2014
Елиа
долоодугаар 2014


Хуучин Гэрээний бошиглогчид

Елиа

“Eлиа бол хамгийн агуу бошиглогчдын нэг байсан бөгөөд Их Эзэн түүнд лацдах хүчийг өгсөн юм.”1 —Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972)

Зураг
The Old Testament prophet Elijah standing next to an altar. Elijah has his arms extended as he commands fire from heaven to consume the altar.

Би Израилын хойд хаант улсад тохинуулдаг бошиглогч байсан.2 Израилчуудын ёс бус байдлын улмаас би бороо оруулахгүй байхаар тэнгэрийг лацдаж, уг нутагт өлсгөлөн бий болгосон. Өлсгөлөнгийн үеэр би нэгэн горхины хөвөөнд амьдарч байсан бөгөөд хэрээнүүд надад хоол авчирдаг байлаа. Гэвч удалгүй горхи хатаж ширгэсэн юм.3

Их Эзэн надад Зарефатад амьдардаг нэгэн бэлэвсэн эмэгтэй рүү очихыг зарлигласан бөгөөд тэр намайг хооллох болно гэж хэлсэн. Тэр эмэгтэй өөртөө болон хүүдээ зориулан сүүлчийн хоолоо хийхээр түлээ түүж байхыг би олж харав. Хэрэв тэр намайг эхлээд хооллох юм бол “Эзэн энэ газрын гадарга уруу дахин бороо оруулж өгөх өдрийг хүртэл хул аяган дахь гурил ч дуусахгүй, тостой ваар ч хоосрохгүй” гэж би түүнд хэлсэн.4 Тэр итгэлтэй байсан бөгөөд Их Эзэн амлалтаа биелүүлсэн юм.

Намайг бэлэвсэн эмэгтэйн гэр бүлтэй хамт амьдарч байхад хүү нь нас барав. Би тэгэхэд, “Миний Эзэн Бурхан, энэ хүүгийн амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна” гэж хэлэв.5 Их Эзэн миний залбирлыг сонссоноор түүний хүү амилав.6

Дараа нь би Баалын тахилчдыг тэмцээнд дуудаж, Их Эзэний хүчийг Израилын ард түмэнд үзүүлсэн юм. Тахилчид тахил бэлтгэж, доош гал илгээхийг хүсэн, Баалыг бүтэн өдөр дуудсан боловч ямар ч гал үзэгдсэнгүй. Би Израилын 12 овгийг төлөөлсөн 12 чулуугаар тахилын ширээ босгож, ширээг тойруулан шуудуу ухав. Тэгээд би тахилын ширээ болон шатаалт тахил дээр 12 домбо ус асгахад ус модыг норгож, шуудууг дүүргэв. Намайг Их Эзэнийг дуудахад Тэрээр галыг доош буулгаж, шатаалт тахил болон тахилын ширээг шатааж, усыг ширгээв. Дараа нь би Их Эзэнд хандан залбирахад Тэрээр тэнгэрээс аадар бороо оруулав.7

Амьдралынхаа төгсгөлд би нас бараагүй харин галт сүйхээр тэнгэрт одсон юм.8 Христийн мөнх бус тохинууллын үеэр би Хувиралтын уулан дээр үзэгдэж, Петр, Иаков, Иохан нарт санваарын түлхүүрүүдийг өгсөн.9

Хожмын өдрүүдэд би дахин үзэгдэж, “эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэхээр” 1836 оны 4-р сарын 3-нд Көртлэндийн ариун сүмд ирж, лацдах хүчний түлхүүрүүдийг Иосеф Смит, Оливэр Каудери хоёрт сэргээж өгсөн билээ.10