Судрууд
3 Нифай 15


Бүлэг 15

Мосегийн хууль Өөрөөр нь биелэгдсэнийг Есүс зарлав—Иерусалимд Түүний ярьсан өөр хоньд бол нифайчууд юм—Иерусалим дахь Их Эзэний хүмүүс алдсын учир, Израилын тараагдсан хоньдын тухай мэддэггүй байв. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгээ төгсгөөд тэрбээр цугласан олныг тойруулан харж, мөн тэдэнд хэлэв: Болгоогтун, намайг Эцэгтээ дээш одохоос өмнө миний заасан зүйлсийг та нар сонслоо; тиймийн тул, миний эдгээр үгийг санаж мөн эдгээрийг хийдэг хэнийг боловч, түүнийг би эцсийн өдөр өргөмжлөх болно.

2 Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг хэлээд Мосегийн хуулийн талаар өөрийг нь юу хүсэж буй бол хэмээн гайхширч мөн гайхсан зарим нь тэдний дунд буйг ухаарав; учир нь хуучин зүйлс улирч одоод, мөн бүх зүйл шинэ болсон гэснийг тэд ойлгосонгүй.

3 Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Хуучин зүйлс улирч одоод, мөн бүх зүйл шинэ болсон гэж би та нарт хэлсэнд бүү гайхшир.

4 Болгоогтун, Мосед өгөгдсөн хууль гүйцэлдсэнийг би та нарт хэлж байна.

5 Болгоогтун, би бол хуулийг өгсөн тэр нь билээ, мөн би бол өөрийн Израил хүмүүстэй гэрээ хийсэн тэр нь билээ; тиймийн тул, хууль нь надаар биелэгдсэн, учир нь би уг хуулийг биелүүлэхээр ирсэн; тиймийн тул энэ нь төгсгөл болов.

6 Болгоогтун, би бошиглогчдыг үгүйсгэдэггүй, учир нь надаар гүйцэлдээгүй байгаа үгс болгон нь, үнэнээр би та нарт хэлнэ, бүгд гүйцэлдэх болно.

7 Мөн би та нарт хуучин зүйлс улирч одсон хэмээн хэлсэн учраас, ирэх тэр зүйлсийн талаар яригдсан тэрнийг би үгүйсгэдэг гэсэн үг биш юм.

8 Учир нь болгоогтун, өөрийн хүмүүстэй хийсэн миний гэрээ бүгд гүйцэлдээгүй; гэвч Мосед өгөгдсөн хууль надаар төгсгөл болсон бөлгөө.

9 Болгоогтун, би бол хууль мөн гэрэл. Надад хандагтун, мөн эцсээ хүртэл тэвчигтүн, мөн та нар амьдрах болно; учир нь эцсээ хүртэл тэвчдэг түүнд би мөнх амьдрал өгөх болно.

10 Болгоогтун, би та нарт зарлигууд өгсөн билээ; тиймийн тул зарлигуудыг минь дага. Мөн энэ бол хууль болон бошиглогчид, учир нь тэд үнэхээр миний тухай гэрчилсэн юм.

11 Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад, тэрбээр өөрийн сонгосон арван хоёрт хэлэв:

12 Та нар миний шавь нар; мөн та нар Иосефын угсааны үлдэгдэл болох энэ хүмүүст гэрэл билээ.

13 Мөн болгоогтун, энэ бол та нарын өвийн нутаг; мөн Эцэг үүнийг та нарт өгсөн бөлгөө.

14 Иерусалим дахь ах дүүст тань үүнийг хэлэх ёстой хэмээх зарлигийг Эцэг надад хэзээ ч өгсөн нь үгүй.

15 Басхүү Эцэг нутгаас нь гарган удирдсан, Израилын угсааны бусад овгуудын талаар намайг тэдэнд хэлэх ёстой хэмээх зарлигийг Эцэг хэзээ ч надад өгсөн нь үгүй.

16 Намайг өдий зэргийг тэдэнд хэлэхийг Эцэг надад зарлиглав:

17 Энэ сүргийнх бус өөр хоньд надад бий; би тэднийг түүнчлэн авчрах ёстой, мөн тэд дуу хоолойг минь сонсох болно; мөн нэг сүрэг, мөн нэг хоньчин байх болно гэдгийг буюу.

18 Мөн эдүгээ, гөжүүд мөн итгэлгүйн учир тэд миний үгийг ойлгосонгүй; тиймийн тул энэ зүйлийн талаар тэдэнд илүүг ярихгүй байхыг би Эцэгээр зарлигдуулсан билээ.

19 Гэвч, үнэнээр, би та нарт хэлнэ, Эцэг надад зарлиг болгож, мөн би үүнийг та нарт хэлнэ, та нар тэдний дундаас алдсуудынх нь учир тусгаарлагдсан; тиймийн тул тэд та нарын тухай мэддэггүй нь тэдний алдсын учир билээ.

20 Мөн үнэнээр би та нарт тэрчлэн хэлнэ, Эцэг тэднээс бусад овгийг тусгаарласан; мөн тэдний тухай тэд мэддэггүй нь өөрсдийнх нь алдсын улмаас болой.

21 Мөн үнэнээр би та нарт хэлнэ, та нар бол миний тухайлан хэлсэн тэд билээ: Энэ сүргийнх бус өөр хоньд надад бий; би тэднийг түүнчлэн авчрах ёстой, мөн тэд дуу хоолойг минь сонсох болно; мөн нэг сүрэг, мөн нэг хоньчин байх болно.

22 Мөн тэд намайг ойлгосонгүй, учир нь энэ бол харийнхан хэмээн тэд таамагласан аж; учир нь харийнхан өөрсдийнх нь номлолоор дамжин хөрвүүлэгдэх болно гэдгийг тэд ойлгоогүй ажээ.

23 Мөн тэд дуу хоолойг минь сонсох болно гэж миний хэлснийг тэд ойлгоогүй байв; мөн харийнхан хэзээ ч миний дуу хоолойг сонсохгүй гэхэд—Ариун Сүнсээр бус аваас би өөрийгөө тэдэнд үзүүлэхгүй гэхэд тэд намайг ойлгосонгүй.

24 Гэвч болгоогтун, та нар миний дуу хоолойг сонссон, мөн намайг түүнчлэн харсан; мөн та нар миний хоньд, мөн Эцэгийн надад өгсөн тэдний дунд та нар тоологддог билээ.