Номлолын дуудлагууд
1-р хичээл: Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн захиас


“1-р хичээл: Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн захиас,” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 31–46

“1-р хичээл,” Миний сайн мэдээг номло, 31–46

1-р хичээл

Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн захиас

Зураг
Ариун ойн цоорхой

© 1991 Greg K. Olsen. Хуулбарлахыг хориглоно.

Таны зорилго

Зааж байхдаа та баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлдэхэд нь хүмүүст тусал. Сургаал ба Гэрээ 20:37-д заасан баптисмд тавигддаг шаардлагууд болон холбогдох баптисмын ярилцлагын асуултуудын талаар бодож үз. Тухайн хүний хэрэгцээ, сонирхол, нөхцөл байдалд тулгуурлан юу зааж, ямар урилга өгөхөө залбирч, шийд. Зааж байгаа хүмүүсийнхээ тавих асуултууд болон ойлгох түвшнийг бодолц.

Баптисмын ярилцлагын асуултууд

  • Та Бурхан бол бидний Мөнхийн Эцэг гэдэгт итгэдэг үү?

  • Та Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдэгт итгэдэг үү?

  • Сүм болон Есүс Христийн сайн мэдээ бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн гэдэгт та итгэдэг үү?

  • Та [одоогийн Сүмийн ерөнхийлөгч] бол Бурханы бошиглогч гэж итгэдэг үү? Энэ нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

Урилга

  • Та Мормоны Номыг уншин, энэ нь Түүний үг гэдгийг мэдэхийн тулд Бурханд залбирч асуух уу?

  • Иосеф Смит бошиглогч байсныг мэдэхийн тулд та Бурханд хандан залбирч асуух уу?

  • Энэ ням гарагт та бидэнтэй хамт сүмд очих уу?

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

  • 4-р хичээлээс таны оруулахаар сонгосон зарлигууд.

Бурхан бол биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг мөн

Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг. Бид бол Түүний хүүхдүүд. Тэрээр алдар суут, төгс төгөлдөр мах, ясан биетэй. Тэр биднийг хайрладаг. Тэр бидний зовлон зүдгүүрийг ойлгож, мэдэрдэг бөгөөд өсөж хөгжихөд маань баярладаг. Тэр бидэнтэй харилцахыг хүсдэг бөгөөд бид чин сэтгэлийн залбирлаар дамжуулан Түүнтэй харилцаж чадна.

Тэр бидэнд суралцах, өсөж хөгжих боломж олгохоор дэлхий дээрх энэхүү туршлагыг өгсөн юм. Бид өөрсдийн сонголтод болон Түүний зарлигуудад дуулгавартай байснаар Түүнийг хайрладгаа харуулж чадна.

Тэнгэрлэг Эцэг өөрийн хүүхдүүдэд буюу бидэнд энэ амьдралд амжилттай байж, Түүний оршихуйд эргэн очиж амьдрах арга замыг өгсөн билээ. Гэвч үүний тулд бид дуулгавартай байдлаар дамжуулан цэвэр, ариун байх ёстой. Дуулгаваргүй байдал биднийг Түүнээс холдуулдаг. Бидний Эцэгийн төлөвлөгөөний төвд Есүс Христийн Цагаатгал байдаг. Есүс Христийн Цагаатгалд Гетсеманийн цэцэрлэг дэх Түүний зовлон шаналал мөн загалмай дээрх Түүний зовлон, үхэл багтдаг. Христийн Цагаатгалаар дамжуулан бид өөрсдийн нүглийн ачаа дарамтаас чөлөөлөгдөж, зовлон бэрхшээлтэйгээ нүүр тулах итгэл, хүч чадлаа хөгжүүлдэг.

Бурханы талаарх итгэл

Зааж байгаа хүн бүр тань Бурханы талаарх Христийн шашинтны итгэл үнэмшлийн талаар ямар ойлголттой байгааг тодорхойл. өнөө үед дэлхий дээрх олон хүн нэг бол Бурханы тухай ямар ч ойлголтгүй эсвэл Бурханы тухай маш өөр ойлголттой байдаг.

Мормоны Номын хоёр номлогч Аммон, Аарон нар Христийн шашны талаар ямар ч мэдлэггүй хүмүүст заасан. Тэд энгийн үнэнүүдийг зааж, хүмүүсийг залбирахад урьсан юм. Лемонай болон түүний аав хөрвөгддөг. Алма 18:24–40 болон 22:4–23-ыг уншаад, доорх асуултуудад хариулна уу.

  • Эдгээр номлогч Бурханы мөн чанарын тухай юу заасан бэ?

  • Та тэдний үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

Судраас суралцах

Бурхан Эцэг, Есүс Христ хоёрын мөн чанар юу вэ?

Сайн мэдээ хувь хүн, гэр бүлүүдийг адисалдаг

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ хувь хүн, гэр бүлүүдийг адисалдаг. Энэ нь эхнэр нөхөр, эцэг эх, үр хүүхдүүдийг гэр бүл дотроо илүү бат бөх харилцаа холбоо тогтоож, сүнслэг хүч чадлыг хөгжүүлэхээр хичээхэд тусалдаг. Эдгээр адислалаас энэ амьдралд төдийгүй мөнхөд хүртэх боломжтой. Өнөө үеийн асуудал, саад бэрхшээлийг шийдвэрлэхэд Есүс Христийн сайн мэдээ тусалдаг.

Бүх хүн Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг бөгөөд гэр бүлүүд одоо болон үүрд мөнхөд холбоотой байх боломжтой гэдэг нь Есүс Христийн сайн мэдээний захиас юм. Гэр бүлүүд Бурханаас томилогддог учраас энэ амьдралд болон мөнхөд нийгмийн хамгийн чухал нэгж байдаг. Бурхан өөрийн хүүхдүүдэд аз жаргал авчрахын тулд хайр халамжаар дүүрэн орчинд зөв зарчмуудыг сурах боломж олгон, мөнх амьдралд бэлтгэх зорилгоор гэр бүлүүдийг бий болгосон. Гэр орон бол Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг заах, суралцах, амьдралд хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар юм. Сайн мэдээний зарчмууд дээр үндэслэсэн гэр орон хоргодох, аюулгүй байх газар байх болно. Энэ бол Их Эзэний Сүнс оршиж чадах, гэр бүлийн гишүүдийг амар амгалан, баяр баясгалан, аз жаргалаар адислах газар байх болно. Бурхан үе үеийн, түүний дотор манай өнөө үеийн бошиглогчдоор дамжуулан хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан, өөрийн аз жаргалын төлөвлөгөөг илчилсээр ирсэн билээ.

Тэнгэрлэг Эцэг өөрийн сайн мэдээг эрин үе болгонд илчилдэг

Бурхан хүүхдүүдийнх нь авралын төлөө Өөрийнх нь нэрээр үйлдэх санваарын хүч, эрх мэдэл олгогдсон бошиглогчдыг дуудсанаар биднийг гэх хайраа нэгэн чухал арга замаар харуулдаг. Бошиглогчид илчлэлтээр дамжуулан Есүс Христийн сайн мэдээний талаар суралцдаг. Тэд эргээд бусад хүнд сайн мэдээг зааж, Есүс Христийг Аврагч, Гэтэлгэгчийнх нь хувьд гэрчилдэг. Бошиглогчдын сургаалууд судар хэмээн нэрлэгддэг ариун номд байдаг.

Энэ амьдралд амжилттай байж, Өөртэй нь хамт амьдрахын тулд эргэн очуулахаар Тэнгэрлэг Эцэгийн маань бидэнд зориулан өгсөн төлөвлөгөөг Есүс Христийн сайн мэдээ хэмээн нэрлэдэг ба уг төлөвлөгөөний төвд Есүсийн Цагаатгал байдаг. Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилж, нүглээсээ ангижрахын тулд усанд умбуулалтаар баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих юм бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралыг хүлээн авч чадна. “Зам нь энэ; мөн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй. Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь Христийн сургаал болой” (2 Нифай 31:21). Бүх хүнд сонгох эрхийн бэлэг байдаг ба үүнд бошиглогч, төлөөлөгчдийн заадаг сайн мэдээг хүлээн авах эсвэл эсэргүүцэх эрх чөлөө багтдаг. Дуулгавартай дагахыг сонгодог хүмүүс адислагддаг, харин сайн мэдээг үл тоомсорлон, татгалзаж эсвэл мушгин гуйвуулдаг хүмүүс Бурханы амласан адислалуудыг хүлээн авдаггүй.

Хүмүүс сайн мэдээний аливаа зарчим эсвэл ёслолыг үл тоомсорлон, дуулгавартай дагахгүй эсвэл мушгин гуйвуулах сонголт хийж мөн Их Эзэний бошиглогчдыг эсэргүүцэн, итгэлд тэвчээртэй байж чадаагүй үедээ өөрсдийгөө Бурханаас холдуулж, сүнслэг харанхуйд амьдарч эхэлдэг. Энэ нь эцэстээ урвалт гэж нэрлэгддэг нөхцөл байдал руу хөтөлдөг. Урвалт өргөн цар хүрээнд болох үед сайн мэдээний ёслолуудыг заах болон гүйцэтгэх өөрийн санваарын эрх мэдлийг Бурхан буцаан татдаг.

Зураг
Ноа номлож байгаа нь

Бурхан бошиглогчидтой ярилцсан олон тохиолдлыг Библийн түүхэнд цэдэглэсэн байдаг бөгөөд энд мөн урвалтын олон тохиолдлын тухай өгүүлсэн байдаг. Нийтийг хамарсан урвалт бүрийн төгсгөлд Бурхан өөр бошиглогчийг дуудаж, Есүс Христийн сайн мэдээг сэргээн, заахаар санваарын эрх мэдлийг түүнд олгон, хүүхдүүдээ хайрлах хайраа харуулсаар иржээ. Чухамдаа уг бошиглогч дэлхий дээрх Бурханы гэр бүлийнхнийг харж хандах даамлын хувиар үйлддэг. Бошиглогчдоор удирдуулсан ийм цаг хугацааг эрин үеүд гэж нэрлэдэг.

Бурхан Адамд Есүс Христийн сайн мэдээг илчилж, санваарын эрх мэдэл олгожээ. Адам дэлхий дээрх анхны бошиглогч байсан. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ болон Ариун Сүнстэй харилцах хүн төрөлхтний зохих ёсны харилцаа; Есүс Христийн Цагаатгал, Амилуулалтын тухай; тэрчлэн сайн мэдээний анхны зарчим, ёслолуудын тухай Адам илчлэлтээр мэдэж авчээ. Адам, Ева хоёр эдгээр үнэнийг хүүхдүүддээ зааж, итгэлээ хөгжүүлэн, амьдралынхаа бүхий л тал дээр сайн мэдээний дагуу амьдрахад урамшуулан дэмжиж байв. Адамын дараа өөр бошиглогчид байсан ч цаг хугацааны явцад Адамын үр удам сайн мэдээг эсэргүүцэн, шударга бус байхыг сонгож, урвалтад автсан билээ.

Тийнхүү Хуучин Гэрээнд цэдэглэгдсэн түүхийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг бошиглолын эрин үеүдийн загвар эхэлсэн юм. Тэнгэрлэг Эцэг Ноа, Абрахам, Мосе зэрэг бошиглогчидтой шууд харилцах замаар өөрийн сайн мэдээг илчилжээ. Бошиглогч бүр сайн мэдээний шинэ эрин үе бүрийг эхлүүлэхээр Бурханаар дуудагдсан юм. Бурхан эдгээр бошиглогч бүрд санваарын эрх мэдэл олгож, мөнхийн үнэнүүдийг илчилж байв. Харамсалтай нь, эрин үе болгонд хүмүүс өөрсдийн сонгох эрхийг ашиглан сайн мэдээнээс татгалзахыг сонгож, улмаар урвалтад орж байв.

Бошиглогчид

Заалгаж байгаа хүн тань бошиглогчдын тухай ямар ойлголттой байгааг тодорхойл. Ариун эсвэл сүнслэгээр өдөөгдсөн хүмүүс Бурханаас ямар нэгэн байдлаар удирдамж, заавар авдаг гэдэгт итгэдэг хүмүүс ихэнх соёл уламжлалд байдаг. Хэдий тийм ч сэргээгдсэн сайн мэдээнд тодорхойлсноор, сүнслэгээр өдөөгдсөн бүх хүн Бурханы бошиглогч биш юм. Шинэ эрин үеийг үндэслэн байгуулах нэг бошиглогчийг дуудсанаар Бурхан өөрийн хаант улсыг дэлхий дээр үндэслэн байгуулдгийг тодорхой тайлбарла. Тэрээр уг бошиглогчид санваарын эрх мэдэл олгодог. Үүний дараа уг бошиглогч Бурхантай харилцах тэдний харилцаа, түүний дотор Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан мөнх амьдралыг хэрхэн хүлээн авахыг ойлгоход хүмүүст тусалдаг.

Христийн шашны түүх соёлын талаар мэдэхгүй, ойлголтгүй хүмүүст заахад сайн мэдээний эрин үеүд ямар хамаатай юм бол гэж та гайхаж байж магад. Гэвч сайн мэдээний эрин үеүдийн түүхийг товчхон өгүүлснээр, Бурхан өөрийн хүүхдүүдийг хайрладаг бөгөөд өчигдөр ч, өнөөдөр ч мөн мөнхөд өөрчлөгддөггүй гэдгийг ойлгоход хүмүүст тусалж чадна.

Судраас суралцах

Бошиглогчид

Эрин үеүд

Аврагчийн дэлхий дээрх тохинуулал ба Цагаатгал

Есүс Христийг төрөхөөс хэдэн зуун жилийн өмнө хүмүүс дахин урвалтад унажээ. Гэвч Аврагч мөнх бус дэлхийд тохинуулж эхлэхдээ өөрийн Сүмийг дэлхий дээр дахин үндэслэн байгуулсан юм.

Бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгаж, үхлийг ялан дийлүүлэхийн тулд Тэнгэрлэг Эцэг өөрийн Хүүг дэлхий рүү илгээжээ. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн … Харин Түүгээр дамжуулан ертөнцийг авра[х] ажгуу” (Иохан 3:16–17). Тэнгэрлэг Эцэг өөрийн Хүү, Есүс Христийг энэ дэлхий дээр амьдрах бүх хүний өмнөөс шаналан зовж, нүглийг нь Өөр дээрээ авч, биеийн үхлийг ялан дийлүүлэхээр илгээсэн юм. Аврагчид итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчсэн тохиолдолд бид нүглээсээ өршөөгдөж, Бурханы оршихуй дахь мөнх амьдрал руу хөтлөх замд орж, дагах боломж олгох хязгааргүй цагаатгагч золиосыг Аврагч гаргасан билээ (2 Нифай 31:13–21-ийг үзнэ үү).

Зураг
Христ Арван хоёр төлөөлөгчийг томилж байгаа нь

Аврагч дэлхий дээрх тохинууллынхаа үеэр сайн мэдээгээ зааж, олон гайхамшгийг үйлджээ. Тэрээр арван хоёр эрийг өөрийн төлөөлөгчөөр дуудаж, толгой дээр нь гараа тавин, санваарын эрх мэдлийг олгосон. Тэрээр өөрийн Сүмийг зохион байгуулж, бошиглолыг гүйцэлдүүлсэн ба гадуурхагдаж, улмаар цовдлогдсон юм. Хамгийн чухал нь, Тэрээр Цагаатгалыг гүйцэлдүүлжээ. Бурханы Хүү, Их Эзэн Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийнхээ хийлгүүлэхээр илгээсэн бүхнийг гүйцэлдүүлсэн юм.

Аврагч нас барж, амилахаасаа өмнө сайн мэдээг нь заах, авралын ёслолуудыг гүйцэтгэх, Сүмийг нь дэлхийд байгуулах эрх мэдлийг төлөөлөгчдөдөө өгчээ.

Судраас суралцах

Их урвалт

Есүс Христийг нас барсны дараа ёс бус хүмүүс төлөөлөгчид болон Сүмийн гишүүдийг хавчиж, тэднээс олныг нь алжээ. Төлөөлөгчдийг нас барахад санваарын түлхүүрүүд болон тэргүүлэх санваарын эрх мэдэл дэлхийгээс авагдсан юм. Төлөөлөгчид сайн мэдээний сургаалыг цэврээр нь хадгалж, дэг жаяг болон Сүмийн гишүүдийн зохистой байдлын жишгийг баримталж байсан. Төлөөлөгчидгүйгээр цаг хугацаа өнгөрөх тусам сургаалууд гажуудаж, Сүмийн зохион байгуулалт, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүртээх зэрэг санваарын ёслолуудад зөвшөөрөгдөөгүй өөрчлөлт оржээ.

Илчлэл болон санваарын эрх мэдэлгүйгээр хүмүүс судрууд болон Есүс Христийн сайн мэдээний зарчим, ёслолуудыг тайлбарлахдаа хүмүүний мэргэн ухаанд найдаж байв. Худал хуурмаг санааг үнэн мэтээр зааж байлаа. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ, түүнчлэн Ариун Сүнсний үнэн мөн чанар, шинж байдлын тухай мэдлэгийн ихэнх нь алга болсон байв. Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, тэрчлэн Ариун Сүнсний бэлгийн тухай сургаалын чухал хэсгүүд мушгин гуйвуулагдаж, мартагджээ. Христийн төлөөлөгчдөдөө өгсөн санваарын эрх мэдэл дэлхий дээр байхаа больсон байв. Энэхүү урвалт олон янзын сүм үүсэхэд хүргэсэн юм.

Сүнслэг харанхуйд олон зуун жил байсны дараа, үнэнийг эрэлхийлэгч эрэгтэй, эмэгтэй хүмүүс тухайн үеийн шашны зан үйлийн эсрэг тэмцжээ. Тэд сайн мэдээний олон сургаал, ёслолыг өөрчилснийг эсвээс тэдгээр нь алдагдсаныг олж мэдсэн. Тэд илүү агуу сүнслэг гэрлийг эрж хайж байсан ба олон хүн үнэнийг сэргээх шаардлагын тухай ярьж байлаа. Гэвч өөрийг нь бошиглогч болгохоор Бурхан дуудлаа гэж тэдний хэн нь ч хэлээгүй юм. Үүний оронд, тэд өөрчилсөн, мушгин гуйвуулсан хэмээн итгэж байсан сургаал, зан үйлүүдийг шинэчлэн өөрчлөх гэж хичээж байв. Тэдний хүчин чармайлтын үндсэн дээр Протестант урсгалын олон сүм зохион байгуулагдсан юм. Энэхүү шинэчлэл нь эцэстээ Сэргээлтэд хүрэх замыг нээсэн шашны эрх чөлөөнд анхаарлаа илүү онцгойлон хандуулахад нөлөөлсөн байна.

Нийтийг хамарсан энэ урвалтын тухай Аврагчийн төлөөлөгчид зөгнөн хэлсэн байдаг. Тэд мөн Есүс Христийн сайн мэдээг болон Түүний Сүм дэлхий дээр дахин сэргээгдэх болно гэдгийг зөгнөн хэлсэн билээ.

Судраас суралцах

Их урвалт

Заах үедээ Есүс Христийг болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа нийтийг хамарсан урвалт болсныг хүмүүст ойлгуулан тусал. Хэрэв урвалт болоогүй байсан бол, Сэргээлт тохиох шаардлагагүй байх байсан. Хар хамба хилэн материал дээр алмаз эрдэнэ илүү гялалзан харагддаг шиг, Сэргээлт нь Их урвалтын хар бараан цаг үетэй харьцуулахад эрс ялгаран харагддаг. Сүнсээр удирдуулснаар хүмүүсийн хэрэгцээ, нөхцөл байдалд тааруулан Их урвалтын тухай мэдээллийг тэдэнд заа. Таны зорилго бол Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт тохиох шаардлагатай байсныг ойлгоход тэдэнд туслах явдал мөн.

Гол санаанууд

  • Есүс Христийн Сүм төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр байгуулагдсан (Ефес 2:19–20; 4:11–14-ийг үзнэ үү). Эдгээр удирдагчид бурханлаг санваарын эрх мэдэл байдаг. Илчлэлтээр дамжуулан тэд Сүмийн ажил хэргийг удирдан явуулдаг. Тэд сургаалын цэвэр ариун байдлыг хадгалж, ёслолуудыг гүйцэтгэх зөвшөөрөл өгч, бусдыг дуудаж, санваарын эрх мэдэл олгодог.

  • Хүмүүс Есүс Христийг болон төлөөлөгчдийг эсэргүүцэж, улмаар амийг нь хөнөөв (Матай 24:9; 1 Нифай 11:32–34; 2 Нифай 27:5-ыг үзнэ үү). Төлөөлөгчдийг нас барахад санваарын тэргүүлэх эрх мэдэл Сүмд байхаа больсон юм. Үүний улмаас, Ариун Сүнсийг хүртээх эсвэл авралын бусад ёслолыг гүйцэтгэх эрх мэдэл үгүй болжээ. Илчлэлтүүд зогсож, сургаал мушгин гуйвуулагджээ.

  • Төлөөлөгчдийг нас барахаас ч өмнө, сургаалын талаар олон зөрчил гарч байв. Эхлээд Христэд итгэгчдийг мөшгөн хавчиж байсан Ромын Эзэнт гүрэн хожим нь Христийн шашныг хүлээн авсан байна. Шашны чухал асуудлуудыг зөвлөлийн хурлаар шийддэг байв. Аврагчийн заасан энгийн сургаал, ёслолуудыг авч хэлэлцэн, дэлхийнхний үзэл бодолд нийцүүлэн өөрчилсөн юм (Исаиа 24:5-ыг үзнэ үү). Тэд энгийн бөгөөд үнэт сургаалуудыг судруудаас хасаж, өөрчилжээ (1 Нифай 13:26–40-ийг үзнэ үү). Худал хуурмаг, өөрчлөгдсөн сургаал дээр суурилсан итгэл үнэмшил буюу итгэлийн талаарх мэдэгдлийг тэд гаргав (Иосеф Смит—Түүх 1:19-ийг үзнэ үү). Бардамнасны улмаас зарим хүн нөлөө бүхий албан тушаалд санаархах болжээ (3 Иохан 1:9–10-ыг үзнэ үү). Хүмүүс эдгээр хуурмаг үзэл санааг хүлээн авч, бурханлаг үнэний оронд хүмүүсийн таалалд нийцсэн сургаалуудыг заадаг хуурамч багш нарт хүндэтгэл үзүүлдэг болсон юм (2 Тимот 4:3–4-ийг үзнэ үү).

  • Түүхийн туршид олон хүн худал хуурмаг итгэл үнэмшил, сургаалуудад чин сэтгэлээсээ итгэсэн байна. Тэд өөрт байх гэрлийн дагуу шүтэн биширч, залбирлынхаа хариуг хүлээн авдаг байжээ. Гэсэн хэдий ч тэд “үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг” (Сургаал ба Гэрээ 123:12) байлаа.

  • Тиймээс шинэчлэл биш, харин сэргээлт шаардагдаж байв. Төлөөлөгч Петрээс хойш санваарын эрх мэдлийн шугам үргэлжлэлгүй, залгамж халаа тасарсан юм. Шинэчлэх гэдэг нь аль хэдийн оршиж байгаа зүйлийг өөрчлөх, сэргээх гэдэг нь ямар нэг зүйлийг анхны хэлбэрээр нь буцааж авчрахыг хэлдэг. Тийнхүү бурханлаг элч нараар дамжуулан санваарын эрх мэдлийг сэргээх нь Их урвалтыг даван гарах цорын ганц арга зам байлаа.

Иосеф Смитээр дамжин Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн нь

Нөхцөл байдал бүрдсэн үед Тэнгэрлэг Эцэг хайраар өөрийн хүүхдүүдэд дахин нэг удаа мутраа сунгасан юм. Тэрээр Иосеф Смит гэх нэгэн залууг бошиглогчоор дуудав. Түүгээр дамжуулан Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал дэлхий дээр сэргээгдсэн.

Иосеф Смит тухайн үед шашны эрх чөлөөг дээдэлдэг байсан цорын ганц орон болох Нэгдсэн Улсад амьдарч байлаа. Тухайн цаг үед Нэгдсэн Улсын зүүн хэсэгт шашны талаарх үзэл бодол тун их идэвхжиж байв. Түүний гэр бүлийн гишүүд гүн шүтлэг бишрэлтэй, үнэнийг байнга эрэлхийлдэг байлаа. Гэвч олон тохинуулагч өөрсдөд нь үнэн сайн мэдээ бий хэмээн зүтгэж байв. Иосеф “бүх бүлэглэлээс аль нь зөв болохыг мэдэхийг” (Иосеф Смит—Түүх 1:18) хүсэж байлаа. “Нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм” (Ефес 4:5) байдаг хэмээн Библид заадаг. Иосеф өөр өөр сүмд очиж үзсэн ч яг ямар сүмд нэгдэхээ мэдэхгүй будилсан хэвээр байлаа. Хожим нь тэрээр ийн бичжээ.

“Шашны янз бүрийн бүлгүүдийн дундах будилаан хийгээд сөргөлдөөн тийм их байсан нь… миний мэт залуу хүний хувьд хэнийх нь зөв, бас хэнийх нь буруу байсан тухайд ямар нэг тодорхой дүгнэлт хийх боломжгүй байв. … Үгийн болон санаа бодлын үймээн самуунтай энэхүү дайны дунд би: Яах билээ? Эдгээр бүх бүлэглэлүүдээс хэн нь зөв бол; эсвэл тэд бүгдээрээ буруу юу? Хэрэв тэднээс аль нэг нь зөв бол, аль нь бол, тэгвэл би үүнийг яаж мэдэх вэ? хэмээн өөрөөсөө олонтоо асуудаг байлаа.” (Иосеф Смит—Түүх 1:8, 10).

Иосеф янз бүрийн шашны дотроос үнэнийг эрж хайж байхдаа, удирдамж заавар авахаар Библид ханджээ. “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруутгалгүйгээр өгөгч Бурханаас гуйг; энэ нь түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) гэж тэр уншив. Энэ шүлгийг уншаад, Иосеф юу хийхээ Бурханаас асуухаар шийджээ. 1820 оны хавар тэр ойролцоох ойн цоорхойд очиж, өвдөг сөгдөн залбирав. Үүний дараа юу болж өнгөрсөн талаар түүний өөрийнх нь бичсэн эсвэл өөрийн удирдлаган доор бичээчдээрээ бичүүлж үлдээсэн дөрвөн өөр түүх бидэнд байдаг. Нэг түүхэн дээр тэр өөрт тохиолдсон зүйлийг ийн дүрсэлсэн байдаг.

“Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа. … Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:16–17).

Зураг
Анхны үзэгдэл

Энэ үзэгдэлд Бурхан Эцэг, Түүний хүү Есүс Христ хоёр Иосеф Смит дээр хүрч иржээ. Сүмүүдийн алинд нь ч элсэхгүй байхыг Аврагч Иосефт хэлэв, учир нь тэд “бүгдээрээ буруу байсан” бөгөөд “тэдний бүхий л итгэл үнэмшил жигшүүрт хэрэг байлаа.” Тэрээр “Тэд уруулаараа надтай ойр боловч, зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг, тэд хүмүүний зарлигуудыг сургаал болгон заадаг, тэд бурханлаг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг” (Иосеф Смит—Түүх 1:19) хэмээн хэлсэн юм . Хэдийгээр олон сайн хүн Христэд итгэж, Түүний сайн мэдээг ойлгож, заахыг хичээж байсан ч, тэдэнд үнэний бүрэн байдал ба баптисм хүртээж, авралын бусад ёслолыг гүйцэтгэх санваарын эрх мэдэл байсангүй. Өмнөх үе удмынх нь өвлүүлэн үлдээсэн зүйл дараагийн эрин үе бүрд нөлөөлж байсан тул тэд урвалтын байдал, түүний дотор сургаалуудад болон баптисм зэрэг ёслолуудад орсон өөрчлөлтийг залгамжлан авсан байна. Бурхан Адам, Ноа, Абрахам, Мосе болон бусад бошиглогчийг дуудсаны адил Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээний бүрэн байдлыг дэлхий дээр сэргээхийн тулд түүнийг бошиглогчоор дуудсан билээ.

Эцэг, Хүү хоёрыг хүрч ирсний дараа бусад тэнгэрлэг элчийг буюу тэнгэр элч нарыг Иосеф Смит болон түүний хамтран зүтгэгч Оливер Каудери руу илгээсэн юм. Баптисч Иохан хүрч ирэн, баптисм хүртээх ёслолыг гүйцэтгэх эрх мэдлийг багтаадаг Аароны санваарт Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг томилжээ. Петр, Иаков, Иохан (Христийн анхны гурван төлөөлөгч) нар хүрч ирэн, Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг Мелкизедек санваарт томилж, эрт дээр үед Христийн төлөөлөгчдөд өгсөн тэрхүү эрх мэдлийг сэргээсэн байна. Иосеф Смит санваарын энэхүү эрх мэдлээр Есүс Христийн Сүмийг дэлхий дээр дахин зохион байгуулах удирдамжийг хүлээн авчээ. Түүгээр дамжуулан Есүс Христ арван хоёр төлөөлөгчийг дуудсан билээ.

Библийн бошиглогчид бидний амьдарч байгаа цаг үеийг эцсийн өдрүүд, хожмын үе буюу цаг хугацааны бүрэн байдлын эрин үе хэмээн нэрлэдэг. Энэ бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн яг өмнөх цаг үе юм. Бидний үе бол эцсийн эрин үе мөн. Чухам ийм учраас Сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэдэг.

өнөөдөр амьд бошиглогч Сүмийг удирддаг. Энэ бошиглогч нь, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч бөгөөд эрх мэдэл бүхий Иосеф Смитийн залгамж халаа юм. Тэр болон одоогийн төлөөлөгчид Иосеф Смитээр дамжсан томилолтуудын тасраагүй гинжин хэлхээний эрх мэдлээрээ Есүс Христтэй холбогддог.

Иосеф Смит—Түүх 1:16–17-г цээжил.

Эцэг, Хүү хоёрыг харсан тухайгаа Иосеф Смит хэрхэн дүрслэн хэлснийг (Иосеф Смит—Түүх 1:16–17) цээжилж, хэлсэн үгийг нь ашиглан Анхны үзэгдлийн талаар дүрслэн ярихад үргэлж бэлэн бай. Энэ нь үнэн гэдгийг мэддэгээ чин сэтгэлээсээ гэрчил. Энэ нь үнэн гэдгийг та яаж мэдсэнээ тайлбарлахаас бүү зайлсхий. Мөн үүний адил үйлдэхийг хамтрагчаасаа хүс.

Гэрчлэлээ хуваалц

Номлогчийн үүргийн нэг чухал хэсэг бол Сүмийн одоогийн бошиглогч, ерөнхийлөгчийн тухай гэрчлэх явдал мөн.

Судраас суралцах

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ

Олон зууны туршид харанхуйд байсны дараа эргэлзээ, итгэлгүй байдал, буруу ташаа мэдээлэл үлдэнэ гэдгийг биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг мэдэж байсан тул Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулсан, Библитэй дүйцэхүйц эртний ариун судрын ботийг урагш авчирсан билээ. Ариун судрын энэхүү боть нь Иосеф Смит бол Бурханы үнэн бошиглогч мөн гэдгийн итгэл үнэмшилтэй нотолгоог агуулдаг. Энэхүү цэдэг бол “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” юм.

Моронай хэмээх нэртэй тэнгэрлэг элч олон зууны туршид алтан ялтаснуудыг нууж байсан нэгэн толгод руу Иосеф Смитийг удирджээ. Эдгээр алтан ялтсанд Америкийн эртний зарим оршин суугчтай Бурхан харилцаж байсан түүхийг өгүүлсэн бошиглогчдын бичээснүүд агуулагдаж байв. Иосеф Смит Бурханы хүчээр эдгээр ялтасны агуулгыг орчуулжээ. Мормоны Номын бошиглогчид Аврагчийн зорилгын тухай мэддэг байсан бөгөөд Түүний сайн мэдээг заадаг байсан. Христ амилсныхаа дараа тэр хүмүүст үзэгдсэн. Тэрээр өөрийн сайн мэдээг тэдэнд зааж, Сүмээ үндэслэн зохион байгуулсан. “Бурхан хүмүүнд бурханлагаар нөлөөлж, энэ эрин зуун хийгээд эрт дээр үеийн адил тэднийг өөрийн ариун ажилд дууддагийг” (Сургаал ба Гэрээ 20:11) Мормоны Ном нотолдог. Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхийн тулд хүн үүнийг уншиж, тунгаан бодож, үүний тухай залбирах ёстой. Үнэнийг чин шударгаар эрэлхийлэгч нь Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдгийг удалгүй мэдрэх болно.

Мормоны Номыг уншиж, тунгаан бодож мөн үүний тухай залбирах нь эргэлт буцалтгүй хөрвөгдөхөд нэн чухал. Анх удаа Мормоны Номыг уншиж эхэлж байгаа хүмүүс Иосеф Смит бол Бурханы үнэн бошиглогч бөгөөд үнэн Сүм дэлхий дээр сэргээгдсэнийг мэдэж авахын тулд чухал алхам хийдэг.

Сэргээлтийн үнэнийг батлахын тулд Мормоны Номыг ашигла

Мормоны Номыг танилцуулахдаа хэлж болох зүйлийн жишээ:

“Бурхан өөрийн хүүхдүүдэд хайртай. Тиймээс Тэрээр бидний ярьж байгаа зүйлийн үнэнийг батлах баттай арга замыг өгсөн. Энэ бол Мормоны Ном юм. Уг номын удиртгал хэсгийн сүүлчийн хоёр догол мөрийг та унших уу?”

Энэ хоёр догол мөр тус бүр дэх агуулгын утгыг анхааралтай тайлбарлаж, хичээл заалгаж байгаа хүмүүстээ Мормоны Номын хэсгээс уншиж өгөн, энэ хоёр догол мөрд дүрслэгдсэн зарчмуудыг хэрэгжүүлэхэд урь.

Мормоны Номыг хүнд танилцуулахдаа уг номын нэг хувийг үзүүлээд, агуулгынх нь талаар товч дурдаж, өөрийн хувьд утга учиртай эсвэл тухайн хүнд утга учиртай байж болох ганц хоёр захиасыг хуваалцах нь тустай.

Судраас суралцах

Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг мэдэхээр залбир

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн энэхүү захиас үнэн эсвэл худал билээ. Моронай 10:3–5-д амласнаар, энэ нь үнэн гэдгийг бид Ариун Сүнсний хүчээр мэдэж авч болно. Судруудаас (ялангуяа Мормоны Номыг) байнга суралцан, сүмд тогтмол явж, чин сэтгэлээсээ залбирах нь Ариун Сүнсний хүчийг мэдэрч, үнэнийг олж нээхэд бидэнд тусална. Мормоны Номын захиасыг уншиж, тунгаан бодсоны дараа үнэнийг мэдэхийг хүссэн хэн боловч энэ нь үнэн эсэхийг Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбиран асуух ёстой.

Бурхан бол бидний Эцэг, бид Түүний хүүхдүүд учраас Тэр үнэнийг ялган танихад маань туслах болно. Итгэлтэй, чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр, хүлээн авах хариултынхаа дагуу үйлдэнэ гэсэн шийдвэртэйгээр залбирах үед Бурхан бидний асуултад хариулж, амьдралыг маань удирдан залж, сайн шийдвэр гаргахад тусална.

Залбирахдаа бид Тэнгэрлэг Эцэгийн нэрийг дууддаг. Бид адислалуудынхаа төлөө Түүнд талархан, Мормоны Номын захиас үнэн эсэхийг мэдэхийн тулд асуудаг. Залбирахгүйгээр сүнслэг үнэнүүдийн талаар хэн ч мэдэх боломжгүй.

Бидний залбирлын хариуд Ариун Сүнс мэдрэмж, бодол санаагаар маань дамжуулан үнэнийг заах болно. Ариун Сүнснээс ирдэг мэдрэмжүүд хүчирхэг, гэхдээ бас уян зөөлөн, намуухан байдаг. Сурч байгаа зүйл маань үнэн гэдгийг мэдэрч эхэлснээр Сэргээлтийн тухай өөрийн боломжтой бүхнийг мэдэхийг бид хүсэх болно.

Мормоны Ном үнэн гэдгийг мэдэх нь Иосеф Смит бошиглогчоор дуудагдсан мөн Есүс Христийн сайн мэдээ түүгээр дамжин сэргээгдсэн тухай мэдлэгтэй болоход хөтөлдөг.

Залбирал

Залбирал олон шашин, соёлд чухал үүрэг гүйцэтгэдэг ч тэд Бурхан болон хүмүүний хоорондын хоёр талт харилцаа гэж үзэх нь ховор. Залбирахдаа зүрх сэтгэлээ уудлан ярьж болно гэдгийг ойлгоход нь хичээл заалгаж байгаа хүмүүстээ тусал. Хичээлийн эхэнд болон төгсгөлд залбирах арга замаар үүнийг харуул. Тэд залбирахдаа ашиглаж болох энгийн үг хэллэг ашиглан залбир. Тэнгэрлэг Эцэг маань ихэвчлэн зүрх сэтгэлийнх нь мэдрэмж, оюун санааных нь бодлоор дамжуулан асуултад нь хариулна гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Хэрэв тэд чин үнэнээсээ хандаж, Бурхан байдаг эсэхийг мэдэхийг үнэхээр хүсэх юм бол, Тэрбээр тэдэнд хариулах болно. Хичээлийн төгсгөлд залбирахаар өвдөг сөгдөх үед залбирал хэлэхийг өрхийн тэргүүнээс хүс.

Судраас суралцах

Баптисм хүртэх урилга

Сүнсний удирдамжийн дагуу энэ эсвэл аль нэг хичээлийн үеэр баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад нь хүмүүсийг урихаас бүү эргэлз.

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилгад хүмүүсийг бэлдэхийн тулд баптисмын сургаалыг зааж, бүх хүн эрх мэдлээр, нүглээс ангижрахын тул мөн Ариун Сүнсний гайхамшигт бэлгийг хүлээн авахын тул баптисм хүртэхийн ач холбогдлын талаар олонтоо гэрчлээрэй. “Их Эзэн таны залбиралд хариулж, энэхүү захиас үнэн гэдгийг мэдэрсэн үедээ та баптисм хүртэх замаар Есүс Христийн үлгэр жишээг дагах уу?” гэж асууж болно.

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга нь тодорхой, шулуун байх ёстой. Тухайлбал: “Бурханы санваарын эрх мэдлийг атгагч хүнээр та баптисм хүртэж, Есүс Христийн үлгэр жишээг дагах уу? Бид (огноо)-нд баптисмын ёслолын үйл ажиллагаа хийнэ. Та тэр өдөр баптисм хүртэхэд өөрийгөө бэлдэх үү?” .

Заах санаа

Энэ хичээл дэх мэдээллийг бэлтгэх болон заахад ашиглах, танд зориулагдсан санаанууд энэ хэсэгт орсон. Эдгээр санааг хэрхэн ашиглахаа шийдэхдээ Сүнсний удирдамж авахаар залбир. Та сонгосон санаануудаа хичээлийнхээ төлөвлөгөөнд нэм. Эдгээр санаа шаардлага биш, харин заадаг хүмүүсийн тань хэрэгцээнд нийцүүлэхэд туслах зөвлөмж гэдгийг сана.

Богино хэмжээний хичээлийн төлөвлөгөө (3–5 минут)

Олон зууны турш дэлхийгээс авагдсан байсны дараа Есүс Христийн сайн мэдээг амьд бошиглогчоор дамжуулан биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг дэлхий дээр сэргээсэн юм. Мормоны Ном бол үүний нотолгоо мөн. Та үүнийг гартаа барьж болно. Та үүнийг уншиж, уг номон дахь захиас амьдралыг тань хэрхэн дээшлүүлж чадах тухай тунгаан бодож, захиас нь Бурханы үг гэдгийг мэдэхийн тулд залбирч болно.

  • Бурхан бол бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг мөн

  • Сайн мэдээ хувь хүн, гэр бүлүүдийг адисалдаг

  • Тэнгэрлэг Эцэг өөрийн сайн мэдээг эрин үе болгонд илчилдэг

  • Аврагчийн дэлхий дээрх тохинуулал ба Цагаатгал

  • Их урвалт

  • Иосеф Смитээр дамжин Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн нь

  • Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ

  • Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг мэдэхээр залбир

Урилга

  • Та Мормоны Номыг уншин, энэ нь Түүний үг гэдгийг мэдэхийн тулд Бурханд залбирч асуух уу?

  • Иосеф Смит бошиглогч байсныг мэдэхийн тулд та Бурханд хандан залбирч асуух уу?

  • Энэ ням гарагт та бидэнтэй хамт сүмд очих уу?

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

  • 4-р хичээлээс оруулахаар сонгосон зарлигууд.

Дунд хэмжээний хичээлийн төлөвлөгөө (10–15 минут)

Бидний захиас гайхамшигтай хийгээд энгийн юм. Бурхан бол бидний Эцэг. Бид бол Түүний хүүхдүүд. Бид бол Түүний гэр бүлийн нэгэн хэсэг. Тэр биднийг хайрладаг. Дэлхий бүтээгдсэн цагаас эхлэн Тэр биднийг хайрлаж, халамжилдаг загварыг дагасан билээ. Хүүхдүүддээ хэрхэн Өөр дээр нь эргэж очихыг мэдүүлэхийн тулд Тэрээр Есүс Христийн сайн мэдээг илчлэхээр олон удаа хайрын үүднээс хандаж байсан. Тэрээр үүнийг Адам, Ноа, Абрахам, Мосе зэрэг бошиглогчид илчилсэн юм. Гэвч хүмүүс уг сайн мэдээг хүлээн авахгүй байх сонголтыг хийсээр байв. Хоёр мянган жилийн өмнө Есүс Христ өөрийн сайн мэдээг өөрөө зааж, Сүмээ үндэслэн байгуулж, Цагаатгалыг гүйцэлдүүлсэн билээ. Хачирхалтай нь, хүмүүс Есүсийг ч хүртэл хүлээн авсангүй. Хүмүүс үнэн сургаал, ёслолуудыг үл ойшоох эсвэл мушгин гуйвуулах үед Бурхан Сүмийг удирдах эрх мэдлээ эргүүлэн татаж авдаг.

Танд болон бүх хүнд хүргэх бидний урилга бол аль хэдийн нандигнан хайрладаг болсон үнэнүүд дээр нэмж өгөх явдал мөн. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Бурханы хүүхдүүдэд хайраар дахин гараа сунган, сайн мэдээний бүрэн байдлыг нэгэн бошиглогчид илчилсэн нотолгоог эргэцүүлэн бод. Энэ бошиглогчийн нэрийг Иосеф Смит гэдэг. Энэхүү алдар суут үнэний нотолгоо та нарын уншиж, тунгаан бодож, залбирч болох Мормоны Номд байдаг. Хэрэв та чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр мөн Христэд итгэлтэйгээр залбирах юм бол Бурхан танд энэ ном үнэн гэдгийг Ариун Сүнсний хүчээр хэлэх болно.

Урилга

  • Та Мормоны Номыг уншин, энэ нь Түүний үг гэдгийг мэдэхийн тулд Бурханд залбирч асуух уу?

  • Иосеф Смит бошиглогч байсныг мэдэхийн тулд та Бурханд хандан залбирч асуух уу?

  • Энэ ням гарагт та бидэнтэй хамт сүмд очих уу?

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

  • 4-р хичээлээс оруулахаар сонгосон зарлигууд.

Бүрэн хэмжээний хичээлийн төлөвлөгөө (30–45 минут)

  • Бурхан бол бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг мөн

    • Бид бол Бурханы хүүхдүүд (Үйлс 17:29-ийг үзнэ үү).

    • Бурхан бидэнд хайртай бөгөөд зөв сонголт хийхэд бидэнд туслах болно.

    • Есүс Христийн ачаар бид Бурхантай дахин хамт амьдарч чадна (Иохан 3:16–17-г үзнэ үү).

  • Сайн мэдээ хувь хүн, гэр бүлүүдийг адисалдаг

    • Есүс Христийн сайн мэдээ хувь хүмүүсийг адисалж, илүү бат бөх харилцааг хөгжүүлэхэд гэр бүлүүдэд тусалдаг.

    • Гэр бүлүүд Бурханаас томилогддог. Тэдгээр нь энэ амьдралд ч мөн үүрд мөнхөд ч нийгмийн хамгийн чухал нэгж билээ (Сургаал ба Гэрээ 49:15–16-г үзнэ үү).

    • Гэр бүл бол сайн мэдээний зарчмуудыг заах, суралцах, хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар мөн (Сургаал ба Гэрээ 68:25; Эхлэл 18:19; Дэд хууль 6:7-г үзнэ үү).

    • Гэр бүл нь аюулгүй, амар амгалан, баяр баясгалангийн газар байж чадна.

  • Тэнгэрлэг Эцэг өөрийн сайн мэдээг эрин үе болгонд илчилдэг

    • Бурхан өөрийн сайн мэдээг заахын тулд бошиглогчдыг дууддаг (Амос 3:7-г үзнэ үү).

    • Урвалт гэдэг нь бошиглогчдыг болон сайн мэдээг эсэргүүцэхийг хэлдэг.

    • Эрин үе гэдэг нь бошиглогчдын сайн мэдээг заадаг цаг үе юм. өмнөх эрин үеүд урвалтад орсноор төгсөж байжээ (Сургаал ба Гэрээ 136:36–38-ыг үзнэ үү).

    • Адам, Ноа, Абрахам, Мосе болон эртний бусад бошиглогч бүгд сайн мэдээг заадаг байсан (Мосе 5:4–12-ыг үзнэ үү).

  • Аврагчийн дэлхий дээрх тохинуулал ба Цагаатгал

    • Бурханы Хүү сайн мэдээг сэргээж мөн заав. Тэр олон гайхамшгийг үйлдэв (Судруудын удирдамж, “Гайхамшиг” гэдгийг үзнэ үү).

    • Тэрээр төлөөлөгчдийг дуудаж, сайн мэдээг номлож бас баптисм зэрэг аврах ёслолуудыг гүйцэтгэх санваарын эрх мэдлийг тэдэнд олгов (Иохан 15:16-г үзнэ үү).

    • Христ өөрийн Сүмийг үндэслэн байгуулав.

    • Христ цовдлуулж, Түүний төлөөлөгчид эсэргүүцэгдэж, алагдав (Матай 27:35; Марк 15:25-ыг үзнэ үү).

    • Христ Цагаатгалыг гүйцэлдүүлэв (Судруудын удирдамж, “Цагаатгах, Цагаатгал” гэдгийг үзнэ үү).

  • Их урвалт

    • Бошиглогчоор дамжин ирдэг илчлэлтгүйгээр хүмүүс сүнслэг харанхуйд унадаг (Амос 8:11–12-ыг үзнэ үү).

    • Бошиглогч, төлөөлөгчид Их урвалтыг зөгнөн хэлсэн (2 Тесалоник 2:1–3-ыг үзнэ үү).

  • Иосеф Смитээр дамжин Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн нь

    • Иосеф үнэнийг эрж хайв (Иосеф Смит—Түүх 1:8, 10-ыг үзнэ үү).

    • Бурхан, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэв (Иосеф Смит—Түүх 1:16–17-г үзнэ үү).

    • Эхний эрин үеүдийн бошиглогчдын нэгэн адил, Иосеф Смит энэ сүүлчийн эрин үеийн бошиглогчоор дуудагдсан.

    • Бурхан Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээний бүрэн байдлыг сэргээв (Сургаал ба Гэрээ 35:17; 135:3-ыг үзнэ үү).

    • Бусад тэнгэрлэг элч санваарыг сэргээсэн ба Христийн Сүм зохион байгуулагдав (Сургаал ба Гэрээ 13; 27:12-ыг үзнэ үү).

    • өнөөдөр амьд бошиглогч Сүмийг удирддаг.

  • Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ

    • Мормоны Ном бол Иосеф Смит бошиглогч байсны итгэл үнэмшилтэй нотолгоо мөн.

    • Иосеф ялтаснуудыг Бурханы хүчээр орчуулав (Мормоны Номын удиртгал, 5-р догол мөрийг үзнэ үү).

    • Эрин үе болгонд байсны адилаар Бурхан өнөө үед бошиглогчдыг сүнслэгээр өдөөдөг гэдгийг Мормоны Ном нотолдог (Сургаал ба Гэрээ 20:5–12-ыг үзнэ үү).

    • Мормоны Ном Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг (Сургаал ба Гэрээ 20:8–9-ийг үзнэ үү).

  • Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг мэдэхээр залбир

Урилга

  • Та Мормоны Номыг уншин, энэ нь Түүний үг гэдгийг мэдэхийн тулд Бурханд залбирч асуух уу?

  • Иосеф Смит бошиглогч байсныг мэдэхийн тулд та Бурханд хандан залбирч асуух уу?

  • Энэ ням гарагт та бидэнтэй хамт сүмд очих уу?

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

  • 4-р хичээлээс таны оруулахаар сонгосон зарлигууд.

Заасныхаа дараа асуух асуултууд

  • Бидний заасан зүйлийн талаар танд ямар ямар асуулт байна вэ?

  • Хэрэв өнөөдөр дэлхий дээр амьд бошиглогч байгаа бол та түүнээс юу гэж асуух вэ?

  • Бурхан таны залбирлыг сонсдог гэж та боддог уу? Яагаад?

  • Та Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхийг хүсэж байна уу? Яагаад?

Түлхүүр үгсийн тодорхойлолтууд

  • Сонгох эрх: Өөрсдөөр нь сонгож, үйлдүүлэхээр Бурханы хүмүүст өгсөн чадавх хийгээд давуу эрх.

  • Урвалт: Хувь хүн, Сүм эсвэл бүхэл бүтэн улс орон үнэнээс холдох. Үүнд эрх мэдлийн эсрэг босож, бошиглогчдыг эсэргүүцэх ордог. Жишээлбэл, Бурханы зарлигийг зөрчих, сайн мэдээний ёслолуудыг өөрчлөх, гэрээгээ зөрчих зэрэг нь урвалтад тооцогддог (Исаиа 24:5-ыг үзнэ үү).

  • Эрин үе: Ариун санваарын түлхүүрийг атгасан, Бурханы эрх бүхий, хамгийн багадаа нэг үйлчлэгч дэлхийд байх цаг хугацаа. Есүс Христээс гадна Адам, Енох, Ноа, Абрахам, Мосе, Иосеф Смит гэх мэт бошиглогчид сайн мэдээний шинэ эрин үеийг эхлүүлж байсан юм. Их Эзэн эрин үеийг зохион байгуулахад сайн мэдээ шинээр илчлэгддэг ба ингэснээр уг эрин үеийн хүмүүс өнгөрч улирсан эрин үеийн авралын төлөвлөгөөний мэдлэгт тулгуурлах хэрэггүй болдог. Иосеф Смитийн эхлүүлсэн эрин үеийг “цаг хугацааны бүрэн байдлын эрин үе” хэмээн нэрлэдэг.

  • Санваар: Хүн төрөлхтний авралын төлөөх бүх зүйлд Есүс Христийн нэрээр үйлдэх, Бурханаас хүмүүнд олгодог эрх мэдэл ба хүч.

  • Бошиглогч: Бурханаар дуудагдаж, Түүний өмнөөс ярьдаг хүн. Бошиглогч нь Бурханы элчийн хувьд Бурханаас санваарын эрх мэдэл, зарлиг, бошиглол, илчлэлтүүдийг хүлээн авдаг. Түүний үүрэг хариуцлага бол Бурханы таалал, үнэн мөн чанарыг хүн төрөлхтөнд мэдүүлж, Бурханы тэдэнтэй харилцах харилцааны утга учрыг харуулах явдал мөн. Бошиглогч нүглийг буруушаан зэмлэж, үр дагаврыг нь урьдчилан хэлдэг. Бошиглогч бол зөв шударга ёсны номлогч мөн. Зарим тохиолдолд бошиглогчид сүнслэгээр өдөөгдөн, хүн төрөлхтний ашиг тусын тулд ирээдүйг зөгнөн хэлж болно. Гэвч түүний үндсэн үүрэг бол Христийн тухай гэрчлэх явдал юм.

  • Гэтэлгэгч: Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан бүх хүн төрөлхтний нүглийн төлөөсийг төлж, бүх хүний Амилуулалтыг боломжтой болгосон тул Тэрээр хүн төрөлхтний агуу Гэтэлгэгч юм. Гэтэлгэх гэдэг нь мөнгө төлж боолчлолоос суллах гэх мэт барьцаанаас чөлөөлөх, худалдан авах эсвэл ангижруулах гэсэн үг. Гэтэлгэл гэдэг нь Есүс Христийн Цагаатгалыг мөн нүглээс ангижрахыг хэлж байгаа юм. Есүс Христийн Цагаатгал бүх хүн төрөлхтнийг биеийн үхлээс гэтэлгэсэн. Аврагчийн Цагаатгалд Гетсемани болон загалмай дээрх Түүний зовлон, мөн Түүний Амилалт багтдаг. Үүгээр дамжуулан Түүнд итгэлтэй, наманчилдаг хүмүүс сүнслэг үхлээс гэтэлгэгддэг.

  • Шинэчлэгч: Шинэчлэх гэдэг нь ямар нэгэн зүйлийг сайжруулахын тулд өөрчлөхийг хэлнэ. Шинэчлэгчид гэсэн нэр томьёо нь тухайн үед оршиж байсан сүмийг шинэчлэх хэрэгтэй хэмээн үзсэн, сүмийн дадлыг эсэргүүцэн боссон (Мартин Лютер, Виллиам Тиндэйл, Жон Виклифф гэх мэт) эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэлнэ.

  • Сэргээлт: Сэргээх гэдэг нь өмнөх байдалд нь оруулах эсвэл эргүүлэн авчрах гэсэн утгатай. Сэргээлт нь хожмын үеийн гэгээнтнүүдийн ашигладгаар бол урвалтын үеэр алдсан Есүс Христийн үнэн Сүмийг, Есүс Христийн зохион байгуулж байсан хэлбэрээр нь эргүүлэн авчирсан гэсэн утгатай. Шинэчлэлтээс ялгаатай нь, Сэргээлт илчлэлтээр дамжуулан бурханлаг эрх мэдлээр хийгддэг.

  • Илчлэл: Бурханы дэлхий дээрх хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа. Илчлэл нь Христийн Гэрэл болон Ариун Сүнсээр дамжин, сүнслэг өдөөлт, үзэгдэл, зүүд, тэнгэр элч нарын айлчлал гэх мэт хэлбэрээр ирж болно. Илчлэлтээр итгэлтэй хүмүүсийг селестиел хаант улсад, мөнхийн авралд аваачих удирдамж заавар өгөгддөг. Их Эзэн Өөрийн ажлыг бошиглогчдодоо илчилж, бошиглогчдод өгсөн илчлэлт үнэн гэдгийг итгэгчдэд баталдаг (Амос 3:7-г үзнэ үү). Их Эзэн илчлэлтээр дамжуулан, үүнийг эрэлхийлсэн, итгэлтэй, наманчилдаг, Есүс Христийн сайн мэдээнд дуулгавартай хүн бүрд хувийн удирдамж заавар өгдөг.

Зааж байгаа хүмүүстээ тайлбарлах хэрэгтэй байж болох өөр нэр томьёонууд

  • Төлөөлөгч

  • Есүс Христийн Цагаатгал

  • Библи

  • Эцсээ хүртэл тэвчих

  • Ариун Сүнсний бэлэг

  • Сайн мэдээ

  • Зарлигуудад дуулгавартай мөн дуулгаваргүй байх

  • Авралын ёслолууд

  • Залбирал

  • Наманчлал

  • Амилалт

  • Түүний дэргэд амьдрахаар эргэж очих

  • Аврал

  • Аврагч

  • Судрууд

  • Нүгэл

  • Даамлын ажил үүрэг

Шинэчлэгчид болон дэлхийн шашны удирдагчдын жишээ

Дараах нь зөвхөн шаардлагатай үед ашиглах суурь мэдээлэл юм.

Жон Виклифф:

14-р зуунд Англид төржээ. Оксфордын Их Сургуулийн шашин судлаач эрдэмтэн. Католик сүм санваарын түлхүүргүй, Ариун Юкарист (эсвэл ариун ёслол) нь Христийн жинхэнэ бие биш бөгөөд сүм хүмүүсийг удирдах улс төрийн эрхтэй байх ёсгүйг заасан. Библийг англи хэлнээ орчуулжээ. 1384 оны 12-р сарын 31-нд нас барсан.

Мартин Лютер:

1483 оны 11-р сарын 10-нд Германд төржээ. Эрфуртын болон Виттенбергийн Их Сургуульд сурч байв. Ромын Католик сүмээс тухайн үед заадаг байсан олон сургаалыг, түүний дотор нүглийнхээ өршөөлийн төлөө хүмүүсээр мөнгө төлүүлдэг зан үйлийг эсэргүүцсэн 95 мэдэгдлийг Кастл сүмийн хаалган дээр хаджээ. Тэр лютеранизмын үндэслэн байгуулагч байсан. 1546 оны 2-р сарын 18-нд нас барсан.

Виллиам Тиндэйл:

1494 онд Английн Глоусестершир гүнлэгт төржээ. Оксфорд, Кембриджид сурч байв. Шинэ Гэрээг англи хэлнээ орчуулжээ. Шашны удирдагчдын хуурмаг сургаал ба ялзралыг жирийн хүмүүст илчлэхийн тулд судруудыг хүртээмжтэй болгосон. Тэрээр 1536 оны 10-р сарын 6-нд цаазлуулсан.

Жон Нокс:

1513 оны орчимд төржээ. Шотландын тохинуулагч, шашин судлаач, зохиолч бөгөөд улсынхаа шинэчлэлтийн удирдагч байсан. Шотландын Пресбетериан сүмийн үндсэн байгуулагч гэдгээрээ олонд танигдсан. 1572 оны 11-р сарын 24-нд нас барсан.

Шинэчлэгчдийн эр зориг, алсын хараа Барууны Христийн шашинтнуудын ертөнцийг адисалсны адил бусад олон үндэстэн хийгээд соёл иргэншлийг “[Бурханы] болно хэмээн үзсэн” (Алма 29:8) гэрэл ба үнэн өгөгдсөн хүмүүсийг адисалсан юм. Бусад дэлхийн шашны удирдагчдын сургаалууд олон хүнийг илүү соёлтой, ёс зүйтэй болоход тусалсан.

Будда (Готама):

МЭӨ 563 онд Непалд Хинди омгийн удирдагчийнд төржээ. Тэр эргэн тойрон дахь зовлон шаналлыг хараад санаа нь зовдог байв. Эцгийнхээ тансаг ордноос зугтаж, дэлхийг шүүмжлэн, ядуу зүдүү байдалд амьдарч байсан. Тэрээр гэгээрлийг эрэлхийлэн, зовлонт, утга учиргүй амьдралын эргэлтээс салах буюу өөрийн нэрлэснээр “чөлөөлөгдөх зам” ба Нирвааныг нээжээ. Тэр лам нарын нийгэмд багш нь болсон юм.

Күнз:

МЭө 551 онд төржээ. Бага насандаа өнчирсөн. Хятадын анхны мэргэжлийн багш, ёс суртахууны болон нийгмийн агуу их сэтгэгч. Найрсаг сэтгэл, сайн сайхан, үнэн зөв байж; өвөг дээдэс, гэр бүлээ хүндлэх үзлийг манлайлж байсан.

Мухамед:

МЭ 570 онд Меккад төржээ. Бага насандаа өнчирсөн. 25 насандаа гэрлэсэн. 610 онд Хира уулан дээр залбирч, бясалгал хийсэн байна. 610 оноос 632 онд нас барах хүртэл нь тэнгэр элч Габриел түүн дээр ирж, Аллахын (Бурханы) үгийг дамжуулдаг байсан гэж хэлсэн. Шавь нартаа хэлж өгдөг байсан тэрхүү Бурханы үгийг хожим нь Исламын шашны ариун ном болох Коранд бичжээ. Мусульман шашны ерөнхий зан үйлд итгэх, залбирах, ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүст өглөг өгөх, мацаг барих, ариун мөргөл хийх зэрэг нь ордог.

Мосе Бен Маймонид (Рамбам)

1135 эсвэл 1138 оны Дээгүүр өнгөрөх баяраар төрсөн ба еврей рабби, эмч, философич байсан. Маймонид нь Дундад зууны хамгийн алдартай, нөлөө бүхий тора эрдэмтдийн нэг байв. Тэрээр Гэгээн Томас Аквинас зэрэг хамгийн нөлөө бүхий Христэд итгэгч зарим зохиолчид нөлөөлж байснаараа алдартай. Тэрээр 1204 оны 12-р сарын 12-нд нас барсан.

Ассисийн Гэгээн Фрэнсис:

1181 эсвэл 1182 онд төрсөн тэрээр Ромын католик шашны лам, дикон, номлогч байсан бөгөөд Ариун газрын олон Христийн шашны ариун газруудыг өнөөг хүртэл харж хандан, арчилж байгаа хэд хэдэн шашны жаягийг үндэслэн байгуулжээ. Гэгээн Фрэнсис бол түүхэн дэх хамгийн их хүндлэлийг хүртсэн шашны зүтгэлтнүүдийн нэг юм. Тэрээр байгаль бол Бурханы толь гэдэгт итгэж байсан ба бүх амьтныг “ах” болон “эгч” гэж дууддаг байв. “All Creatures of Our God and King” гэх алдартай дуулал түүний шүлгүүдийн нэгэн дээр үндэслэсэн байдаг. Тэрээр 1226 оны 10-р сарын 3-нд нас барсан юм.