Хуучин Гэрээ 2022
Бага насны хүүхдүүдэд заах


“Бага насны хүүхдүүдэд заах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Бага насны хүүхдүүдэд заах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
ном руу харж буй эцэг эх ба бяцхан хүүхэд

Бага насны хүүхдүүдэд заах

Танай гэр бүл бага насны хүүхдүүдтэй бол дараах үйл ажиллагаанууд тэдэнд суралцахад нь туслах болно.

  • Дуул. Хүүхдийн дууны ном дээрх дуу, дууллууд сургаалыг хүчирхэг байдлаар заадаг. Зааж буй сайн мэдээний зарчимтай тань холбоотой дуунуудыг Хүүхдийн дууны номын ард байх сэдвүүдийн индексийг ашиглан ол. Дуунуудын зааж буй захиасыг өөрсдийнхөө амьдралтай адилтгахад нь хүүхдүүддээ тусал. (Мөн энэхүү эх сурвалж дээрх “Сайн мэдээнээс суралцахдаа ариун нандин дуу хөгжмийг оруулах” хэсгийг үзнэ үү.)

  • Түүхийг сонс эсвэл жүжигчлэн үзүүл. Бага насны хүүхдүүд судруудаас болон таны амьдрал, гэр бүлийн түүх эсвэл Сүмийн сэтгүүлээс түүх сонсох дуртай байдаг. Түүхээ ярихдаа тэднийг оролцуулах арга зам эрэлхийл. Тэд зураг эсвэл үзүүлэн барин зогсож, сонсож буй зүйлээ зурж, түүхийн үйл явдлыг жүжигчлэн үзүүлж эсвэл бүр түүх ярихад тусалж болно. Хуваалцаж байгаа түүхүүд дээрх сайн мэдээний үнэнийг ойлгож ухаарахад нь хүүхдүүддээ тусал.

  • Судар унш. Бага насны хүүхдүүд тийм ч сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас суралцахад оролцуулж болно. Та ганцхан шүлэг, түлхүүр үг эсвэл хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байж болох юм. Хүүхдүүд хэд хэдэн удаа давтвал судрын богино үг хэллэгүүдийг цээжилж чадаж магадгүй. Тэд Бурханы үгийг сонсоод, Сүнсийг мэдэрнэ.

  • Зураг эсвэл видео бичлэг үзүүл. Хүүхдүүддээ сайн мэдээний зарчим эсвэл судрын түүхтэй холбоотой зураг харуулах эсвэл видео бичлэг үзүүлэхдээ харж байгаа зүйлээсээ суралцахад нь тус болох асуултуудыг тавь. Жишээлбэл, “Энэ зураг эсвэл бичлэг дээр юу гарч байна вэ? Үүнийг үзэхэд та нарт ямар мэдрэмж төрж байна вэ?” гэж та асууж болох юм. Gospel Media аппликэйшн, MediaLibrary.ChurchofJesusChrist.org болон children.ChurchofJesusChrist.org вэбсайт нь зураг, видео олж үзэхэд тохиромжтой эх сурвалжууд юм.

  • Хийж бүтээ. Хүүхдүүд суралцаж байгаа зарчим, түүхүүдтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлийг барьж, зурж, будаж болно.

  • Хичээлд үзүүлэн материал ашигла. Энгийн үзүүлэн материал хэрэглэсэн хичээл нь ойлгоход хэцүү сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд ойлгуулахад тусалж болно. Үзүүлэнт хичээлийг заахдаа хүүхдүүдээ оролцуулах арга замуудыг хайж ол. Тэд зүгээр үзэж харахаас илүүтэй харилцан үйлддэг үйл ажиллагаанаас илүү ихийг сурна.

  • Жүжигчлэн үзүүл. Хүүхдүүд бодит амьдралд тулгарч болзошгүй нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлснээр сайн мэдээний зарчмууд амьдралд нь хэрхэн үйлчлэхийг илүү сайн ойлгодог.

  • Үйл ажиллагаануудыг давт. Бага насны хүүхдүүд аливаа зүйлийг ойлгохын тулд хэд хэдэн удаа сонсох хэрэгтэй байж болно. Түүх, үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү эмээ. Жишээлбэл, судрын түүхийг судраас унших, өөрийн үгээр товчилж ярих, бичлэг үзүүлэх, түүхүүдийг уншихдаа хүүхдүүдээрээ туслуулах, түүхийн утгыг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих гэх мэт өөр өөр арга замаар хэд хэдэн удаа хуваалцаж болно.