Институт ба семинар
Зааж байгаа хүмүүсээ хайрла


“Зааж байгаа хүмүүсээ хайрла,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

“Зааж байгаа хүмүүсээ хайрла,” Аврагчийн арга барилаар заах нь

Зураг
Есүс Христ худгийн дэргэд нэгэн эмэгтэйтэй ярьж байгаа нь

Аврагчийг үлгэр жишээгээ болгох үед, хайр бидний заах урам зориг болдог.

Зааж байгаа хүмүүсээ хайрла

Аврагчийн дэлхий дээр тохинуулж байх явцдаа үйлдсэн бүхэн нь хайраар өдөөгдсөн. Бид Христийн жинхэнэ дагалдагчид байхаар хичээх үедээ мөн ийм хайраар дүүргэгдэх боломжтой (Иохан 13:34–35; Моронай 7:47-48; 8:26-г үзнэ үү). Бид зүрх сэтгэлдээ Аврагчийн хайрыг агуулснаар, Христийн тухай мэдэж авч мөн Түүнд ирэхэд нь бусдад туслах боломжтой бүхий л арга замыг эрэлхийлдэг. Хайр бидний заах урам зориг болдог.

Зааж байгаа хүмүүсээ хайрла

  • Суралцагчдыг Бурхан тэднийг хардаг шиг хар.

  • Заадаг хүмүүсийнхээ хэрэгцээ, давуу тал, нөхцөл байдлыг мэдэх замаар тэднийг ойлгохыг эрэлхийл.

  • Тэдний төлөө нэрийг нь хэлэн залбир.

  • Бүх хүнд хүндлэл болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэх аюулгүй орчныг бүрдүүл.

  • Хайраа илэрхийлэх тохиромжтой аргыг ол.

Аврагч заадаг хүн бүрээсээ бурханлаг чадавхыг нь олж харсан

Иерихогийн ихэнх хүн Закхайн талаар мэдэх ёстой бүхнээ мэддэг гэж боддог байв. Тэр бол татвар хураагч, цуглуулагч, бүр ахлах татвар хураагч, баян хүн байсан. Тэд түүнийг шударга бус, авлигач нэгэн гэж бодсон нь ойлгомжтой. Гэвч Есүс Закхайн зүрх сэтгэлийг хараад, түүнээс “Абрахамын хүү” (Лук 19:1–10) эрхэм нэгнийг олж харжээ. Аврагч хүмүүсийг гаднах төрхөөр нь биш, харин хэн гэдгийг нь мөн хэн болж чадахыг нь хардаг байв. Тэрээр Симон, Андрей, Иаков, Иохан зэрэг энгийн загасчдаас Сүмийнхээ ирээдүйн удирдагчдыг олж харсан. Айсан хавчигч Саулаас Тэр хаад болон үндэстнүүдийн өмнө Өөрийн сайн мэдээг номлох “сонгогдсон сав”-ыг олж харсан (Үйлс 9:10–15-ыг үзнэ үү). Танаас болон таны заадаг хүн бүрээс Аврагч хязгааргүй чадавх бүхий Бурханы охин эсвэл хүүг олж хардаг.

Таны зааж байгаа хүмүүсийн зарим нь итгэлтэй, хөрвөсөн мэт харагддаг бол зарим нь сонирхолгүй эсвэл бүр тэрслүү мэт харагдах нь бий. Зөвхөн нүдэнд харагдах зүйлсэд үндэслэн таамаглал дэвшүүлэхээс болгоомжил. Ариун Сүнс танд Аврагчийн хүн нэг бүрээс хардаг зарим зүйлийг олж харахад мөн Түүнтэй адилаар тэднийг хайрлаж эхлэхэд тань тусалж чадна.

Тунгаан бодох асуултууд: Зааж байгаа хүн нэг бүрээ бодоод, Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр тэдний тухай ямар бодолтой байдгийг тунгааж үз. Тэд түүнээс юу хардаг бол? Энэ бодол нь таны тухайн хүнд заах арга барилд хэрхэн нөлөөлөх вэ?

Судруудаас: 1 Самуел 16:7; Дуулал 8:4–5; Ром 8:16–17; Сургаал ба Гэрээ 18:10–14

Аврагч биднийг мэддэг бөгөөд бидний нөхцөл байдал, хэрэгцээ, давуу талыг ойлгодог

Самари эмэгтэй сайн мэдээний захиас сонсохоор худаг руу ирээгүй. Тэр ус авахаар худаг дээр ирсэн. Харин Аврагч түүний зөвхөн бие махбод нь цангаагүй гэдгийг ойлгож байв. Түүний амьдрал тогтворгүй харилцаан дунд зовж өнгөрсөн гэдгийг Тэр мэдэж байсан. Тиймээс Есүс түүний шууд хүслийг буюу бие махбодын хэрэгцээ болсон амьдралыг тэтгэгч усыг авч, түүний сүнслэг гүн гүнзгий хэрэгцээ болох “амьд ус” буюу “мөнх амь”-тай холбожээ. Тэдний харилцан ярианы төгсгөлд, тэр эмэгтэй Есүс бол Христ гэсэн хувийн гэрчлэлтэй болсон ба Тэр түүнийг хэр сайн мэддэг байсан нь зарим талаараа сүнслэгээр нөлөөлсөн. “[Тэр] үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн. Тэр Христ биш үү?” (Иохан 4:6–29-ийг үзнэ үү) хэмээн тэр эмэгтэй хэлжээ.

Христтэй адил багш байх гэдэгт зааж байгаа хүмүүстэйгээ танилцаж, тэдний зүрх сэтгэлд юу байгааг ойлгохыг хичээх явдал багтдаг. Та тэдний амьдралыг сонирхож, энэрэнгүй сэтгэлээ харуулж чадна. Та тэдний ар гэрийн амьдрал, авьяас чадвар, хүсэл сонирхол, хэрэгцээг ойлгох арга замыг олж чадна. Тэд хэрхэн хамгийн сайнаараа сурдгийг та олж мэдэх боломжтой. Та асуулт тавьж, анхааралтай сонсож, ажиглаж болно. Хамгийн гол нь та зөвхөн Сүнс л өгч чадах ойлголтыг хүлээн авахын тулд залбирч болно. Та тухайн хүнийг илүү сайн мэдэх тусам түүнд Есүс Христийн сайн мэдээнээс хувийн утга учир, хүч чадлыг олоход нь илүү сайн туслах боломжтой байна. Нэгэнт тухайн хүний цангааг ойлгосон бол Сүнс танд Аврагчийн амьд усаар цангахад нь хэрхэн туслахыг зааж чадна.

Тунгаан бодох асуултууд: Та заадаг хүмүүсийнхээ талаар юу мэддэг вэ? Тэдний хувьд юу чухал вэ? Тэдний давуу тал юу вэ? Тэд ямар асуудалтай тулгардаг вэ? Та тэднийг илүү сайн ойлгохын тулд юу хийж болох вэ?

Судрууд: Дуулал 139:1–5; Матай 6:25–32; Марк 10:17–21; Иохан 10:14; 3 Нифай 17:1–9

Аврагч заадаг хүмүүсийнхээ төлөө залбирдаг байсан

Аврагч өөрт нь хандан “Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг … Сатан … гуйсан. Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан” (Лук 22:31-32) гэж хэлэхийг нь сонсоод, Симон Петрт ямар мэдрэмж төрснийг төсөөлөөд үз. Есүс Христ таны төлөө Эцэгт хандан залбирсан гэдгийг мэдэх нь танд хэрхэн нөлөөлөх байсан бэ? Эртний америкчууд үүнтэй ижил туршлагыг хүлээн авсан бөгөөд тэд үүнийг “Мөн бидний төлөө Эцэгт хандан түүний залбирсныг бид сонссон тэр цагт бодгалийг маань дүүргэсэн тэрхүү баяслыг хэн ч төсөөлж чадахгүй буйза” (3 Нифай 17:17) хэмээн дүрсэлжээ.

Мөн та хэн нэгний төлөө нэрийг нь хэлэн, тогтмол залбирах үед зүрх сэтгэл тань ямар мэдрэмж төрдөг талаар бодож болно. Таны залбирал тэр хүний талаарх бодолд тань хэрхэн нөлөөлдөг вэ? Тэдгээр нь таны үйлдэлд хэрхэн нөлөөлдөг вэ? Тэнгэр дэх Эцэг маань суралцагчдадаа туслахыг хүсдэг багшийн чин сэтгэлийн залбирлыг сонсож, хариулах нь гарцаагүй. Мөн ихэнх тохиолдолд Тэр эдгээр залбиралд хариулдаг арга замуудын нэг нь багшийн зүрх сэтгэлд хүрч, суралцагчдад Түүний хайрыг мэдрэхэд туслах ямар нэг зүйлийг хийх эсвэл хэлэхэд урамшуулдаг.

Тунгаан бодох асуултууд: Заадаг хүмүүсийнхээ талаар бодох үед, таны залбиралд онцгой хэрэгцээтэй хүн байна уу? Та түүний төлөө юу гэж залбирахаар сүнслэгээр өдөөгдсөн бэ? Суралцагчдыг нэг нэгнийхээ төлөө залбирахад урих үед ямар адислалууд ирж болох вэ?

Судрууд: Иохан 17; Алма 31:24–36; 3 Нифай18:15–24; 19:19–23, 27–34

Аврагч хүн бүрийг хүндэлж, үнэлдгээ баталгаажуулсан

Есүсийн үеийн шашны удирдагчид нийтээрээ нүгэлтнүүдээс зайлсхийх ёстой гэсэн хандлагатай байв. Иймээс эдгээр удирдагч Есүсийг нүгэлтнүүдтэй харилцаж байгааг хараад цочирджээ. Ийм хүмүүстэй холбогдсон хүн яаж сүнслэг багш байж чадах вэ?

Есүс өөр хандлагатай байсан нь мэдээж. Тэрээр сүнслэг байдлын хувьд өвдсөн хүмүүсийг эдгээхийг эрэлхийлсэн (Марк 2:15–17; Лук 4:17–18-ыг үзнэ үү). Тэрээр эргэн тойрныхоо хүмүүсээс ялгаатай эсвэл зовлон зүдгүүр туулсан хүмүүст байнга гараа сунгаж, нүгэл үйлдсэн хүмүүстэй харилцдаг байв. Тэр Ромын цэргийн итгэлийг магтсан (Матай 8:5-13-ийг үзнэ үү). Тэрээр итгэл хүлээгээгүй татвар хураагчийг итгэлтэй шавь нарынхаа нэг болгон дуудсан (Марк 2:14-ийг үзнэ үү). Нэгэн эмэгтэйг завхайрсан гэж буруутгахад, Тэр түүнд аюулгүй байдлыг мэдрүүлж; наманчилж, илүү сайхан амьдрахад сүнслэгээр нөлөөлсөн (Иохан 8:1–11-ийг үзнэ үү).

Гэхдээ Есүсийн хийсэн зүйл үүгээр зогсоогүй. Тэрээр дагалдагчдынхаа дунд иймэрхүү хүлээн зөвшөөрөх, хайрлах хандлагыг бий болгосон. Төлөөлөгчдийг сайн мэдээг бүх хүнд хүргэх цаг ирэхэд, Түүний үлгэр жишээ тэдний зүрх сэтгэлд байсан нь гарцаагүй. Үүнийг Петр “Бурхан бол нүүр тал хардаггүй … гэдгийг би үнэнээр ойлгов” (Үйлс 10:34) хэмээх үгээрээ илэрхийлсэн байдаг.

Таны заахаар дуудагдсан бараг бүх хүн хүндлүүлж, үнэлүүлэх гэж ямар нэгэн байдлаар тэмцэж байх магадлал маш өндөр байгаа. Та тэднийг хайрлаж, хүндэтгэснээр тэд халуун дулаан уур амьсгалыг мэдрээд зогсохгүй, хэрэгтэй хүмүүс гэдгийг нь ойлгуулж чадна. Та оролцдоггүй, асуудалтай байгаа эсвэл сонирхохгүй мэт байгаа хүмүүст гараа сунгаж, хэдий тэдний ахиц дэвшил удаашралтай санагдавч тэвчээртэй байж чадна. Та итгэл нэгтнүүдийнхээ санаа зовоосон асуудлыг хуваалцсанаар тэдний хүн нэг бүрийг аюулгүй, тав тухтай байхад тусалж чадна. Мөн та үүнээс илүүг хийж чадна. Сургаалыг хүндэтгэх, харьяалах, хайрлах сүнсээр заадаг орчныг бүрдүүлэхэд туслуулахаар та бүх суралцагчид урам зориг өгч чадна.

Тунгаан бодох асуултууд: Хүндлэгдэж, үнэлэгддэг гэдгээ мэдрэхэд нь хүмүүст юу тусалдаг вэ? Бусдыг хүндэлж, үнэлдэг хүн болоход юу нөлөөлдөг вэ? Таныг заадаг хүмүүсийнхээ талаар залбирч байгаад бодох үед, та тэдэнд бүгдэд нь халуун дулаан уур амьсгалыг болон хэрэгтэй гэдгээ мэдрэхэд нь туслах юуг хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Судрууд: Иохан 4; 2 Нифай 26:27–28, 33; Алма 1:26; 3 Нифай 18:22–25

Зураг
Хүүхдүүддээ зааж байгаа эцэг

Багш нар хайрлагдсан гэдгээ мэдрэхэд нь зааж байгаа хүмүүстээ тусалдаг.

Аврагч заадаг хүмүүстээ хайраа илэрхийлдэг байсан

Нифайчуудын дунд зааж, тохинуулан, гайхалтай урам зоригтой өдрийг өнгөрүүлснийхээ дараа Есүс явах цаг нь болсныг анзаарав. Түүнд очих ёстой өөр хүмүүс байсан. “Та нар гэр гэртээ харьцгаа … ирэх маргаашийн төлөө оюун санаагаа бэлтгэ” гэж Тэр хэлэв. Гэвч хүмүүсийг тэнд суугаад, “нулимс унагаж буйг … өөрийг нь тэдэнтэй хамт дахин хэсэгхэн зуур ч гэсэн үлдэхийг гуйх мэт түүний зүг тэд ширтэн харж байхыг” харав. Тэд хэлээгүй ч хэрэгцээг нь ойлгож, “өрөвдөх сэтгэлээр дүүрсэн” Есүс тэнд дахин хэсэг зуур үлдэв (3 Нифай 17:3, 5–6). Тэр тэдний дундах өвдсөн, зовсон хүмүүсийг адисалсан. Тэрээр өвдөг сөхрөн суугаад, тэдэнтэй хамт залбирчээ. Тэрээр тэдэнтэй хамт уйлж мөн хамт баяссан.

Та 3 Нифай 17 дээрх Аврагчийн үг, үйлдлийг залбиран байж судлах талаар бодож үз. Түүний заасан хүмүүстээ үзүүлсэн хайрын тухай тунгаан бод. Тэр хайраа хэрхэн илэрхийлж байсныг судруудын өөр өөр хэсгээс хай. Дараа нь заадаг хүмүүсийнхээ тухай бод. Та тэдэнд хайраа хэрхэн зөв илэрхийлдэг вэ? Сүнсний удирдамжид өөрийгөө даатга. Хэрэв танд зааж байгаа хүмүүсээ хайрлаж, хайраа илэрхийлэхэд хэцүү байвал Бурханы хайрыг гэрчлэхээс эхэл. Тэгээд “та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр цутгасан [Христийн цэвэр хайраар] дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” (Moронай 7:48). Хичээл заах тухай бодол тань таныг үг, үйлдлээрээ хайраа илэрхийлэхэд хэзээ ч саад болох ёсгүй гэдгийг сана. Ихэнхдээ хүмүүст хэрхэн хандах нь тэдэнд заахтай адил чухал зүйл юм.

Тунгаах бодох асуултууд: Аврагчийн таныг гэсэн хайрыг мэдэхэд Тэр хэрхэн тусалсан бэ? Эцэг эх эсвэл бусад багш танд Түүний хайрыг мэдрэхэд хэрхэн тусалсан бэ? Таныг өөрсдийг нь хайрладаг гэдгийг зааж байгаа хүмүүс тань мэддэг үү? Аврагч тэднийг хайрладаг гэдгийг тэд мэддэг үү?

Судрууд: Марк 6:31–42; Иохан 13:3–16, 34–35; 15:12–13; 1 Коринт; 1 Иохан 4:7–11

Суралцаж байгаа зүйлсээ хэрэгжүүлэх зарим арга зам

  • Хэрэв та хичээл зааж байгаа бол суралцагчдын нэрсийг мэдэж аван, заах үедээ ашигла.

  • Суралцагчдыг хичээлд хувь нэмрээ оруулах үед талархлаа илэрхийл.

  • Хичээлийн өмнө болон дараа суралцагчидтай харилц.

  • Суралцагчдад бие биеэ хайрлах, хүндэтгэх уур амьсгал төрүүлэхэд тусал.

  • Хичээл зааж байхдаа ч бусад үед ч анхааралтай сонс.

  • Зааж байгаа хүмүүстээ үйлчил.

  • Зааж байгаа хүмүүст тань ач холбогдолтой зарчмуудад илүү их цаг зарцуулахын тулд заах төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн бай.