Бүлэг 24
Их Эзэний элч Хоёр дахь Ирэлтэд зориулан замыг бэлтгэх болно—Христ шүүхээр суух болно—Израил аравны нэг болон өргөлийг төлөхөөр зарлиг болгогдов—Дурсамжийн ном хөтлөгдөв—Малахи 3-тай харьцуул. Ойролцоогоор МЭ 34 он.
1 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Эцэгийн Малахид өгсөн, тэрбээр өөрөө тэдэнд хэлэх үгсийг бичихийг тэдэнд зарлиглав. Мөнхүү улиран тохиох дор тэдгээр нь бичигдсэний дараа тэрбээр тэдгээрийг тайлбарлав. Мөн түүний тэдэнд хэлсэн үгс нь эдгээр билээ, хэлсэн нь: Эцэг тийн Малахид хэлж өгүүлсэн нь—Болгоогтун, би өөрийн элчийг илгээх болно, мөн тэрбээр миний өмнө замыг бэлтгэж, мөн та нарын эрэлхийлдэг тэрхүү Их Эзэн, бүр та нарын баясдаг тэр, гэрээний тэрхүү элч өөрийн ариун сүмд гэнэт ирэх болно; болгоогтун, тэрбээр ирэх болно хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.
2 Гэвч хэн түүний ирэлтийн өдрийг тэсвэрлэж болох, мөн түүнийг үзэгдэхэд хэн амьд үлдэх вэ? Учир нь тэрбээр цэвэршүүлэгчийн галтай адил, мөн хувцас угаагчийн саван адил болой.
3 Мөн тэрбээр мөнгө цэвэршүүлэгч мөн хайлуулагчаар суух болно, мөн Левийн хөвгүүд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөж болохын тулд тэр тэднийг цэвэршүүлнэ, мөн тэднийг алт болоод мөнгө адил ангижруулан цэвэршүүлэх болно.
4 Тэгээд Иудагийн мөн Иерусалимын өргөл Их Эзэнд, эртний өдрүүдийнх шиг, мөн урьдын жилүүдийнх шиг таалагдах болно.
5 Мөн би та нарыг шүүхээр ойртох болно; мөн би ид шидтэнгүүдийн эсрэг, садар самууныг үйлдэгчдийн эсрэг, хуурамч ам тангараг тавигчдын эсрэг, хөлслөгчдийгөө цалин хөлсөөр нь дарлан хавчдаг, бэлэвсэн мөн эцэггүйг дарлан, үл таних нэгэнд туслахаас татгалзан, мөн надаас үл эмээдэг тэдний эсрэг би шуурхай гэрч байх болно хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.
6 Учир нь би бол Их Эзэн, би өөрчлөгддөггүй; тиймийн тул Иаковын хөвгүүд та нар шатаагдаагүй.
7 Бүр эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар миний ёслолуудаас холдон явсан, мөн тэдгээрийг сахиагүй. Надад эргэж ир мөн би та нарт эргэж очих болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг. Гэвч: Бид хэрхэн эргэж очих билээ? хэмээн та нар хэлдэг.
8 Хүмүүн Бурханыг дээрэмдэх үү? Гэсэн ч та нар намайг дээрэмдсэн билээ. Гэвч та нар: Бид хэрхэн таныг дээрэмдэв? хэмээн хэлдэг. Аравны нэг болон өргөлүүдээр болой.
9 Та нар зүхлээр зүхэгдсэн, учир нь та нар, бүр энэ бүхэл үндэстэн намайг дээрэмдсэн билээ.
10 Өргөөнд минь хүнс байж болохын тулд та нар бүх аравны нэгээ агуулахад авчирцгаа; мөн би тэнгэрийн цонхнуудыг нээж, мөн үүнийг хүлээн авах хангалттай зай байхгүй болтол та нарын дээр адислалыг цутгах эсэхийг, үүгээр намайг сорь хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.
11 Мөн би та нарын тусын тулд залгигчийг зэмлэх болно, мөн тэрбээр газар дахь жимсийг чинь устгахгүй; бас мөчир чинь ч жимсээ талбайд цагаас өмнө унагахгүй хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.
12 Мөн бүх үндэстэн та нарыг адислагдсан хэмээн дуудах болно, учир нь та нар таатай сайхан нутаг байх болно хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.
13 Та нарын үгс миний эсрэг хүчтэй байна хэмээн Их Эзэн хэлдэг. Гэсэн ч та нар хэлдэг: Таны эсрэг бид юу ярьсан билээ?
14 Та нар хэлдэг: Бурханд үйлчлэх нь үр дүнгүй, мөн түүний ёслолуудыг сахилаа гээд, мөн бид Түмний Их Эзэний өмнө гашуудалтайгаар алхсан гээд ямар ашиг байх билээ?
15 Мөн эдүгээ бид бардам тэднийг аз жаргалтай хэмээдэг; тийм ээ, ёс бусыг үйлддэг тэднийг дэгжсэн; тийм ээ, Бурханыг сорьдог тэднийг үнэхээр чөлөөлөгдсөн хэмээдэг.
16 Тэгээд Их Эзэнээс эмээдэг байсан тэд ойр ойрхон нэг нэгэнтэйгээ ярьж мөн Их Эзэн анхаарч мөн сонссон бөлгөө; мөн Их Эзэнээс эмээж байсан мөн түүний нэрийг бишрэн боддог байсан тэдний төлөө дурсамжийн ном түүний өмнө бичигдсэн бөлгөө.
17 Мөн би үнэт чулуунуудаа цуглуулах тэр өдөр тэд минийх байх болно; мөн өөрт нь үйлчилдэг хүүгээ өршөөдөг хүмүүний адил би тэднийг өршөөх болно гэж Түмний Их Эзэн хэлж байна.
18 Тэгээд та нар эргэж ирэн мөн зөв шударгыг үйлдэгчид мөн ёс бусыг үйлдэгчдийг, Бурханд үйлчилдэг тэднийг мөн түүнд үйлчилдэггүй тэднийг хооронд нь ялган таних болно.