Шинэ Гэрээ 2023
Хувиараа судраас судлах үйл явцыг сайжруулах санаа


“Хувиараа судраас судлах үйл явцыг сайжруулах санаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“Хувиараа судраас судлах үйл явцыг сайжруулах санаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Судраас судалж буй эмэгтэй

Хувиараа судраас судлах үйл явцыг сайжруулах санаа

Судрууд дахь Бурханы үгсийг илүү үр дүнтэй судлах зарим энгийн арга байдаг. Үүнд:

Есүс Христийн тухай үнэнийг эрж хайх

Судрууд бидэнд бүх зүйл Христийг гэрчилдэг гэдгийг заадаг (2 Нифай 11:4; Мосе 6:63-ыг үзнэ үү) учраас Аврагчийн талаар мөн Түүнийг хэрхэн дагахыг заадаг шүлгүүдийг тэмдэглэж, бичиж авч болно.

Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг эрж хайх

Танд онцгойлон зориулан бичсэн мэт нөлөөлж байгаа тодорхой үг, хэллэгүүдийг судруудаас олж болно. Тэдгээр нь хувь хүний хувьд танд хамаатай, сүнслэг нөлөө, урам зориг төрүүлэхүйц санагдаж магадгүй. Тэдгээр үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэх юм уу судлах тэмдэглэл дээрээ бичиж болно.

Сайн мэдээний үнэнийг эрж хайх

Заримдаа сайн мэдээний үнэнүүдийг (ихэнхдээ сургаал эсвэл зарчмууд гэгддэг) шууд илэрхийлсэн байдаг бол зарим тохиолдолд жишээгээр эсвэл түүхээр дамжуулан тайлбарладаг. “Эдгээр шүлэгт мөнхийн ямар үнэнийг заасан байна вэ?” гэж өөрөөсөө асуу.

Сүнсийг сонсох

Уншиж буй зүйлтэй тань хамааралгүй байсан ч бодол, мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүл. Эдгээр нөлөө нь Тэнгэрлэг Эцэгийн танаас сураасай хэмээн хүссэн зүйл ч байж магадгүй.

Судруудыг өөрийн амьдралтай адилтгах

Та уншиж буй түүх, сургаалаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бод. Жишээлбэл, та өөрөөсөө “Надад уншиж буй зүйлтэй маань адил юу тохиолдсон билээ?” эсвэл “Судар дээрх энэ хүний үлгэр жишээг би хэрхэн дагаж чадах вэ?” гэж асууж болно.

Судалж байхдаа асуух

Таныг судруудаас судалж байхад оюун бодолд тань асуултууд орж ирж болно. Эдгээр асуулт таны уншиж байгаа зүйлтэй эсвэл ерөнхийдөө таны амьдралтай холбоотой байж болох юм. Та үргэлжлүүлэн судар судалж байхдаа эдгээр асуултыг тунгаан бодож, хариултыг нь эрж хай.

Зураг
Судар судалж буй хүү

Судар судлахад туслах материалыг ашиглах

Уншиж буй шүлгүүдийнхээ талаар нэмэлт ойлголт олж авахын тулд зүүлт тайлбар, Topical Guide, Bible Dictionary, Судруудын удирдамж болон бусад хичээлийн туслах материалыг ашигла (scriptures.ChurchofJesusChrist.org).

Судрын түүхэн нөхцөл байдлыг бодож үзэх

Та тухайн судрын түүхэн нөхцөл байдал буюу орчинг бодож үзэх юм бол уг судрын талаар гүн гүнзгий ойлголтыг олж авах боломжтой. Жишээлбэл, бошиглогчийн хандан ярьсан хүмүүсийн нөхцөл байдал, итгэл үнэмшлийн талаар мэдэх нь түүний үгийн зорилгыг ойлгоход тань тусална.

Төрсөн бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэх

Судалж байхдаа төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж авах олон арга зам бий. Жишээлбэл, та утга учир бүхий үг, хэллэгийг тэмдэглэж, төрсөн сэтгэгдлээ судар дээрээ бичиж болно. Мөн та хүлээж авсан ойлголт, мэдрэмж, сэтгэгдлээ тэмдэглэл дээрээ бичиж болно.

Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судлах

Таны судраас олж мэдсэн зарчмуудын талаар хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид юу заасан талаар унш (жишээлбэл, conference.ChurchofJesusChrist.org , Сүмийн сэтгүүлүүд зэргийг үзнэ үү).

Ойлголтоо хуваалцах

Хувиараа судалж мэдсэн зүйлсийнхээ талаар ярилцах нь бусдад заах сайн арга байхаас гадна уншсан зүйлийнхээ талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрах

Судар судлах нь бидэнд сүнслэгээр нөлөөлөхөөс гадна биднийг амьдрах арга замаа өөрчлөхөд хүргэдэг. Уншиж байхад тань Сүнс юу хийхэд өдөөж байгааг сонс, дараа нь эдгээр өдөөлтийн дагуу үйлдэх амлалт өг.

Ахлагч Дэвид А.Бэднар ийн хэлсэн. “Үнэнч шавь нар болж, зоригтой тэвчдэг байхын тулд бидний мэдвэл зохих болон хийх шаардлагатай бүх зүйлийг байгууллагын хувьд зааж эсвэл хэлж өгнө хэмээн бид Сүмд найдах ёсгүй [Сургаал ба Гэрээ 121:29-ийг үзнэ үү]. Харин сурах ёстой зүйлдээ суралцан, амьдрах ёстойгоороо амьдарч, Багшийнхаа хүссэн тийм хүмүүс болох нь бидний хувийн үүрэг хариуцлага юм. Бидний гэр орон бол суралцаж, дагаж амьдарч, өөрсдийгөө хөгжүүлэх анхдагч орчин билээ” (“Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123).