Институт
6 Бурханы бэлэг болон хүч


“Бурханы бэлэг болон хүч,” Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018)

6-р бүлэг: “Бурханы бэлэг болон хүч”

6-Р БҮЛЭГ

Бурханы бэлэг болон хүч

Зураг
Бэхний сав

Иосефыг 1828 оны зун Хармони руу буцах үед Моронай түүн дээр дахин ирж, ялтсуудыг аваад явав. “Хэрэв чи хангалттай даруу мөн гэмшингүй байвал, есдүгээр сарын хорин хоёр дахь өдөр тэдгээрийг дахин хүлээж авах болно” гэж тэнгэр элч хэлжээ.1

Иосефын оюун бодолд гэмших сэтгэл төрөв.2 Тэр Бурханы хүслийг үл ойшоож, Мартинд гар бичмэлийг даатгаж өгсөн нь буруу байсныг мэдэж байлаа. Одоо Бурхан түүнд ялтсуудыг ч, хөрвүүлэгч хэрэгслийг ч итгэж өгөхгүй. Бурханаас ирэх ямар ч шийтгэлийг хүртэх ёстойгоо тэр ойлгож байв.3

Гэм буруу, гуниг харууслын мэдрэмжинд дарагдсан тэрээр өвдөг сөгдөн, нүглээ хүлээж, өршөөл гуйн залбирчээ. Тэр юун дээр алдсанаа мөн Их Эзэн орчуулахыг дахин зөвшөөрвөл юуг илүү сайн хийж болохоо тунгаан суулаа.4

Долоодугаар сарын нэгэн өдөр Иосефыг гэрээсээ гаран холгүй алхаж байхад Моронай дахин ирэв. Тэнгэр элч хөрвүүлэгч хэрэгслийг түүнд гардуулж өгөхөд Иосеф “Бурханы ажлууд хийгээд төслүүд, мөн зорилгууд хясагдаж болохгүй, мөн тэдгээр нь юу ч биш болж болохгүй”5 гэсэн тэнгэрлэг захиас тэдгээрт агуулагдаж байгааг харжээ.

Энэ үгс тайтгарал, урам зориг өгөхүйц байсан ч төд удалгүй зэмлэсэн үгсийг дагуулсан юм. “Чиний зарлиг хэр зэрэг чанд байсан бэ” гэж Их Эзэн хэллээ. “Чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ.” Тэрээр Иосефт ариун нандин зүйлст илүү анхааралтай хандахыг зарлиглажээ. Алтан ялтсууд дээрх цэдэг Мартины нэр хүндээс мөн Иосефын хүмүүсийн таалалд нийцэх гэсэн хүслээс ч илүү чухал байсан юм. Бурхан эртний гэрээгээ шинэчилж, аврагдахын тулд Есүс Христэд найдахыг бүх хүнд заахаар үүнийг бэлтгэсэн байв.

Их Эзэн Иосефыг Өөрийнх нь нигүүлслийг санахад шамдуулжээ. “Хийсэн зүйлээ наманчлагтун, мөн чи сонгогдсон хэвээр байгаа” хэмээн Тэрээр зарлиглав. Тэрээр Иосефыг дахин нэг удаа бошиглогч, үзмэрч байхад дуудсан ч Өөрийнх нь үгсийг анхааран сонсохыг сануулсан юм.

“Чи үүнийг хийхгүй л бол чи чөлөөлөгдөн мөн бусад хүмүүсийн адил болох бөгөөд бэлэг чамд цаашид байхаа болино”6 хэмээн Тэр мэдэгджээ.


Тэр намар Иосефын эцэг эх Хармонид очихоор өмнөд рүү аялсан байна. Иосефыг Манчестер дэх гэрээ орхисноос хойш хоёр сар өнгөрсөн ч тэд түүнээс ямар ч сураг сонсоогүй аж. Зун тохиолдсон гай гамшгууд түүний гомдол цөхрөлийг бүр барчихсан байх вий гэж тэд санаа зовж байжээ. Хэдхэн долоо хоног болоод анхны хүүхэд нь нас барж, эхнэр нь амиа алдах шахаж, гар бичмэлийн хуудсууд нь алдагдсан байлаа. Тэд түүнийг болон Эммаг сайн байгаа эсэхийг мэдэхийг хүсэж байв.

Ахмад Иосеф, Люси хоёр урдах зам дээр нь хоёр километр хэрийн зайд Иосеф тайван, баяр хөөртэй зогсож байгааг хараад туйлын их баярлацгаав. Тэрээр Бурханы итгэлийг алдсанаа мөн нүглээ наманчилж, илчлэлт хүлээн авснаа тэдэнд хэллээ. Их Эзэний үг түүнийг шархлуулсан ч тэрээр эртний бошиглогчдын адил бусдад уншуулахын тулд хүлээж авсан илчлэлтээ бичжээ. Их Эзэнээс хүлээн авсан үгээ анх удаа цэдэглэж байгаа нь энэ байв.

Моронай ялтсууд болон хөрвүүлэгч хэрэгслийг буцааж өгснийг Иосеф эцэг эхдээ хэлээд, тэнгэр элч сэтгэл хангалуун байсан гэж өгүүлжээ. “Их Эзэн намайг итгэлтэй, даруу байдлын маань төлөө хайрласан гэж Моронай хэлсэн.”

Одоо цэдэг байшинд авдран дотор аюулгүй хадгалагдах болсон аж. “Одоохондоо Эмма надад бичиж өгч байгаа ч Их Эзэн бичиж өгөх өөр хэн нэгнийг над руу илгээнэ гэж тэнгэр элч хэлсэнд би итгэж байна”7 хэмээн Иосеф тэдэнд хэллээ.


Хавар болоход Мартин Харрис муу мэдээ дуулгахаар Хармонид иржээ. Эхнэр нь шүүхэд гомдол гаргаж, Иосефыг алтан ялтсуудыг орчуулж байгаа мэт жүжиглэж, хүмүүсийг залилан мэхэлж байгаа гэж мэдүүлсэн байна. Одоо Мартин шүүхэд дуудагдахаа хүлээж суугаа аж. Тэр Иосеф өөрийг нь хуурч мэхэлсэн гэж мэдүүлэх ёстой байв. Хэрвээ тэгэхгүй бол Люси өөрийг нь ч бас бусдыг залилсан хэрэгт буруутгана гэжээ.8

Мартин Иосефоос ялтсуудыг жинхэнэ гэдгийг нотлох илүү нотолгоо өгөхийг шаардав. Тэр орчуулгын талаар шүүхэд мэдүүлэхийг хүсэж байсан ч хүмүүс өөрт нь итгэхгүй байх вий гэж санаа зовж байлаа. Эцэст нь, Люси Смитийн гэрийг онгичсон ч цэдгийг олж чадсангүй. Мартин Иосефын бичээчээр хоёр сар үйлчилсэн ч ялтсуудыг харж байгаагүй бөгөөд түүнд байгаа гэдгийг нотолж чадахгүй байв.9

Иосеф Их Эзэнээс лавлаж, найзынхаа төлөө хариулт хүлээн авчээ. Их Эзэн шүүх хурал дээр Мартины юу гэж хэлэхийг заагаагүй бөгөөд Мартиныг даруу байхыг сонгож, итгэлээ хөгжүүлэх хүртэл нэмэлт нотолгоо өгөхгүй гэв. “Хэрэв тэд миний үгсэд үл итгэх аваас, хэдийгээр энэ нь боломжтой байгаад чамд миний итгэмжилсэн эдгээр бүх зүйлийг чи тэдэнд үзүүллээ ч гэсэн, тэд чамд итгэхгүй байж болох юм, үйлчлэгч Иосеф минь” хэмээн Тэр хэлжээ.

Хэрэв Мартин Иосефын тухайн зун хийсэн зүйлийг хийж, өөрийгөө даруусган, Бурханд итгэж, алдаанаасаа суралцах аваас түүнд нигүүлсэнгүй байхаа Их Эзэн амлажээ. Гурван гэрч зохих цаг нь болоход ялтсуудыг харах бөгөөд Мартин бусдын сайшаалыг эрэлхийлэхээ зогсоовол тэдний нэг байж болохыг Их Эзэн хэллээ.10

Их Эзэн үгээ төгсгөхөөсөө өмнө, “Хэрэв энэ үеийнхэн зүрх сэтгэлээ эс хатууруулах аваас, би өөрийнхөө сүмийг үндэслэн байгуулах болно” хэмээн тунхагласан юм.11

Мартиныг энэ илчлэлтийг хуулж бичих үед Иосеф энэ талаар тунгаан бодлоо. Мартиныг үнэн зөв бичсэн эсэхээ шалган, давтан унших үед тэр Эммагийн хамт сонсож суув. Тэднийг унших үед Эммагийн аав өрөөнд орж ирэн, сонссон бөгөөд уншиж дууссаных нь дараа хэний үгс болохыг асуув.

“Есүс Христийн үг” гэж Иосеф, Эмма хоёр тайлбарлалаа.

“Би үүнийг бүхэлдээ төөрөгдөл гэж үзэж байна. Больцгоо”12 гэж Исаак хэлэв.

Мартин Эммагийн аавыг үл ойшоон, илчлэлтийн хуулбарыг аваад, өртөөний тэргэнд суун, гэрийн зүг хөдөллөө. Тэр Хармонид ялтсуудын талаарх нотолгоог хайж ирсэн бөгөөд тэдгээрийн бодит байдлын талаар илчлэлт тээн, гэр рүүгээ явав. Тэр үүнийг шүүх хуралд ашиглаж болохгүй ч Их Эзэн өөрийг нь анхаардаг гэдгийг ойлгож мэдсэнээр Палмира руу буцсан юм.

Хожим нь Мартин шүүхийн өмнө зогсон, энгийн бөгөөд хүчирхэг гэрчлэлийг хуваалцсан билээ. Тэрээр тэнгэр рүү гараа сунган, алтан ялтсууд үнэн гэдгийг гэрчилсэн төдийгүй Их Эзэний ажлыг хийхэд нь зориулж Иосефт тавин доллар сайн дураараа өгснөө мэдүүлжээ. Люсигийн заргыг батлах нотолгоо байхгүй тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгов.13

Энэ хугацаанд Иосеф орчуулгаа үргэлжлүүлэн, Их Эзэнд хандан өөр нэгэн бичээчийг илгээхийн төлөө залбирч байлаа.14


Манчестерт Оливер Каудери хэмээх нэгэн залуу эр Иосефын эцэг эхтэй амьдарч байв. Оливер Иосефоос нэг насаар дүү байсан бөгөөд 1828 оны намар Смитийн фермээс хоёр километрийн зайд орших сургуульд багшилж эхэлжээ.

Багш нар ихэнхдээ сурагчдынхаа гэрт амьдардаг байсан ба Иосеф, алтан ялтсуудын талаарх цуу яриаг Оливер сонсоод, Смитийн гэрт үлдэж болох эсэхийг асуужээ. Эхлээд тэр хэд хэдэн тодорхой мэдээллийг гэр бүлээс нь олж авав. Алдагдсан гар бичмэл, нутгийнхны цуу яриа тэднийг дахиж үг дуугарахгүй болтол хашир суулгажээ.15

Гэсэн хэдий ч 1828–1829 оны өвөл Оливер Смитийн хүүхдүүдэд багшилж байхдаа гэрийн эзний итгэлийг олсон байна. Тэр үед Ахмад Иосеф Их Эзэн гайхамшигт ажлыг эхлүүлэх гэж байгаа гэдгийг тунхаглах илчлэлтийг Хармони руу хийсэн аяллаасаа авчирсан байв.16 Тухайн үед Оливер үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж байгаа нь батлагдаж, Иосефын эцэг эх хүүгийнхээ тэнгэрлэг дуудлагын талаар түүнд ярьжээ.17

Тэдний ярьсан зүйл Оливерын сонирхлыг татаж, тэр орчуулгад туслахыг хүсэв. Оливер ч бас Иосефтой адил тухайн үеийн сүмүүдэд сэтгэл хангалуун бус байсан бөгөөд хүмүүстээ хүсэл тааллаа илчилсээр байгаа гайхамшгуудын Бурханд итгэж байв.18 Иосеф болон алтан ялтсууд алс хол байсан тул хэрхэн энэ ажилд Манчестераас тусалж чадахаа Оливер мэдэхгүй байв.

Хаврын нэгэнн өдөр Смитийн дээврийг аадар бороо нүдэх үед Оливер сургууль амрахаар Хармони руу явж, Иосефт тусалмаар байгаагаа тэдэнд хэлжээ. Люси, Ахмад Иосеф хоёр түүнээс хүсэл зоригоо зөв эсэхийг Их Эзэнээс лавлахыг хүссэн байна.19

Оливер орондоо ороод, алтан ялтсуудын талаар сонссон зүйл нь үнэн эсэхийг мэдэхээр ганцаарчлан залбирчээ. Их Эзэн алтан ялтсууд, Иосефын тэдгээрийг орчуулж буй хичээл зүтгэлийн талаар түүнд үзүүлжээ. Амар тайван мэдрэмж түүнийг бүрхэн авч, сайн дураараа Иосефын бичээч болох ёстой гэдгээ мэдэж авав.20

Оливер залбирлынхаа талаар хэнд ч хэлсэнгүй. Сургууль амармагц тэр Иосефын дүү Самуелтай хамт 160 километрийн цаана байгаа Хармони руу явганаар аян замд гарчээ. Хаврын борооноор зам хүйтэн жихүүн, шавар шавхай ихтэй байсан бөгөөд Оливер Самуелтай хамт Иосеф, Эмма хоёрын гэрт ирэхдээ хөлнийхөө хуруунуудыг хөлдөөсөн байлаа. Гэсэн ч тэр уг хостой уулзаж, Их Эзэн хэрхэн залуу бошиглогчоор дамжуулан ажиллаж байгааг мэдэхийг хүсэж байв.21


Оливер Хармонид очоод, үргэлж тэнд байсан мэт санагджээ. Иосеф түүнтэй шөнө дунд хүртэл ярилцаж, түүхийг нь сонсон, асуултуудад нь хариулж байлаа. Оливер боловсрол сайтай нь илт байсан бөгөөд бичээчээр ажиллах түүний хүсэлтийг Иосеф дуртайяа хүлээн авсан байна.

Оливерыг ирсний дараах Иосефын анхны үүрэг нь ажиллах газар хайж олох явдал байв. Тэрээр Эмматай хамт амьдардаг жижиг байшин, бусад амбаар, фермийн газар, ойролцоох рашаан булгийн төлөө хадам аавдаа мөнгө төлөхийг амласан гэрээний ноорог бэлдэхийг Оливерээс хүсэв.22 Охиныхоо сайн сайханд санаа тавьдаг Эммагийн эцэг эх уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Иосефын талаарх хөршийнхний айдсыг арилгахад тусална гэдгээ амлав.23

Энэ хооронд Иосеф, Оливер хоёр орчуулж эхэлжээ. Тэд хамтдаа хэдэн долоо хоног амжилттай ажиллав. Ихэнх тохиолдолд Эмма тэр хоёрын ажлын өрөөнд өдөр тутмын ажлаа амжуулдаг байлаа.24 Заримдаа Иосеф хөрвүүлэгч хэрэгслээр дамжуулан харж, ялтсууд дээрх үсгүүдийг англиар уншиж орчуулдаг байв.

Ихэнхдээ ганц үзмэрч чулуу ашиглах нь түүнд илүү амар санагддаг байлаа. Тэрээр үзмэрч чулууг бүрх малгайндаа хийгээд, гадны гэрлээс халхлахын тулд нүүрээ уг малгайнд шургуулан, чулууг нэвт шувт хардаг байв. Чулуунаас цацрах гэрэл харанхуйг гэрэлтүүлж, илчилсэн үгсийг Иосеф хэлж, Оливер хурдхан бичиж авч байлаа.25

Их Эзэний удирдамжаар Иосеф алдагдсан хэсгүүдийг дахин орчуулах гэж оролдсонгүй. Харин оронд нь Оливертой хамт цэдгийг үргэлжлүүлэн орчуулав. Ёс бус хүмүүс хуудсуудыг авч, үгийг нь өөрчлөн, орчуулга дээр нь эргэлзээ төрүүлэх байдлаар ашиглахад Сатан өдөөн хатгасныг Их Эзэн илчилсэн юм. Гэхдээ Их Эзэн алдагдсан материалын илүү бүрэн түүхийг агуулсан өөр ялтсуудыг бэлтгэхэд эртний бошиглогчдод сүнслэгээр нөлөөлснөө Иосефт батлан хэлжээ.26

“Миний үгсийг өөрчилсөн тэднийг би шившиглэнэ. Миний мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу гэдгийг би тэдэнд үзүүлэх болно” хэмээн Их Эзэн Иосефт хэлсэн.27

Иосефын бичээчээр ажиллаж байгаадаа Оливер баяртай байлаа. Тэр найзыгаа нифайчууд, леменчүүд гэх хоёр томоохон соёл иргэншлийн ярвигтай түүхийг хэлж бичүүлэхийг өдөр бүр сонсдог байв. Тэр зөв шударга болон ёс бус хаад, боолчлолд ороод чөлөөлөгдсөн хүмүүс, ясаар хучигдсан талбайгаас олж авсан цэдгүүдийг орчуулахаар үзмэрчийн чулууг ашигласан эртний бошиглогчийн тухай олж мэдлээ. Иосефтой адил уг бошиглогч Бурханы бэлэг, хүчээр адислагдсан илчлэгч, үзмэрч байсан аж.28

Уг цэдэг нь Есүс Христийн талаар ахин дахин гэрчилж байсан бөгөөд бошиглогчид хэрхэн эртний сүмийг удирдаж байсныг мөн эгэл жирийн эрэгтэй, эмэгтэйчүүд Бурханы ажлыг хэрхэн хийж байсныг Оливер харав.

Гэсэн ч Оливерт Их Эзэний ажлын талаар асуух зүйл олон байсан бөгөөд тэр хариултуудыг нь олох хүсэлдээ автаж байв. Иосеф Урим ба Туммимаар дамжуулан Их Эзэнээс илчлэлт эрэлхийлсэн бөгөөд Их Эзэн хариулсан юм. “Чи надаас асуух аваас чи хүлээж авах болно” гэж Тэр тунхаглаад, “Чи асуух аваас, чи агуу хийгээд гайхамшигтай нууцуудыг мэдэх болно” хэмээжээ.

Хармонид ирэхээсээ өмнө хүлээн авсан, хэнд ч хэлээгүй гэрчээ санахыг Их Эзэн Оливерт ухуулав. “Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй бил үү? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ?” хэмээн Их Эзэн асуужээ. “Би чамд ямар ч хүмүүний үл мэдэх тэр зүйлүүдийг ярьсан байхад чи гэрчийг хүлээж аваагүй байна гэж үү?”29

Оливер гайхаж хоцров. Тэрээр нууц залбирлынхаа талаар мөн хүлээн авсан тэнгэрлэг гэрчийнхээ талаар Иосефт нэн даруй хэлэв. Бурхан л биш бол хэн ч үүний тухай мэдэх боломжгүй гэж тэр хэлсэн бөгөөд энэ ажил үнэн болохыг одоо мэддэг болсон байлаа.

Тэд ажилдаа эргэж орон, Оливер өөрөө орчуулж болох эсэхээ сонирхож эхлэв.30 Тэрээр Бурхан үзмэрчийн чулуу гэх мэт зэмсгүүдээр дамжуулан ажилладаг гэдэгт итгэж байсан бөгөөд ус, эрдэс олоход шидэт савааг цөөн хэдэн удаа ашиглаж байжээ. Гэхдээ түүний саваа Бурханы хүчээр ажилласан эсэхэд тэр эргэлзэж байв. Илчлэлтийн үйл явц түүнд тайлагдашгүй хэвээр байлаа.31

Иосеф Их Эзэнд хандан Оливерын асуултыг тавьсан бөгөөд хэрвээ итгэлтэйгээр асуух аваас мэдлэг олж авах хүч өөрт нь байгаа гэдгийг Их Эзэн Оливерт хэлжээ. Хуучин Гэрээний Аароны саваа шиг Оливерийн саваа Бурханы хүчээр ажилласан гэдгийг Их Эзэн Оливерт баталжээ. Дараа нь Тэр Оливерт илчлэлтийн тухай илүү ихийг заав. “Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно. Болгоогтун, энэ бол илчлэлтийн сүнс болой” хэмээн Тэр тунхаглав.

Мөн Тэрээр Оливерт итгэлдээ найдах аваас уг цэдгийг Иосефын адил орчуулах боломжтой гэж хэлжээ. “Итгэлгүйгээр чи юу ч хийж чадахгүй гэдгийг санагтун” хэмээн Их Эзэн хэлсэн юм.32

Энэ илчлэлтийн дараа Оливер орчуулна гэхээс догдолж байлаа. Тэр Иосефын үлгэр жишээг дагасан ч үгс нь хялбар орж ирэхгүй үед сэтгэлээр унан, бухимддаг байв.

Иосеф найзынхаа хэцүү байдлыг хараад, өрөвдөв. Түүний хувьд зүрх сэтгэл, оюун санаагаа орчуулгын ажилтай нийцүүлэхэд хугацаа орсон байтал Оливер тэр дороо ур чадвартай болчих юм шиг бодож байлаа. Зөвхөн сүнслэг бэлэгтэй байх нь хангалтгүй байв. Тэрээр сүнслэг бэлгээ Бурханы ажилд ашиглахын тулд бага багаар хөгжүүлэх хэрэгтэй байлаа.

Оливер төд удалгүй орчуулах бодлоо хаяхаар шийдэж, Иосефоос яагаад бүтэлгүйтсэнээ асуужээ.

Иосеф Их Эзэнээс лавлав. “Чи надаас асуухаас өөрөөр санаа тавиагүй байхад чинь, би үүнийг чамд өгөх юм шигээр чи бодсон байна. Чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой” хэмээн Их Эзэн хариулжээ.

Их Эзэн Оливерт тэвчээртэй байхыг зааварласан. “Эдүгээ чи орчуулах нь зүйтэй бус бөлгөө” хэмээн Тэр хэлээд, “Болгоогтун, чиний хийхээр дуудагдсан ажил бол миний үйлчлэгч Иосефт зориулж бичих явдал мөн” гэжээ. Тэрээр түүнд хожим нь орчуулах боломжуудыг өгөх болно гэдгээ амласан бөгөөд тухайн үед Оливер бол бичээч, Иосеф бол үзмэрч байсан билээ.33

Эшлэлүүд

  1. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [9].

  2. Сургаал ба Гэрээ 10:2-ыг үзнэ үү (Илчлэлт, 1829 оны хавар, at josephsmithpapers.org).

  3. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [5]–[7]-г үзнэ үү.

  4. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [8]–[9].

  5. Сургаал ба Гэрээ 3:1 (Илчлэлт, 1828 оны 7-р сар, at josephsmithpapers.org); Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [8]–[9]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 10, in JSP, H1:246 (draft 2).

  6. Сургаал ба Гэрээ 3 (Илчлэлт, 1828 оны 7-р сар, at josephsmithpapers.org); Joseph Smith History, circa Summer 1832, [6], in JSP, H1:16; Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [8]–[9].

  7. Lucy Mack Smith, History, 1845, 138; Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [8]–[11].

  8. Preface to Book of Mormon, circa Aug. 1829, in JSP, D1:92–94; “Testamoney of Martin Harris,” Sept. 4, 1870, [4], Edward Stevenson Collection, Church History Library; Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [5]; Historical Introduction to Revelation, Mar. 1829 [DC 5], in JSP, D1:14–16.

  9. “Testamoney of Martin Harris,” Sept. 4, 1870, [4], Edward Stevenson Collection, Church History Library; Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [9]; book 8, [5].

  10. Сургаал ба Гэрээ 5 (Илчлэлт, 1829 оны 3-р сар, at josephsmithpapers.org).

  11. Илчлэлт, 1829 оны 3-р сар [DC 5], in JSP, D1:17.

  12. Исаак Хэйл, Аффидавит, 1834 оны 3-р сарын 20, in “Mormonism,” Susquehanna Register, and Northern Pennsylvanian, 1834 оны 5-р сарын 1, [1]; “considered” in original changed to “consider.”

  13. Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [6]–[7].

  14. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [11].

  15. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [12]; “Mormonism,” Kansas City Daily Journal, June 5, 1881, 1; Morris, “Conversion of Oliver Cowdery,” 5–8.

  16. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [12]; Knight, Reminiscences, 5; Doctrine and Covenants 4 (Илчлэлт, 1829 оны 2-р сар, at josephsmithpapers.org); мөн Darowski, “Joseph Smith’s Support at Home,” 10–14-ийг үзнэ үү.

  17. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [12].

  18. Oliver Cowdery to William W. Phelps, Sept. 7, 1834, LDS Messenger and Advocate, Oct. 1834, 1:15.

  19. Сургаал ба Гэрээ 6 (Илчлэлт, 1829 оны 4-р сар–A, at josephsmithpapers.org); Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [12]; book 8, [1].

  20. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 15, in JSP, H1:284 (draft 2); Joseph Smith History, circa Summer 1832, [6], in JSP, H1:16; Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [1]; мөн Сургаал ба Гэрээ 6:22–23-ыг үзнэ үү (Илчлэлт, Apr. 1829–A, at josephsmithpapers.org).

  21. Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [3]–[4]; Joseph Smith History, circa Summer 1832, [6], in JSP, H1:16.

  22. Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [4]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 13, in JSP, H1:276 (draft 2); Agreement with Isaac Hale, Apr. 6, 1829, in JSP, D1:28–34; Oliver Cowdery to William W. Phelps, Sept. 7, 1834, LDS Messenger and Advocate, Oct. 1834, 1:14.

  23. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 18, in JSP, H1:296 (draft 2).

  24. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 15, in JSP, H1:284 (draft 2); Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [4]; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290. Сэдэв: Daily Life of First-Generation Latter-day Saints (Гэрээсээ анхдагч хожмын үеийн гэгээнтний өдөр тутмын амьдрал)

  25. “Book of Mormon Translation,” Gospel Topics, topics.lds.org; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 15, in JSP, H1:284 (draft 2); Oliver Cowdery to William W. Phelps, Sept. 7, 1834, LDS Messenger and Advocate, Oct. 1834, 1:14; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290; “Golden Bible,” Palmyra Freeman, Aug. 11, 1829, [2]. Сэдэв: Book of Mormon Translation (Мормоны Номын орчуулга)

  26. Сургаал ба Гэрээ 10:45 (Илчлэлт, 1829 оны хавар, at josephsmithpapers.org); 1 Нифай 9:5; Мормоны үгс 1; Сургаал ба Гэрээ 3 (Илчлэлт, 1828 оны 7-р сар, at josephsmithpapers.org).

  27. Сургаал ба Гэрээ 10:42–43 (Илчлэлт, 1829 он, at josephsmithpapers.org). Topic: Lost Manuscript of the Book of Mormon (Мормоны Номын алдагдсан гар бичмэл)

  28. Oliver Cowdery to William W. Phelps, Sept. 7, 1834, LDS Messenger and Advocate, 1834 оны 10-р сар, 1:14; Мозая 8:16–18; Омнай 1:20; Мозая 8:8–13; 28:11–15, 20; Алма 37:21, 23; Ифер 3:24–28.

  29. Сургаал ба Гэрээ 6:5, 11, 22–24 (Илчлэлт, 1829 оны 4-р сар–A, at josephsmithpapers.org).

  30. Сургаал ба Гэрээ 6:10–13 (Илчлэлт, 1829 оны 4-р сар–A, at josephsmithpapers.org); Сургаал ба Гэрээ 8:4–8 (Илчлэлт, 1829 оны 4-р сар–B, at josephsmithpapers.org); Historical Introduction to Revelation, 1829 оны 4-р сар–B [DC 8], in JSP, D1:44–45; Revelation Book 1, 13, in JSP, MRB:15.

  31. Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [1]; Paul and Parks, History of Wells, Vermont, 81; Historical Introduction to Revelation, 1829–B [DC 8], in JSP, D1:44–45; see also Baugh, Days Never to Be Forgotten; Bushman, Rough Stone Rolling, 73; and Morris, “Oliver Cowdery’s Vermont Years and the Origins of Mormonism,” 106–29. Сэдэв: Divining Rods (Шидэт саваа)

  32. Сургаал ба Гэрээ 6 (Илчлэлт, 1829 оны 4-р сар–A, at josephsmithpapers.org); Сургаал ба Гэрээ 8 (Илчлэлт, 1829 оны 4-р сар–B, at josephsmithpapers.org); Joseph Smith History, 1838–56, volume A-1, 13–14, in JSP, H1:276–78 (draft 2); мөн Зарлигуудын ном 7:3; мөн Сургаал ба Гэрээ 8:6–7-г үзнэ үү.

  33. Сургаал ба Гэрээ 9 (Илчлэлт, 1829 оны 4-р сар–D, at josephsmithpapers.org); Oliver Cowdery to William W. Phelps, 1834 оны 9-р сарын 7, LDS Messenger and Advocate, Oct. 1834, 1:14.