2010
Мэдээгээр
2010 оны долдугаар сар


Мэдээгээр

Ахлагч Өүкс Харвардын их сургуулийн хуулийн оюутнуудад хандаж үг хэлэв

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс Харвардын их сургуульд жил тутам болдог цуврал уулзалт дээр оюутнуудад хандан, Мормоны шашин сэдвээр үг хэлэв.

Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийн Хожмын үеийн Гэгээнтэн Оюутны байгууллага Мормоны шашны үндсэн итгэлийн талаар үг хэлж, оюутнуудын асуултуудад хариулахын тулд Сүмийн нэг гишүүнийг жил бүр урьдаг ажээ.

Ахлагч Өүкс Хожмын Үеийн Гэгээнтнүүд нь, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурвыг зорилгоороо нэгдмэл, тусдаа гурван хүмүүн бие гэж үздэгийг тайлбарлав. Тэрээр бас авралын төлөвлөгөөг товчхон дүгнэх замаар амьдралын зорилгыг тайлбарлалаа.

Тэрээр Есүс Христийн тухай, Цагаатгалын хүчний тухай гэрчилж, “Миний хувьд Есүс Христийн Цагаатгалын гайхамшгийг ухаарч ойлгохын аргагүй юм. Гэвч энэ бол үнэн гэдэг гэрчлэлийг Ариун Сүнс надад өгсөн юм. Иймээс би үүнийг тунхаглахад амьдралаа зориулж байгаадаа баяртай байдаг” гэв.

Сүм нь үнэн эх сурвалжууд, түүний дотор орчин үеийн илчлэлт болон судар дээр тулгуурладгийг тэрээр цааш нь тайлбарлав.

“Хэдийгээр бид уламжлалд хүндэтгэлтэй ханддаг ч, дэлхийн мэргэн ухаан эсвээс хүмүүний гүн ухаан дээр тулгуурладаггүй. Есүс Христийн тухай бидний гэрчлэл Бурханаас бошиглогчдодоо болон бидний хүн нэг бүрд өгдөг илчлэлтүүд дээр тулгуурладаг” гэж хэлжээ.

Католик шашны мяндагтан, шашны эрх чөлөөг хамгаалахад хүч чармайлтаа нэгтгэхийг уриалав

Католик шашны нэрд гарсан мяндагтан Францис Жорж, Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн анхныхаа үгэнд католикчууд болон Хожмын Үеийн Гэгээнтнүүд Нэгдсэн Улсад шашны эрх чөлөөг хамгаалахад хамтрах ёстой гэв.

“Төр засаг иргэдийнхээ шашны эрх чөлөөг хамгаалахгүй байгаа үед хүний эрх чөлөөг хамгаалах үүрэг шашны, тэр тусмаа Есүс Христийн сайн мэдээгээр үндэслэгдэн бий болсон байгууллагуудад оногдож байна” гэж тэр хэлжээ.

Чикагогийн Тэргүүн Бишоп, Нэгдсэн Улсын Католик Шашны Бишопуудын Чуулганы Ерөнхийлөгч кардинал Жорж АНУ-ын Ютагийн Прово дахь Марриот Төвд Хожмын Үеийн Гэгээнтэн оюутнууд, факультетийн гишүүд 12,000 гаруй хүнд хандаж үг хэлэв.

“Католикчууд болон Хожмын Үеийн Гэгээнтнүүд ёс суртахууны адил нийтлэг зарчмуудаа итгэл хүлээсэн түншүүдийн хувьд хамгаалахын тулд уулзаж ярилцдаг болсонд” талархал илэрхийлэв.

Үр хөндөлт, порнограф, гэрлэлгүйгээр хамтран амьдрах гэх зэрэг асуудлуудаар хоёр сүм хамтран тэмцэж байгааг тэрээр дурдлаа.

“Шашны эрх чөлөө нь шүтэн бишрэх эрх чөлөөг ч, хувь хүний ухамсрын эрх чөлөөг ч хязгаарлахгүй” гэж тэр хэлжээ. “Шашны эрх чөлөө гэдэг бол шашны бүлгүүд, хувиараа шашин шүтэгчид аль аль нь олон нийтэд нөлөө үзүүлэх эрхтэй байх явдал мөн.”