Гарын авлагууд болон дуудлагууд
15. Шашны институт ба семинар


“15. Шашны институт ба семинар,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“15. Шашны институт ба семинар,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Хичээлийн үеэр гараа өргөж буй залуу эмэгтэй

15.

Шашны институт ба семинар

15.0

Оршил

Шашны институт, семинар (ИС) нь өсвөр үеийнхэн болон залуучуудыг Есүс Христэд мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүнзгий хөрвүүлэхэд эцэг эх, Сүмийн удирдагчдад тусалдаг. Энэ нь судар, амьд бошиглогчид, Сүмийн бусад удирдагчийн үгсийг гэрт төвлөрөн суралцахыг дэмжсэний үндсэн дээр явагдана.

Институт, семинарын хөтөлбөрүүд Сүмийн боловсролын хорооноос гаргасан бодлого журамд захирагддаг. Энэ хороог Сүмийн ерөнхийлөгч удирддаг. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадас, тойргийн хүрээнд эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Гадас, тойргийн удирдагчид өөрсдийн өсвөр үеийнхний институт, семинарын хөтөлбөрийн оролцоог тогтмол хянана.

ИС-ын хөтөлбөрийг удирдан явуулахад удирдагчдад тусалдаг ИС-ын төлөөлөгчийг гадас бүрд томилно.

15.1

Семинар

Семинар нь Есүс Христийн сайн мэдээг судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын сургаалаас судалдаг, өсвөр үеийнхэнд зориулсан дөрвөн жилийн хөтөлбөр юм. Ерөнхийдөө семинарын суралцагчид 14–18 насныхан байна.

Семинарын анги нь хичээлийн улиралтай зэрэгцэн ажлын өдрүүдэд ордог. Семинарын ангийн долоо хоног тутмын хичээллэх хуваарийг орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулж болно. (Дэлгэрэнгүй мэдээллийг Семинарын ангийн сонголтууд хэсгээс үзнэ үү.) Танхимаар эсвэл онлайнаар өгөх даалгавруудыг гүйцэтгэж дуусгахад долоо хоногт ойролцоогоор 4 цаг байвал зохино.

Бишопын зөвлөл, өсвөр үеийнхний удирдагчид, чуулгын болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн өсвөр насны хүүхэд бүрийг семинарт бүрэн хамрагдахад урамшуулан дэмжинэ. Бишопын зөвлөл нь жил бүр семинарын хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдээ бүртгүүлэхэд эцэг эхчүүдийг урамшуулна. Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх Семинарын бүртгэлээс авна уу.

Байранд хичээллэдэг (мөн гэрээр хичээллэдэг), хоорондоо ойрхон байрладаг, нийтлэг асуудал, бэрхшээлтэй гадаснууд бүхий газарт орон нутгийн боловсролын хороог байгуулж болно. Seminary.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

15.1.1

Багш нар

Семинарын багш нар Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлтэй, Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлтэй Сүмийн гишүүд байна. Тэд заадаг зарчмуудынхаа дагуу амьдарч, өсвөр үеийнхэнтэй нийцэн ажилладаг байх ёстой. Боломжтой бол багш нар ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь семинарын багш болох чадвартай хүмүүсийн талаар бишоп, гадасны зохицуулагч, ИС-ын төлөөлөгчтэй зөвлөлдөнө. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл дээд зөвлөлийн томилогдсон гишүүн гадасны семинарын багш, гадасны зохицуулагч нарыг дуудаж, онцгойлон адисалж мөн дуудлагаас чөлөөлдөг. Тухайн хүнийг дуудаж, онцгойлон адисалсны дараа ИС-ын төлөөлөгч түүнд сургалт өгч, тусалж дэмжинэ.

Багш, суралцагчдыг хамгаалахын тулд семинарын анги хичээллэж байгаа байр эсвэл гэрт насанд хүрсэн хоёр хүн байх ёстой. Нэмж багш дуудах юм уу хариуцлагатай насанд хүрсэн өөр хүнийг байлцуулахаар томилж болно. Насанд хүрсэн хоёр дахь хүн нь багшийн эхнэр, нөхөр эсвэл ангийн гишүүний эцэг эх байж болно. Насанд хүрсэн хүн нь багшийн гэр бүлийн хүн биш л бол багштай нэг ижил хүйсийн хүн байх ёстой. Суралцагч нь багшийн хүүхэд биш л бол ямар ч тохиолдолд багш, суралцагч хоёр хоёулхнаа хамт байж болохгүй. Энэ нь анги танхим, барилга байгууламж, алсын зайн цугларалт, тээврийн хэрэгсэл зэрэг аль ч орчин нөхцөлд хамаатай.

15.1.2

Байр, хэрэгсэл, материал

Гадас, тойргийн удирдагчид цуглааны байр эсвэл гишүүний гэр гэх мэт семинарын анги хичээллэх боломжтой газруудыг бэлдэж өгөхөд анхаарна. Семинарын ангид зориулж байр эсвэл өрөө түрээсэлж болохгүй. Хэрэв ангиуд нь цуглааны байранд ордог бол багш нар номын сангийн тоног төхөөрөмжүүдийг авч хэрэглэх боломжтой байх ёстой.

ИС-ын төлөөлөгч анги бүрийн багш, суралцагчдыг сургалтын материалаар хангана. Суралцагчид хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр судраа авчрах ёстой.

15.1.3

Ангийн албан тушаалтнууд ба үйл ажиллагаа

Семинарын багш ангийн дарга, орлогч дарга, нарийн бичиг зэрэг албан тушаалтнуудыг сонгож болно. Багш эхлээд суралцагчийн эцэг эх, мөн бишоптой холбогдож зөвшөөрөл авна. Ангийн албан тушаалд дэмжүүлэн батлуулж, онцгойлон адисалдаггүй. Тэд өдөр тутмын ангид заах үүргээ биелүүлэхэд нь багшдаа тусалж, бусад суралцагчийг ирж, оролцоход урамшуулан дэмждэг.

Семинарын багш нар хичээлийн бус цагаар эсвэл ангиас гадуур үйл ажиллагаа явуулах ёсгүй. Онцгой тохиолдолд орон нутгийн удирдагчдаас зөвшөөрөл авсан байх хэрэгтэй.

15.1.4

Кредит ба төгсөлт

Семинарын суралцагчид хичээлдээ байнга сууж, оролцон, хичээлээс гадуур судраас суралцдаг байвал илүү үр дүнтэй суралцаж, хөрвөлтөө гүнзгийрүүлж чадна. Эдгээрийг биелүүлснээр тэд бас жил болгон семинарын кредит авч, семинарыг төгсөх боломжтой.

Зарим суралцагч уншиж чаддаггүйгээсээ болж эсвэл өөр бусад шалтгаанаар семинарын кредит авч чадахгүй байж болно. Багш энэ суралцагчдын хэрэгцээнд тааруулан шалгуурыг өөрчилж болно. ИС-ын төлөөлөгч хөтөлбөрт бүхэлд нь өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж болно. Тэдгээр өөрчлөлтийг оруулахад ИС-ын удирдлагаас зөвшөөрөл авах шаардлагатай.

Семинар төгсөхийн тулд суралцагч дөрвөн жилийн кредиттэй мөн бишопын зөвлөлийн гишүүнээс шашны удирдагчийн тодорхойлолт авсан байх ёстой. Уг тодорхойлолтоор тухайн суралцагчийг зохистой бөгөөд сайн мэдээний жишгийн дагуу амьдардгийг баталдаг.

Жил бүр гадаснаас семинарын төгсөлтийн үйл ажиллагааг явуулдаг. Энэ үйл ажиллагааг гадасны ерөнхийлөгчийн эсвэл дээд зөвлөлийн гишүүн төлөвлөнө. ИС-ын төлөөлөгч үүнд тусалж болох юм. Нэмэлт мэдээллийг Институт, семинарын төгсөлтийн үйл ажиллагааны удирдамжаас авна уу.

15.1.5

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Хичээлийн цагаар семинарын ангид суух

Нэгдсэн Улс, Канадын зарим газарт орон нутгийн хуулиар суралцагчдыг хичээлийн цагаар сургуулиасаа явж, семинарт суухыг зөвшөөрдөг. Сүмийн боловсролын хороо ийм байдлаар семинарыг явуулж болох газарт ийн орохыг зөвшөөрдөг. Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх Хичээлийн цагаар семинарын анги хэсгээс үзнэ үү.

15.2

Зураг
шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Институт

Институт нь Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэл ба гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг, ажлын өдрүүдэд явагддаг, сайн мэдээнээс суралцах ангиудаар хангадаг. Институтийн анги 18–30 насны ганц бие залуучуудыг бүгдийг нь хамруулах боломжтой эсэхэд гадасны удирдагчид хяналт тавина.

Сургуульд сурдаг эсэхээс үл хамааран ганц бие залуучуудыг институтэд хамрагдахыг дэмжих ёстой. Тэд их сургуулийн хотхонд явагддаг институтийн ангид хамрагдаж болно (боломжтой бол). Мөн тэд институтийн онлайн эсвэл гадасны ангид хамрагдах боломжтой.

Дараах хэсгүүдэд зориулсан удирдамжийг Гадасны институт хэсгээс үзнэ үү.

  • Гадасны институтийн ангийг зохион байгуулж, хичээллүүлэх

  • Хичээллэх байрыг төлөвлөх

  • Багш нарыг дуудах

  • Суралцагчдын амжилтыг сайшаах

15.2.1

Шашны бусад анги

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл 31 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдэд зориулан шашны ангиудыг зохион байгуулахыг хүсэж болох юм. Эдгээр анги нь ИС-т хамааралгүй бөгөөд институтийн анги хэмээн нэрлэгдэхгүй. Гэхдээ тэдэнд зориулан институтийн сургалтын материалыг ашиглаж болно.

Зураг
Ангидаа тэмдэглэл хөтөлж буй эмэгтэйчүүд

15.3

Зураг
шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Сүмийн сургуулиуд болон Сүмийн боловсролын систем

Сүмийн анхан шатны болон дунд шатны сургуулиуд, BYU–Pathway Worldwide болон дээд боловсрол олгох сургуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг CES.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү. Дээрх сургуулиудад явахын тулд суралцагчдын авах шашны удирдагчийн тодорхойлолтыг бөглөх тухай мэдээллийг мөн тэндээс авч болно.

Түүнээс гадна СБС-ийн Шашны удирдагчийн зөвшөөрөл хариуцсан албаар дамжуулан шашны удирдагчаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах талаарх мэдээллийг help.ChurchofJesusChrist.org-оос авна уу.