2017
Зориг гарган, хуваалц!
December 2017


Зориг гарган, хуваалц!

Зураг
Be Brave and Share

Гэр бүл маань дэлхийн олон газарт амьдарч байсан. Бидэнд олон янзын хүмүүстэй уулзаж, сайн мэдээг хуваалцах хэд хэдэн боломж байсан. Мөн хүүхдүүд маань гэрчлэлээ хуваалцсанаар бусдыг адисалж байсан.

Хүүхдүүдээ бага байхад бид Казакстанд амьдардаг байлаа. Тэр үед тэнд ямар ч номлогч байгаагүй. Найз нөхөд, хөршүүд маань сайн мэдээг сонсохыг хүсвэл бид номлогч болох ёстой болдог байв.

Охин Марнэ маань найз Алёонатайгаа сайн мэдээг хуваалцсан юм. Алёона ээжийнхээ зөвшөөрлөөр баптисм хүртэхээр шийдсэн бөгөөд хожим ээж нь ч бас дүүтэй нь хамт баптисм хүртсэн. Саяхан Алёона Нью-Йоркийн Манхэттэн ариун сүмд зөв шударга эрэгтэйтэй гэрлэсэн бөгөөд Марнэ тэнд байх боломжтой байсан. Тэр найздаа Есүс Христийн тухай мэдэхэд нь тусалсандаа маш их баяртай байв.

Биднийг АНУ-ын Виржиниад амьдарч байхад хүү Крис маань Хүүхдийн хэсэгт явдаг байв. Крисийн нэг найз, гэр бүлийнхээ хамтаар номлогчидтой уулзаж эхэлсэн бөгөөд Крис гэр бүлд нь заахад тусалсан. Тэр хичээл бүрийн өмнө бэлтгэлээ базаан, тэдний асуултад хариулахад тусалдаг байв. Тэр гэр бүл баптисм хүртэхээр шийдсэн. Үүний дараа Крис номлолд үйлчилж чадах эсэхтээ дахин эргэлзэхээ больсон юм. Тэр хийж чадна гэдгээ мэдэж байсан.

Өөр нэгэн удаа нэгэн эрэгтэй байшинг маань засах гэж ирсэн бөгөөд ажлаа дуусгасных нь дараа эхнэр маань түүнд талархан, “Бид танд бэлэг өгмөөр байна” гэж хэлж билээ. Тэр түүнд Мормоны Номыг өгөхөд

тэр эрэгтэй сэтгэл дундуур байв. Тэр бидний юунд итгэдгийг ойлгоогүй бөгөөд биднийг Есүс Христэд итгэдэггүй гэж бодож байж.

Крис зориг гарган, гэрчлэлээ түүнтэй хуваалцсан юм. Крис өөрийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн ба Есүс Христэд итгэдэг гэж хэлсэн.

Тэнгэрлэг Эцэгийн олон хүүхэд сайн мэдээний тухай мэддэггүй. Бусад нь биднийг Есүст итгэдэг гэдгийг ойлгодоггүй. Энэ хүмүүст өөрсдөд нь сайхан хандаж, ярилцах хүн хэрэгтэй байдаг. Бид зориг гарган, гэрчлэлээ хуваалцаж чадна. Бид бусдад Есүс Христийн тухай мэдэхэд тусалж чадна.