2010
Өөрсдийгөө хамгаалалгүйгээр сайн мэдээг хуваалцах нь
2010 оны долдугаар сар


Сайн мэдээг итгэлтэйгээр хуваалцах нь

2009 оны 8-р сарын 13-нд Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үгнээс. Англи хэл дээрх бүрэн эхийг www.newsroom.lds.org-т орж үзнэ үү (“News Releases & Stories” дээр дар).

Бид байр сууриа Бурханы Хүүгийн сургаалууд дээр тулгуурлаж, Түүний зарлигуудыг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсэн үед өөрсдийгөө өмгөөлөх буюу зөвтгөх аливаа аян шалтаг эрж хайдаггүй билээ.

Зураг
Elder M. Russell Ballard

Бид агуу тэмцлээр тэмцэж байгаа хүмүүс. Хүн төрөлхтний түүхийн эхлэлээс хойш энэхүү тэмцэл зогсолтгүй үргэлжилж байгаа билээ. Сайн, муу хоёр бидэнтэй үргэлж хамт байсан бөгөөд чухам иймээс сонгох эрх байдаг шүү дээ. Үнэний төлөө тууштай зогсох зарим санаа бодлыг хуваалцахыг би хүсч байна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээтнүүдийн Сүмийн гишүүдийн талаар бусад хүмүүс юу гэж боддог тухай нэг судалгааг би саяхан олж үзлээ. Миний бие Сүмийнхээ ажил үүргийн дагуу номлолын ажлын талбарт хийх зүйл их байдаг учраас энэ сэдвийг аль эртнээс сонирхсоор ирсэн юм. Бидний талаар бусад хүмүүс юу гэж боддогийг мэдэх нь бид өөрсдийгөө хэрхэн хамгийн сайнаар тайлбарлах учиртайг ойлгоход чухал юм. Судалгааны энэ хэсэг миний сонирхлыг их татсан. Сүмийн гишүүдийг, гишүүн бус хүмүүстэй харьцуулахад өөрсдийгөө ихэд хамгаалдаг нь заримдаа харагддагийг судалгаанд дурджээ. Мормончууд итгэлээ тайлбарлахдаа шүүмжлүүлж магадгүй гэсэн болгоомжлол бүхий үг хэллэгээр санаа бодлоо илэрхийлдэг гэж бүр нэг оролцогч хэлсэн байна.

Би иймэрхүү дүгнэлтийг урд нь сонсож байсан л даа. Би энэ тухай бодох тусам, хэрэв бид анхааралтай байхгүй бол бусадтай харилцах харилцаандаа өөрсдийгөө хамгаалдаг гэсэн мэдрэмжийг тэдэнд хэчнээн амархан төрүүлж болохыг улам илүү ойлгодог болж байна.

Шалтгаан нь ч бас ойлгомжтой юм. Иосеф Смит 1820 оны хавар Ариун ойн цоорхой уруу очсон тэр үеэс хойш бидний захиаст сөргөөр, тэр ч байтугай дайсагнан ханддаг хүмүүс байсаар ирсэн шүү дээ. Иосеф харсан зүйлээ гэр бүлийнхээ гишүүдээс өөр хүмүүстэй хуваалцах гэж оролдсон эхний үед энэ нь огтхон ч таатай зүйл байгаагүйг тэрээр тайлбарласан юм. Тэрээр харсан зүйлээ протестант шашны үйлчлэгчтэй хуваалцахад сайхь үйлчлэгч, “энэ бүхэн чинь чөтгөрөөс ирсэн байна” гээд “илчлэлт буюу үзэгдэл мэтийн юмс байхаа больсон шүү дээ” (Иoсеф Смит—Түүх 1:21) гэжээ.

Хэрэв Иосеф үүнийг муу зүйл гэж бодсон бол дайсны бурангуй хүчийг таниагүйгээс болсон хэрэг байх нь л дээ. Сүм өсч хөгжихийн хэрээр дайсагнал улам нэмэгдэж байсан шүү дээ. Цөөн тооны итгэлтэй Гэгээнтнүүдийн бүлэг нэг газраас нөгөөд албадуулан хөөгдсөөр байсан билээ. Миссурийн захирагч Сүмийн гишүүдийг хүйс тэмтрэн устгах захирамж гаргаж, улмаар Бошиглогч бусад нөхдийнхөө хамт Либерти шоронд хоригдож, аймшигт зовлон зүдгүүр амсахад Иосеф байдал үүнээс илүү яаж дордох билээ гэж бодсон байх. Харин ч хэрэг дээрээ байдал үүнээс ч илүү дордож Иосеф, Хайрум хоёр ажил, гэрчлэл, итгэлийнхээ төлөө амь насаа алдсан юм. Америкийн уудам хээр талыг туулан Нэгдсэн Улсын Хадат Уулсын дунд толгой хоргодох газар уруу Бригам Янгаар удирдуулсан өрнөдийг зорьсон их аян үйл явдлын эцсийн өрнөл байлаа.

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хатуу бэрхийг үзэж, халуун чулуу долоосон түүхүүд болон хийсэн золиослол нь түүхийн салшгүй хэсэг юм. Өвөг дээдэс нь тэрхүү хатуу бэрх цагийг биеэр туулж өнгөрүүлээгүй хөрвөгчид хүртэл Сүмийн эхэн үед амьдарч, тэмцэж явсан хүмүүс болон энэ үеийн түүхийг өөрсдийн өвийн хэсэг хэмээн үзэж баяртайгаар хүлээн авч байна. Эдгээр түүхүүд бидэнд сүнслэг нөлөө үзүүлж, урам дэм хайрладаг болохоор эхэн үеийн тэрхүү шантаршгүй эрэлхэг зоригт, итгэлтэй Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг болон тэднээс авч болох сургамжийг бид харьцангуй тайван байгаа үедээ хэзээ ч мартахгүй гэдэгт миний бие найдан, залбирдаг билээ.

Гэвч өнөөдөр 1830 он биш, тэр тусмаа бид зургуулхнаа биш шүү дээ. Үзэн ядагдсан цөөнх байж, Өрнөд нутаг уруу албадуулан хөөгдсөн тэрхүү хувь тавилан бидэнд дахин тохиож болзошгүй хэмээх бодол зарим хүмүүсийн өөрсдийгөө хамгаалах үзэлд нөлөөлдөг юм болов уу? Бид бусад хүмүүстэй харилцан ажиллахдаа үргэлж өөрсдийгөө хамгаалахыг хичээдэг гэж үү? Хэрэв тийм бол, бид энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Биднийг шүүмжилж, эсэргүүцэж мэднэ гээд үргэлж болгоомжилж цэнээд байх юм бол энэ нь бусад хүмүүстэй харилцах бидний харилцаанд муугаар нөлөөлж, өөрсдийгөө өмөөрөх эрүүл биш бодол санаа, хандлагад хүргэж мэднэ. Энэ бол бид Есүс Христийг дагалдагчдын агуу байгууллага болсон сүмд өнөө үед нийцэшгүй зүйл юм.

Аврагчийн үлгэр жишээнд найд

Бид бүх зүйлд Аврагчийг өөрсдийн үлгэр жишээ болгон Түүнд найдлага тавьж болно. Тэрбээр үйлчлэлийнхээ улмаас асар их дайсагналтай тулгарсан билээ. Түүнийг Назар хотын синагогт анх номлох үед зарим хүмүүс түүнийг цохио хадан дээрээс түлхэн унагаахыг хүсч байлаа (Лук 4:28-29-ийг үз). Гэвч Тэрээр айж сүрдээгүй билээ. Ихэнхдээ Өөрийг нь буруугаар ойлгоно гэдгийг Тэр мэдэж байлаа. Гэвч Тэрээр “ … хэмээн айлдсаныг та нар сонссон, харин би та нарт хэлье …” (Maтай 5:21-22) гэх зэрэг үг хэллэгийг ашиглан Өөрийн сайн мэдээг айж эмээлгүйгээр тунхагладаг байв. Тэрээр хэлэхийг хүсч байгаа зүйлээ мэддэг бөгөөд өршөөл гуйлгүйгээр хэлдэг байлаа. “Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байсныг” (Maтай 7:29) судар өгүүлдэг билээ.

Хэрэв бид өнөөдөр бусдын хүндэтгэлийг хүлээхийг хүсч байгаа бол, итгэлийнхээ төлөө бусдаас хүлцэл өчих хэрэггүй бөгөөд өөрсдийнхөө хэн болох тухай мэдлэг дээр тулгуурлан, юуны төлөө тэмцэж байгаагаа ухамсарлан итгэлтэйгээр ажиллах хэрэгтэй. Гэвч энэ нь бид сэхүүн бардам, дарамтлагч зан авиртай байх ёстой гэсэн үг биш шүү. Бусдын үзэл бодлыг хүндэтгэх нь бидний хувьд ямагт үндсэн зарчим байх ёстой. Энэ зарчим Итгэлийн Тунхагт чухал хэсэг болж орсон юм (Итгэлийн Тунхаг 1:11-ийг үз). Гэвч бид хавчигдсан цөөнх лүгээ адил эсвэл биднийг буруу ойлгож шүүмжлэх вий гэж цэнээд байх юм бол, хүмүүс үүнийг мэдэрч, үүнд тохируулан хариу барих болно шүү дээ.

Энэ асуудалд бүр илүү мэдрэмтгий байхыг би буцаж ирсэн номлогчдоос хүсч байна. Номлогчид та нар хоёр жилийг хаалга тогшиж өнгөрөөхдөө эргэлзээтэй элдэв асуулт, эсэргүүцэлтэй тулгардаг. Та нар хаалга тогшсоор л яваа юм шиг ярих гээд байдаг. Тийм биш шүү дээ. Хэрэв та нар итгэдэг зүйлээ хуваалцах байр сууринд байгаа л бол алхам бүрээ цэнэж бэргээд байгаа юм шиг эсвэл шүүмжлүүлэхээс бултаад байгаа юм шиг бусдад харагдах хэрэггүй. “Би сайн мэдээнээс ичихгүй” (Рoм 1:16) гэж Төлөөлөгч Паул хэлсэн байдаг. Бидний хэн нь ч гэсэн бас ийм л байх ёстой. Сэргээлтийн гайхамшигт захиасын тухай гэрчлэлээ хуваалцах боломж бүрийг би хүсэн хүлээж байдаг. Ийм боломж бүрд үлэмж баяртай байдаг. Ингэхдээ хэн нэгнийг гомдоож байснаа огт санадаггүй.

Энэ сэдэв өнөө үед чухал болж байгаагийн нэг шалтгаан нь Сүм улам хүчирхэгжиж байгаатай холбоотой юм. Манай Сүм эдүгээ Нэгдсэн Улсын дөрөв дэх том сүм болоод байна. Өнөөдөр Хожмын Үеийн Гэгээнтнүүд улс орныхоо өнцөг булан бүрд газар сайгүй аж төрж байна. Бид ихэвчлэн Өрнөд нутагт илүү их төвлөрсөн ч, Хожмын Үеийн Гэгээнтэн хэн нэгнийг таньдаг байх нь хаа сайгүй улам бүр нийтлэг болж байна. Түүнээс гадна, Сүмийн олон гишүүн нийгмийн дунд нэрд гаран алдаршиж байна. Сүмийн тухай өгүүлсэн Time сэтгүүлийн саяхны нэг өгүүлэлд энэ тухай дурдаж, нэрд гарсан нэлээд хэдэн Хожмын Үеийн Гэгээнтний зургийг нийтэлжээ.1

Ийнхүү манай зарим гишүүд нэрд гаран алдаршиж байгаа ганцхан энэ баримт л Сүмийн тухай ярих зүйл улам их болж байгааг, Хожмын Үеийн Гэгээнтнүүд сайн мэдээний талаар ярилцах өргөн боломж гарч ирж байгааг харуулж байна. Бид бусдын үзэл бодолд шударга, илэн далангүй, идэвхтэй байр сууринаас, хүндэтгэлтэй хандахын хамт өөрсдийнхөө үзэл бодлыг хамгаалахыг хичээдэггүй байх хэрэгтэй.

Бусадтай ярилцахад өөрийгөө хамгаалалгүйгээр хэрхэн идэвхтэй байх хоёр зөвлөмжийг өгье.

1. Аар саархан асуудлуудад илүү чухал сэдвүүд дарагдан замхрах боломжийг бүү олго.

Манай Сүмийн гишүүд ярианыхаа сэдвийг сонгох боломжийг бусдад байнга олгодог. Нэг жишээ нь олон эхнэр авах ёс юм. Энэ ёс 1890 оноос Сүмд албан ёсоор хаагдсан шүү дээ. Одоо чинь 2010 он. Яагаад бид одоо хүртэл энэ тухай ярьсаар байдаг юм бэ? Ийм ёс байснаа дараа нь хаагдаж больсон шүү дээ. Бид урагш ахин хөгжлөө. Хэрэв хүмүүс танаас олон эхнэр авах ёсны тухай асуувал, нэг үе ийм ёс байсан юм, харин одоо байхгүй. Хүмүүс олон эхнэр авдаг аль нэг хүмүүсийг манай сүмтэй эндүүрэх хэрэггүй гэдгийг хэлээд л гүйцээ. Хуучин Гэрээний үед байсан олон эхнэр авах ёсыг яагаад 19-р зуунд давтсаныг ердийн яриа хөөрөөнд зөвтгөх буюу тайлбарлах гэж цагаа дэмий бүү үр. Энэ нь түүхчид, эрдэмтдийн судалбал зохих сэдэв байж болох ч, бид үүнийг Сүмийн тухай ярианы үндсэн сэдэв болгосноороо сэтгэлгээний энэхүү хэвшмэл төсөөллийг улам бататгаж байна гэж би боддог.

Заримдаа ийм яриа мэдээллийн хэрэгсэлд гарсан өгүүллэгүүдээр эхэлдгийг би мэднэ. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. 2009 онд кабелын телевизийн сүлжээгээр олон эхнэр авагчдын тухай цуврал нэвтрүүлэг хийхдээ ариун сүмийн ёслолыг дүрслэн харуулав. Уг дүрслэл Сүмийн гишүүдийн санааг их зовоосон нь ойлгомжтой юм. Бид бүгдээрээ л үүнд гомдсон шүү дээ.

Гэвч тэр дүрслэлд хариу болгон Сүмийн Олон нийттэй харилцах хэлтсээс шинээр бий болгосон Вэбхуудсандаа байршуулсан өгүүллийг олж үзэхийг та бүхэнд зөвлөж байна. Тэр өгүүллээс эш татья. Өнгө аясыг нь ажиглаарай. Энд өөрсдийгөө өмгөөлж хамгаалсан юм юу ч байхгүй. Харин манай шашны хамгийн ариун нандин ёслолуудын нэгийг буруу дүрсэлсэнд л хариу өгсөн юм.

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм шашны бусад томоохон бүлгүүдийн адил заримдаа Холливудын эсвэл Бродвейн, телевизийн цуврал нэвтрүүлгийн эсвэл ном хэвлэлийн, түүнчлэн мэдээллийн хэрэгслийн анхааралд өртдөг. Заримдаа Сүм болон гишүүдийн тухай нэлээд үнэн зөв дүрсэлдэг. Эдгээр дүрслэл заримдаа худал буюу хэвшмэл төсөөллийг дүрсэлсэн, хирдхийн цочмоор эвгүй өнгө аястай байдаг.

“Байгууллага ч байна уу, шашны бүлэг ч байна уу ялгаагүй томорч тодорхой хэмжээнд хүрэхээрээ ийнхүү олон нийтийн анхааралд өртдөгийг католикчууд, иудейчүүд лалын шашинтууд олон зууны туршлагаасаа мэддэг болсон билээ”.

Ингээд цааш нь өгүүлэл манай зарим гишүүдийн идэвхтэй дэмжиж байсан телевизийн суваг, түүнтэй холбоотой бизнесийн байгууллагуудад няцаалт өгөх санааг дэмжихгүй байхыг уриалсан юм.

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол эсэргүүцэх, няцаалт өгөхийг уриалдаг байгууллага биш. Ийм алхам нь мэдээллийн хэрэгслийн дурладаг маргаанд гал дээр тос нэмж, улмаар нөгөөх цуврал нэвтрүүлгийг үзэгчдийн тоог нэмэгдүүлэхэд хүргэнэ. … Хожмын Үеийн Гэгээнтнүүд нэр төрөө эрхэмлэн, биеэ буурь суурьтай авч явах ёстой.

“Энэ бол Есүс Христийн заадаг байсан, амьдралдаа харуулдаг байсан загвар төдийгүй, энэ нь бас өнөө үеийн Сүмийн гишүүдийн хүч чадал, төлөвшлийн бодит байдлыг тусган харуулж байна. …

“Хэрэв Сүм шүүмжлэгч, эсэргүүцэгч нарт тулааны талбараа сонгох боломжийг олгох юм бол, 180 шахам жилийн туршид амжилттай хэрэгжүүлж ирсэн үйл хэрэг, зорилгоосоо гажих эрсдэлтэй юм. Ингэхийн оронд Сүм Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг дэлхий даяар номлох өөрийн гэсэн арга замыг тодорхойлж, үргэлжлүүлэх ёстой”.2

Өөр нэг жишээ авч үзье. 2007 онд бие даасан нэг кино бүтээгч Mountain Meadows Massacre (Маунтейн Мидөүд гарсан хядлагын тухай кино хийжээ. Энэ киног дэндүү муу кино болсон гэж хэлбэл бараг магтсан болох байх. Шулуухан хэлэхэд энэ кино аймаар юм болж, бүр Холливудын шүүмжлэгчид хүртэл үүнийг хурцаар шүүмжилсэн юм. Киног хийгчид Сүмийг өдөөн хатгаж шуугиан тарих гэж чадах бүхнээ хийсэн ч, бид үүнийг огт тоогоогүй юм. Бид тэдэнд маргалдах сэжүүр гаргаж өгөөгүй. Үр дүн нь юу болсон бэ гэвэл кино санхүүгийн алдагдалд орж найруулагчийн данс нь улайсан. Тэр хооронд бид Маунтейн Мидөүд болсон аймшигт үйл явдалд хохирсон хүмүүсийн үр удмынханд үр нөлөөтэй, ухаалаг арга замаар хандаж, тусалж дэмжихээ үргэлжлүүлж байна.

Саяхан Oxford University Press (Оксфордын Их Сургуулийн хэвлэх үйлдвэр) тэрхүү эмгэнэлт үйл явдлын эргэн тойрон дахь баримт, материалыг ул үндэстэй өгүүлсэн Massacre at Mountain Meadows нэртэй судалгааны номыг хэвлэн гаргасан юм.

2. Хожмын Үеийн Гэгээнтнүүд Есүс Христийн заасан зүйлсээр амьдарч, эдгээр зүйлсийг заадаг бөгөөд бид Түүнийг дагахыг хичээдгийг онцгойлон авч үздэг бай.

Эцсийн эцэст бидний тухай, бидний гэрчлэлийн тухай хамгийн чухал зүйл бол бид итгэлээ Есүс Христийн заадаг зүйлс дээр тулгуурладаг бөгөөд бид Түүний болон Тэнгэрлэг Эцэгийнхээ хүлээн зөвшөөрөх амьдралаар амьдарч, Түүнийг дагахыг хичээдэг явдал мөн.

Энэ бол бидний суурь. Энэ бол Иосеф Смитийн суурь байлаа. Бошиглогч Иосеф Смит, “Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ егүүтгэлээр наснаас хальж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээш одсон тухай Бошиглогчид, Төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л эл гэрчлэлийн хавсралтууд юм” хэмээн заасан билээ.3

Бид ямар ч үед Сүмийн тухай ярихдаа дараах зүйлс дээр тулгуурлахыг хичээх ёстой. Бид Есүс Христийг дагадаг. Бид Түүний зааснаар амьдрахыг хичээдэг. Энэ бол бидний итгэлийн, бидний амьдралын үндэс суурь юм. Энэ бол бидний баримтлах ёстой өөрсдийгөө үл хамгаалах хамгийн хүчтэй байр суурь мөн. Бид байр сууриа Бурханы Хүүгийн сургаалууд дээр тулгуурлаж, Түүний зарлигуудыг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсэн үед өөрсдийгөө өмгөөлөх эсвээс зөвтгөх ямар ч шаардлагагүй юм.

Есүс Христийн сургаалуудтай байна гэдэг агуу адислал юм. Судруудыг судалдаг, Түүний сургаалуудыг баяртай хүлээн авдаг хүмүүст энэ нь тодорхой харагддаг. Бид Түүний сургаалыг дагаснаар өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэдгийг, Тэрээр бидэнд хайртайг мэдэх болно. Христийг дагаснаар бид төрөхөөсөө өмнө хаанаас ирснийг, дэлхий дээр байгаагийнхаа зорилгыг, бас энэ дэлхийн амьдралыг орхисны дараа хаана очихоо мэддэг. Авралын төлөвлөгөө тодорхой юм. Энэ бол хүүхдүүддээ зориулсан Бурханы мөнхийн аз жаргалын төлөвлөгөө.

Бидэнд амьдралаа авч явахын төлөөх Бурханы өгсөн зарлигууд байдаг. Түүний өгсөн эдгээр зарлигуудыг Бурханы сонгосон бошиглогчид илчлэлтээр шууд өгөөгүй бол хэн ч өөрчлөх эрхгүй юм.

Дэлхий даяарх хүмүүс Их Эзэний сургаалуудаас улам бүр холдон, Төлөөлөгч Паулын дүрсэлсэн шүтлэггүй нийгэм уруу шилжиж байна:

“Учир нь хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болох цаг ирнэ. Харин хүсэл нь тэдний чихийг гижигдэх аж.

“Тэдний чих үнэнээс эргэх болно” (2 Tимот 4:3-4).

Өнөө үе бол Паулын угтан харсан тэр цаг мөн. Бурхан байхгүй, Христ байхгүй, гэтэлгэлийн төлөвлөгөө, Цагаатгал гэж байхгүй, наманчлал, уучлал, үхлийн дараах амьдрал, амилуулалт, мөнх амьдрал, үүрд лацдан холбогдсон мөнхийн гэр бүлүүд гэж байхгүй гэдэгт итгэдэг хүмүүсийн тоо урьд хожид үзэгдээгүйгээр өсөн нэмэгдэж байна.

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдлын адислалуудгүйгээр амьдрал хэчнээн хоосон билээ. Хожмын Үеийн Гэгээнтнүүд бид Есүс Христийг дагадаг. Бид аз жаргалын төлөвлөгөө, гэтэлгээлийн агуу төлөвлөгөөг Их Эзэн Есүс Христээр дамжуулан мэддэг. Бид Есүс Христийн сургаалуудыг мэднэ. Бид эдүгээ болон үргэлж эдгээр сургаалуудаар амьдрахыг хичээх ёстой. Сүмийн залуу үеийнхэнд Их Эзэний сургаалуудыг заах болон Түүний Сүмийг хэрхэн байгуулахыг удирдах үүрэг хариуцлага ноогдох болно. Бид итгэлээ заавал зөвтгөх ёстой гэж бодох хэрэггүй, харин үүнийг хайр, нинжин сэтгэлийн сүнсээр, энгийн байдлаар тайлбарлах хэрэгтэйг санагтун. Үнэн сургаалыг заахад үнэн ямагт давамгайлдаг.

Энд хэдэн жишээ авч үзье.

  1. Бид нөхдөдөө үйлчлэх тухай Есүс Христийн сургаалыг дагадаг. Бид Сүмийн гишүүддээ бас гишүүн бус хүмүүст үйлчилдэг. Дэлхий даяар бидний хийдэг хүмүүнлэгийн үйлчлэлийн агуу ажил хүнд хэцүү амьдралд нухлагдан, зовж зүдрэгсдэд хүрч байна. Манай гишүүд, бусад шашны хүмүүс аль алиных нь хэрэгцээг хангахын тулд “эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол, Надад хийсэн хэрэг” (Матай 25:40) гэдгийг ойлгон бид цаг зав, мөнгө төгрөгөө тэдэнтэй хуваалцахын төлөө чадах бүхнээ хийдэг.

  2. Эрүүл бие бялдартай байх ухаалаг арга зам бол Мэргэн Ухааны Үгээр амьдрахыг хичээх тухай Есүс Христийн сургаалыг бид дагадаг. Бидний биед мөнхийн сүнс оршдог учраас, сүнслэг байдлын хувьд хүчирхэг, бие бялдраараа эрүүл чийрэг байснаар энэ амьдралд аз жаргалыг олдог учраас бид бүх төрлийн мансууруулах бодисоос зайлсхийдэг.

  3. Бид ариун явдлын хуулиар амьдарснаар Есүс Христийг дагадаг. Бурхан энэ зарлигийг бидэнд өгсөн бөгөөд хэзээ ч үүнийгээ цуцалж, өөрчлөөгүй. Энэ хууль тод томруун бөгөөд энгийн юм. Их Эзэний тогтоосон хязгаараас гадуур хэн ч бэлгийн харилцаанд орох ёсгүй. Энэ нь гэрлэлтээс гадуур аливаа хэлбэрээр ижил болон эсрэг хүйстэнтэй бэлгийн харилцаанд ороход холбогдоно. Энэ бол ариун явдлын хуулийг зөрчдөг нүгэл мөн.

  4. Бурханы гэрлэлтийн хууль болох эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёрын гэрлэлтийг тууштай баримталдгаараа бид Есүс Христийг дагадаг. Бүр эхлэлээс энэ зарлиг хэрэгжсээр ирсэн билээ. “Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу” (Эхлэл 2:24) гэж Бурхан айлджээ. Бурхан Адам, Ева хоёрт, “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, дэлхийг дүүргэн, газрыг эзэмш” (Эхлэл 1:28) гэсэн юм.

    Орчин үеийн бошиглогчид, төлөөлөгчид энэ зарлигийг 1995 онд гаргасан “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхагт”-т дахин нотолсон билээ:

    Түүнчлэн “үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой” хэмээсэн Бурханы зарлигийг тунхаглаж байна. …

    Гэр бүл Бурханаас томилогддог. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний мөнхийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм.4

  5. Бид сайн мэдээний анхдагч зарчмууд болон Сэргээлтийн бусад бүх гайхамшигтай сургаалуудыг баяртай хүлээн авч, заан, эдгээрээр амьдарснаар Есүс Христийг дагаж, Бурханы хөвгүүд, охидод амар амгалан, баяр баясган, аз жаргалыг авчирдаг. Энэ бол ийм л энгийн зүйл.

Их Эзэн Есүс Христийн сургаалуудыг дагаж, өөрсдийгөө өмөөрч зөвтгөлгүйгээр сэргээгдсэн сайн мэдээний тухай ярианд бусдыг татан оролцуулснаар аз жаргалтай байх бидний зорилго тэмүүлэлд Бурхан биднийг адислах болтугай.

Эшлэл

  1. Давид Ван Биема, “The Church and Gay Marriage: Are Mormons Misunderstood?”-г үз Time, 2009 оны 6-р сарын 22, 49-53.

  2. “The Publicity Dilemma,” newsroom.lds.org/ldsnewsroom/eng/commentary/the-publicity-dilemma; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  3. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 49

  4. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

Зураг чимэглэлийг Грегг Торкелсон