2011
Би Сүмийг сонирхдоггүй байлаа
2011 оны дөрөвдүгээр сар


Би Сүмийг сонирхдоггүй байлаа

Танитоа Секстон, Маршаллын арлууд

Номлогчдоор хөвгүүддээ заалгавал яасан юм бэ? гэж эхнэрийгээ асуухад би Сүмийг огт сонирхдоггүй байлаа. Гэвч би болохгүй гэж хэлээгүй. Учир нь эхнэр маань аль хэдийн Сүмийн гишүүн болсон байлаа.

Номлогчдыг долоо хоногт хоёр удаа манайд ирэхэд би зэргэлдээ хаалганд байдаг найзынх уруугаа очдог байлаа. Манай найз Христийн өөр сүмийн бат бөх итгэлтэй гишүүн байв. Намайг түүнтэй уулзах болгонд тэр Библийн тухай ярилцахыг хүсдэг байв. Би ийм зүйл сонирхдоггүй гэж түүнд хэлээд шашны талаар мэдэхийг хүсдэггүй байлаа. Гэвч тэр надад итгүүлэхийг үргэлж хичээдэг байсан учир эцэстээ би зөвшөөрөв. Ингээд номлогчид манай хөвгүүдэд зааж байх үеэр би Библийг найзтайгаа удаан хугацаанд судлав.

Нэг өдөр номлогчдыг манайд ирэхэд, би найзынх уруугаа явсангүй, зэргэлдээ өрөөнд байхаар шийдэв. Номлогчид манай хөвгүүдэд зааж эхлэхэд бүр илүү их сонсмоор санагдлаа. Тэдний зааж байгааг бүр сайн сонсохын тулд хаалганд ойртсоор байв. Номлогчид манай хөвгүүдэд төлөөлөгчид, бошиглогчдын тухай зааж байв.

Хожуухан би бүр илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа мэдэв. Тэгээд номлогчидтой ярилцаж, ярилцлагыг ганцаараа нууцхан авахаар шийдэв. Ярилцлага дээр манай эхнэр үргэлж байдаг байв, харин өөр хэн ч энэ тухай мэдээгүй.

Иймээс номлогчид манай хөвгүүдэд заахаар долоо хоногт хоёр удаа ирэхэд нь би найзынх уруугаа явдаг байв. Дараа нь тэд өөр өдөр надад заахаар ирнэ.

Нэг өдөр найз маань манай Сүмийн талаар нэг тусгүй зүйл хэлэхэд нь би сүмээ хамгаалав. Маршаллын арлуудын хүмүүсийн адил тэр манай Сүмийн тухай төдийлөн мэдэхгүй бас Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн итгэдэг зарим зүйлийг буруу ойлгосон байлаа. Түүнийг бусад сөрөг зүйлсийн тухай ярихад би Сүмээ дахин хамгааллаа.

Тиймэрхүү байдлаар долоон сар өнгөрөв. Номлогчдын заасан бүхэн үнэн гэдгийг Ариун Сүнс надад баталсныг би нэг өдөр мэдлээ. Би хэдийгээр сайн мэдээний талаар багахан мэдлэгтэй байсан ч баптисм хийлгэх хэрэгтэйгээ ойлголоо.

2007 онд би баптисмынхаа дараа үнэхээр аз жаргалтай болов. Бид Хавайн ариун сүмд явахаар мөнгө цуглуулж эхлэв. Ингээд 2008 оны арванхоёрдугаар сард эхнэр бид хоёр гурван хүүхдийнхээ хамт лацдан холбуулсан.

Сүмийн гишүүн болсон нь миний амьдралд асар их нөлөө үзүүлсэн юм. Шөнө орой болсон хойно гэртээ буцаж ирдэг болон хувцсанд минь тамхины утаа шингэдэг байснаас би зоогийн газарт үйлчлүүлэгчдийг цэнгүүлдэг байсан хоёр дахь ажлаасаа гарахаар шийдэв. Нэмэлт орлогоо алдсан ч Их эзэн бидний төлөө санаа тавьсан юм.

Надад мэдрэгдсэн Сүнсээр болон хүлээн авсан адислалуудынхаа ачаар би Сүм үнэнийг, Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэднэ.