Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Мозая хааны өдрүүдэд, Лимхайн хүмүүсээр олдсон хорин дөрвөн ялтсаас авагдсан жаредчуудын цэдэг оршвой.

Бүлэг 1

Иферийн бичээсийг Моронай хураангуйлав—Иферийн удмын бичиг таниулагдав—Жаредчуудын хэл Бабелын Цамхагт үл бусниулагджээ—Их Эзэн тэднийг сонгомол нутаг тийш хөтөлж мөн тэднийг агуу үндэстэн болгохоор амлав.

1Мөн одоо би, Моронай, хойд зүгийн энэ нутгийн гадаргуу дээр Их Эзэний мутраар устгагдсан эртний оршин суугчдын шастирыг өгөхөө үргэлжлүүлье.

2Мөн би өөрийн шастирыг Лимхайн хүмүүсээр олдсон, Иферийн Ном хэмээн нэрлэгдэх хорин дөрвөн ялтсаас авах болно.

3Мөн дэлхийн, мөн түүнчлэн Адамын үүслийн талаар өгүүлэх мөнхүү тэр цагаас агуу цамхгийг хүртэлх шастир, мөн тэр цагийг хүртэл хүмүүний үрсийн дунд тохиосон бүх зүйлүүд бүхий энэхүү цэдгийн эхний хэсэг нь иудейчүүдийн дунд байсаар ирсэн хэмээн би таамаглах буюу—

4Тиймийн тул Адамын өдрүүдээс тэр цагийг хүртэл тохиосон тэдгээр зүйлийг би үл бичнэ; харин тэдгээр нь ялтсууд дээр буй; мөн тэдгээрийг олсон хэн боловч, чухамхүү тэр нь бүрэн шастирыг авч болох хүчтэй болно.

5Гэвч болгоогтун, би бүхэл шастирыг эс өгнө, харин цамхгаас тэд устгагдах хүртэл шастирын хэсгийг би өгье.

6Мөн ийм маягаар би шастирыг өгье. Энэ цэдгийг бичсэн тэр нь Ифер байсан ажгуу, мөн тэрээр Корианторын удам байв.

7Кориантор нь Мороны хүү байв.

8Мөн Морон нь Ифемийн хүү байв.

9Мөн Ифем нь Ахагийн хүү байв.

10Мөн Аха нь Сетийн хүү байв.

11Мөн Сет нь Шиблоны хүү байв.

12Мөн Шиблон нь Комын хүү байв.

13Мөн Ком нь Кориантумын хүү байв.

14Мөн Кориантум нь Амнигаддагийн хүү байв.

15Мөн Амнигадда нь Аароны хүү байв.

16Мөн Аарон нь Хирфомын хүү асан Хетийн удам байв.

17Мөн Хирфом нь Либийн хүү байв.

18Мөн Либ нь Кишийн хүү байв.

19Мөн Киш нь Коромын хүү байв.

20Мөн Кором нь Ливайн хүү байв.

21Мөн Ливай нь Кимийн хүү байв.

22Мөн Ким нь Мориантоны хүү байв.

23Мөн Мориантон нь Риплакишийн удам байв.

24Мөн Риплакиш нь Шезийн хүү байв.

25Мөн Шез нь Хетийн хүү байв.

26Мөн Хет нь Комын хүү байв.

27Мөн Ком нь Кориантумын хүү байв.

28Мөн Кориантум нь Имерийн хүү байв.

29Мөн Имер нь Омерын хүү байв.

30Мөн Омер нь Шулегийн хүү байв.

31Мөн Шуле нь Кибийн хүү байв.

32Мөн Киб нь Жаредын хүү асан, Ораихагийн хүү байв;

33Хүмүүсийн хэлийг будлиулсан, мөн тэд дэлхийн бүх гадаргуу дээр тараагдах болно хэмээн Их Эзэн хилэгнэлдээ тангарагласан тэр цагт, өөрийн ах болон тэдний гэр бүлтэй, бусад зарим болон тэдний гэр бүлүүдийн хамтаар тэрхүү Жаред сайхь агуу цамхгаас одсон ажээ; мөн Их Эзэний үгийн дагуу хүмүүс тараагдав.

34Мөн Жаредын ах том биетэй мөн хүчирхэг эр, мөн Их Эзэний өндөр их ээл хишгийг хүртсэн эр болохын учир, түүний дүү, Жаред, түүнд хандаж хэлсэн нь: Тэрээр биднийг бусниулснаас бид өөрсдийн үгийг үл ойлголцоход хүрэхгүйн тулд Их Эзэнээс залбиран гуй.

35Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах Их Эзэнээс залбиран гуйсан бөгөөд, мөн Их Эзэн Жаредыг өрөвдөн хайрлав; тиймийн тул тэр Жаредын хэлийг бусниулсангүй; мөн Жаред мөн түүний ах бусниулагдсангүй.

36Тэгээд Жаред ахдаа хэлсэн нь: Тэрээр уур хилэнгээ бидний найзууд болох тэднээс холдуулснаар тэдний хэлийг үл бусниулахын тулд Их Эзэнээс дахин залбиран гуйгтун.

37Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах Их Эзэнээс залбиран гуйв, мөн түүнчлэн Их Эзэн тэдний найзуудыг мөн тэдний гэр бүлүүдийг өрөвдөн хайрласнаас, тэд үл бусниулагдав.

38Мөнхүү улиран тохиох дор Жаред ахтайгаа дахин ярьж, хэлрүүн: Явж мөн тэрээр биднийг энэ нутгаас хөөн гаргах эсэхийг Их Эзэнээс лавлагтун, мөн хэрэв тэрээр биднийг энэ нутгаас хөөн гаргах аваас, бид хааш одохыг түүнээс залбиран асуугтун. Мөн бүх дэлхийд бүгдээс дээгүүр сонгомол болох тэрхүү нутагт Их Эзэн биднийг хүргэх эсэхийг хэн мэдэх билээ? Мөн хэрэв тийм байх аваас, бид түүнийг өөрсдийн өв болгон хүлээн авч болохын тулд, Их Эзэнд итгэлтэй байцгаая.

39Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах Их Эзэнд хандан Жаредын амаар хэлэгдсэн тэдгээрийн дагуу залбиран асуусан аж.

40Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Жаредын ахыг сонсон, мөн түүнийг өрөвдөн хайрлаж, мөн түүнд хэлсэн нь:

41Явж мөн өөрийн бүх л төрлийн эр ч бай эм ч бай мал сүргээ; мөн бас бүх л төрлийн дэлхийн үрээс; мөн гэр бүлийнхнээ; мөн бас өөрийн дүү Жаред болон түүний гэр бүлийг; мөн бас найзуудаа мөн тэдний гэр бүлүүдийг мөн Жаредын найзууд болон тэдний гэр бүлүүдийг цуглуулагтун.

42Мөн үүнийг хийж дууссаныхаа дараа тэдний тэргүүнд хойд зүгт орших хөндий тийш уруудан явагтун. Мөн тэнд би чамтай уулзах болно, мөн би чиний өмнө дэлхийн бүх газруудаас дээгүүрт сонгомол тэр нутаг тийш явах болно.

43Мөн тэнд би чамайг болон чиний үр удмыг адислах болно, мөн чиний үр удмаас, мөн чиний дүүгийн үр удмаас, мөн чамтай цуг явах тэднээс, агуу үндэстнийг би өөртөө өсгөнө. Мөн дэлхийн бүх л гадаргуу дээр чиний үр удмаас би өөртөө өсгөн авах тэр үндэстнээс илүү агуу нь үгүй болой. Мөн чи надад хандан ийм удаан хугацаагаар залбиран гуйсны учир би чамд тийн үйлдэх буюу.