Бүлэг 2
Жаредчууд амлагдсан нутаг тийш явах аялалдаа бэлтгэв—Энэ нь хүмүүс тэнд Христэд үйлчлэх эс бөгөөс арчигдах ёстой сонгомол нутаг болой—Их Эзэн Жаредын ахтай гурван цагийн туршид ярив—Жаредчууд далайн хөлгүүдийг барив—Их Эзэн хөлгүүдийг хэрхэн гэрэлтүүлэх талаар санал гаргахыг Жаредын ахаас хүсэв.
1 Мөнхүү улиран тохиох дор Жаред мөн түүний ах, мөн тэдний гэр бүл, мөн түүнчлэн Жаредын мөн түүний ахын найзууд, мөн тэдний гэр бүл, бүх л төрлийн цуглуулсан эр, эм мал сүрэгтэйгээ хойд зүгт орших хөндий тийш (мөн хөндийн нэр нь Нимрод хэмээн хүчит анчны нэрээр нэрлэгдсэн байв) уруудан явав.
2 Мөн түүнчлэн тэд тор тавин мөн агаарын жигүүртнүүдийг барив, мөн усны загасыг өөрсөдтэйгөө авч явах нэгэн савыг тэд түүнчлэн бэлтгэв.
3 Мөн тэд түүнчлэн дезеретийг, хөрвүүлбэл балт зөгийг өөрсөдтэйгөө авч явав, мөн тэд тийн бүл зөгийнүүдийг, мөн нутгийн гадаргуу дээр байсан бүхий зүйлсээс, бүх л төрлийн үрийг өөрсөдтэйгөө авч явав.
4 Мөнхүү улиран тохиох дор тэд уруудан Нимродын хөндийд ирэхэд Их Эзэн бууж ирээд мөн Жаредын ахтай ярив; мөн тэрээр үүлэн дунд байв, мөн Жаредын ах түүнийг үл харсан аж.
5 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн аглаг буйд тийш, тийм ээ, хэзээ ч хүн хүрээгүй тэр хэсэг тийш явахыг тэдэнд зарлиг болгов. Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн тэдний өмнө яван, мөн тэр үүлэн дунд зогсон тэдэнтэй ярьж, мөн тэдний хааш аялахыг зааварлав.
6 Мөнхүү улиран тохиох дор тэд аглаг буйдаар аялж, мөн хөлгүүдийг барьж, түүгээр тэд их усыг гатлав, мөн Их Эзэний мутраар үргэлжид удирдуулсан болой.
7 Мөн Их Эзэн тэдэнд тэнгисийн цаадах аглаг буйдад зогсохыг нь үл зөвшөөрөн, харин тэд явж, Их Эзэн Бурханы зөв шударга хүмүүст хадгалсан, бусад бүх нутгаас сонгомол болох, бүр амлалтын нутагт хүрэхийг тэрээр хүсэв.
8 Мөн тэр цагаас эхлэн мөн үүрд энэхүү амлалтын нутгийг эзэмших хэн боловч, өөрт нь, үнэн бөгөөд цорын ганц Бурханд үйлчлэх учиртай, эс бөгөөс түүний хилэн бүрэн дүүрнээрээ тэдний дээр ирэхэд тэд арчигдах болно хэмээн тэрээр Жаредын ахад уур хилэндээ тангарагласан байв.
9 Мөн эдүгээ, энэ нутгийн талаарх Бурханы тогтоолыг, энэ нь амлалтын нутаг гэдгийг бид болгоож чадна; мөн үүнийг эзэмших ямар ч үндэстэн Бурханд үйлчлэх болно, эс бөгөөс түүний хилэн бүрэн дүүрнээрээ тэдний дээр ирэхэд тэд арчигдах болно. Мөн тэд алдастаа бүрэн боловсорсон үед түүний хилэн бүрэн дүүрнээрээ тэдний дээр ирнэ.
10 Учир нь болгоогтун, энэ бол бусад бүх нутгаас сонгомол тэрхүү нутаг болой; иймийн тул үүнийг эзэмших тэр нь Бурханд үйлчлэх болно, эс бөгөөс арчигдах болно; учир нь энэ бол Бурханы үүрдийн тогтоол юм. Мөн уг нутгийн үрсийн дунд алдас бүрэн дүүрэн болтол, тэд арчигдах нь үгүй.
11 Мөн энэ нь та нарт ирнэ, ай харийнхан та нар, тэгснээр та нар Бурханы тогтоолуудыг мэдэж болох болой—та нар наманчилж, мөн бүрэн дүүрэн болтол нь алдастаа үргэлжлүүлэхгүй байж болохын тулд, уг нутгийг өвлөгчид өмнө нь үйлдсэний адилаар Бурханы уур хилэнгийн бүрэн дүүрнийг та нар өөрсөд дээрээ авчрахгүй байж болохын тулд буюу.
12 Болгоогтун, энэ бол сонгомол нутаг, мөн үүнийг эзэмших аливаа үндэстэн, хэрэв тэд уг нутгийн Бурхан, бидний бичсэн зүйлсээр үзүүлэгдсэн тэрхүү Есүс Христэд л зөвхөн үйлчлэх аваас, дарангуйллаас, боолчлолоос, мөн тэнгэрийн доорх бусад бүх үндэстнээс чөлөөт байх болно.
13 Мөн эдүгээ би цэдгээ үргэлжлүүлье; учир нь болгоогтун, улиран тохиох дор Их Эзэн Жаред мөн түүний ах дүүсийг газрыг хуваагч тэрхүү агуу далай тийш урагш авчрав. Мөн тэд далайн эрэгт ирээд майхнаа босгов; мөн тэд уг газрын нэрийг Морианкумер гэв; мөн тэд майхнуудад амьдарч байв, мөн далайн эрэг дээр дөрвөн жилийн туршид майхнуудад амьдарсан ажгуу.
14 Мөнхүү улиран тохиох дор дөрвөн жилийн эцсээр Их Эзэн Жаредын ахад дахин ирж, мөн үүлэн дунд зогсоод түүнтэй ярив. Мөн гурван цагийн турш Их Эзэн Жаредын ахтай ярьж, тэрээр Их Эзэний нэрийг дуудахаа санаагүйнх нь төлөө түүнийг зэмлэв.
15 Мөн Жаредын ах өөрийн хийсэн хилэнцэт үйлээ наманчлав, мөн өөртэйгөө хамт байсан ах дүүсийнхээ төлөө Их Эзэний нэрийг дуудав. Мөн Их Эзэн түүнд хэлсэн нь: Чамайг болон ах дүүсийн чинь нүглийг би өршөөнө; харин та нар цаашид нүгэл үйлдэх ёсгүй, учир нь миний Сүнс хүмүүнд нөлөөлөхийг ямагт хичээх нь үгүй гэдгийг та нар санах болно; иймийн тул, хэрэв та нар бүрэн боловсрох хүртлээ нүгэл үйлдэх аваас Их Эзэний оршихуйгаас та нар тусгаарлагдах болно. Мөн эдгээр нь би та нарт өв болгон өгөх тэр нутгийн талаарх миний бодол юм; учир нь энэ нь бусад бүх нутгаас сонгомол нутаг байх болно.
16 Мөн Их Эзэн хэлрүүн: Яв, мөн та нар одоог хүртэл барьж босгосон шигээ тийм хөлгүүдийг барих ажлыг эхэл. Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах, мөн түүнчлэн түүний ах дүүс ажиллахаар явж, мөн тэд Их Эзэний зааврын дагуу босгож байсныхаа адилаар хөлгүүдийг барив. Мөн тэдгээр нь жижиг, мөн бүр тэдгээр нь усан дээр жигүүртэн хөнгөхөн байдгийн адилаар усан дээр тийм хөнгөн байв.
17 Мөн тэдгээр нь туйлын нягт байхаар, бүр усыг агуулах сав адил баригджээ; мөн ёроол нь таваг адил нягт байв; мөн талууд нь таваг мэт нягт байв; мөн үзүүрүүд нь хурц үзүүртэй байв; мөн дээд тал нь таваг мэт нягт байв; мөн урт нь ургаа модны уртын адил байв; мөн үүд нь, хаалттай байхдаа, таваг мэт нягт байв.
18 Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах Их Эзэнд хандан залбирч, хэлсэн нь: Ай Их Эзэн, таны надад зарлигласан ажлыг би гүйцэлдүүлэв, мөн би таны заасны дагуу хөлгүүдийг бүтээлээ.
19 Мөн болгоогтун, ай Их Эзэн, тэдэн дотор гэрэл үгүй болой; бид хааш залах вэ? Мөн түүнчлэн бид дотор нь буй агаарыг хэрэглэсний дараа дотор нь амьсгалж чадахгүй учир, бид үрэгдэх буюу; тиймийн тул бид үрэгдэх болно.
20 Мөн Их Эзэн Жаредын ахад хандан өгүүлсэн нь: Болгоогтун, та нар оройд нь, мөн бас ёроолд нь нүх гарга; мөн та нар агаар дутагдах үедээ нүхээ нээж мөн агаар оруулах болно. Мөн хэрэв та нар дээр ус орж ирэх аваас, болгоогтун, та нар үерт үрэгдэхгүй байж болохын тулд та нар уг нүхийг бөглөх болно.
21 Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах Их Эзэн зарлигласны дагуу хийсэн бөлгөө.
22 Мөн тэрээр Их Эзэнд хандан дахин залбирч, хэлрүүн: Ай Их Эзэн, болгоогтун таны надад зарлигласнаар би хийв; мөн би өөрийн хүмүүст хөлгүүдийг бэлтгэв, мөн болгоогтун тэдэн дотор гэрэл үгүй байна. Болгоогтун, ай Их Эзэн, бид энэ их усыг харанхуйд гатлахыг та зөвшөөрнө гэж үү?
23 Мөн Их Эзэн Жаредын ахад хандан хэлсэн нь: Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг юу хийгээсэй хэмээн та нар хүснэ вэ? Учир нь болгоогтун, та нар хөлөгтөө цонхтой байж болохгүй, учир нь тэдгээр нь олон хэсэг бутрах болно; бас та нар өөрсөдтэйгөө гал авч явж үл болно, учир нь та нар галын гэрлээр явахгүй.
24 Учир нь болгоогтун, та нар далайн дундах халимтай адил байх болно; учир нь уулс мэт давалгаанууд та нар дээр буух болно. Гэсэн хэдий ч, би та нарыг далайн гүнээс дахин дээш гаргаж ирэх болно; учир нь салхи амнаас минь гарч, мөн бас бороо болоод үерийг ч би илгээж байсан болой.
25 Мөн болгоогтун, би эдгээр зүйлд та нарыг урьдаас бэлтгэх болно; учир нь би та нарыг далайн давалгаа, мөн урагш түрэх салхи, мөн ирэх үерийн эсрэг урьдаас бэлтгэхгүй аваас та нар энэхүү агуу гүнийг гаталж эс чадна. Тиймийн тул далайн гүнд хучигдах цагтаа та нар гэрэлтэй байж болохын тулд намайг та нар юу бэлтгээсэй хэмээн хүсэж байна вэ?