2011
Гэр бүлийн үдшийн санаанууд
2011 оны дөрөвдүгээр сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглаж болох өгүүллүүд, үйл ажиллагаанууд багтсан. Зарим жишээг доор харуулав.

“Түүнийг үргэлж санахын тулд” 20-р хуудас: Ахлагч Кристофферсоны өгсөн “Бид хийдэг бүх зүйлээ эргэн харж, цэгнэн, Аврагчийг амьдралынхаа гол төвд тавьж, хамгийн чухал зүйлсийг эн тэргүүнд анхаардаг болж, амьдралаа шинээр төлөвшүүлэхээс эхэлж болно” гэсэн зөвлөгөөг гэр бүлээрээ харилцан ярилцаарай. Ахлагч Кристофферсоны өгүүлсэн “Аврагчаа үргэлж санаснаар” ирэх адислалуудыг мөн харилцан ярихаар бодож үзээрэй.

“Судрын хүч” 52-р хуудас: Энэ нийтлэлийг уншаад, гэр бүлийн гишүүдээс судраас унших болон семинарт явах талаарх санаа бодлоо хуваалцахыг хүс. Судрын хүчний тухай өөрсдийн гэрчлэлийг өдрийн тэмдэглэлдээ бичихийг тэднээс хүс. Хүүхдүүдээ төгс эзэмших судруудыг судалж, тэдгээрийг цээжлэхэд нь урамшуулан дэмж.

“Есүс Христ Зууч” 56-р хуудас: Өгүүллийг унших явцдаа Зуучийн тухай анхааралтай сонсохыг гэр бүлийн гишүүдээсээ хүс. Хүн төрөлхтний өрийг Зууч төлж туслаагүй бол юу тохиолдох байсан бол гэж тэднээс асуу. Аврагч бол Зууч гэсэн судруудыг уншиж, харилцан ярилцаж болно. Холбогдох судрууд:2 Нефай 2:27–28 ба Aлма 42:24–25-ыг уншихыг бод.

“Сайхан хувцаслаад,” 70-р хуудас: Гэр бүлийн гишүүдийг ямар нэг дүрийн хувцас өмсөх эсвэл хэн нэг хүн болон хувирахыг хүс. Хүн болгоныг тэд хэний дүрд тоглосноо хэлэхийг хүс. Түүхийг уншсаны дараа, бид хэний ч дүрд хувирсан бай бүгдээрээ Бурханы хүүхдүүд хэвээрээ байдгийг тайлбарла.

Аз жаргалтай мөчүүд ба мөнхийн холбоо

Манай хүүхдүүд бага байхдаа гэр бүлийн цуглааны дараа тоглох дуртай байлаа. Тэдний тоглох дуртай нэг тоглоом нь “Бүдүүн хошуут заан” гэдэг нэртэй бөгөөд Жоселен охиныхоо сургууль дээрээ сурсан дууны нэрээр нэрлэсэн байлаа. Бид дууг дуулсны дараагаар би заан болж хүүхдүүдээ нуруун дээрээ суулган явдаг байв. Хамгийн түрүүнд хоёр настай Хорге хүүгээ, дараа нь дөрвөн настай Жоселеныгаа, хамгийн сүүлд нь эхнэр Элизабетаа суулган тоглодог байлаа. Тэгээд гурвууланг нь хамт суулгачихаад зочны өрөөгөө тойрон явна даа. Бид маш хөгжилтэй байдаг байсан.

Олон жилийн дараа манай хоёр хүүхэд насанд хүрч, хоёул номлолын дуудлагаа хүлээж байв. Нэг гэр бүлийн үдшийн үеэр хүүхдүүд маань “Бүдүүн хошуут заан” тоглоомоо дурсаж билээ. Бид нөгөө дуугаа дуулж, олон жил завсарласны дараа би дахиад л заан болон хувирлаа. Эхлээд хүү маань, дараагаар нь охин, эцэст нь эхнэр маань миний нуруун дээр гарлаа. Би тэднийг даалгүй шалан дээр хэвтээд өглөө. Бид бүгдээрээ элгээ хөштөл инээлдэж билээ.

Үүнтэй төстэй дурсамжууд маань, гэр бүлийн үдшээ хийж байхыг сургасан бошиглогчдод талархах сэтгэлийг бидэнд төрүүлдэг юм. Бид гэр бүлийн үдшээ хэчнээн энгийн хийдэг ч, мөнхийн холбоогоо бэхжүүлэхэд тусалдаг гэр бүлийн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрөөх боломжтой байх нь хамгийн чухал юм гэдгийг ойлгосон билээ.

Виктор Ж.Чауса Ревера