2017
Итгэлээ сэргээсэн нь
December 2017


Итгэлээ сэргээсэн нь

Зам үргэлж дардан байдаггүй ч буцах зам байдаг.

Зураг
Te Oranoa

Мормоны Номонд бидний уншдагчлан “хориглогдсон замаар будилан орж мөн [төөрөх]” (1 Нифай 8:28) гэх үгс бидний ихэнхэд тийм ч найдвар төрүүлэм сонсогдохгүй байж болно. Үнэн хэрэгтээ энэ нь бүр эсрэгээр сонсогддог. Жимснээс нь хүртсэн ч орхин явсан Лихайн амьдралын модны үзэгдэлд гардаг хэсэг бүлэг хүний гунигтай төгсгөлийн тухай төсөөлөхөд маш хялбар.

Гэвч Шинэ Зеландын 17 настай Тэ Ораноа М арай өөр бодолтой явдаг аж. “Тэд үүрд мөнхөд төөрөлдсөн гэж энэ сударт хэлээгүй нь надад сүнслэг урам өгсөн” гэж тэр хэллээ.

Ямар гайхалтай ойлголт вэ! Энэ ойлголтыг тэр хувийн туршлагаараа олж авчээ. “Би Сүмээс хөндийрсөн байсан ч эргэж ирэх боломжтой байсан” гэж тэр хэллээ.

Бөхсөн нь

Ораноа Сүмд өсөж хүмүүжсэн бөгөөд гэрчлэлтэй болж, сүнслэг зорилгууд тавьж байсан тухайгаа ярив. “Гэхдээ гэрчлэл маань бөхөж эхэлсэн” гэж тэр хэллээ.

Тэр өөрийгөө зарим талаараа Амюлектэй, ялангуяа Аммонайхагийн хүмүүст өөрийгөө дүрслэн хэлсэнтэй нь адил болохыг олж мэджээ. “Би зүрх сэтгэлээ хатууруулсан, учир нь би олон удаа дуудагдсан боловч би сонсохоос татгалзсан; тиймийн тул би эдгээр зүйлүүдийн талаар мэдэж байсан боловч мэдэхийг хүссэнгүй” (Алма 10:6).

Ораноагийн хувьд энэ судар маш их утга учиртай. “Амюлектэй л адил би эдгээр бүх сүнслэг зүйлийг мэдэж байсан бөгөөд Сүнс надад тодорхой зүйлсийг хийхийг зөвлөж байсан ч зөрүүд, бардам зангаасаа болоод би тэдгээрийг үйлдээгүй. Үүний дараа гэрчлэл маань бөхөж эхэлсэн.”

Эцэст нь Тэ Ораноагийн хувьд Амюлекийн түүх зүгээр л нэг танил зүйлээс илүү утга учиртай болсон байна. Энэ нь буцах замдаа гарах шийдвэрлэх мөч болжээ.

Сайн сайхан дурсамжаа санах нь

Итгэл нь бөхөж байсан үед ч тэр урьдын сайн сайхан дурсамжуудаа санасаар байжээ. Ораноа өсвөр үеийнхэнтэй хамт ариун сүмд орж мөн өсвөр үеийн чуулганд явж байхдаа мэдэрсэн зүйлээ хэзээ ч мартаагүй.

“Бараг л хэвшил болчихсон байсан” гэж тэр хэллээ. “Би сүмд ирсэн үедээ сайн сайхныг мэдэрдэг байсан ч сүмд яваагүй үедээ хэцүүхэн л байдаг байв.”

Эцэст нь нэгэн өдөр Тэ Ораноа тэдгээр сайхан мэдрэмжээ дахин мэдэрч чадах эсэхээ харахаар шийджээ. Тэр юуны түрүүнд хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы үгсийг уншсан байна.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Алма, Амюлек хоёроос суралц” хэмээх үг Тэ Ораноагийн бодгальд ямар нэг зүйлийг өдөөжээ. Түүний амьдралын олон хэсэг ба мэдэрсэн мэдрэмжүүд ерөнхийлөгч Угдорфын Амюлекийн итгэл хэрхэн бөхсөнийг дүрсэлсэнтэй адил болохыг мэджээ. Тэр итгэлээ хүчирхэг байх үед мэдэрсэн баяр баясгалангаа урьд урьдынхаас илүү тод томруун санажээ. Тэр даруйхан өөрчлөлт хийхээр шийдсэн байна.

“Би гэрчлэлийнхээ галыг өрдөх ямар нэгэн зүйл олно гэж найдаж байсан учраас ерөнхийлөгч Угдорфын үгийг уншсан. Тийм ээ, би галаа өрдсөн.”

Мөнх амьдралд найдах нь

Тэ Ораноагийн итгэл рүүгээ буцах зам үргэлж дардан байгаагүй ч хонгилын үзүүр дэх нэгэн гэрэл болох мөнхийн гэр бүлийн найдвар түүнийг авч явжээ.

“Гэр бүлүүд үүрд хамт байх болно” гэж тэр хэллээ. “Энэ бол амьдралын маань хамгийн том хүсэл мөрөөдөл, итгэл найдвар юм. Би ямар нэгэн зүйлийн талаар суралцах эсвэл ямар нэгэн ойлгоход хэцүү сургаалыг олох үедээ эдгээрийг мөнхийн гэр бүлтэй холбохыг хичээдэг. Жишээлбэл, Есүс Христийн Цагаатгал яагаад надад чухал вэ? Нэг үгээр хэлбэл, ариун сүмд орж, гэр бүлтэйгээ мөнхөд лацдан холбуулахуйц зохистой байхад Түүний Цагаатгал амьдралд маань хэрэгтэй.

Бурхан руу эргэх нь

Жимснээс нь хүртсэн ч төөрөлдөн одсон Лихайн зүүдэн дэх хүмүүс ядаж л хүртсэн гэдгийг санахад илүүдэхгүй байх. Тэд үүний сайн сайхныг, бүр багахан ч болов мэдсэн байх ёстой. Тиймээс тэд дахиад мэдэрч чадна. Энэ нь Тэ Ораноагийн өөрийнхөө болон бусдын талаар тээж явдаг итгэл найдвар юм.

“Та нар насан туршдаа тэр хориглогдсон замаар төөрч явах шаардлагагүй” гэж тэр хэллээ. “Та нар хүссэн цагтаа Их Эзэн рүү эргэх боломжтой.”