2008
Мормоны Ном: Аврагчийн амар амгаланг агуу ихээр хангагч
2008 оны нэгдүгээр сар


Мормоны Ном: Аврагчийн амар амгаланг агуу ихээр хангагч

Зураг
Elder Neil L. Andersen

2004 онд Бразилын Сан Паулогийн Ариун сүмийг дахин онцгойлон адислахын өмнө, тус ариун сүмийн хаалга төр засаг, бизнес, боловсролын нэрд гарсан олон удирдагчдад нээлттэй байлаа. Өндөр нэр хүндтэй, нэгэн сонгогдсон удирдагчийг ариун сүм дотуур дагалдан явж байх үедээ, түүний анхаарал гярхай төвлөрч байхыг би ажиглав. Бидний айлчлалтын төгсгөлд лацдан холболтын өрөөнд хүртэл яагаад гэдгийг би бүрэн ойлгоогүй юм.

“Ноён Андерсен, гэр бүлийнхээ тухай нэг зүйлийг би танд ярихыг хүсч байна. Миний ууган хүү таван жилийн өмнө 35 настайдаа хавдраар нас барсан. Тэр сүүлчийнхээ саруудад амар тайван байж чадаагүй. Тэр уур уцаартай, сэтгэл санааны хямралтай, гэр бүл, амь насныхаа талаар, түүний өмнө тулгараад байгаа зүйлийн талаа санаа нь ихэд зовж байлаа. Сүмийн гишүүн миний нэг найз хүүгийн минь байдлыг мэдээд, Мормоны Номыг надтай хуваалцаж, улмаар үүнийг би хүүтэйгээ хуваалцахыг надад зөвлөсөн билээ.

“Тэр ном хүүд минь нөлөөлснийг харахад гайхамшигтай байлаа. Номыг тэр хичнээн түргэн, хичнээн их сонирхон уншсан гээч. Тэрээр номын зах дээр тэмдэглээ хийж, санаа бодлоо бичиж байлаа. Түүний сэтгэл санааны зовлон алга боллоо. Мормоны Номыг уншсанаар тэр үлэмжийн амар амгаланг олсон юм. Түүнийг нас барахад уг ном хажууд нь байлаа. Энэ ном түүнд авчирсан амар амгалангийн төлөө би ихэд талархаж явдаг” хэмээн тэрээр надад хүндэтгэлтэйгээр ярьж билээ.

Газар дэлхийгээс амар амгалан авагдах болно хэмээн эрт үед бошиглогдсон тэр үед бид амьдарч байна: “Мөн тэр өдөр дайнууд хийгээд дайнуудын цуурхал сонсогдох болно, мөн бүхэл дэлхий үймээн самуунд байх болно, бас хүмүүний зүрх сэтгэл мохох болно” (С ба Г 45:26). Бид зөвхөн улс үндэстнүүдийн зөрчилдөөний тухай төдийгүй, бас орчин үеийн хотуудын түргэн, эмх замбараагүй өсөлт, мэдээллийн хэрэгслүүдийн толгой эргэм эрээн бараан мэдээлэл, технологийн анхаарал татсан шинэ сонин, материал баялгийг эзэмшихийн төлөө улайрсан бодол, эдийн засгийн тогтвортой хөгжлийн тодорхойгүй байдал, түүнчлэн үнэт зүйлсийн эрс өөрчлөлтийн тухай ярьж байна. Бид амар амгалангаар цангаж байна.

Таны өөрийн болон гэр бүлийн чинь амьдралд “Амар амгаланг би та нарт үлдээнэ, би өөрийн амар амгаланг та нарт өгнө: ертөнцийн өгдөгөөс өөр юмыг би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо, бүү ай” (Иохан 14:27) гэсэн Аврагчийн үгс хичнээн урин дуудагч шинжтэй билээ.

Та амьдралдаа, гэр бүлдээ илүү их амар амгаланг хүсдэг үү? Хэрэв танд Аврагчийн амар амгаланг илүү ихээр авах боломж олдвол амьдралдаа одоо хийж байгаа ямар нэг зүйлийг та өөрчилж чадах уу?

Мормоны Ном бол цангасан бодгалийн хувьд амар амгалангийн ширгэшгүй ундарга юм. Энэ ном бол Аврагчийн амар амгалангийн агуу хангагч мөн. “Энэ амьдралд амар амгаланг (онцлон тэмдэглэлт нэмэгдсэн), ирэх амьдралд мөнхийн авралыг олохын тулд бид юу хийх ёстойг уг ном бидэнд хэлж өгдөгийг Мормоны Номны оршилд тайлбарласан байдаг”.

Мормоны Ном амар амгаланг бодгальд авчирдаг арга замуудыг тоолох нь далайн эрэг дэх элсийг тоолох лугаа адил юм. Тэдгээр арга замуудаас би хэдхэнийг өгүүлж, уг жагсаалтыг өөрсдийнхөө туршлагаар үргэлжлүүлж, олшруулах боломжийг та нарт олгоё.

Есүс Христэд итгэх итгэлээс ирдэг амар амгалан

Мормоны Ном эхнээсээ аваад дуустал, “бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар эх сурвалжийг хайвал зохихыг мэдэхийн тулд… , бид Христийн тухай ярьдаг, бид Христэд баясдаг, бид Христийн тухай номлодог, бид Христийн тухай бошиглодог” (2 Нифай 25:26). Мормоны Номон дахь шүлгүүдийн тэн хагасаас илүү нь Аврагчийг иш татах буюу түүний тухай өгүүлдэг.1

Жил бүр Улаан Өндөгний баяраар, эсвэл Христийн Мэндэлсэний баярын үеэр дэлхий даяарх мэдээний сэтгүүлүүд: Есүс Христ хэн байсан бэ? Тэр амьдарч байсан уу? Библийн бичээсүүд жинхэнэ эх мөн үү?2 гэсэн асуултуудыг олонтаа тавьдаг. Юутай ч Библи зөв гэдгийг бид мэднэ. “Энэ нь [Мормоны Ном] та нар түүнд [Библид] итгэж болох тэрхүү зорилготойгоор бичигдсэн буюу” (Мормон 7:9) хэмээн Мормон мэдэгджээ.

1970-аад оны эхээр намайг Европт номлогч байхад, бид заалтынхаа ихээхэн хэсгийг Урвалтаас эхэлдэг байлаа, учир нь тэр үед Христийн бурханлиг чанарыг өргөн хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг байлаа. 20 жилийн дараа намайг номлолын ерөнхийлөгч болж буцаж ирэхэд, бидний заалтад онцгойлон анхаардаг зүйл өөрчлөгдсөн байв, учир нь Есүс бол бидний нүглүүдийн төлөө Амь насаа зориулж, гурав дахь өдөр нь амилсан, Бурханы Хүү гэдэгт итгэх итгэл үлэмж хэмжээгээр буурсан байлаа. Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэсэн бидний гэрчлэлийн ач холбогдол зөвхөн Европт төдийгүй, дэлхий даяар өссөөр байх болно.

Манай өнөө үеийн хийгээд ирэх цаг үеийн адислалуудын нэг нь Есүс Христ болон Түүний үүрэг зорилгын тухай бага мэддэг үй олон хүмүүст бид өөрсдийн захиасыг хүргэх боломжтой байх явдал мөн. Христийн тухай баттай нотолгоо Мормоны Номыг дүүргэж, үр дүнд нь, үүнийг баяртайгаар хүлээн авсан бүх хүмүүст элбэг дэлбэг амар амгаланг авчирдаг.

Мессаиаг ирэхээс өмнөх бүлгүүдэд, бид Түүний зорилгууд, Түүний амлалтууд, тэрчлэн Түүний эдгээгч хүчний тухай мэддэг. Түүний амьдралын тухай, Түүний төрөлтийн үе дэх Америк тив дэх гайхамшгуудын тухай бошиглолуудыг бид мэддэг.

“Болгоогтун, дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн Есүс Христ бол би байна” (3 Нифай 11:10) хэмээн Тэрээр Өөрийн амилсан байдалд мэдэгддэг. Биднийг хайрладаг Түүний хайрыг бид мэдэрдэг: “Та нарыг өрөвдөх сэтгэл надад буй; зүрх сэтгэл минь нигүүлслээр дүүрэн болой” (3 Нифай 17:7). “Итгэлийнхээ учир адислагдсан болой та нар. Мөн эдүгээ болгоогтун, миний баясал дүүрэн байна” (3 Нифай 17:20). Бид Түүнийг Сүр Жавхланд нь бидний Гэтэлгэгч, Хаадын Хаан хэмээн үздэг билээ.

Сүнсээр батлагдсан Мормоны Номны энэ гэрчлэл, Тэр бол үнэхээр “амилалт ба амь”(Иохан 11:25) мөн, бас бидний мөнхийн амар амгалан Түүнд байх болно гэсэн баттай итгэлийг бидэнд төрүүлэн, сүнсний өгүүлэх аргагүй амар амгалан үүнээс үүдэн гардаг билээ.

Сэргээлтийн гэрчлэлээс ирдэг амар амгалан

Мормоны Ном бол Бошиглогч Иосеф Смитийн бурханлиг үүрэг зорилгын бие бодитой илэрхийлэлт юм. Энэ ном бидэнд байнга байдаг. Бид үүнийг барьж үзэж болно. Бид үүнийг уншиж болно.

Иосеф Смит ийм ном бичиж чадсан гэдэгт хэн нэгэн хүн хэрхэн итгэж чадах вэ? Түүний гэргий Эмма: “Уялдаатай, сайн сонгосон үгтэй захидал бичих буюу хэлж бичүүлж чаддаггүй байсан Иосеф… Мормоны Ном шиг ийм номыг хэлж бичүүлсэн юм. Хэдийгээр болж байсан үйл явдлуудад би идэвхтэй оролцогч байсан ч, энэ нь, өөр хэн нэгэнд хичнээн их’ер бусын хийгээд гайхамшигтай’ байсны нэгэн адил, надад ч бас гайхамшиг мэт санагдаж байлаа”3 гэж тэмдэглэжээ.

Иосеф Смитийн өөрийнх нь шастирыг эс тооцвол, Мормоны Номны жинхэнэ эхийн тухай нийтэд харуулсан үнэмшилтэй тайлбар байдаггүй (Иосеф Смит—Түүх 1:29–60-ыг үз). Бурханы тэнгэр элч ялтсуудыг гартаа барьж, тэдгээрийг үзүүлснийг шударга эрчүүд зөвшөөрөн гэрчилсэн юм—энэ гэрчлэлээ тэд хэзээ ч үгүйсгээгүй билээ. Илүү чухал зүйл бол, Христэд итгэх итгэлээр бид Бурханаас асуух юм бол, Тэрээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр бидэнд үзүүлэх болно гэсэн амлалтын хамт Мормоны Ном ирсэн юм (Моронай 10:3–5-ыг үз).

Мормоны Номны тухай энэ гэрчлэл нь “Есүс Христ бол дэлхийн Аврагч мөн, Иосеф Смит бол эдгээр сүүлчийн өдрүүд дэх түүний илчлэгч, бошиглогч бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Мессаиагийн хоёр дахь ирэлтийн бэлтгэл болж, газар дэлхий дээр нэгэнтээ дахин байгуулагдсан Их Эзэний хаант улс юм” (Мормоны Номны удиртгал) гэдгийг баталдаг билээ.

Сэргээлтийн тухай гэрчлэлийг дэлхий даяар мянга мянган хүмүүст авчирсан Мормоны Номны хүчийг би харсан. Олон хэлээр гарсан туршлагуудыг би сонссон, өөр өөр соёл заншлууд дахь бүхнээ зориулсан байдлыг үзсэн, мөн Мормоны Номны авчирдаг байнгын амар амгаланг гайхан биширсэн. Мормоны Ном бол үнэхээр “ер бусын ажил болоод гайхамшиг” (2 Нифай 25:17) мөн.

Нэгэн хөрвөгчийн амьдралд үзүүлсэн Мормоны Номны хүч нөлөөг анх удаа биеэрээ үзсэн тэр үед би Францад номлогчоор үйлчилж байлаа. Миний британи хамтрагч бид хоёр ихэнх цагаа багахан үр дүнтэйгээр хаалга тогшсоор өнгөрүүлдэг байлаа. Нэг үдээс хойш намбалаг, дунд насны нэгэн хатагтай хаалгаа онгойлголоо. Тэр өдөр бидэнд зориулах цаг түүнд бага байсан болохоор бид Мормоны Номыг түүнд үлдээгээд хоёр хоногийн дараа эргэж ирэхээр цаг тохиров. Бид түүний орон сууцанд эргэж ирэх үед хаалга нээгдэхэд, надад сүнсний хүчтэй мэдрэмж төрөв. Тэр бидэнтэй уулзахыг тэсч ядан хүлээж байжээ. Тэрээр номыг уншиж дуусчихсан байсан бөгөөд Ариун Сүнсний хүчтэй мэдрэмжүүдийг мэдэрсэн байлаа. Тэрээр өөрийн баяр баясал, амар амгалангийн тухай ярьж байв. Их Эзэний үйлчлэгчдийн хувиар түүнийг бид урих учиртай тэр замаар замнахад тэр эмэгтэй бэлтгэгдсэн байлаа.

Энэ явдал хүйтэн хоёрдугаар сард болсон юм. Манай хотод шүтээний байр байсангүй, иймд бид хуучин модон пинд авсаархан баптисмын сан угсрав. Бүлээн усны уур агаарыг дүүргэж байлаа. Энэ эгчийг шатаар өгсөж, баптисм хүртэн, Сүмийн гишүүн болохын тулд усанд доош ороход салбарын даруухан гишүүд тойрон зогсож байлаа.

Энэ гайхамшигтай эгчийн илэрхийлсэн амар амгалан нь, Мормоны Номтой анх учирсан тухайгаа өгүүлсэн Парли П.Праттын (1807–57): “Би энэ номыг уншиж байх үед Их Эзэний сүнс над дээр байдаг, хүн ухааран ойлгож, тэрээр оршдог гэдгийг мэддэгийн нэгэн адил энэ ном үнэн гэдгийг би мэддэг байсан бас тод томруунаар, илэрхийгээр ухааран ойлгодог байсан”4 гэсэн үгсийг давтсан юм.

Энэхүү гэрчлэлийн баталгаатайгаар бид Сүмд орж, гэрээнүүдийнхээ амлалтууд хийгээд үүрэг хариуцлагуудад зоригждог. Сайн мэдээний олон зарчмуудын тухай бидний гэрчлэл бидний эхэн үеийн туршлагаар бүх талаар өсч хөгждөг хэдий ч, сайн мэдээ болон санваар сэргээгдсэн гэдгийг мэдсэнээр ирдэг амар амгаланг Мормоны Ном бидэнд олонтаа авчирдаг.Энэ бол бидний дээр нь барьдаг суурь юм.

Христийн цэвэр сургаалын амар амгалан

Бошиглогч Алма өөрийн хүмүүсийн дунд бий болсон гай зовлонгийн улмаас, “хүмүүсийн оюун ухаанд илднээс, эсвээс өөр юунаас ч илүү хүчтэй нөлөөлсөн” “Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорихоор” шийдсэн ажээ (Алма 31:5).

Итгэлээр хүлээн авагдсан Христийн үнэн сургаал бидний бодгалийг өөрчилж, амар амгаланг бидэнд авчирдаг. Мормоны Ном “миний үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг” (С ба Г 27:5; мөн С ба Г 42:12-ыг үз) агуулдаг хэмээн Их Эзэн Өөрөө хэлсэн байдаг. Мормоны Ном авралын төлөвлөгөөг илчилж, “бодгалийн агуу асуултуудад хариулдаг.”5

Мормоны Номон дахь үнэний сургамжууд дайн, дарлалын хүнд нөхцөлүүдэд, бошиглогчдын номлолуудаар, эцгүүдээс хөвгүүдтэйгээ ярилцсан яриануудаар, түүнчлэн Аврагчийн өөрийнх нь үгсээр заагддаг. “Бурхан өөрөө хүмүүний үрсийн дунд доош ирэх болно, мөн өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно” (Мозая 15:1) гэсэн нь үндсэн гол сэдэв юм. “Мөн Бурханы өмнө би өөртэйгөө хэрхэн тэмцэлдсэнээ танд хэлэх болно” (Инос 1:2) хэмээн эрэлхийлэгч хүмүүс байдаг. Бид нүглүүдээ ард орхиж, илүү өндөр түвшин уруу урагш ахих байнгын ийм нэгэн уриа дуудлага байдаг: “Мөнхүү улиран тохиох дор би гурван өдөр мөн гурван шөнө бодгалийн хамгийн зовиуртай өвдөлт мөн шаналалд байлаа; мөн би, Их Эзэн Есүс Христэд нигүүлслийн төлөө залбиран гуйх хүртлээ нүглүүдийнхээ ангижралыг хэзээ ч хүлээн аваагүй билээ. Гэвч болгоогтун, би түүнээс залбиран гуйж, мөн өөрийн бодгальд амар амгаланг олсон билээ” (Алма 38:8; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). “Би та нарыг эдгээж болохын тулд… та нар надад эргэн ирэхгүй гэж үү? … Хэрэв та нар надад ирэх аваас, та нар мөнх амьдралыг авах болно. Болгоогтун, миний нигүүслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно” (3 Нифай 9:13–14) гэсэн Аврагчийн тайтгаруулагч хийгээд амар амгалангаар дүүрэн үгс бас байдаг.

Мормоны Ном өөрийн түүхүүд хийгээд гэрчлэлүүдийг бидний өмнө ялгуухан дэлгэн тавьдаг. Эдгээрийг бид тунгаан бодож, эдгээрийн талаар залбирах үед, наманчилж, өөрчлөгдөх бидний хэрэгцээг Их Эзэн бидний зүрх сэтгэлийн гүнд намуухан илчилдэг. Бид Их Эзэнтэй гэрээнд орж, амьдралдаа өөрчлөлт гаргах юм бол, бид Түүний Цагаатгалын хүчийг, мөн баталгаатай амар амгаланг мэдэрнэ. Бидний сүнсний аялал урагш ахих тусам, амьдралын хүнд бэрхшээл, гутрал цөхрөлтэй тулгарсан үед Түүний нигүүлслээр хүчирхэгжсэнээ бид мэдэрдэг. “Бид Бурхантай ярилцахыг хүссэн үедээ залбирдаг. Харин Тэрээр бидэнтэй яриасай хэмээн хүссэн үед, бид судруудыг судалдаг”6 хэмээн нэг Төлөөлөгч хэлжээ.

Энэ бол Мормоны Номонд байдаг Христийн үнэн сургаалын амар амгалан.

Манай гэр бүлийн амар амгалан

Бидний чимээ шуугиант, зав чөлөөгүй, тодорхой бус амьдралд манай гэр бүлүүд амар амгаланг эгээрэн хүсдэг. Бидний гэр орон хоргодох газар, амар амгалангийн газар, үнэний газар байх нь бидэнд хэрэгтэй.

Бид Мормоны Номыг уншсан үед: “Та нарын амьдралд, та нарын гэр оронд Их Эзэний Сүнс улам нэмэгдэн ирж, Түүний зарлигуудад дуулгавартайгаар амьдрах шийдвэр төгс байдал, Бурханы Хүү амьдардаг нь бодитойн тухай илүү хүчтэй гэрчлэл бий болно гэдгийг … би та нарт мадаггүйгээр амлаж байна”7 гэсэн сайхан амлалтыг Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бидэнд өгсөн билээ. Энэ бол гэр бүлүүдэд маань хэрэгтэй, агуу амар амгалангийн амлалт гэдэг нь бат ноттой юм.

Мормоны Ном бол гайхамшигтай сүнслэг түүх юм. Бошиглогчдын үгс олон зууны туршид эцгээс хүүд доош дамжин ирж, хүнд хэцүү бэрхшээл, дайн тулааны үед хамгаалагдан хадгалагдаж, хамтдаа нэгтгэн дүгнэгдэж ирсэн бөгөөд хэдэн зууны туршид амралтад тавигдаж, эцэстээ цаг хугацааны бүрэн байдлын энэ эрин үед урагш гарч ирсэн билээ. Бүх хэл, соёл заншлуудад түгсэн Их Эзэнийн Сүнс энэхүү ариун номонд бялхам элбэг дэлбэг байгаа нь гайхамшиг мөн биз дээ?

Тайтгарал хийгээд амар амгалангийн амлалт Мормоны Номны бүлэг бүрд, шүлэг бүрд агуулагдсан байдаг. Мормоны Номонд бид зөвхөн залбирал, итгэлээр хандах хэрэгтэй, тэгвэл Аврагчийн амар амгалан бидний эрэл хайгуулд нэвтрэн орох болно.

Тэмдэглэл

  1. Эзра Тафт Бенсон,“Come unto Christ” Ensign, 1987 оны 11-р сар, 83-ыг үз.

  2. Жишээ нь, Лаури Гудстейн, “Crypt Held Bodies of Jesus and Family, Film Says,” New York Times, Feb. 27, 2007 оны 2-р сарын 27, хэсэг A, х. 10; Жей Толсон, “The Gospel Truth,” U.S. News & World Report, 2006 оны 12-р сарын 18, 70–79-ийг үз.

  3. “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, 1879 оны 10-р сарын 1, 290; үсгийн дүрмийг стандартын дагуу болгосон; мөн Рассел М.Нелсон, “A Treasured Testament,” Ensign, July 1993 оны 7-р сар, 62–63-ыг үз.

  4. Autobiography of Parley P. Pratt, ed. Парли П.Пратт Бага. (1938), 37.

  5. Эзра Тафт Бенсон, “Flooding the Earth with Book of Mormon,” Ensign, 1988 оны 11-р сар, 5.

  6. Роберт Д.Хейлс, “Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Лиахона, 2006 оны 11-р сар, 26–27.

  7. “A Testimony Vibrant and True,” Лиахона, 2005 оны 8-р сар, 6.