Шинэ Гэрээ 2023
3-р сарын 13–19. Матай 11–12; Лук 11: “Би та нарыг амраая”


“3-р сарын 13–19. Матай 11–12; Лук 11: ‘Би та нарыг амраая,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“3-р сарын 13–19. Матай 11–12; Лук 11,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Үүлэн дунд зогсож буй Есүс

Бүү ай, Майкл Малм

3-р сарын 13–19

Матай 11–12; Лук 11

“Би та нарыг амраая”

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Өнөө үед илчлэлт авалгүйгээр өнгөрсөн үеийн илчлэлт болох судруудыг ойлгох аргагүй. … Судраас судлах нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст илчлэлт хүлээн авах боломжийг олгодог” гэж заасан (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 7).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Фарисайчууд болон хуулийн багш нар Иеховаг шүтэн бишрэх явдлыг олон талаар дарамт болгосон байсан бөгөөд тэд мөнхийн үнэн гэхээсээ хатуу дүрмүүдийг чанд баримталдаг байв. Хүндэтгэлийн өдөр нь амрахад зориулагдсан боловч дүрмүүд нь өөрөө дарамт болж байжээ.

Харин дараа нь Иехова Өөрөө хүмүүсийнхээ дунд ирсэн. Шашны жинхэнэ зорилго бол дарамт болох бус, харин тэдгээрээс салгах учиртайг Тэрээр тэдэнд заав. Тэр мөн Бурхан биднийг дарангуйлахын тулд биш, харин адислахын тулд Хүндэтгэлийн өдрийг сахих зэрэг зарлигуудыг өгсөн хэмээн заасан. Бурханд хүрэх зам нь нарийн бөгөөд шулуун боловч уг замаар ганцаар явах шаардлагагүйг Их Эзэн тунхаглахаар ирсэн. “Над дээр ир” хэмээн Тэр урин дуудсан байдаг. Аливаа шалтгаанаар “хүнд ачаа” үүрсэн хүмүүст хандан Тэрээр дэргэд нь зогсож, Түүнтэй өөрсдийгөө холбож, ачааг нь үүрэлцэх боломж олго гэж урьсан. “Та нар сэтгэлдээ амралтыг олох болно” хэмээн Тэр амласан. Ганцаараа ачаагаа үүрэхийг хичээх эсвэл мөнх бус шийдэлд найдах гэх мэт хувилбаруудтай харьцуулахад Түүний “буулга аятай, [Түүний] ачаа хөнгөн.” (Матай 11:28–30.)

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Матай 11:28–30

Есүс Христэд найдах үед Тэр надад амралтыг өгнө.

Зарим нь бидний гэм нүгэл, алдаа дутагдлаас, зарим нь бусдын сонголтоос болж, бусад нь хэн нэгний буруугаас биш, харин дэлхий дээрх амьдралын жам ёсоор бүгд ачаа дарамт үүрдэг. Зовлон зүдгүүрийн шалтгаанаас үл хамааран Есүс бидний ачааг үүрэлцэж, хөнгөлөхийн тулд биднийг Өөр дээрээ ирэхийг хүсдэг (мөн Moзая 24-ийг үзнэ үү). Ахлагч Дэвид А.Бэднар “Ариун гэрээнүүдийг байгуулж, сахих нь биднийг Их Эзэн Есүс Христтэй нэг болгон нэгтгэдэг билээ” хэмээн заасан (“Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106). Үүнийг бодохын зэрэгцээ, эдгээр шүлэгт буй Аврагчийн үгсийг илүү сайн ойлгохын тулд дараахтай адил асуултуудыг тунгаан бод. “Байгуулсан гэрээнүүд маань намайг хэрхэн Аврагчтай хамт буулгад оруулдаг вэ? Би Христэд ирэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Ямар утгаар Аврагчийн буулга нь аятай, ачаа нь хөнгөн байдаг вэ?

Үүнийг уншихад өөр ямар ямар асуулт санаанд тань орж байна вэ? Тэдгээрийг бичиж аваад, энэ долоо хоног судраас болон бошиглогчдын үгсээс хариултуудыг нь хай. Зарим асуултынхаа хариуг ахлагч Дэвид А.Бэднарын дээр дурдсан захиаснаас олж болно.

Мөн Жон А.Маккуны “Христэд ирж, хожмын үеийн гэгээнтний ёсоор амьдрах нь” хэлсэн үгийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 41–43-аас; Лорэнс И.Корбрижийн “Зам” хэлсэн үгийг 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 42–44-өөс үзнэ үү.

Зураг
Тариан талбайд явж буй шавь нарыг харж буй хүмүүс

Шавь нар Хүндэтгэлийн өдрөөр улаан буудай идэж байгаа нь, Жэймс Тиссот

Матай 12:1–13

“Хүндэтгэлийн өдөр сайныг үйлд.”

Фарисайчуудын сургаал Аврагчийнхаас олон талаараа, ялангуяа Хүндэтгэлийн өдрийг хэрхэн эрхэмлэн дээдлэх тал дээр ялгаатай байсан. Матай 12:1–13-ыг уншихдаа Хүндэтгэлийн өдрийн талаарх хандлага, үйлдэл тань Аврагчийн сургаалтай хэр нийцэж байгааг бодож үзэж болох юм. Үүнийг хийхдээ дараахтай адил мэдэгдлүүдийг тунгаан бодож болно. Үүнд:

  • “Би тахилыг бус хайр энэрлийг таална” (7-р шүлэг; Хосеа 6:6-г үзнэ үү).

  • “Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (8-р шүлэг).

  • “Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ” (12-р шүлэг).

Эдгээр сургаал нь Хүндэтгэлийн өдөрт хандах хандлагад тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Мөн Марк 2:233:5-ыг болон Gospel Topics дахь “Sabbath Day”-ийг topics.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Maтай 12:34–37; Лук 11:33–44

Миний үг, үйлдэл зүрх сэтгэлдээ юу тээж байгааг минь илтгэдэг.

Фарисайчууд зөв шударга харагдах гэж оролдсон мөн бодол санаа нь цэвэр бус байсан нь Аврагчийн гол шүүмжлэлийнх нь нэг байв. Матай 12:34–37 болон Лук 11:33–44 дээрх Аврагчийн фарисайчуудад хандан өгсөн анхааруулгыг судлахдаа зүрх сэтгэл, үйлдэл хоёрынхоо хоорондох харилцан хамаарлыг тунгаан бод. “Зүрхнийхээ бялхалаар” гэдэг үг нь таны хувьд юу гэсэн үг вэ? (Maтай 12:35). Үгс маань биднийг хэрхэн зөвтгөж, буруутгадаг вэ? (Матай 12:37-г үзнэ үү). Нүд чинь “саруул” (Лук 11:34) аваас гэдэг нь юу гэсэн үг вэ? Та Аврагчийн хүчээр дамжуулан хэрхэн “гэрлээр дүүрэн” (Лук 11:36) болж чадах талаар тунгаан бод.

Мөн Алма 12:12–14; Сургаал ба Гэрээ 84:87–88-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Матай 11:28–30.Та эдгээр шүлэгт буй Аврагчийн сургаалыг дотроо төсөөлөхөд нь гэр бүлийнхэндээ туслахын тулд ямар нэгэн хүнд зүйлийг эхлээд ганц ганцаар нь, дараа нь хэн нэгнийх нь тусламжтай өргүүлж болно. Бидний үүрдэг зарим ачаа юу вэ? Христийн буулгыг өөр дээрээ авах гэдэг нь ямар утгатай вэ? Энэхүү тоймын төгсгөлд буй зургийг харуулах нь буулга гэж юу болохыг тайлбарлахад тань тусална.

Матай 12:10–13.Есүс Хүндэтгэлийн өдөр хүн эдгээсэн тухай уншихдаа, Аврагч биднийг хэрхэн “эдгээдэг” талаар гэрийнхэн тань ярилцаж болно. Хүндэтгэлийн өдөр бидний хувьд хэрхэн эдгэрэх өдөр байж болох вэ?

Эдгээр шүлгэн дээрх Аврагчийн жишээгээр өдөөгдөн, танай гэр бүл “Амралтын өдөр сайныг үйлдэх” (12-р шүлэг) арга замуудыг жагсаан бичиж болно. Бусдад үйлчлэх боломжуудыг оруулахаа бүү мартаарай. Жагсаалтаа хадгалж, дараа дараагийн ням гарагт харах нь тустай байж болох юм.

Лук 11:33–36.“Гэрлээр дүүрэн” (34, 36-р шүлэг) гэдэг нь юу гэсэн үг болохыг гэр бүлийнхэндээ хэрхэн заахаа тунгаан бод. Үзүүлэнт хичээл тус болох болов уу? Мөн Аврагчийн гэрлийг өөрсдийн амьдрал, гэр орон, дэлхийд авчрах арга замуудын талаар ярилцаж болно.  

Лук 11:37–44.Танай гэр бүлийнхэн аяга тавгаа угааж байхдаа эдгээр шүлгийг ярилцаж болох юм. Түүнчлэн аяга гэх мэт зүйлийн зөвхөн гадна талыг угаах нь яагаад буруу гэдгийг ярилцаж болно. Та үүнийг зөвхөн гаднах үйлдлээрээ бус, харин дотоод бодол, мэдрэмжээрээ зөв шударга байх хэрэгтэй гэсэн санаатай холбож болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Бурханы зарлиг зөөлөн,” Дуулал, д. 65.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Тууштай бай. Судар судлах нь таны бодож байснаас хамаагүй хэцүү эсвэл нөлөө багатай мэт санагдах өдрүүд танд тохиолдож магадгүй. Бүү бууж өг. Ахлагч Дэвид А.Бэднар “Өчүүхэн жижиг мэт санагдах зүйлсийг байнга хийх нь сүнслэг байдлын хувьд агуу үр дүнд хүргэж чадна” хэмээн заасан (“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18).

Зураг
Буулганд орсон хоёр үхэр

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно” (Матай 11:29) Гэрэл зураг ©iStockphoto.com/wbritten