2008
Энэ тэргүүнд баримтлах зүйлүүдийг тогтоох нь
2008 оны нэгдүгээр сар


Энэ тэргүүнд баримтлах зүйлүүдийг тогтоох нь

Зураг
Elder Won Yong Ko

Би Солонгост хайраар дүүрэн гэр бүлд төрж өссөн бөгөөд өсвөр насандаа Сүмд нэгдсэн. Би өөрийнхөө хөрвүүлгийн туршлагыг та нартай хуваалцах гэсэн юм.

Манай ангийн нэг нөхөр бид хоёр өвлийн амралтын дараа сургуулийнхаа номын санд хамт ажиллаж байлаа. Тэгэхэд тэр намайг өөртэйгөө хамт Сүмд очиж үзэх сонирхолтой юу гэж надаас асуусан юм. Тэр ямар Сүмийн тухай ярьж байгааг нь намайг асуухад, энэ сүм манай сургуулийн ойролцоо байдаг гэж билээ. Сүмд олон хөгжөөнтэй зүйлс бас тэнд олон охид байдаг гэж тэр хэллээ. Тэр үед би 16-тай байсан, Сүмийн тухай түүний ярьсан зүйл миний сонирхлыг татав. Би бага сургуульд байхдаа Пресбитерн сүмд хоёр жил явсан, тэгээд Сүмийн тухай аятай сайхан дурсамжтай байлаа.

Би найзтайгаа хамт бямба гарагийн нэг үйл ажиллагаанд очиход, хүн бүгд надтай мэндэлж надад баяр хүргэж байлаа. Тэд танихгүй нэг өчүүхэн нөхөрт тийм их эелдэг найрсаг байж, баяр хүргэж байсанд миний сэтгэл их хөдөлж билээ. Маргааш нь намайг Сүм дээр очиход намайг номлогчдод танилцууллаа.

Номлогчид надад сайн мэдээний үндсэн зарчмуудын тухай, Есүс Христийн тухай, түүнчлэн Бошиглогч Иосеф Смитээр дамжсан сайн мэдээний Сэргээлтийн тухай заалаа. Надад заасан бүх хичээл үндэстэй, учир шалтгааны холбоотой байсан бөгөөд мөнхийн дэвшил, авралын төлөвлөгөө надад гүнзгий сэтгэгдэл төрүүлэв. Би яагаад энэ дэлхий дээр байгаа, түүнчлэн намайг нас барсны дараа ямар зүйлүүд болох талаар би олонтаа боддог байлаа. Хэрэв би өөрийнхөө төлөө чадах бүхнээ хийх юм бол, Аврагч үлдсэнийг нь хийх болно гэдгийг мэдсэн нь тайтгарал болсон билээ.

Хоёр сарын дараа би баптисм хүртэж, гишүүнээр батлагдахыг хүссэн боловч, эцэг эхийнхээ зөвшөөрлийг авах хэрэгтэй байлаа. Аав ээж хоёр маань Буддын шүтлэгтэй байсан ч тэд надад итгэдэг байлаа. Эхлээд ээжээсээ асуух нь дээр гэж би шийдээд, тэр өдөр номлогчдыг манай гэрт ирнэ үү гэж хүслээ. Би сургуульд явахаасаа өмнө, ээждээ, гадаадын хоёр хүн тантай уулзахаар ирж, танаас нэг юм асууна шүү, түүнд нь та ердөө за л гэнэ шүү гэж хэллээ. Тэгээд л сургууль уруугаа гүйчихэв. Намайг эргэж ирэхэд, ээж минь хоёр сайхан царайлаг америк зочин ирж уулзлаа гэв. Тэд солонгосоор гайхалтай сайхан ярьж байсан гэнэ, тэгээд ээжийн сэтгэл хөдөлж, асуусан зүйлд нь тэг ээ гээд хэлчихэж гэнэ. Сүмд нэгдэх зөвшөөрлийг би аав ээжээсээ ингэж авсан юм даа.

Гэрээн дээр тулгуурласан амьдрал

Бид баптисм хүртсэнээр, гэрээ байгуулдаг бөгөөд энэ нь бид сайн мэдээгээр амьдарч эхэллээ гэсэн хэрэг юм. Ариун ёслол гүйцэтгэх, эсвэл залуу эрэгтэйчүүдийн хувьд санваар хүлээн авах гэхчлэнгийн бусад шинэ гэрээнүүдийг бид амьдралынхаа туршид хийдэг. Бидний амьдрал гэрээн дээр тулгуурладаг. Өөрсдийн хийсэн гэрээндээ итгэлтэй байхыг Тэнгэрлэг Эцэг биднээс хүсэн хүлээдэг бөгөөд ингэвэл биднийг адислах гэрээндээ Тэр үнэнч байх болно.

Залуу хүмүүс та нарт миний өгөхийг хүсдэг захиас бол эн тэргүүний зүйлүүдийг тогтоох, өөрсдийн хийсэн гэрээнүүдээ ойлгож, золиослол хийх шаардлагатай болсон үед ч гэсэн эдгээр гэрээнүүддээ итгэлтэй байх явдал мөн. Та нар итгэлтэй байж, мөнхийн хэтийн төлөвтэй байх юм бол, Их Эзэн та нарыг зөвхөн ирээдүйд төдийгүй, дэлхий дээр байх үед чинь та нарыг адислах болно.

Жишээ нь, би ахлах сургуульд байхдаа ням гарагуудад хичээл хийхгүй байхаар сонгосон. Би бямба гарагийн шөнө дунд хүртэл хичээлээ хийгээд, нэг дэх өдрийн өглөө эрт сэрээхийг ээжээсээ хүсдэг байлаа. Хүндэтгэлийн өдрийг би ариунаар сахьдаг байлаа. Манай ангийнхан өдөржингөө хичээл хийж өнгөрүүлдгийг би мэддэг байсан учир заримдаа надад бага зэрэг эвгүй байдаг байлаа. Солонгост, сайн их сургуульд орох нь хэцүү зорилго байдаг. Гэвч бүр нэг дэх өдөр тесттэй байлаа ч гэсэн, би ням гарагт хичээл хийдэггүй байсан. Учир нь хичээл хийх өдөр нэгээр цөөн байсан болохоор би үнэхээр анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байдаг байлаа. Ингэж анхаарал төвлөрүүлснээр би хичээллэх цагаа илүү сайн ашигладаг байсан гэж боддог. Эцэстээ би ахлах сургуульдаа хамгийн шилдэг сурагчдын нэг болсон, ингээд Солонгосын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгэнд нь орсон билээ.

Хэрэв бид Сүмд болон сайн мэдээний зарчмууд дээр анхаарал төвлөрүүлэх юм бол, бид өөрсдийн хийдэг юунд ч гэсэн эдгээр зарчмуудыг хэрэглэж чадна, ингэснээр бид Их Эзэнээс дэмжлэг хүлээн авч, адислагдаж чадна.

Бурханы алдар суугийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр

Миний дуртай судруудын нэг бол С ба Г 4:5, энд удирдлагын шинж чанарын тухай өгүүлсэн байдаг. Энэ судар “Бурханы алдар суугийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлтэй” байх тухай дурддаг. Би Сүмийн үйлчлэлийн ажлыг ямар ч үед хийхдээ, Миний анхаарал хаана төвлөрч байна вэ? Би өөр юуг ч биш, зөвхөн Бурханы алдар сууг харж байна уу? хэмээн өөрөөсөө үргэлж асуудаг.

Би Солонгос дахь IBM (Олон Улсын Бизнесийн Машин)-д 28 жил ажиллаж байна. Энэ хугацаанд би бас Сүмийн олон албан тушаалд, түүний дотор гадасны гүйцэтгэх нарийн бичгийн дарга, гадасны дээд зөвлөх, гадасны ерөнхийлөгч, бүс нутгийн төлөөлөгч, Бүсийн Далаар үйлчилж байлаа. Гэр бүл, ажил, Сүмийн дуудлагууд, тэрчлэн өөртөө зориулж цаг гаргахад эн тэргүүнд анхаарах зүйлүүдийг тэнцвэртэй байлгахыг би ямагт хичээдэг байлаа. Ингэснээр хийх шаардлагатай зүйлээ би үргэлж хийж чаддаг байлаа.

Бүс нутгийн төлөөлөгч, Бүсийн Дал байхдаа би ерөнхий чуулганд оролцохоор Солт Лейкэд жилд хоёр удаа очдог байлаа, мөн ажил дээрээ гүйцэтгэх ажилтны хувьд долоо хоногоос дээш хугацаагаар оффисыг орхиж явах нь хэцүү байсныгг би мэддэг байсан. Компанийн ерөнхийлөгч намайг мэддэг бас надад итгэдэг байсан болохоор, би томилолтоор явахаар шийдсэн үедээ энэ тухайгаа хэлэхэд бүтнэ гэдгийг мэддэг байв. Бид эн тэргүүний зүйлүүдийг тогтоосноор асуудлуудаа зохицуулж чадна. Ажилдаа амжилт гаргахын төлөө би итгэл бишрэлээ орхих дургүй. Ийм санаа бодол танд байдаг бол, зүрх сэтгэл чинь амар байна, учир нь та зөв зүйлийг хийж байна. Үүргүүдээ буюу гэрээнүүдээ сахих нь амаргүй бөгөөд олон золиослолыг шаарддаг, гэвч бид ингэсэн үед, бидний хүлээж авах адислалууд бидний золиосолсон зүйлээс илүү их байх болно.

Алхам алхамаар хүрэх зорилго

Өөрийгөө горхины нэг тал дээр, өөрийн чинь хүрэх аз жаргал нөгөө тал дээр нь байгаагаар төсөөлөн бод. Алхам алхмаар дэвшиж хүрэх зорилгыг та нар амьдралдаа тавих хэрэгтэй. Жишээ нь, номлолд явахаар сонгох, ариун сүмд гэрлэх, гэр бүлтэй болох гэхчлэн. Та нар эдгээр үйл явдал тус бүрд бэлтгэснээр, эцсийн зорилгодоо хүрэх зам дээр гарах болно.

Солонгосын Сөүлийн Ариун сүм зарлагдахад бид бүгдээрээ баярласан. Ариун сүмгүйгээр бид сайн мэдээний амьдралынхаа зорилгыг гүйцэлдүүлж чадахгүй гэдгийг бид мэдэж байлаа.Ариун сүм дуусахад нилээд хугацаа байсан хэдий ч, ариун сүмийн адислалууд хүмүүсийн гэрчлэл, итгэлийн суурийг гүнзгийрүүлсэн юм. Тэд ариун сүмд орсноор сайн мэдээнд илүү шийдвэр төгс болж, эцсийн зорилгодоо хүрэх зам дээр гардаг билээ.

Иймээс алхам алхмаар дэвшиж хүрэх зорилгуудыг амьдралдаа нэн даруй тавихад залуу хүмүүс та нарыг би шавдуулж байна. Ийм зорилгууд нь та нарт тусламж, хамгаалалт болно. Бид гэрээнүүддээ итгэлтэй байх юм бол, бидний амьдрал илүү үнэ цэнэтэй байх болно, улмаар бид адислагдах болно гэдгийг би мэднэ.