2008
Гүүр Баригч Эзэн
2008 оны нэгдүгээр сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Гүүр Баригч Эзэн

Зураг
President Thomas S. Monson

Олон жилийн өмнө би Давид С. Лавендерын Өрнөд Далайд Хүрэх Зам нэртэй номыг уншиж билээ. Хойд Америк тивийг хуурай газраар дамжин Номхон Далай хүрэх замыг нээхэд хөтөлсөн, Мериветер Люис, Виллям Кларк нарын алдар цуутай экспедицийн баатарлаг аяны тухай гайхамшигт шастирыг эл номонд өгүүлдэг.

Тэдний аян өгүүлшгүй хүнд бэрх байсан бөгөөд ёроолгүй мэт гүнзгий усыг гаталж, завиар алс холыг туулан, хоол хүнс, ачаа бараагаа ачсан завинуудыг аяллынхаа дагуу дараагийн урсгал уруу зөөж аваачдаг байжээ.

Тэдэнд тохиолдсон явдлуудын тухай уншаад, “Ёроолгүй юм шиг гүнзгий, хүрхэрсэн их усан дээгүүр орчин үеийн гүүрнүүд байсан ч болоосой” гэж олонтаа боддог байж билээ. Энэ ажлыг амархан шийдсэн манай өнөө үеийн гайхамшигтай гүүрнүүд: Сан Францискогийн алдарт, үзэсгэлэнт Алтан Хаалганы Гүүр; Австралийн Сиднейн бат бөхөөрөө нэрд гарсан Боомтын Гүүр; түүнчлэн олон газар дахь бусад гүүрнүүдийн тухай бодол санаанд минь орж ирж билээ.

Бодит байдал дээр бол, бид бүгдээрээ аялагчид юм —бүр мөнх бус байдлыг гатлан аялагчид юм. Бидэнд өмнөх амьдралдаа туулсан туршлагууд маань огтхон ч тус болдоггүй билээ. Дэлхий дээрх аян замдаа бид гүнзгий ангал хавцлууд, усан дээрх хуйларсан давалгаануудыг туулан гарах ёстой.

Иймэрхүү баргар бодол нь Вилл Аллен Дромгуулд “Гүүр Баригч” гэсэн нэртэй сонгодог яруу найргийг зохиоход нөлөөлсөн байж болох юм:

Өргөн дардан замаар ганцаар бэдрэгч настай эр

Өвлийн хүйтэн үдэш харуй бүрийгээр

Өргөн гүнзгий их хавцалд тулж иржээ,

Өнөөх хавцлын дундуур их ус бараантан урсана;

Харанхуйлан бараантах их ус түүнийг айлгасангүй;

Харуй бүрийгээр настай эр хавцлыг гаталж

Харин тэр нөгөө талд нь гараад

Хавцал дээгүүр гүүр барьж гэнэ.

“Настай эр ээ” хэмээн ойролцоо нь бадарчин эр өгүүлрүүн,

“Наанаа гүүр барьж хүчээ бараад яах юм бэ;

Аян чинь ингээд төгсөх өдөр ирнэ;

Ахиад та энэ замаар хэзээ ч явахгүй шүү дээ;

Өргөн гүнзгий хавцлыг та нэгэнт гаталсан атлаа—

Үдшийн бүрийгээр гүүр барихын учир юусан билээ?“

Сайхь барилгачин буурал тэргүүнээ өргөөд:

“Сайн анд минь дээ, миний гарсан замаар,”

“Өнөөдөр насан залуу нэгэн миний араас

Өргөн гүнзгий хавцлаар үдшийн бүрийгээр явах биш үү.

Надад бол юу ч биш энэ хавцал

Насан залуу түүнд унах нүх болох биш үү.

Тэр ч бас л хавцлыг харуй бүрийгээр гатлах биш үү

Тэгээд би түүнд зориулж гүүр барьж байна даа, сайн анд минь; гэжээ.1

Яруу найргийн захиас нь миний сэтгэхүйг өдөөж, сэтгэл санааг минь тайтгаруулдаг билээ, учир нь бидний Их Эзэн, Аврагч Есүс Христ бол гаргуун уран барилгачин, та нарын төлөө, миний төлөө, бүх хүн төрөлхтний төлөө гүүрнүүд барьдаг байсан шүү дээ. Хэрэв бид тэнгэрлэг гэр орондоо эргэж очих боллоо гэхэд бид Түүний барьсан гүүрнүүдээр л дамжин гарах ёстой.

Аврагчийн үүрэг зорилго угтан хэлэгдсэн билээ. “Түүнийг хүү төрүүлэхэд чи Түүнийг Есүс гэж нэрлэ: учир нь, Тэр өөрийн ард түмнийг нүглээс нь аварна”2 хэмээн Матай цэдэглэсэн байдаг.

Түүний дараа Түүний гайхамшигт төрөлт, мөн нөгөөх жүчээ уруу, мөнөөх эх уруу, мөнөөх нялх хүүхэд уруу яаран хүрч ирсэн хоньчид цуглан хүрч ирсэн нь тохиосон юм. Тэр ч байтугай Дорно зүгээс аялж явсан мэргэн хүмүүс одыг даган явж, нялх хүүхдэд үнэт бэлгүүдийг өгсөн билээ.

Есүс “өсөж, хүчирхэг болон, мэргэн ухаанд боловсорсоор байлаа: Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм”3, мөн Тэрээр “сайныг үйлдэж явсныг”4 судруудад тэмдэглэсэн байдаг.

Аврагчийн барьсан гүүрнүүд

Мөнх бус амьдралд бидний дагах замыг харуулдаг хувь хүний ямар гүүрнүүдийг Тэрээр барьсан юм бэ? Мөнх бус байдал нь аюул осол, хүндрэл бэрхшээлүүдээр дүүрэн байх болно гэдгийг Тэр мэдэж байсан юм. Тэрээр:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд над уруу ир, Би та нарт амралтыг өгье.

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц; учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ: Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Миний буулга амархан, миний ачаа хөнгөн”5 хэмээн мэдэгдсэн билээ.

Есүс дуулгавартай байдлын гүүрийг барьсан юм. Тэрээр Эцэгийнхээ зарлигуудыг сахихдаа хувь хүний дуулгавартай байдлын гандан бууршгүй үлгэр жишээ байлаа.

Тэрээр сүнсээр цөл уруу удирдагдсан үед мацаг барьсны улмаас бие нь сул байжээ. Сатан уруу таталтынхаа оргилд байж, өөрийн саналыг хэлж. Түүний анхны уруу таталт бол Аврагчийн бие махбодийн хэрэгцээг, түүний дотор Түүнийг өлсгөлөнг цатгах байлаа. Үүнд Аврагч хариулахдаа, “Хүн зөвхөн талхаар бус, Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна гэж бичигдсэн байдаг”6 гэж хэлжээ.

Дараа нь Сатан хүчийг санал болгосон аж. Аврагч хариуд нь, “Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг гэж хэлжээ.”7

Эцэст нь эд баялаг хийгээд дэлхийн алдар сууг Аврагчид санал болгосон аж. Тэрээр хариуд нь: “Зайл Сатан аа: Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм”8 гэжээ.

Манай өнөө үед болон мөн түүний үед зориулж: “Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм: Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм”9 хэмээн Их Эзэний сүнсээр нөлөөлөгдсөн Төлөөлөгч Паул мэдэгжээ.

“Синайн Уулан дээрээс Мосегийн доош авчирсан зүйл бол Арван Зөвлөмж байгаагүй юм. Эдгээр нь зарлигууд юм”10 хэмээн Телевизийн мэдээний сэтгүүлч Тед Коппел нэг их сургуулийн нээлтэн дээр хэлсэн үгэндээ дурдсаныг би тод санаж байна.

Зохиолч Марк Твейн, нэг найзтайгаа ярьсан ярианд нь бяцхан хошигнол байдаг. Чинээлэг найз нь Твейнд, “Үхэхээсээ өмнө би Ариун Нутаг уруу бадарчлан очих санаатай байгаа. Би Синайн Уулын оргил дээр гарч, Арван Зарлигийг чанга унших болно” гэжээ.

“Чи яагаад гэртээ зарлигуудыг сахиж болдоггүй билээ?” гэж Твейн хариулж гэнэ.

Биднийг үүгээр гатлаг хэмээн Эзэний барьсан хоёр дахь гүүр бол үйлчлэлийн гүүр юм. Аврагчийг бид үйлчлэлийн үлгэр жишээ болгон хардаг. Хэдийгээр Тэрээр Бурханы Хүү болж дэлхийд ирсэн ч гэсэн, Тэрээр эргэн тойрныхоо хүмүүст даруухнаар үйлчилж байлаа. Тэрээр мөнх бус хүн болж тэнгэрээс газар дээр амьдрахаар, мөн Бурханы хаант улсыг байгуулахын тулд ирсэн билээ. Түүний алдар суут сайн мэдээ дэлхийн сэтгэлгээг өөрчлөн төлөвшүүлсэн юм. Тэр өвчтөнүүдийг адисалж байлаа; Тэр хазгаруудыг явдаг хараагүйг хардаг дүлийг сонсдог болгож байлаа. Тэр ч байтугай тэрээр үхсэнийг босгож байлаа.

Матай 25-д Аврагч, Өөрийн ялгуусан эргэн ирэлтийн үед Түүний баруун гар талд байх итгэлтэй хүмүүсийн талаар бидэнд хандаж дараах зүйлийг хэлсэн юм:

“Тэгээд Хаан … тэдэнд хандан хэлэх нь, Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир, ертөнцийн сууринаас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай:

“Учир нь намайг өлсөж байхад та нар надад идэх юм өгсөн: Намайг цангаж байхад уух юм өгсөн: Намайг харь хүн байтал урьж оруулсан:

“нүцгэн байхад минь Намайг хувцасласан: өвчтэй байхад минь намайг эргэж байсан: Шоронд байхад минь над уруу ирсэн билээ.

“Тэгэхэд нь зөвт хүмүүс Түүнд Эзэн, бид хэзээ таныг өлсөж байхыг чинь хараад хооллоож, цангаж байхыг чинь хараад уух юм өгсөн юм бэ?

“Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан юм бэ?

“Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ? гэх болно.

“Тэгэхэд Хаан тэдэнд, Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр ч байтугай, хамгийн дордод нь тийнхүү хандсан бол, Надад хийсэн хэрэг гэж хэлнэ.”11

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Л.Эванс (1906–71), “Бид хүн болгонд зориулж, юм болгоныг газар бүр хийж чадахгүй, гэвч бид хэн нэгэнд зориулж, ямар нэг зүйлийг хаа нэгтээ хийж чадна”12 гэж зөвлөжээ.

Санаанд оромгүй ер бусын байдлаар ирсэн үйлчлэлийн боломжийн тухай өөртөө тохиолдсон нэг зүйлийг би та нартай хуваалцахыг хүсч байна. Нэг хуучин найзын маань ач охин надруу утасдсан юм. “Та өөрийнхөө Ням гарагийн сургуулийн багш байсан Францис Бремсийг санаж байна уу?” гэж тэр асуув. Тийм ээ санаж байна гэж би түүнд хариулав. Тэрээр цааш нь, “Одоо тэр 105 настай болоод байгаа. Тэр одоо жижигхэн асрамжийн газарт амьдардаг, гэвч ням гараг бүр гэр бүлийхэнтэйгээ уулзаж, тэнд тэр Ням гаргийн сургуулийн хичээл зааж байна. Өнгөрсөн ням гарагт өвөө маань, ‘Хүүхдүүд минь, Би энэ долоо хоногт хадан гэртээ очих болно. Та нар Томми Монсонруу утасдаж, түүнд энэ тухай хэлээч. Яахыг тэр мэднэ’ гэж хэлсэн” гэлээ.

Маргааш орой нь би Бремс ах дээр очлоо. Би түүнтэй ярилцаж чадсангүй, учир нь тэр дүлий болжээ. Би түүнд зориулан үгээ бичиж, түүнд уншуулж чадахгүй байв, учир нь тэр хараагүй болжээ. Би яах билээ? Гэрийнхэн нь түүнтэй харилцахдаа баруун гарынх нь хурууг барьж, зүүн гарынх нь алган дээр ирсэн хүний нэрийг, дараа нь хэлсэн үгсийг нь бичдэг гэж надад хэллээ. Би энэ журмыг баримталж, түүний хурууг барьж, зүүн гарынх нь алган дээр Т-О-М-М-И М-О-Н-С-О-Н гэж бичлээ. Бремс ахын сэтгэл догдолж, миний гарыг барьж, толгой дээрээ тавив. Тэрээр санваарын адислал хүлээн авахыг хүсч байгааг би мэдлээ. Халамжийн төвд намайг авчирсан жолооч надтай нэгдэж, бид хоёр Бремс ахын толгой дээр гараа тавьж, хүссэн адислалыг нь өглөө. Тэгтэл түүний хараагүй болсон нүднээс нулимс урсаж эхлэх нь тэр. Тэрээр бид хоёрын гарыг шүүрэн авахад нь түүний ууруулны хөдөлгөөнөөр: “Та нарт их баярлалаа” гэж хэлэхийг нь бид ажиглав.

Яг тэр долоо хоногт, Бремс ах өөрөө угтан хэлж байснаар, талийгаач болж билээ. Гэрийхэн нь надруу утасдаж, би оршуулгын зохион байгуулалтыг хийж байхад нь тэдэнтэй уулзав. Үйлчлэлийн хүсэлтэд цаг алдалгүй хариулсандаа би хичнээн их баяртай байсан гээч.

Үйлчлэлийн гүүр нь үүгээр олон дахин гарахыг биднээс урьдаг.

Эцэст нь Их Эзэн залбирлын гүүрээр биднийг хангасан юм. “Үргэлж залбир, мөн би та нар дээр Өөрийн Сүнсийг юүлэх болно, бас та нарын адислал агуу байх болно”13 хэмээн Тэрээр чиглүүлсэн билээ.

Залбирлын талаар нэг ээжээс надад ирүүлсэн захидалд дүрслэгдсэн нэг үйл явдлыг би та нартай хуваалцъя. Тэр эмэгтэй бичсэн нь:

“Заримдаа би хүүхдүүдийнхээ амьдралд нөлөөлж чаддаг гэдэгтээ эргэлздэг. Хоёр ажил зэрэг хийж, амь зуулгаа залгуулдаг, ганц бие эх хүний хувьд заримдаа эргэлзээ тээнэглзээтэйгээр гэртээ ирдэг ч гэсэн, итгэл найдвараа би хэзээ ч гээгээгүй юм.

“Би хүүхдүүдтэйгээ хамт ерөнхий ерөнхий чуулганыг телевизээр үзэж байхад та залбирлын тухай ярьж байв. ‘Ээж ээ, та үүнийг бидэнд аль хэдийн заасан шүү дээ’ гэхэд нь би ‘Юу гэсэн үг вэ?’ гэж гайхав. Тэгэхэд тэр, ‘Яахав дээ, нэг орой юм асуух гээд өрөөнд чинь ортол, та Тэнгэрлэг Эцэгт хандан өвдөг сөгдөн залбирч байсан. Хэрэв Тэр танд чухал юм бол, Тэр надад ч чухал байх болно’” гэж хариулж билээ.

“Заахаар оролдож буй зүйлээ өөрөө хийж байгааг чинь хүүхэд харах хүртэл нөлөөлж чадсан эсэхээ та мэдэх аргагүй юм гэж би боддог” гэж захидлыг дуусгажээ.

Их Эзэний Үлгэр Дуурайл

Гетсеманийн Цэцэрлэгт Есүсийн хэлсэн залбирал шиг надад тийм их гүнзгий, тийм их хүчтэйгээр нөлөөлсөн залбирлыг би мэдэхгүй. Лук үүнийг хамгийн сайнаар дүрсэлсэн гэдэгт би итгэдэг:

“Тэрээр… гарч … Чидун Уул өөд өгсөв; шавь нар нь ч Түүнийг дагалаа.

“Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж, Сорилтонд орохгүйн тулд та нар залбирцгаа гэв.

“Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав,

“Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол, энэ аягыг надаас зайлуулаач: Гэвч миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв.

“Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.

“Тэр зовж шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа: түүний хөлс цусны дусал мэт газарт дусалж байв.”14

Цаг нь болоход загалмай уруу очлоо. Тэрээр Өөрийнхөө загалмайг үүрч явахдаа хүнд ачаа дарамтыг тэсвэрлэн, зовлонгоо тэвчсэн билээ. “Аав аа, тэднийг уучлаач; учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”15 гэж Түүний хэлсэн үгс загалмай дээрээс сонсогдсон юм.

Эцэстээ Есүс, “Энэ нь төгслөө гээд, тэргүүнээ гудайлган, сүнсээ даатгав.”16

Түүний алдар суут Амилалттай зэрэгцсэн эдгээр үйл явдлууд гурвалсан гүүр: дуулгавартай байдлын гүүр, үйлчлэлийн гүүр, залбирлын гүүрийг дуусгасан юм.

Гүүр баригч Есүс, үхэл хэмээн бидний нэрлэдэг өргөн, гүнзгий ангалыг дээгүүр нь даван гарсан юм. “Адам дотор бүгд үхдэгчлэн, Христ дотор бүгд амьдруулагдах болно.”17 Бид өөрсдөө хийж чадахгүй юмыг Тэрбээр бидний төлөө хийсэн юм; эндээс Түүний барьсан гүүрээр хүн төрөлхтөн мөнх амьдрал уруу дамжин гарч чадна.

“Гүүр Баригч” яруу найргийг би дараах байдлаар хэлж төгсгөе:

“Өргөн гүнзгий хавцлыг та гаталсан атлаа —

Үдшийн бүрийгээр энд гүүр барихын учир юусан билээ?”

“Өнөөдөр миний араас даган үүгээр

Өчнөөн олон хүмүүс үдшийн бүрийгээр үүгээр явах биш үү.

Надад бол юу ч биш энэ хавцал

Үй олон тэдэнд унах нүх болох биш үү

Тэд ч бас харуй бүрийгээр үүгээр өнгөрөх биш үү;

Тэгээд л би тэдэнд гүүр барьж байгаа нь энэ шүү дээ, сайн анд минь.”

Бидний хүн нэг бүрд зориулан Аврагчийн барьсан гүүрнүүд дээгүүр дамжин гарах мэргэн ухаан, шийдвэр төгс байдал бидэнд байхын төлөө би залбирч байна.

Тэмдэглэл

  1. Жеймс Далтон Моррисон, хянан тохиолдуулсан, Masterpieces of Religious Verse (1948), 342.

  2. Матай 1:21.

  3. Лук 2:40.

  4. Үйлс 10:38.

  5. Матай 11:28–30.

  6. Матай 4:4.

  7. Матай 4:7.

  8. Матай 4:10.

  9. 1 Коринт 10:13.

  10. Duke University commencement speech, 1987 оны 5-р сарын 10.

  11. Матай 25:34–40.

  12. Richard Evans’ Quote Book (1971), 51.

  13. С ба Г 19:38.

  14. Лук 22:39–44.

  15. Лук 23:34.

  16. Иохан 19:30.

  17. 1 Коринт 15:22.