Ерөнхий чуулган
Дүрэлзэх гал
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Дүрэлзэх гал

Бурхан бидний залбирал бүрийг сонсдог, залбирал бүрд биднийг төгс төгөлдөрт хүргэхээр бэлдсэн төлөвлөгөөний дагуу хариулдаг.

Ах, эгч нар аа, би 2022 оны 10-р сард энэхүү индэр дээр хамгийн сүүлд үг хэлснээс хойш гашуун сургамж авсан. Энэ нь юу вэ гэвэл биднийг олигтойхон үг хэлэхгүй бол дараагийн хэдэн чуулганд үг хэлүүлдэггүй. Намайг энэ эхний хуралдааны эхэн хавьд оноосныг та нар харж байгаа байх. Та нарын харахгүй байгаа нэг зүйл бол би доошоо унагаадаг нүхний таган дээр зогсож байна. Энэ удаад гоё үг хэлэхгүй бол би ахиад та нарыг хэдэн чуулганы турш харахгүй болох нь.

Гайхалтай найрал дуучдын дуулсан дууллын уур амьсгалд би саяхан Их Эзэний тусламжтайгаар авсан нэгэн сургамжаа та нартай хуваалцмаар байна. Би хувийн чанартай зүйлсээ та бүхэнтэй хуваалцаж байна.

Сүүлийн үед тохиолдсон хамгийн хувийн чанартай, гашуун үйл явдал бол миний хайрт эхнэр Пат маань нас барсан явдал байлаа. Тэр бол миний мэдэх хамгийн агуу эмэгтэй байсан. Тэрээр төгс эхнэр, эх хүн байсан. Түүний цэвэр ариун байдал, өөрийгөө илэрхийлэх бэлэг, сүнслэг байдал гэх мэт дурдах зүйл олон. Тэрээр нэг удаа “Бүтээгдсэн зорилгоо биелүүлэх нь” нэртэй үг хэлж байсан. Тэрээр ямар ч хүний мөрөөдлөөс илүүтэйгээр өөрийнхөө бүтээгдсэн зорилгыг биелүүлсэн гэж би боддог. Тэрээр Бурханы жинхэнэ охин, Христийн үлгэр жишээч эмэгтэй хүн байсан. Би түүнтэй хамт амьдралынхаа 60 жилийг өнгөрөөсөн хамгийн азтай эр байсан юм. Хэрэв би зохистой байдлаа баталж чадвал бидний лацдан холболт намайг түүнтэй үүрд хамт байлгаж чадна.

Эхнэрийн маань оршуулгаас хойш 48 цагийн дараа бас нэгэн үйл явдал эхэлсэн. Тэр үед намайг эрүүл мэндийн хурц эмгэгээр эмнэлэгт яаралтай хүргүүлсэн. Тэнд зургаан долоо хоног болсны эхний дөрвөн долоо хоногийг сэхээн амьдруулах тасагт орж гаран өнгөрүүлэхдээ миний ухаан бас орж гарсаар байсан.

Анх эмнэлэг дотор өнгөрүүлсэн тэр бүх үйл явдал ой санамжид минь үлдээгүй. Ой санамжид үлдсэн зүйл нь юу вэ гэвэл мөнх оршихуйн зах ирмэгт ирсэн мэт санагдсан эмнэлгээс гадагш аялсан дурсамж минь байна. Би тэр явдлыг бүтнээр нь энд ярьж чадахгүй ч хүлээн авсан зүйлийн минь нэг хэсэг нь тохинуулалдаа илүү шамдангуй эргэн орохыг, өөрийгөө илүү зориулахыг, Аврагч дээр илүү төвлөрөхийг, Түүний үгэнд илүү итгэхийг заасан удирдамж байв.

Энэ нь 200-аад жилийн өмнө Арван хоёрт өгөгдсөн илчлэлтийн надад зориулсан хувилбарыг хүлээн авч байгаа мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрүүлсэн.

“Чи миний нэрийг … гэрчлэх ёстой; мөн чи миний үгийг дэлхийн хязгааруудад урагш илгээх ёстой. …

“… чи өглөөнөөс өглөөг дараалан тэмц; мөн өдөр өдрөөр сэрэмжлүүлгийн дуу хоолой чинь урагш одог; мөн шөнө байхад чиний ярианы улмаас, дэлхийн оршин суугчид бүү нойрсог. …

“Босогтун[,] … загалмайгаа үүрч, намайг дага.”1

Хайрт ах, эгч нар аа, энэ явдлаас хойш би загалмайгаа үүрэхийг илүү их хичээж, өглөө, өдөр, үдэш орой хүртэл төлөөлөгчийн халуун дулаан, сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо илүү шийдэмгий өргөхийг зорьж байна.

Тэр олон сар үргэлжилсэн хагацал, өвчин, зовлон гурав дахь үнэн болж ирснийг би хуваалцъя. Миний төлөө залбирсан Сүмийн болон та нарын шийдэмгий залбирлыг би гэрчилж, талархаад баршгүй. Миний төлөө тэнгэрээс тусламж эрэн, уйгагүй бэлэвсэн эмэгтэйн2 адил залбирч байсан мянга мянган хүмүүст би мөнхөд талархаж явах болно. Надад санваарын адислал өгч, миний дунд сургуулийнхан, бас Сүмийн хэд хэдэн үл таних тойргуудийнхон хүртэл миний төлөө мацаг барьж залбирсан. Бас миний нэрийг Сүмийн бараг л бүх ариун сүмийн залбирлын хуудас дээр бичсэн байж таарна.

Энэ бүхэнд асар их талархахдаа миний дуу хоолой “талархал бол бодлын дээд бодол; талархалтай байх нь гайхам зүйлсээр үржигдсэн аз жаргал юм” хэмээн хэлсэн Г.Ж.Чэстэртонтой санал нэг байна.3 “Надад гайхамшиг тохиосон нь баяр дээр баяр нэмлээ.” Би та нартаа болон та нарын залбирлыг сонсож, амьдралыг минь адисалсан Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байна.

Ах, эгч нар аа, Бурхан бидний залбирал бүрийг сонсдог, залбирал бүрд биднийг төгс төгөлдөрт хүргэхээр бэлдсэн төлөвлөгөөний дагуу хариулдаг. Миний эрүүл мэндийн төлөө залбирч байсан яг тэр хэмжээний олон хүн, мөн намайг оролцуулаад миний эхнэрийн эрүүл мэндийн төлөө залбирч байсныг би ойлгосон. Патын төлөөх залбирал миний гуйснаар хариулагдаагүй ч гэлээ энэхүү хоёр залбирлыг аль алиныг нь бурханлаг энэрэнгүй Тэнгэрлэг Эцэг сонссон бас хариулсан гэдгийг би гэрчилж байна. Залбирал яагаад бидний найдсанаас өөрөөр хариулагддагийг зөвхөн Бурхан л мэднэ. Гэхдээ залбирал Түүний сонорт хүрдэг ба Түүний дундаршгүй хайр, хэмжээлшгүй цаг хугацаанд хариулагддаг гэдгийг би та нарт амлаж байна.

Хэрэв бид “бурууг гуйхгүй аваас”4 хэзээ, хаана, юуны талаар залбирахад хязгаар байдаггүй. Илчлэлтүүдэд заасны дагуу бид “ямагт залбирах”5 ёстой. Амюлекийн хэлснээр бид “эргэн тойронд байгаа тэдний … төлөө”6 “Зөвт [хүмүүсийн] залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна”7 гэсэн итгэлтэйгээр залбирах хэрэгтэй. Бид ганцаараа байхдаа дуу хоолойгоороо залбирч байх нь зүйтэй.8 Хэрэв ингэх боломжгүй бол бид залбирлаа зүрх сэтгэл дотроо чимээгүй хэлж болно.9 Залбирал бол “дүрэлзэх гал”10 билээ гэж бид дуулдаг. Залбирлыг Аврагчийн Өөрийнх нь зааснаар, үргэлж Бурхан Мөнхийн Эцэгт хандан Түүний Цорын Ганц Хүүгийн11 нэрээр өргөх ёстой.

Хайрт найзууд минь, залбирал маань бидний гайхамшигт мөч,12 бидний “чин хүсэл,”13 бидний шүтэн бишрэх хамгийн энгийн бөгөөд цэвэр ариун хэлбэр14 билээ. Бид хувиараа, гэр бүлээрээ, мөн бүх төрлийн цуглаан дээр залбирах хэрэгтэй.15 Бид залбирлыг уруу таталтын эсрэг16 бамбай болгон ашиглах ёстой. Хэрэв бид хэзээ нэгэн цагт залбирмааргүй санагдвал энэ эргэлзээ нь аль ч цагт хүүхдүүдтэйгээ харилцахыг хүсдэг Бурханаас ирээгүй нь лавтай гэдэгт бид итгэж болно. Биднийг залбируулахгүй байх зарим хүчин чармайлт үнэхээр дайснаас шууд ирдэг.17 Хэрэв бид хэрхэн залбирахаа эсвэл яг юуны төлөө залбирахаа мэдэхгүй байгаа бол бид залбирч эхлээд, Ариун Сүнс биднийг хэлэх хэрэгтэй залбиралд маань чиглүүлтэл үргэлжлүүлэх хэрэгтэй.18 Энэ аргыг бид дайсныхаа төлөө эсвэл биднийг буруугаар ашигладаг хүмүүсийн төлөө залбирахдаа ашиглаж болох юм.19

Эцсийн эцэст бид ямагт залбирдаг байсан Аврагчийн үлгэр жишээнээс суралцаж болно. Есүст залбирах шаардлага гардаг байсан нь үргэлж миний сонирхлыг татдаг байсан. Тэр төгс байгаагүй гэж үү? Түүнд юуны талаар залбирах шаардлага гардаг байсан юм бол? Бидний адил Тэр ч гэсэн [Эцэгийг] эрж хайх, Түүний үгэнд итгэх, нигүүлсэлд нь найдахыг20 хүсэж байсан гэдгийг би ойлгосон. Цагаас цагт, Тэрээр залбирлаараа тэнгэрийг нэвтлэхээсээ өмнө хүмүүсээс холддог байсан.21 Заримдаа Тэрээр цөөн хэдэн хамтрагчтайгаа залбирдаг байсан бол заримдаа толгодын бэлээр дүүрэн цугласан олны өмнөөс тэнгэр өөд залбирдаг байжээ. Заримдаа залбирал Түүний хувцсыг сүр жавхлант болгож,22 заримдаа Түүний царайг суу алдраар гийгүүлж байв.23 Заримдаа Тэрээр залбирахаар зогсож, заримдаа өвдөг сөгдөж, бас нэг удаа нүүрээрээ газар унан залбирч байсан.24

Гэм нүглийн төлөөх зовлон шаналал нь Түүнийг “маш шаргуу” залбирахыг шаардсан хэмээн Лук хэлсэн.25 Төгс байсан нэгэн яаж илүү шаргуу залбирах вэ? Түүний залбирлууд бүгд шаргуу байсан гэж бид боддог. Гэсэн хэдий ч Өөрийн цагаатгах золиослолыг гүйцэлдүүлж, ертөнцийн хамаг бүгдийн өвдөлтийг авахдаа Тэрээр илүү ихээр гуйн залбирахад Түүний өргөлийн дарамтаас болж эцэстээ сүв бүрээс нь цус гарч байжээ.

Христийн үхлийн эсрэг ялалт ба Түүний надад саяхан өгсөн мөнх бус амьдралд ахин хэдэн долоо хоног эсвэл хэдэн сар амьдрах боломжийг өгснийг бодохоор би мөнх амьдрал бодит болохыг мөн үүний төлөө бид анхааралтай төлөвлөх хэрэгтэйг баттай гэрчилж байна.

Христ ирэхдээ биднийг хуучирч бүдгэрсэн баптисмын бүртгэл дээрх бэлгэдэл төдий гишүүний хувиар биш харин эрс шийдэмгий, үнэнчээр итгэдэг, гэрээгээ сахьдаг дагалдагчийн хувиар таних хэрэгтэй болно гэдгийг би гэрчилж байна. Энэ бол бид бүгдийн хувьд яаралтай хэрэг юм шүү. “Би та нарыг танихгүй”26 буюу Иосеф Смитийн орчуулснаар “[Та нар] намайг танихгүй”27 гэсэн зүрх эмтрэм үгийг бид сонсох вий.

Азаар энэ үүргийг биелүүлэхэд туслах зөндөө тусламж бий. Бид тэнгэр элч нар, гайхамшгууд, ариун санваарын амлалтуудад итгэх хэрэгтэй. Бид Ариун Сүнсний бэлэг, сайн найз нөхөд, гэр бүлийн нөлөө, Христийн цэвэр хайрын хүчинд итгэх хэрэгтэй. Бид илчлэлтэд болон бошиглогч, үзмэрч, илчлэгчдэд болон Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд итгэх хэрэгтэй. Залбирал ба гуйлт, хувийн зөвт байдлаар дамжуулан бид “Сион Уул уруу мөн амьд Бурханы хот уруу, тэрхүү тэнгэрлэг, бүхнээс хамгийн ариун газар уруу”28 дээш очиж чадна гэдэгт бид итгэх хэрэгтэй.

Ах, эгч нар аа, бид Түүний өмнө чин сэтгэлийн залбирлаа өргөж, нүглээ наманчилж, “нигүүлслийн хаан ширээнд”29 зоримгоор очсоноор Мөнхийн Эцэг болон Түүний дуулгавартай, төгс цэвэр ариун Хүүгийн буянт мутраас нигүүлсэл, өршөөл, уучлалыг олох болно. Дараа нь бид Иов ба цэвэр болгогдсон бүх итгэлтнүүдийн хамт бидний ойлгохын аргагүй “дэндүү гайхалтай”30 дэлхийг болгоох болно. Есүс Христийн нэрээр, амен.