2014
Мормончууд Бурханд итгэдэг
долоодугаар 2014


Мормончууд Бурханд итгэдэг

Энэ өгүүллийг бичигч Мексикийн Чиуауад амьдардаг.

Гэрээсээ хол байхдаа нисэх онгоцны буудал дээр нэг танихгүй хүнтэй сайн мэдээг хуваалцах боломж надад олдож билээ.

Зураг
A group of people waiting in an airport terminal.

Зураг чимэглэлийг Стивэн Кийл

Би Мексикээс АНУ-ын Монтана руу аялах замдаа Колорадогийн Денверт түр буудалласан юм. Би нисэх буудал дотор алхангаа газардаж, хөөрч буй онгоцуудыг том цонхоор харж байлаа. Би өмнө нь хэзээ ч нисч үзээгүй учраас сандарч байв. Нисэх буудал маш том санагдсан.

Би тасалбараа хараад онгоц нисэх хүртэл надад хоёр цаг байгааг мэдэв. Би онгоцондоо суух хүртлээ суугаад юм уншиж болох газар олохоор шийдэв. Би суух газар хайж явахдаа хүмүүсээс бага зэрэг цэрвэж байв. Бараг бүх сандал хүнтэй байлаа. Би ганцаараа сууж байсан нэг ахимаг насны эмэгтэйн хажууд суухаар шийдэв. Зөвхөн тэр л надад айж цэрвэм санагдсангүй.

Түүнтэй ярилцах шийдвэр гаргатал бараг нэг цаг өнгөрөв. Намайг өөрийгөө танилцуулахад тэр ач, зээ нарынхаа амжилтуудаас их л найрсгаар, тун дуртай ярьж байв. Тэр надаас миний талаар бага сага юм асуухад нь би түүнд Мексикт өнгөрүүлсөн бүх амьдралынхаа тухай ярьсан юм. Тэгтэл надад түүнтэй сайн мэдээг хуваалцах өдөөлт гэнэт төрлөө. Тэр надаас миний шашны талаар асуухад би түүнд өөрийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгээ хэлэв.

Тэр энэ нэрийг хэзээ ч сонсож байгаагүй гэлээ.

Би инээмсэглэн, “Хүмүүс биднийг мормончууд гэдгээр нь мэддэг” гэж хэлэв.

Түүний хандлага гэнэт өөрчлөгдөв. Нүүрнийх нь хувирал болон надтай ярьж буй байдал нь өөр болж, тэрээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой харагдав. Бидний яриа ингээд дууслаа гэсэн мэдрэмж надад төрсөн боловч би түүнтэй яриагаа үргэлжлүүлэхийг хичээсэн юм. Би түүний шашны талаар асуув. Тэр ямар ч эргэлзээгүйгээр “Би католик шашинтай” гэв.

Тэгээд тэр “Би сайн ойлгосонгүй. Чи их сайн охин шиг байна. Аятайхан ч ааштай юм. Чи яагаад мормон байхыг хүсдэг юм бэ?” гэж асуув.

Энэ үг намайг цочирдуулсан болохоор би хэрхэн хариулахаа мэдсэнгүй. Би чимээгүйхэн залбирч, хожмын үеийн гэгээнтэн байх нь миний хувьд ямар утга учиртайг тайлбарлахад туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйв. Би сүмийн гишүүн байгаадаа баяртай байдгаа мөн сайн мэдээний заадаг зүйлсийн ачаар илүү сайн хүн болж, аливаа зүйлсийг үүрд мөнхийн талаас нь харах боломжтой болсон гэдгээ түүнд хэлэв.

Тэр гайхсан янзтай харснаа “Мормончууд Бурханд итгэдэггүй шүү дээ” гэх нь тэр.

Би энэ үгийг сонсоод инээхгүй байхыг хичээв. Харин би инээмсэглээд энэ бол үнэнийг түүнтэй хуваалцах боломж гэдгийг ойлгосон юм. Би итгэдэг үндсэн зүйлүүдээ түүнд тайлбарлаж, авралын төлөвлөгөө болон гэр бүлүүдийн ач холбогдлын талаар заалаа. Тэр итгэсэн байдалтай харагдахгүй байсан учраас би түүнтэй гэрчлэлээ хуваалцахаар шийдэв. Тэр том нисэх буудалд би Иосеф Смитийн тухай болон амьд бошиглогч, төлөөлөгчдийн талаар мөн сайн мэдээг болон Мормоны Номыг хайрладаг хайрынхаа талаар гэрчлэлээ хуваалцах зоригоор адислагдсан юм.

Би цаг харав. Онгоцондоо суух цаг болсон байв.

Энэ туршлага урьд өмнө үзэж байгаагүйгээр гэрчлэлийг минь хүчирхэгжүүлсэн юм. Би түүнтэй гэрчлэлээ хуваалцаж, сүмийн гишүүдийн талаарх түүний ойлголтыг өөрчлөхөд туслах боломжтой байсандаа жаргалтай бас талархалтай байлаа. Одоо хэн нэгэн хүн сүмийн талаар асуувал би өөртөө илүү итгэлтэй байж чадна.