Хуучин Гэрээ 2022
Хуучин Гэрээг уншиж байхдаа санах зүйлүүд


“Хуучин Гэрээг уншиж байхдаа санах зүйлүүд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Хуучин Гэрээг уншиж байхдаа санах зүйлүүд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022

Зураг
санах шигтгээ зураг

Санах зүйлүүд

Хуучин Гэрээг унших нь

Өөртөө чиглэсэн хувийн утгыг олж ав

Энэ жил Хуучин Гэрээг судлах боломжийнхоо талаар бодож үзэхэд танд ямар санагдаж байна вэ? Хүсэн тэмүүлж байна уу? Эргэлзэж байна уу? Айж байна уу? Эдгээр бүх сэтгэл хөдлөл ойлгомжтой юм. Хуучин Гэрээ бол дэлхийн хамгийн эртний бичвэрүүдийн цуглуулгуудын нэг бөгөөд энэ нь Хуучин Гэрээг сэтгэл хөдөлгөм бас халширмаар болгодог. Эдгээр бичвэр нь харь орны, заримдаа огт танихгүй заримдаа бүр эвгүй санагдах эртний соёлоос үүдэлтэй юм. Гэсэн хэдий ч эдгээр бичвэрээс бид хүмүүсийн танил мэт санагдмаар туршлагатай байгааг мөн Есүс Христ ба Түүний сайн мэдээний бурханлаг байдлыг гэрчилдэг сайн мэдээний сэдвүүдийг олж хардаг.

Тийм ээ, Абрахам, Сара, Ханна, Даниел нар зарим талаараа биднийхээс эрс ялгаатай амьдралаар амьдарч байсан. Гэхдээ тэд бид бүгдийн адил гэр бүлийн баяр баясгалан, гэр бүлийн зөрчил, итгэл үнэмшил, тодорхой бус мөчүүд, амжилт, бүтэлгүйтэл зэргийг мэдэрч байсан. Хамгийн чухал нь, тэд итгэлээ үзүүлж, наманчлан, гэрээнүүд хийж, сүнслэг туршлагуудыг хуримтлуулан, Бурханд дуулгавартай байх хичээл зүтгэлээ хэзээ ч орхиогүй.

Хэрэв та болон танай гэр бүл энэ онд Хуучин Гэрээнээс хувийн утга учиртай зүйл олж авч чадна гэдэгтээ эргэлзэж байгаа бол Лихай ба Сариагийн гэр бүл үүнийг олж авсныг санаарай. Нифай ах нарт нь урам зориг, залруулга эсвэл алсын хараа хэрэгтэй болсон үед Мосегийн түүхүүд мөн Исаиагийн сургаалын талаар тэдэнтэй хуваалцдаг байсан. Нифай “дотоод сэтгэл минь судруудад баясна” (2 Нифай 4:15) хэмээн хэлэхдээ тэрээр Хуучин Гэрээний хэсэг болох судруудын талаар ярьж байсан.

Аврагчийг эрэлхийлэгтүн

Хэрэв та болон таны гэр бүл Хуучин Гэрээнээс суралцах явцдаа Есүс Христэд илүү ойртох боломжтой гэдэгт эргэлзэж байвал Аврагч Өөрөө бидэнд үүнийг хийхийг уриалж байгааг санаарай. Тэрээр еврейчүүдийн удирдагчдад “Бичвэрүүд нь … Намайг гэрчилдэг” (Иохан 5:39) хэмээн хэлэхдээ бидний Хуучин Гэрээ хэмээн нэрлэдэг бичвэрүүдийн тухай ярьж байсан. Уншсан зүйлээсээ Аврагчийг олохын тулд та тэвчээртэй бодож, сүнслэг удирдамж хайх хэрэгтэй болж магадгүй. Заримдаа Түүнтэй холбоотой тайлбар яг таг байдаг бөгөөд Исаиагийн тунхагласны дагуу: “Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн … Түүний нэрийг … Энхийн Жонон гэж дуудна” (Исаиа 9:6). Бусад газарт, Аврагчийг бэлгэдэл, ижил төстэй байдлаар тухайлбал, амьтдын золиослолын дүрслэл (Леви 1:3–4-ийг үзнэ үү) эсвэл Иосеф ах нараа өршөөж, тэднийг өлсгөлөнгөөс аварч байгаа түүх гэх мэтээр илүү нарийн төлөөлөн гаргасан байдаг.

Хэрэв та Хуучин Гэрээг судалж байхдаа Аврагчид илүү итгэлтэй байхыг эрэлхийлбэл үүнийг олох болно. Магадгүй энэ нь таны энэ жилийн суралцах зорилго байж болох юм. Сүнс таныг Есүс Христэд ойртуулах хэсгүүд, түүх, бошиглолуудыг олж, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглүүлж өгөхийн төлөө залбираарай.

Зураг
Эртний бошиглогч бичиж байгаа нь

Хуучин Гэрээний бошиглогч, Жүдит А.Мэхр

Тэнгэрлэгээр хадгалагдан үлдсэн

Хуучин Гэрээ нь хүн төрөлхтний бүрэн гүйцэд, яг таг нарийн түүхийг үзүүлдэг хэмээн бүү бод. Анхны зохиолчид ба эмхэтгэсэн хүмүүсийн зорилго нь ийм байгаагүй. Тэдний илүү их санаа зовж байсан зүйл бол Бурханы тухай—Түүний хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө, Түүний гэрээт хүмүүс байх гэдэг нь юу болох, гэрээнүүдээ биелүүлээгүй тохиолдолд гэтэлгэлийг хэрхэн олох тухай заах явдал байв. Заримдаа тэд үүнийг өөрсдийн ойлгосон түүхэн үйл явдалтай, тухайлбал агуу бошиглогчдын амьдралын түүхүүдтэй холбон хийсэн байдаг. Эхлэл мөн Иошуа, Шүүгчид, 1, 2-р Хаадын номууд нь дээрхийн жишээ юм. Гэхдээ Хуучин Гэрээний бусад зохиолч нийтэд нь түүхэн зохиол болгохыг огт хүсээгүй. Харин тэд яруу найраг, уран зохиол гэх мэт урлагийн бүтээлүүдээр дамжуулан заадаг байв. Дуулал ба Сургаалт үгс энэ ангилалд багтдаг. Мөн Исаиагаас Малахи хүртэл эртний Израилд хандан Бурханы үгийг ярьж байсан бошиглогчдын нандин үгс байдаг бөгөөд Библийн гайхамшгаар дамжуулан өнөөг хүртэл бидэнд ярьсаар байдаг.

Эдгээр бүх бошиглогч, яруу найрагч, эмхэтхэгчид өөрсдийнх нь үгийг мянга мянган жилийн дараа дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс унших болно гэдгийг мэдэж байсан болов уу? Бид үүнийг мэдэхгүй. Гэвч энэ бүхэн үнэхээр тохиолдсонд би гайхширдаг. Үндэстнүүд хөгжин дэгжиж, уналтад орж, хотууд эзлэгдэж, хаад амьдарч мөн мөнх бусыг үзүүлж байсан ч Хуучин Гэрээ энэ бүхнийг үеэс үед, бичээчээс бичээч, орчуулгаас орчуулга хүртэл хадгалсаар ирсэн. Мэдээжийн хэрэг зарим зүйл алдагдаж эсвэл өөрчлөгдсөн байсан ч ямар нэгэн байдлаар олон зүйл гайхамшигтайгаар хадгалагдсан.1

Энэ жил Хуучин Гэрээг уншихад анхаарах хэдэн зүйл бий. Бурхан эдгээр эртний бичээсийг хадгалсан байх, учир нь тэр таныг болон юуг туулж байгааг тань мэддэг. Тэрээр эдгээр үгээр дамжуулан танд сүнслэг захиасыг мөн таныг Өөртөө илүү ойртуулах, Өөрийн төлөвлөгөө ба Хайрт Хүүд нь итгэх итгэлээ хөгжүүлэх ямар нэгэн зүйл бэлтгэсэн байх. Магадгүй Тэр таныг таньдаг хүнээ адислах ямар нэгэн судрын хэсэг, ойлголт руу—найз нөхөр, гэр бүлийн гишүүн эсвэл хэн нэгэн гэгээнтэнтэй хуваалцаж болох захиас руу хөтлөх болно. Маш олон боломж бий. Энэ талаар бодоход сэтгэл хөдлөхгүй байна гэж үү?

Хуучин Гэрээн дэх номууд

Хуучин Гэрээний Христэд итгэгчдийн ихэнх хувилбарт эдгээр номыг нэг цуглуулгад анх эмхэтгэж байсан үеэсээ өөрөөр зохион байгуулсан байдаг. Еврей Библид номуудыг—хууль, бошиглогчид, бичээсүүд хэмээн гурван ангилалд хуваасан байхад ихэнх Христэд итгэгчдийн Библиүд номуудыг хууль (Эхлэл–Дэд Хууль), түүх (Иошуа–Естер), яруу найргийн номууд (Иов–Соломоны дуун) мөн бошиглогчид (Исаиа–Малахи) гэсэн дөрвөн төрөлд хуваасан байдаг.

Эдгээр ангилал яагаад чухал вэ? Учир нь ямар төрлийн ном судалж байгаагаа мэдэх нь үүнийг хэрхэн судлахаа ойлгоход тань туслах болно.

“Хууль” эсвэл Хуучин Гэрээний эхний таван номыг уншиж эхлэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Эдгээр номыг Мосе бичсэн хэмээн бид итгэдэг бөгөөд цаг хугацааны явцад энэ нь олон тооны бичээч ба хөрвүүлэгчдийн гараар дамжсан байж болох юм. Мосегийн номууд нь мөнх бус хүмүүсээр дамжин, хүн төрөлхтний төгс бус байдал нөлөөлсөн Бурханы аливаа ажилтай адилхан боловч эдгээр нь Бурханы илчлэгдсэн үгс байдаг (Moсе 1:41; Итгэлийн Тунхаг 1:8-ыг үзнэ үү). Ариун нандин Мормоны номыг эмхэтгэхэд тусалсан Моронайн үгс энд их тус болно: “Мөн эдүгээ, хэрэв буруу буй бөгөөс тэдгээр нь хүмүүний алдаа бөлгөө; иймийн тул, та нар Христийн шүүлтийн суудлын өмнө толбогүй байж болохын тулд, Бурханы зүйлүүдийг бүү буруушаа” (Мормоны номын эхний хуудас). Өөрөөр хэлбэл судрын ном Бурханы үг байхын тулд хүний алдаанаас ангид байх албагүй.

Эшлэл

  1. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Бидэнд өнөөдөр Библи байгаа нь гэнэтийн болон тохиолдын зүйл биш юм. Зөв шударга хүмүүс үзэж харсан нандин зүйлсээ мөн сонссон, ярьсан, сүнсээр өдөөгдсөн зүйлсийг бичиж тэмдэглэх өдөөлтийг Сүнснээс хүлээн авдаг байсан. Харин бусад итгэлтэй хүмүүсийг тэдгээр цэдгийг хамгаалж, хадгалахад өдөөдөг байсан” (“The Miracle of the Holy Bible,” Liahona, May 2007, 80).