2019
Надад нисэхийг заагаач: Их Эзэний арга замаар сэтгэл зүйн хувьд бие даах нь
2019 оны 1-р сар


Залуучуудад зориулав

Надад нисэхийг заагаач: Их Эзэний арга замаар сэтгэл зүйн хувьд бие даах нь

Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.

Валэри Дуррант нь АНУ-ын Калифорнид амьдардаг бөгөөд өөрийн нөхөр Райянтай гэрлээд 4 жил болж байгаа. Тэр саяхан бяцхан хүү төрүүлсэн. Тэр йогаар хичээллэх, зураг зурах, ном унших, уулаар явах дуртай.

Бид сэтгэл зүйн хувьд бие даах зорилгодоо хүрэхийн тулд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэж найдан, өөрсдийн зүгээс хүчин чармайлт гаргах ёстой.

Зураг
origami birds

Зураг чимэглэлийг Getty Images

Бид нисэх гэж оролдож буй бяцхан шувуухайн талаар бодох үедээ хамгийн сүүлчийн баатарлаг оролдлогыг нь олонтоо хардаг. Дэгдээхэй үүрнээсээ далавчаа дэвсээр гарч ирэн, далавчаа дэлгэж, тэнгэр өөд нисэн оддог. Амжилттай нисэж суртал тэрээр тэнгэр өөд нисэхийнхээ өмнө олон удаа бүтэлгүйтэж, газарт унаж байв.

Нисэж сурч буй шувуутай адил бид ч гэсэн сэтгэл зүйн хувьд бие даахын тулд ахин дахин унаж магад. Харин бид Их Эзэнд хандан тусламж гуйж, хүчин чармайлт гаргах юм бол, амьдрал бидний төлөвлөснөөр болохгүй үед бууж өгөлгүй мөн сорилт бэрхшээлийг ганцаар үүрэхэд хэцүү болох үед Түүнд найдаж болно.

Нисэж сурах нь

Нисэж сурах үйл явц хэцүү байж болох ч яагаад шувуу эхлээд үүрээ орхидог вэ? Яагаад гэвэл, ээж нь түүнийг шахан шаарддаг юм. Хүүхдийнхээ амьдралын эхэн үед эх шувуу идэх хоолыг нь үүрэнд нь шууд авчирч өгдөг. Харин цаг хугацаа өнгөрсний дараа тэр хоолыг нь үүрний гадна тавьж эхэлдэг бөгөөд дэгдээхэйнүүд нь хоолоо идэхийн тулд тав тухтай газраа орхин гарах хэрэгтэй болдог юм.

Энэ нь сэтгэл зүйн хувьд бие даахын тулд бидний дагах ёстой үйл явцтай яг адилхан. Гэхдээ биднээс бие дааж нисэхийг хараахан шаардах болоогүй байдаг.

Эх шувуу хүүхдүүддээ үүрнээсээ унах боломжийг олгодгийн адил Тэнгэрлэг Эцэг бидэнд өвдөлт, зовлон, урам хугалж болох сорилт бэрхшээл, туршлагыг туулах боломжийг олгодог. Авралын төлөвлөгөө нь биднийг Түүнтэй адилхан болгоход туслах зорилготой тул бидэнд тулгардаг зовлон бэрхшээл бүр сурч, өсөж хөгжих боломжийг олгож болох юм. Эх шувуутай адил зөвхөн Тэнгэрлэг Эцэг бидэнд оюун санаа болон сэтгэл зүйн хувьд эрүүл болж, үүнийгээ хадгалан авч үлдэхэд тусалж чадах учраас бидэнд тайтгарал, удирдамжийг өгдөг.

Өөрсдийн далавчийг дэвэх нь

Хэдийгээр Тэнгэрлэг Эцэг бидний хамтрагч ч гэлээ, Түүнийг бидний өмнөөс бүх зүйлийг хийнэ хэмээн хүсэн хүлээж болохгүй. Тэрээр биднээс сэтгэл зүйн хувьд бие даасан болох замдаа бидэнд өгсөн сонгох эрх, эх сурвалжийг нь ашиглаасай хэмээн хүсдэг.

Жишээлбэл, сэтгэл шархалж, уурлаж, хайрт нэгнээ алдах үед маань Тэр биднээс Өөрөөс нь зөвлөгөө аваасай хэмээн хүсдэг. Гэхдээ зөвхөн үүгээр зогсохгүй бид Түүний өгсөн удирдамжийн дагуу үйлдэж, зарлигуудыг сахин, амар амгалан, тайтгарал, хариултыг эрэлхийлэхээр ариун сүмд очиж, бошиглолын зөвлөгөөг сонсож, Түүний бидэнд зориулсан төлөвлөгөөнд итгэхийн тулд чадлынхаа хэрээр хичээх ёстой.

Тэнгэрлэг Эцэг бидэнд сэтгэл зүйн хувьд бие даахад туслах олон арга хэрэгслийг өгсөн. Гэвч бид бүхнээ зориулсан ч гарах газаргүй мэт байдалд орж, сэтгэл зүйн эрүүл мэндийн тал дээрээ асуудалтай хэвээр байвал нэмэлт тусламж авах нь зүйтэй байж болох юм. Урагшлан цаашлахын тулд сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг мэргэжилтэнд хандах эсвэл бишопоосоо зөвлөгөө авах хэрэгтэй үе гарч магад.

Гэвч бид саад бэрхшээлтэй тулгарах бүрдээ бусдаас зөвлөгөө авахыг эрэлхийлэх юм бол өөрөө бие даан сурч, өсөж хөгжих боломж бололцоогоо алдаж болох юм. Дахин хэлэхэд, бид урагшлахын тулд өөрсдөө хангалттай хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Их Эзэний загварыг дагах нь

Сургаал ба Гэрээний 9-р хэсэгт Оливер Каудерийг Мормоны Номын ялтаснуудыг “чи [Бурханаас] асуухаас өөрөөр санаа тавиагүй” байж орчуулахыг оролдсон хэмээн зэмлэсэн байдаг (7-р шүлэг). Тэгээд дараа нь түүнд “оюундаа тунгаан бодо[ж]” өөрийн дүгнэлтэд хүрч, “дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи [Бурханаас] асуух ёстой” хэмээн зөвлөсөн (8-р шүлэг).

Энэ загварыг дагах үед Тэнгэрлэг Эцэг биднийг сэтгэл зүйн хувьд бие даахын тулд зөвхөн өөрсдийн чадвар, бодолд найд хэмээн ганцаар орхиогүй. Тэрээр бидэнд сонгох эрхээ хэрхэн ашиглаж суралцах боломжийг олгож байгаа нь тэр юм. Түүний тусламжтайгаар асуултынхаа хариултыг олж, асуудлынхаа шийдвэрийг хайх нь бидэнд эцсийн эцэст Түүнтэй адилхан болоход тусална. Иймээс бид Түүнээс зүгээр л биднийг дээрдүүлээд өг гэж гуйлгүй, харин хэрхэн сэтгэл санааны хувьд илүү тэнцвэртэй болж болох вэ гэж асууж болно.

Бид сэтгэл санааны хувьд соригдох бүрдээ ийнхүү өөрсдийн сонгох эрхийг ахин дахин ашигласнаар аажим аажмаар сайжирч, өөртөө итгэлтэй болж эхэлдэг. Хэдийгээр биднээс нисэхийг хараахан шаардаагүй ч Тэрээр бидэнтэй бүхий л замд хамт байгаад нь итгэж мөн бага багаар сайжрахад тусалж байгаад нь бид баярлаж болно. Өдөр бүр шинэ өндөрлөгт гарах боломж гарч ирдэг бөгөөд энэ нь бие дааж нисэж чаддаг болох тэрхүү өдөрт биднийг бэлддэг юм.