Институт ба семинар
Удирдагчдад зориулав—Багш нарт амжилт гаргахад нь туслах


“Удирдагчдад зориулав—Багш нарт амжилт гаргахад нь туслах,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

“Удирдагчдад зориулав—Багш нарт амжилт гаргахад нь туслах,” Аврагчийн арга барилаар заах нь

Зураг
Ням гаргийн хичээл

Удирдагчдад зориулав—Багш нарт амжилт гаргахад нь туслах

Ганцаарчилсан харилцаа

Ихэнхдээ багш нарын өвөрмөц хэрэгцээг хангах хамгийн сайн арга бол ганцаарчлан харилцах явдал юм. Жишээлбэл: Удирдагчийн хувьд та багштай ангийн өмнө эсвэл дараа Аврагчийн арга барилаар заах нь эх сурвалжийн талаар товч ярилцаж болно. Та багшийн зааж байгааг ажигласнаар, энэ ярилцлагад бэлдэж болно. Багшийн давуу талыг илүү сайн ойлгож, дэмжлэг үзүүлэх арга замыг олж мэд.

Багшийн давуу тал дээр тулгуурлах нь сайжруулах боломжуудыг тодорхойлохтой адил чухал юм. Багш нартай ярилцаж эхлэхдээ, тэднээс юу нь сайн болж байгаа, хаана ахиц дэвшил гарч болох талаар бодож үзэхийг хүсэх нь тустай.

Багш нартай уулзахдаа, тэднийг хүчирхэгжүүлэх арга замыг бод мөн үзүүлж буй үйлчлэлийг нь эелдгээр, талархан урамшуул.

Багшийн зөвлөлийн хурал

Тойрог болгон багшийн зөвлөлийн хурлыг улирал бүр хуралдуулж байх ёстой бөгөөд энэ хурлаар багш нар Христтэй адил заах зарчмуудын талаар хамтран зөвлөлдөж болно. Эцэг эхчүүдэд зориулан, багш нарын зөвлөлийн хурлыг зохион байгуулж болно (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 13.5-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

Энэ хурлыг хэзээ зохион байгуулах хэрэгтэй вэ?

Багш нарын зөвлөлийн хурлыг ням гаргийн 50 минутын хичээлийн цагаар хуралдуулна.

  • Санваар, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн багш нар орон нутгийн удирдагчдын шийдвэрлэснээр эхний эсвэл гурав дахь ням гарагт оролцож болно.

  • Ням гаргийн ангийн багш нар орон нутгийн удирдагчдын шийдвэрлэснээр хоёр дахь эсвэл дөрөв дэх ням гарагт оролцож болно.

  • Хүүхдийн хэсгийн багш нар тойргийн Хүүхдийн хэсгийн болон Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрлэсэн аль ч ням гарагт оролцож болно. Хүсвэл, Хүүхдийн хэсгийн багш нар бусад багшаас тусдаа уулзаж, хүүхдүүдэд заахад тохиолддог онцгой байдлын талаар зөвлөлдөж болно. Энэ хурлыг 20 минутын дууны цаг, ням гаргийн тогтсон цуглааны өмнө юм уу дараа эсвэл долоо хоногийн өөр өдөр хуралдуулж болно. Хүүхдийн хэсгийн багш нарт Хүүхдийн хэсгийн ангид ээлжлэн орох боломж олгохын тулд улиралд нэгээс дээш удаа багш нарын зөвлөлийн хурлыг хуралдуулж болно. (Тайлбар: Шаардлагатай бол Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл Хүүхдийн хэсгийн багш нарт багшийн зөвлөлийн хуралд суух боломжийг олгохын тулд туслах багш нарыг томилон, ангиудыг нийлүүлж эсвэл өөр хэлбэрээр зохион байгуулж болно.)

  • Эцэг эхчүүдэд зориулсан багшийн зөвлөлийн хурлыг тойргийн зөвлөлөөс тогтоосон аль ч ням гарагт хуралдуулж болно.

Хэн хуралд суух вэ?

Тойргийн чуулга эсвэл ангид заадаг хүн бүр, чуулга эсвэл ангиудыг хариуцдаг санваартан эсвэл байгууллагын удирдагчдын аль нэг нь хуралд хамт оролцох ёстой. Шаардлага гарвал, оролцогчид зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээнд тохируулан бүлгүүдэд хуваагдаж болно. Жишээлбэл: Зарим тохиолдолд өсвөр үеийнхний эсвэл хүүхдийн багш нар өсвөр үеийнхэн болон хүүхдүүдийн тодорхой асуудлыг хэлэлцэхээр тусдаа уулзах нь тустай байж болох юм.

Эцэг эхчүүдэд зориулсан багшийн зөвлөлийн хурлын хувьд тодорхой эцэг эхчүүдийг урих эсвэл оролцохыг хүссэн бүх хүнд нээлттэй байлгах эсэхийг тойргийн зөвлөл шийддэг.

Хэн эдгээр цуглааныг удирддаг вэ?

Тойргийн зөвлөл нь Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн тусламжтайгаар багшийн зөвлөлийн хурлын явцад хяналт тавьдаг. Тэд хичээл, хурал дээр ажигласан зүйл дээрээ үндэслэн багш, суралцагчдын хэрэгцээний талаар хамтдаа зөвлөлддөг. Тэд Аврагчийн арга барилаар заах нь эх сурвалжийн аль зарчим, дадал нь тэдний тодорхойлсон хэрэгцээг хамгийн сайн хангахыг тодорхойлохын тулд хамтран ажилладаг.

Ням гаргийн ангийн ерөнхийлөгч ихэвчлэн багшийн зөвлөлийн хурлыг удирдан явуулна. Хэдий тийм ч, тойргийн бусад гишүүнийг зарим үед хурал удирдах ажилд томилж болно. Чуулга болон байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөл хурлаар хэлэлцсэн зарчим, туршлагыг багш нартайгаа хамт бататгадаг.

Багшийн зөвлөлийн хурлаар юу хийдэг вэ?

Багшийн зөвлөлийн хурал дараах загварыг дагах ёстой. Үүнд:

  • Хамтдаа хуваалц мөн зөвлөлд. Багш нарыг хамгийн сүүлд заасан туршлагаасаа хуваалцан, заахтай холбоотой асуултууд тавихад мөн асуудлыг шийдвэрлэхээр бодол санаагаа хуваалцахад тэднийг урь. Хурлын энэ хэсэгт өмнөх хурлаар үзсэн зарчмуудыг дахин авч үзэж болно.

  • Хамтдаа суралц. Энэ эх сурвалжид танилцуулсан Есүс Христэд төвлөрөх, зааж байгаа хүмүүсээ хайрлах, Сүнсээр заах, сургаалыг заах, хичээнгүйлэн суралцахад урих зарчмуудын аль нэгийг ярилцахад багш нарыг урь. Тойргийн зөвлөлөөс өөр удирдамж өгөөгүй бол зарчмуудыг ямар ч дарааллаар авч үзэж болох бөгөөд хуралд оролцогчид дараагийн хуралд авч хэлэлцэх зарчмаа сонгоно. Хэрвээ шаардлагатай бол нэг зарчим дээр нэг хуралд зарцуулахаас илүү хугацааг зарцуулж болно.

  • Төлөвлө мөн урь. Багш нарт ярилцсан зарчмаа хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөхөд нь тусал. Тохиромжтой бол та ярилцсан ур чадвараараа хамтдаа дадлага хийж болно. Тэднийг хичээлдээ зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар хүлээн авсан аливаа мэдрэмжээ бичиж тэмдэглэн, тэдгээрийн дагуу үйлдэхэд урь. Энд гэр орондоо заахад гаргасан хичээл зүтгэл орно. Тэднийг дараагийн хурлаар ярилцах зарчмаа судалж эхлэхэд урь.

Багшийн зөвлөлийн хурлыг аль болох ярилцаж байгаа зарчмынхаа дагуу явуулах ёстой.

Зураг
Тэврэлдэж буй хоёр залуу эмэгтэй

Багш нарын зөвлөлийн хурал Христтэй адил заах зарчмуудыг сурч мэдэн, хэрэгжүүлэхэд багш нарт тусална.

Шинээр дуудагдсан багш нарыг сургах

Удирдагчийн хувьд та байгууллагынхаа “шинээр дуудагдсан багш нартай уулзаж, дуудлагаа хийхээр бэлтгэхэд нь тэдэнд туслах” үүрэгтэй (Ерөнхий гарын авлага, 17.3, ChurchofJesusChrist.org). Эдгээр уулзалт нь шинэ багшийг ариун дуудлагатай нь танилцуулж, тэднийг Аврагчийн арга барилаар заах гэдэг нь юу болох талаарх алсын хараагаар урамшуулах боломж юм. Та удирдагчийн хувьд дараах зүйлсийг хийж, шинэ багш нарыг үйлчлэхэд бэлтгэхэд нь тусалж чадна.

  • Аврагч тэдний дуудлагад тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл (Сургаал ба Гэрээ 88:78-ыг үзнэ үү).

  • Шинэ багш нарт энэ эх сурвалжийн хуулбарыг өгч, заахдаа доторх зарчмуудыг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэхэд урамшуул.

  • Байгууллагынхаа талаар мэдвэл зохих бүх зүйлийг шинэ багш нартай хуваалц.

  • Шаардлагатай бол шинэ багш нарт аль өрөөнд хичээл зааж, ямар хичээлээс эхлэхийг хэлж өг. Анги болон ангийн гишүүдийн талаар шаардлагатай мэдээллээр ханга.

  • Та шинэ багш нарт дуудлагаа гүйцэтгэхэд нь тусалж чадна гэдгээ тайлбарла. Шаардлагатай бол ангид дэмжлэг үзүүлж, заах эх сурвалжид хандахыг санал болго.

  • Багш нарын хичээлийг үе үе ажиглаж байхыг санал болгоод, Сүнсний өдөөлтийн дагуу санал хүсэлтээ хэл.

  • Улирал тутам болдог багш нарын зөвлөлийн хуралд багш нарыг урь.