Судрууд
3 Нифай 12


Бүлэг 12

Есүс арван хоёр шавийг дуудаж мөн итгэмжлэл хүлээлгэв—Тэрбээр Уулан дээрх Номлолтой төстэй номлолыг нифайчуудад ярив—Тэрбээр Ерөөлүүдийг хэлэв—Түүний сургамжууд Мосегийн хуулийг давамгайлж мөн орлон тэргүүлдэг—Тэр мөн Түүний Эцэг төгсийн адил төгс байхаар хүмүүс зарлигдуулав—Матай 5-тай харьцуул. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг Нифайд, мөн дуудагдсан тэдэнд яриад, (эдүгээ дуудагдаж, мөн баптисм хүртээх хүч болон эрх мэдлийг хүлээн авсан тэдний тоо нь арван хоёр байв) мөн болгоогтун, тэр цугларсан олонд мутраа урагш сунгаж, мөн тэдэнд чанга дуугаар ярьж, өгүүлсэн нь: Та нарт тохинуулж, мөн та нарын үйлчлэгчид байхаар та нарын дундаас миний сонгосон эдгээр арван хоёрын үгсэд анхаарлаа хандуулах аваас та нар адислагдах болно; мөн тэд та нарт усаар баптисм хүртээж болно хэмээн би хүчийг тэдэнд өгсөн бөлгөө; мөн та нар усаар баптисм хүртсэний дараа, болгоогтун, би та нарт галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртээх болно; тиймийн тул та нар намайг харж мөн намайг байдаг гэдгийг мэдсэний дараа, та нар надад итгэж мөн баптисм хүртэх аваас та нар адислагдах болно.

2 Мөн тэрчлэн, та нар намайг харсан мөн намайг байдаг гэдгийг мэддэгээ гэрчлэх учир, та нарын үгсэд итгэх тэд илүү адислагдах болно. Тийм ээ, үгсэд тань итгэх, мөн даруу байдлын гүнд ирэх, мөн баптисм хүртэх тэд адислагдах болно, учир нь тэд галаар мөн Ариун Сүнсээр зочлогдох болно, мөн нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах болно.

3 Тийм ээ, надад ирэх сүнсэндээ ядуу нь адислагддаг, учир нь тэнгэрийн хаант улс бол тэднийх юм.

4 Мөн тэрчлэн, гашуудах тэд бүгд адислагддаг, учир нь тэд тайвшруулагдах болно.

5 Мөн хүлцэнгүй номхон нь адислагддаг, учир нь тэд газар дэлхийг өвлөх болно.

6 Мөн зөв шударгын төлөө өлсөж мөн цангадаг тэд бүгд адислагддаг, учир нь тэд Ариун Сүнсээр дүүргэгдэх болно.

7 Мөн нигүүлсэнгүй нь адислагддаг, учир нь тэд нигүүлслийг хүртэх болно.

8 Мөн зүрх сэтгэлдээ цэвэр ариун бүгд нь адислагддаг, учир нь тэд Бурханыг харна.

9 Мөн энхийг сахигч тэд бүгд адислагддаг, учир нь тэд Бурханы хүүхдүүд хэмээн нэрлэгдэх болно.

10 Мөн миний нэрийн төлөө хавчигдсан тэд бүгд адислагддаг, учир нь тэнгэрийн хаант улс тэднийх юм.

11 Мөн надаас болж хүмүүс та нарыг доромжлох мөн хавчих, мөн та нарын эсрэг бүхий л хилэнцтийг худлаа гүтгэн хэлэх үед та нар адислагддаг;

12 Учир нь та нар агуу баясал мөн үлэмжийн баяр хөөртэй байх болно, учир нь тэнгэрт шагнал тань агуу байх болно; учир нь та нарын өмнө байсан бошиглогчдыг тэд тэгж хавчсан билээ.

13 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, газар дэлхийн давс байх үүргийг би та нарт өгье; гэвч хэрэв давс амтаа алдвал газар дэлхий юугаар давслагдах билээ? Уг давс түүнээс хойш, зайлуулагдаж мөн хүмүүний хөл дор дэвслэгдэхээс өөр юунд ч хэрэггүй байх болно.

14 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ хүмүүсийн гэрэл байх үүргийг би та нарт өгье. Толгод дээр байрласан хот нуугдах аргагүй билээ.

15 Болгоогтун, хүмүүс лаа асаагаад мөн үүнийгээ саван дор нуудаг бил үү? Үгүй ээ, харин лааны тавиур дээр тавьж, мөн энэ нь гэрт байгаа бүгдэд гэрэл өгдөг;

16 Тиймийн тул, тэд та нарын сайн үйлүүдийг харж, тэгээд тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулж болохын тулд, та нарын гэрэл энэ хүмүүсийн өмнө тийн туяаран гийг.

17 Хуулийг эсвээс бошиглогчдыг устгахаар намайг ирсэн гэж бүү бод. Би устгахаар биш, харин биелүүлэхээр ирсэн билээ;

18 Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, уг хуулиас нэг зураас, нэг үсэг ч хүчин төгөлдөр байдлаа алдаагүй, харин энэ нь бүгд надаар биелэгдсэн билээ.

19 Мөн болгоогтун, та нар надад итгэхийн тулд, мөн та нар нүглүүдээ наманчилж, мөн харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр надад ирэхийн тулд би Эцэгийнхээ хууль болон зарлигуудыг та нарт өгсөн. Болгоогтун, та нарын өмнө зарлигууд байна, мөн хууль нь биелэгдсэн билээ.

20 Тиймийн тул та нар над дээр ирж мөн аврагд; учир нь үнэнээр би та нарт хэлнэ, миний та нарт энэ цагт зарлигласан тэрхүү зарлигуудыг сахихаас бусдаар, та нар тэнгэрийн хаант улсад яасан ч орохгүй.

21 Энэ нь хуучин цагийн тэднээр хэлэгдсэнийг та нар сонссон, мөн энэ нь түүнчлэн та нарын өмнө бичигдсэн байна, та нар алах ёсгүй, мөн алсан хэн боловч, Бурханы шүүлтийн дор аюултай байдалд байх болно хэмээн буюу;

22 Харин би та нарт хэлнэ, анддаа уурласан хэн боловч түүний шүүлтийн дор аюултай байдалд байх болно. Мөн анддаа, Хоосон толгой гэж хэлэх хэн боловч, дээд шүүхэд аюултай байдалд байх болно; мөн Чи мунхаг гэж хэлэх хэн боловч, галт тамын аюулд байх болно.

23 Тиймийн тул, хэрэв та нар надад ирэх аваас, эсвээс надад ирэхийг хүсэх аваас мөн анд тань чиний эсрэг аливаа гомдолтойг санах аваас—

24 Өөрийн замаар анддаа очиж, мөн эхлээд андтайгаа эвлэрч, мөн тэгээд зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар надад ирэгтүн, мөн би та нарыг хүлээн авах болно.

25 Дайсантайгаа замаар явж байхдаа түүнтэй хурдхан эвлэр, тэрээр та нарыг хэзээ нэгэн цагт барьж, мөн та нар шоронд хаягдах болуузай хэмээн буюу.

26 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар эцсийн синайныг төлсөн байх хүртлээ тэндээс яасан ч гарахгүй. Мөн та нар шоронд байх зуураа бүр ганц синайныг ч төлж чадна гэж үү? Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, Үгүй.

27 Болгоогтун, та нар садар самууныг үйлдэх ёсгүй хэмээн хуучин цагийн тэднээр бичигдсэн байдаг;

28 Харин би та нарт хэлнэ, нэгэн эмэгтэйн араас тачаадан, түүнийг харсан хэн боловч, зүрх сэтгэлдээ аль хэдийн садар самууныг үйлдсэн байдаг.

29 Болгоогтун, та нар эдгээр зүйлийн нэгийг нь ч зүрх сэтгэлдээ нэвтрэхийг зөвшөөрөх ёсгүй хэмээх зарлигийг би та нарт өгье;

30 Учир нь та нар өөрсдөө эдгээр зүйлээс татгалзсанаар загалмайгаа үүрэх нь, та нар тамд хаягдсанаас дээр.

31 Эхнэрээсээ салсан хэн боловч, эхнэртээ салалтыг гэрчилсэн бичиг өг хэмээн бичигдсэн байдаг.

32 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, завхайрлын шалтгаанаас бусдаар эхнэрээсээ салах хэн боловч, түүнийг садар самууныг үйлдэх болгодог; мөн салсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч садар самууныг үйлддэг юм.

33 Мөн тэрчлэн, та нар хуурамчаар тангараглах ёсгүй, харин Их Эзэний төлөөх ам тангаргаа биелүүлэх ёстой нь бичигдсэн;

34 Гэвч үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, огт бүү тангарагла; бас тэнгэрээр ч бүү тангарагла, учир нь энэ бол Бурханы сэнтий юм;

35 Бас газар дэлхийгээр ч, учир нь энэ нь түүний хөлийн тавиур бөлгөө;

36 Бас та нар толгойгоороо ч тангараглах ёсгүй, учир нь та нар нэг үсийг ч хар эсвээс цагаан болгож чадахгүй;

37 Харин үгс чинь, Тийм, тийм; Үгүй, үгүй байг; учир нь эдгээрээс илүүгээр хэлэгдсэн юу боловч хилэнцэт бөлгөө.

38 Мөн болгоогтун, нүдийг нүдээр, мөн шүдийг шүдээр хэмээн бичигдсэн байдаг;

39 Харин би та нарт хэлнэ, та нар хилэнцэттэй бүү сөргөлд, харин баруун хацар дээр чинь хэн цохинов, түүнд нөгөө хацраа тавьж өг;

40 Мөн хэн нэгэн та нартай хуулиар заалдаж мөн хүрмийг чинь авбал, түүнд орхимжоо ч түүнчлэн өг;

41 Мөн хэн нэгэн та нарыг нэг бээр явахыг албадвал, түүнтэй хоёр бээр явагтун.

42 Та нараас гуйсанд өг, мөн та нараас зээлэхийг хүсэх түүнд та нар бүү араа харуул.

43 Мөн болгоогтун түүнчлэн, та нар хөршөө хайрлаж мөн дайснаа үзэн яд гэж бичигдсэн байдаг;

44 Гэвч болгоогтун би та нарт хэлнэ, дайснуудаа хайрла, та нарыг зүхэх тэднийг адисал, та нарыг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн та нарыг өшөө хорсолтойгоор ашиглах мөн та нарыг хавчих тэдний төлөө залбир;

45 Та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд байж болохын тулд буюу; учир нь тэрбээр өөрийн нарыг хилэнцтийн дээр мөн сайны дээр мандуулдаг.

46 Тиймийн тул эрт цагийн тэдгээр зүйл, хуулийн харьяат байсан тэдгээр нь, бүгд надаар биелэгдсэн билээ.

47 Хуучин зүйлс төгсөж, мөн бүх зүйл шинэ боллоо.

48 Тиймийн тул би эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.