастайгаар унасан ажгуу; мөн тэрээр ямар ч эргэлзээгүйгээр мэдэж байсан учир, тэрээр цаашид итгэхгүй байх аргагүй болжээ.

20Иймийн тул, Бурханы энэ төгс мэдлэгийг агуулсны учир, тэрээр гивлүүрийн дотор хадгалагдах аргагүй юм; тиймийн тул тэрээр Есүсийг харсан; мөн тэрбээр түүнд тохинуулсан буюу.

21Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Жаредын ахад хандан хэлрүүн: Болгоогтун, чи өөрийн үзсэн мөн сонссон эдгээр зүйлсийг, би өөрийн нэрийг маханбодиорооо алдаршуулах тэр цаг ирэх хүртэл, дэлхийнхэнд мэдэгдэхийг үл зөвшөөрөгтүн; иймийн тул, чи өөрийн үзсэн мөн сонссон зүйлсээ нандигнан хадгалах болно, мөн ямар ч хүмүүнд бүү үзүүлсүгэй.

22Мөн болгоогтун, чи надад ирэхдээ, тэдгээрийг чи бичиж, мөн хэн ч хөрвүүлж эс чадахын тулд; тэдгээр нь уншигдаж чадахааргүй тийм хэл дээр чи тэдгээрийг бичихийн учир чи тэдгээрийг лацдах болно.

23Мөн болгоогтун, энэ хоёр чулууг би чамд өгье, мөн чи бичих тэр зүйлүүдтэй хамт түүнчлэн тэдгээрийг чи лацдах болно.

24Учир нь болгоогтун, чиний бичих тэр хэлийг би будлиулсан; иймийн тул би өөрийн зохих цагт чиний бичих эдгээр зүйлүүдийг хүмүүсийн нүдэнд эдгээр чулуунууд тодруулахаар болгоно.

25Мөн Их Эзэн эдгээр үгсийг хэлээд, тэрбээр Жаредын ахад, өмнө нь байсан дэлхийн бүх оршин суугчдыг, мөн түүнчлэн цаашид байх бүгдийг үзүүлэв; мөн бүр дэлхийн төгсгөлийг хүртэлх тэднийг түүний нүднээс тэрбээр далдалсан нь үгүй.

26Хэрэв тэрээр өөрт нь итгэх аваас тэрээр түүнд бүх зүйлийг үзүүлж чадна хэмээн тэрбээр түүнд өмнөх үед хэлсний учир—тэр нь түүнд үзүүлэгдэх болно, тиймийн тул тэрээр Их Эзэн өөрт нь бүгдийг үзүүлж чадна гэдгийг мэдсэн учир, Их Эзэн түүнээс юуг ч нууж чадсангүй ажээ.

27Мөн Их Эзэн түүнд хандан хэлрүүн: Эдгээр зүйлийг бичигтүн мөн тэдгээрийг лацдагтун; мөн би тэдгээрийг өөрийн зохих цагт хүмүүний үрст үзүүлэх болно.

28Мөнхүү улиран тохиох дор тэрээр хүлээж авсан хоёр чулуугаа лацдаж, мөн Их Эзэн хүмүүний үрст үзүүлэх хүртэл тэдгээрийг үзүүлэхгүй байхыг Их Эзэн түүнд зарлиглав.