Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 15

Сая сая жаредчууд тулалдаанд хөнөөгдөв—Шиз Кориантумр хоёр бүх хүмүүсийг үхлийн тулаанд цуглуулав—Их Эзэний Сүнс тэдний төлөө зүтгэхээ болив—Жаред үндэстэн бүрмөсөн устгагдав—Ганцхан Кориантумр үлдэв.

1Мөнхүү улиран тохиох дор Кориантумр шархнаасаа эдгээд, тэрбээр өөрт нь хандан Иферийн хэлсэн үгсийг санаж эхлэв.

2Тэрбээр хэдийн өөрсдийнх нь хоёр сая шахам хүмүүс илдээр хөнөөгдсөнийг харж, мөн тэрбээр зүрх сэтгэлдээ гашуудаж эхлэв; тийм ээ, хүчит эрчүүд, мөн түүнчлэн тэдний эхнэрүүд, мөн тэдний хүүхдүүдээс хоёр сая нь хөнөөгдсөн байв.

3Тэрбээр хилэнцээ наманчилж эхлэв; тэрбээр бүх бошиглогчдын амаар хэлэгдсэн үгсийг санаж эхлэв, мөн тэрбээр, тэдгээр нь өдийг хүртэл, нэг бүрчлэн биелэгдсэнийг ухаарав; мөн түүний сэтгэл гашуудан мөн тайтгаруулагдахаас татгалзав.

4Мөнхүү улиран тохиох дор, тэрбээр хүмүүсийг хэлтрүүлэх аваас, хүмүүсийн амийн төлөө тэрбээр хаант улсаа өгөх болно хэмээн хүсч тэрбээр Шизэд захидал бичив.

5Мөнхүү улиран тохиох дор Шиз түүний захидлыг хүлээн аваад тэрбээр, хэрэв тэрбээр түүнийг өөрийнх нь илдээр хөнөөж болохын тулд тэрбээр өөрийгөө өгөх аваас, хүмүүсийн амийг тэрээр хэлтрүүлэх болно хэмээх захидлыг Кориантумрт бичжээ.

6Мөнхүү улиран тохиох дор хүмүүс алдсаа наманчилсангүй; мөн Кориантумрын хүмүүс Шизийн хүмүүсийн эсрэг уур хилэнд өдөөн хатгагдав; мөн Шизийн хүмүүс Кориантумрын хүмүүсийн эсрэг уур хилэнд өдөөн хатгагдав; иймийн тул, Шизийн хүмүүс Кориантумрын хүмүүсийн эсрэг тулалдаанд оров.

7Мөн Кориантумр унах гэж буйгаа үзээд тэрбээр Шизийн хүмүүсийн өмнө дахин зугтав.

8Мөнхүү улиран тохиох дор тэрбээр, хөрвүүлбээс том, эсвэл бүгдээс нэт гэгдэх, Риплианкумын усанд ирэв; иймийн тул, тэд энэ усанд ирээд майхнуудаа босгов; мөн Шиз түүнчлэн тэдэнд ойрхон майхнуудаа босгов, мөн тиймийн тул маргааш нь тэд тулалдаанд оров.

9Мөнхүү улиран тохиох дор тэд үлэмж ширүүн тулалдаанд тулалдаж, тэгснээр Кориантумр дахин шархдаж, мөн тэрбээр цус алдсанаас ухаан алдав.

10Мөнхүү улиран тохиох дор Кориантумрын их цэрэг Шизийн их цэргийг довтлон шахсанаас, тэднийг дийлж, тэднийг өөрсдийн өмнө зугтах болгов; мөн тэд өмнө зүг зугтаж, мөн Огаф хэмээн нэрлэгдэх газар майхнуудаа босгов.

11Мөнхүү улиран тохиох дор Кориантумрын их цэрэг Рама толгойн хажууд майхнуудаа босгов; мөн миний эцэг Мормон ариун нандин цэдгүүдийг Их Эзэний тулд нуусан тэрхүү толгой бөлгөө.

12Мөнхүү улиран тохиох дор тэд нутгийн бүх гадаргуу дээрх, хөнөөгдөөгүй асан, Иферээс бусад бүх хүмүүсийг нэгтгэн цуглуулав.

13Мөнхүү улиран тохиох дор Ифер хүмүүсийн бүх үйлдлийг харсан аж; мөн Кориантумрын талд байсан хүмүүс Кориантумрын их цэрэгт нэгдэн цугларсныг; мөн Шизийн талд байсан хүмүүс Шизийн их цэрэгт нэгдэн цугларсныг тэрээр болгоов.

14Иймийн тул, тэд уг нутгийн гадаргуу дээр байсан бүгдийг авч болохын тулд, мөн тэд хүлээн авч болох бүх нэмэлт хүчийг тэд хүлээн авч болохын тулд, тэд дөрвөн жилийн турш хүмүүсийг нэгтгэн цуглуулж байв.

15Мөнхүү улиран тохиох дор тэд бүгдээрээ, хүн бүр дуртай их цэрэгтээ, эхнэр мөн хүүхдүүдтэйгээ нэгдэн цугларсны дараа—эрчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд аль аль нь дайны зэвсгээр зэвсэглэн, бамбай, мөн цээжний хуяг, мөн толгойн дуулга агсан, мөн дайны байдлаар хувцаслан—тэд нэг нэгнийхээ эсрэг тулалдахаар давшив; мөн тэд тэр өдөржингөө дайтав, мөн ялсан нь үгүй.

16Мөнхүү улиран тохиох дор шөнө болоход тэд ядарч, мөн буудлууддаа гэдрэг ухрав; мөн буудалдаа ухарсны дараа тэд өөрсдийн хүмүүсээс алагдагсдын хохирлын учир орь дуу тавин мөн гаслав; мөн тэд агаарыг үлэмж доргиохоор тэдний уйлаан, тэдний орь дуу тавилт гаслан хийгээд тийм агуу байв.

17Мөнхүү улиран тохиох дор маргааш нь тэд дахин тулалдахаар явж, мөн тэр өдөр агуу хийгээд аймшигтай байсан ажгуу; гэсэн хэдий ч, тэд ялсангүй, мөн дахин шөнө ирэхэд тэд өөрсдийн хүмүүсээс алагдагсдын хохирлын учир, тэд уйлаан, мөн орь дуу тавилт, мөн гаслангаараа агаарыг доргиов.

18Мөнхүү улиран тохиох дор, тэрбээр дахин тулалдаанд орохгүй, харин тэрбээр хаант улсыг авч, мөн хүмүүсийнх нь амийг хэлтрүүлээч хэмээн хүссэн захидлыг Шизэд Кориантумр бичив.

19Гэвч болгоогтун, Их Эзэний Сүнс тэдний төлөө зүтгэхээ больсон байв, мөн Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийн дээр бүрэн хүчийг агуулж байв; учир нь тэд өөрсдөө устгагдаж болохын тулд зүрх сэтгэлийнхээ хатууд, мөн оюун санааныхаа харалганд автагдсан байв; иймийн тул тэд дахин тулалдахаар явав.

20Мөнхүү улиран тохиох дор тэд өдөржингөө тулалдан, мөн шөнө ирэхэд тэд илдээ дэрлэн унтацгаав.

21Мөн маргааш нь тэд бүр шөнө ирэх хүртэл тулалдав.

22Мөн шөнө ирэхэд тэд уур хилэндээ, бүр дарсанд согтуурсан хүмүүний адилаар согтсон байв; мөн тэд дахин илдээ дэрлэн унтацгаав.

23Мөн маргааш нь тэд дахин тулалдав; мөн шөнө ирэхэд тэд Кориантумрын хүмүүсээс тавин хоёр, мөн Шизийн хүмүүсээс жаран есөөс бусад нь бүгд илдээр унагаагдсан байв.

24Мөнхүү улиран тохиох дор тэр шөнөдөө тэд илдээ дэрлэн унтаж, мөн маргааш нь тэд дахин тулалдав, мөн тэд өөрсдийн илдтэйгээр мөн өөрсдийн бамбайтайгаар, тэр өдөржингөө бүх хүчээрээ тэмцэлдэв.

25Мөн шөнө ирэхэд Шизийн хүмүүсээс гучин хоёр, мөн Кориантумрын хүмүүсээс хорин долоо нь үлдсэн байв.

26Мөнхүү улиран тохиох дор тэд идээд мөн унтав, мөн маргааш болох үхэлд бэлтгэцгээв. Мөн тэд хүмүүний хүч тэнхээний хувьд том биетэй мөн хүчит эрчүүд байв.

27Мөнхүү улиран тохиох дор тэд гурван цагийн турш тулалдаж, мөн тэд цус алдан ухаан алдацгаав.

28Мөнхүү улиран тохиох дор Кориантумрын хүмүүс тэд алхаж чадах хангалттай хүч тамиртай болоод, тэд амиа хоохойлон зугтахаар завдаж байв; гэвч болгоогтун, Шиз, мөн түүний хүмүүс босон, мөн тэрээр Кориантумрыг хөнөөнө эс бөгөөс өөрөө илдэнд үхнэ хэмээн тэрбээр уур хилэндээ тангараглав.

29Иймийн тул, тэрбээр тэднийг хөөж, мөн маргааш өдөр нь тэрбээр тэднийг гүйцэж түрүүлэв; мөн тэд илдээрээ дахин тулалдав. Мөнхүү улиран тохиох дор тэд, Кориантумр Шиз хоёроос бусад нь бүгд илдээр унагаагдсаны дараа, болгоогтун Шиз цус алдан ухаан алджээ.

30Мөнхүү улиран тохиох дор хэсэг зуур амрахын тулд Кориантумр илдээ налаад, дараа нь тэрбээр Шизийн толгойг тас цавчив.

31Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Шизийн толгойг тас цавчсаны дараа, Шиз гар дээрээ өндийснөө мөн унав; мөн тэрбээр амьсгал авахаар нэг зүтгээд, үхэх нь тэр.

32Мөнхүү улиран тохиох дор Кориантумр газарт унан, мөн тэрбээр амьгүй мэт болов.

33Мөн Их Эзэн Иферт хандан ярьж, мөн түүнд хэлрүүн: Гарч явагтун. Мөн тэрбээр гарч яваад, мөн Их Эзэний үгс бүгд биелэгдсэнийг болгоов; мөн тэрбээр цэдгээ дуусгав; (мөн зууны нэгийг нь ч би эс бичсэн буюу) мөн тэрбээр Лимхайн хүмүүс тэдгээрийг олсон тэр байдлаар нь тэдгээрийг нуув.

34Эдүгээ Иферээр бичигдсэн сүүлчийн үгс нь эдгээр буюу: Их Эзэний тааллаар зөөгдөх үү, эс бөгөөс маханбодид түүний тааллыг тэвчих үү гэдэг нь хамаагүй, бибээр Бурханы хаант улсад аврагдах болтугай. Амен.