Ерөнхий чуулган
Их Эзэнд итгэ
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Их Эзэнд итгэ

Бурхантай харилцах харилцаа маань бидний Түүнд хэр итгэж найдахад бэлэн буй тэр хэмжээгээр л өсөх болно.

Манай гэрийнхэн “Итгэлийн уналт” гэж өөрсдийн нэрлэдэг нэг тоглоомыг заримдаа тоглодог юм. Та ч бас тоглож байсан байх. Хоёр хүн хоорондоо хэдэн тохой зайтай, нэг нь нөгөө рүүгээ нуруугаа харуулан зогсоно. Урд зогсож буй хүн хойно байгаа хүний дохиогоор гар луу нь гэдрэг унана.

Итгэлцэл бол бүх харилцааны суурь юм. Ямар ч харилцаанд “Би энэ хүнд итгэж болох уу?” гэсэн босго асуулт байдаг. Хүмүүс бие биедээ итгэх хүсэлтэй үед л харилцаа үүсдэг билээ. Нэг нь бүрэн итгэдэг ч нөгөө нь итгэдэггүй бол энэ нь харилцаа биш юм.

Бидний хүн нэг бүр хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хайрт сүнслэг охин, хүү юм.1 Сүнслэг уг гарал нь үндэс суурийг бүрдүүлдэг хэдий ч энэ нь дангаараа Бурхантай харилцах утга учиртай харилцааг үүсгэдэггүй. Бид Түүнд итгэхээр сонгосон үед л харилцаа бий болно.

Тэнгэрлэг Эцэг сүнсэн хүүхэд бүртэйгээ гүн гүнзгий, хувийн харилцааг бий болгохыг хүсдэг.2 Есүс: “Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байхын … тулд билээ”3 хэмээн хэлэхдээ энэхүү хүслээ илэрхийлсэн . Бурханы сүнслэг хүүхэд бүртээгээ тогтоохыг эрэлхийлдэг харилцаа нь маш дотно бөгөөд хувийн шинж чанартай учраас Тэр Өөрт байгаа бүхнээ хуваалцаж мөн Өөрийн шинж чанар бүрээ бидэнд өвлүүлэх боломжтой.4 Ийм гүн гүнзгий, мөнхийн харилцаа зөвхөн төгс, бүрэн дүүрэн итгэлцэл дээр л бий болж чадна.

Тэнгэрлэг Эцэгийн хувьд Тэрээр хүүхэд бүрийнхээ бурханлаг чадавхад туйлын итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд эхлэлээс ажилласаар ирсэн. Биднийг дэлхийд ирэхээс өмнө бидний ахиц дэвшилд зориулан Түүний гаргасан төлөвлөгөөний үндэс нь итгэлцэл юм. Тэр бидэнд мөнхийн хуулиудыг зааж, дэлхийг бүтээн, мөнх бус бие махбодыг болон өөрсдөө сонголт хийх бэлгийг өгч, сонголтоо хийх замаар суралцах, өсөж хөгжих боломжийг олгох байв. Тэр биднээс хуулиудыг нь дагаж, эргэн ирэхийг сонгож, Өөртэй нь болон Хүүтэй нь хамт мөнхийн амьдралыг таалаасай хэмээн хүсдэг.

Тэр биднийг үргэлж сайн сонголт хийхгүйг мэдээд, бидэнд буруу сонголтынхоо үр дагавраас зайлсхийх арга замыг мөн бэлтгэсэн юм. Тэр нүглүүдийг маань цагаатгах, биднийг наманчилсан нөхцөлд дахин цэвэр болгох Аврагч буюу Өөрийн Хүү, Есүс Христийг бидэнд өгсөн.5 Тэр биднийг энэхүү наманчлалын нандин бэлгийг тогтмол ашигла хэмээн урьдаг.6

Хүүхдэдээ шийдвэр гаргахад нь хангалттай итгэж найдах, тэр тусмаа хүүхэд нь алдаа гаргаж, зовж шаналах болно гэдгийг мэддэг байх ямар хэцүү болохыг эцэг эх бүр мэднэ. Гэсэн хэдий ч Тэнгэрлэг Эцэг бидэнд бурханлаг чадавхдаа хүрэхэд туслах сонголтуудыг хийх боломжийг олгодог! Ахлагч Дэйл Г.Рэнланд: “[Түүний] хүмүүжүүлэх зорилго нь Өөрийнхөө хүүхдүүдээр зөв зүйлийг хийлгэх явдал биш, харин хүүхдүүд нь зөв зүйлийг хийхээр сонгож, улмаар Өөртэй нь адилхан болох явдал юм”7 хэмээн заасан.

Гэхдээ Бурхан бидэнд итгэдэг байлаа ч Бурхантай харилцах харилцаа маань бидний Түүнд хэр итгэж найдахад бэлэн буй тэр хэмжээгээр л өсөх болно. Гол асуудал нь бид унасан дэлхийд амьдарч байгаа бөгөөд шударга бус байдал, заль мэх, хүч хэрэглэх зэрэг муу зан авираас болоод бусдад итгэх итгэлээ алдаж үзсэн билээ. Нэгэнт хууртсан бол дахин итгэх нь бидэнд хэцүү байдаг. Төгс бус мөн мөнх бус хүмүүст итгэх итгэлийн эдгээр сөрөг туршлага нь бидний төгс Тэнгэрлэг Эцэгтээ итгэх хүсэлд нөлөөлж болзошгүй юм.

Хэдэн жилийн өмнө миний хоёр найз Леонид, Валентина нар Сүмийн гишүүн болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Леонидыг сайн мэдээг сурч эхэлж байх үед залбирах нь түүнд хэцүү байв. Леонид залуудаа заль мэх, хараа хяналт зэргээр эрх мэдлээ урвуулан ашигладаг удирдах албан тушаалтнуудтай учирч байсан ба тэрээр эрх мэдэлтнүүдэд итгэхээ больсон байлаа. Ийм явдлууд нь түүний зүрх сэтгэлээ нээж, Тэнгэрлэг Эцэгт хувийн мэдрэмжээ илэрхийлэх чадварт нь нөлөөлсөн. Цаг хугацаа, судалгааны үр дүнд Леонид Бурханы зан чанарыг илүү сайн ойлгож, Түүний хайрыг мэдэрсэн. Аяндаа түүний залбирал Бурханд хайр, талархлаа буцаан илэрхийлэх ердийн арга зам болсон юм. Түүний Бурханд итгэх итгэл улам бүр нэмэгдсээр эцэст нь Леонид, Валентина хоёрыг бие биетэйгээ болон Бурхантай харилцах харилцаагаа бэхжүүлэх ариун гэрээнд ороход хүргэсэн.

Хэрэв итгэл алдарсан өмнөх байдал тань Бурханд итгэхэд танд саад болж байвал Леонидын жишээг санаарай. Тэнгэрлэг Эцэг, Түүний онцлог шинж, зан чанар болон зорилгын талаар үргэлжлүүлэн тэвчээртэй суралц. Таны амьдрал дахь Түүний хайр, хүч чадлыг мэдрэх туршлагуудыг эрж хайж, тэмдэглэлдээ хөтөл. Бид Бурханы талаар илүү ихийг сурч мэдэх тусам Түүнд итгэж найдахад хялбар болно8 хэмээн бидний одоогийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан билээ.

Заримдаа Бурханд итгэж сурах хамгийн шилдэг арга бол Түүнд зүгээр л итгэх явдал байдаг. Бид заримдаа “Итгэлийн уналт” тоглоомын адилаар хойш унахад бэлэн байж, Түүнд биднийг барих боломж олгох хэрэгтэй. Бидний мөнх бус амьдрал бол сорилт. Бидний хүч чадлаас давсан сорилтууд байнга гарч ирдэг. Мэдээж бид мэдлэг, ойлголт маань хангалтгүй үед бидэнд туслах нөөцийг эрэлхийлдэг. Мэдээллээр ханасан энэ ертөнцөд бидний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг ухуулах эх сурвалж хангалттай бий. Гэсэн хэдий ч “Бүхий л зүрхээрээ ЭЗЭНД итгэ”9 гэсэн Сургаалт үгсийн энгийн хэр нь хуучиршгүй зөвлөгөө бидэнд хамгийн шилдэг эх сурвалж болдог. Амьдралын сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулахдаа эхлээд Бурханд хандсанаар бид Түүнд найдаж байгаагаа харуулдаг.

Намайг Юта дахь хуулийн сургуулиа төгсөх үед гэр бүл маань хаана ажиллаж амьдарч, гэр орноо төвхнүүлэхээ шийдэх чухал шийдвэртэй нүүр тулсан. Бид хоорондоо болон Их Эзэнтэй зөвлөлдсөний дараа гэр бүлээрээ АНУ-ын зүүн хэсэгт, эцэг эх, ах эгч дүү нараасаа хол газар нүүхээр шийдсэн юм. Эхэндээ бүх зүйл сайхан болж, бидэнд шийдвэр маань зөв байсан гэж санагдсан. Тэгтэл байдал өөрчлөгдөж эхэллээ. Хуулийн фирмд маань цомхотгол хийгдэж, Дора охин маань эрүүл мэндийн ноцтой асуудал, урт хугацааны тусгай хэрэгцээтэй болж төрсөн яг тэр үед би орлого ч үгүй, даатгал ч үгүй боллоо. Би эдгээр сорилттой нүүр туулж явахдаа ихээхэн цаг хугацаа, үүрэг амлалт шаардсан Сүмийн дуудлага хүлээн авсан.

Би хэзээ ч ийм сорилттой тулгарч байгаагүй бөгөөд тэр үед дааж давшгүй ачаа хүлээн үүрсэн мэт санагдаж байлаа. Би гаргасан шийдвэр болон энэ шийдвэр нь зөв байсан гэх баттай мэдрэмждээ эргэлзэж эхлэв. Уул нь бид Их Эзэнд итгэсэн тул бүх зүйл бүтэх ёстой байсан. Би итгэл хүлээлгэн хойш унасан ч намайг барьж авах хүн ард минь байхгүй мэт санагдаж билээ.

Нэгэн өдөр “Яагаад гэж битгий асуу; намайг юу сураасай гэж хүсээ вэ хэмээн асуу” гэх үгс бодол санаа, зүрх сэтгэлд минь тодорхой орж ирэв. Үүний дараа би улам эргэлзэж эхэлсэн юм. Өмнөх шийдвэртээ эргэлзэх яг тэр мөчид Бурхан намайг Өөрт нь илүү их итгэ хэмээн урьсан. Эргээд харахад энэ нь амьдралын маань эгзэгтэй үе байсан бөгөөд энэ үед би Бурханд итгэх хамгийн шилдэг арга зам бол зүгээр л Түүнд итгэх явдал юм гэдгийг ухаарсан. Дараагийн долоо хоногт нь Их Эзэн манай гэр бүлийг адислах төлөвлөгөөгөө гайхамшигтайгаар дэлгэн тавихыг би бишрэн харсан юм.

Оюун санаа болон булчинд ачаалал өгснөөр л оюун ухааныг тэлж, бие махбодыг хүчирхэгжүүлдэг гэдгийг сайн багш, дасгалжуулагч нар мэддэг. Үүнтэй адилаар Бурхан биднийг сүнслэг ачаалал бүхий Өөрийнх нь дасгалжуулалтад итгэж, улмаар өсөж хөгж хэмээн урьдаг. Тиймээс, өмнө нь бид итгэлээ харуулсан ч гэсэн итгэлийг нэмэгдүүлэх өөр нэг туршлага бидний өмнө байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Бурхан бидний өсөлт, дэвшилд анхаардаг. Тэр бол бидэнд бурханлаг чадавхаа илүү ойлгоход туслахын тулд үргэлж хөдөлмөрлөдөг Гарамгай Багш, өв тэгш дасгалжуулагч билээ. Энэ нь Түүнд дахиад жаахан илүү итгэх ирээдүйн урилгыг үргэлж багтаадаг.

Бидэнтэй хүчирхэг харилцаа бий болгохын тулд Бурханы ашигладаг өсөлт хөгжлийн загварын талаар Мормоны Номд заадаг. Нифай ба түүний ах нарт Иерусалим руу буцан, гуулин ялтаснуудыг олж авахыг зарлиглах үед Бурханд итгэх Нифайн итгэл хэрхэн соригдсон талаар бид саяхан Ирээд, Намайг дага гарын авлагаас судалсан. Эхний оролдлого бүтэлгүйтэх үед ах нар нь бууж өгч, ялтаснуудгүйгээр буцаж явахад бэлэн байсан. Гэвч Нифай Их Эзэнд бүрэн найдахыг сонгон, ялтаснуудыг олж авч чадсан билээ.10 Энэ туршлага дараа нь аглаг буйдад Нифай нумаа хугалж, гэр бүлийнхэн нь өлсгөлөнд нэрвэгдэх үед Бурханд итгэх түүний итгэлийг бадрааж өгсөн болов уу. Нифай дахиад Бурханд найдахыг сонгож, гэр бүл нь аврагдсан билээ.11 Эдгээр дараалсан туршлага нь удахгүй нүүр тулах, усан онгоц барих агуу том, итгэл найдварыг тэлсэн үүрэг даалгавар биелүүлэхдээ Бурханд итгэх Нифайн итгэлийг бүр илүү хүчтэй болгосон.13

Эдгээр туршлагаар дамжуулан Нифай Бурханд тууштайгаар, тасралтгүй итгэж Түүнтэй харилцах харилцаагаа бэхжүүлсэн ажээ. Бурхан бидний төлөө ч мөн ижил загвар ашигладаг. Өөрт нь итгэх итгэлийг бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн тулд Тэр бидэнд хувийн урилга өгдөг.13 Бид урилгыг хүлээн авч үүний дагуу үйлдэх бүрдээ Бурханд итгэх итгэлээ нэмэгдүүлдэг. Бид урилгыг үл ойшоож, хүлээн авахгүй бол шинэ урилгын дагуу үйлдэхэд бэлэн байх хүртэл өсөлт хөгжил маань зогсдог.

Өнгөрсөн хугацаанд Бурханд итгэхээр сонгосон эсэхээс үл хамааран бид өнөөдөр, мөн үүнээс хойших өдөр бүр Бурханыг дагахаар сонгож чадна гэдэг нь сайн мэдээ юм. Ийн үйлдэх бүрд маань Бурхан биднийг тосож авахаар зогсож байдаг бөгөөд бид Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүүтэй нэг болох тэрхүү өдөр хүртэл бидний итгэлийн харилцаа улам бүр хүчирхэгжинэ. Тэгээд бид Нифайн адилаар “Ай Их Эзэн, би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно”14 хэмээн хэлнэ. Есүс Христийн нэрээр, амен.