2014
Та миний гэрлэлтийг аварсан
долоодугаар 2014


Та миний гэрлэлтийг аварсан

Англи, Йоркшир, Нийл С.Рои

Би 1979-1986 онд Оманд барилгын ажил хийж байхдаа Батлан Хамгаалах Яаманд ажилладаг байлаа. Хүрч очиход хамгийн хэцүү газарт байршилтай төслүүдийг Яам өгдөг байсан бөгөөд ихэнх тохиолдолд төслүүдийг би ганцаараа хариуцдаг байв. Би бас яамандаа цорын ганц сүмийн гишүүн байлаа.

Нэг өдөр би компанийхаа төв байранд өмнө нь сүмийн талаар сөрөг зүйл хэлж байсан нэгэн цахилгааны инженертэй тааралдлаа. Би өөр төсөл дээр ажиллахаар явахаасаа өмнө төв албанд богино хугацаагаар ажилладаг байсан болохоор түүний хэлсэн үгийг тэвчин өнгөрүүлсэн юм.

Удалгүй энэ залуу Оманы Йементэй залгаа хилийн ойролцоо баригдаж байсан төслүүдийн цахилгааны ажлыг шалгахаар томилогдсон байв. Түүнийг төв алба руу буцахаас өмнө бид хоёр нэг цагийг хамт өнгөрөөх хуваарьтай байлаа.

Тэр ирээд ажил шалгахад бүх зүйл санаанд нь нийцэв. Би түүнтэй хамт байхдаа ярианы сэдвээ ажил руугаа чиглүүлэхийг хичээж байсан бөгөөд түүнийг явах болоход нислэгийн зурвас руу машинаараа хүргэж өглөө.

Энэ үе борооны улирал байсан бөгөөд Энэтхэгийн далайгаас 6000 тохой (1830 метр) өндөрт орших уулын өндөрлөг хэсэгт байрлах нислэгийн зурвас үүлээр бүрхэгдсэн байв. Хамт ажилладаг хүний маань нислэг хойшлогдлоо.

Би энэ хүнтэй нислэг хүлээж, машин дотор хамт байхаас аргагүй болсноо мэдэх үед зүрх хүчтэй цохилж байлаа. Чимээгүй залбирсныхаа дараа би энэ залуугийн гэр бүл, ялангуяа эхнэрийнх нь талаар асууя гэсэн бодол санаанд орж ирэв.

Намайг асуухад эхнэр маань надаас салах бодолтой байгаа гэсэн гэж хэлээд инженер залуу гэнэт уйлж эхлэв. Хайр гэдэг үг тэр даруй миний санаанд орж ирсэн бөгөөд хоёр цагийн турш бид бусдыг хайрлах хайрын тухай болон бид бүгдийг хайрладаг Их Эзэн Есүс Христийн хайрын талаар ярилцлаа. Бид нэг л мэдэхэд найзууд болчихсон байв. Биднийг ярьж дуусахад үүл арилж, инженер онгоцондоо суусан юм. Удалгүй тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, гэртээ буцсан тухай би сонсч билээ.

Хэдэн жилийн дараа би Аароны санваартан залуу эрэгтэйчүүдтэй хамт Английн өмнөд эргийн хот Плаимаутад зугаалж явахдаа нэг эрэгтэй хүн миний өөдөөс ирж явахыг анзаарлаа. Тэр над руу ойртон ирээд “Би чамайг байна гэж бодсон шүү, Нийл ээ” гэв.

Энэ хүн бол Оманаас ирсэн нөгөөх цахилгааны инженер байлаа. Түүний: “Тэр өдөр уулан дээр надтай хайрын талаар ярилцсанд баярласан шүү. Та миний гэрлэлтийг аварсны төлөө би үргэлж талархаж явах болно” гэж хэлсэн үг миний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм.

Бид хэдэн үг сольсны дараа тэр яваад өгсөн. Түүнээс хойш би түүнтэй уулзаагүй.

Би Оманд хүлээн авсан тэрхүү сүнслэг удирдамжинд үргэлж талархаж явах болно. Энэ нь инженер залууг адисалж, гэрээсээ хол, ганцаараа байх үедээ сүмийн заадаг зүйлүүдийг дагах хүч чадлыг надад өгсөн билээ.