Ерөнхий чуулган
Бүх зүйл бидний сайн сайхны төлөө билээ
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бүх зүйл бидний сайн сайхны төлөө билээ

Цаг нь болоход, мөнх амьдралд бүтээлийн зорилго, Бурханы мөн чанар бидний сайн сайхны төлөө бүх зүйлийг нэгтгэнэ.

Өнөөдөр 4-р сарын 6 бөгөөд Есүс Христ Өөрийн Хожмын Үеийн Сүмийг сэргээсний ойн баяр, мөн Есүс Христийн төгс амьдрал, цагаатгагч золиослол, алдар суу бүхий Амилалтын талаар баяр хөөртэй гэрчилдэг Христийн амилсны баярын нэгэн хэсэг юм.

Нэгэн хүний хүү сайхан морь олж байгаагаар хятадын нэг үлгэр эхэлдэг.

“Ямар азтай юм бэ” гэж хөршүүд нь хэлэхэд,

аав нь “Харж л байя” гэв.

Удалгүй хүү нь мориноосоо унаж, хүнд гэмтэл авав.

“Ямар харамсалтай юм бэ” гэж хөршүүд нь хэллээ.

Тэр мөн л “Харж л байя” гэв.

Армиас цэрэгт татахаар ирсэн боловч бэртэл авсан хүүг нь авсангүй.

Хөршүүд нь “Ямар азтай юм бэ” гэж хэлэв.

Тэр бас л “Харж л байя” гэж хэлжээ.

Энэ хувирамтгай ертөнцөд ихэвчлэн шуурганд туугдаж буй мэт, юу болох нь тодорхой бус, заримдаа азтай бас ихэнхдээ азгүй гэж санагддаг. Гэхдээ зовлонт ертөнцөд1 “Бурханыг хайрладаг … хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.”2 Үнэхээр биднийг зөв шударга амьдарч, гэрээгээ санах үед “бүх зүйл таны сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно.”3

Бүх зүйл бидний сайн сайхны төлөө билээ.

Ямар гайхалтай амлалт, Бурханы Өөрөө өгсөн тайвшруулах баталгаа вэ! Гайхамшигтай нь бүтээлтийн зорилго, Бурханы мөн чанар бол эхлэл, төгсгөлийг мэдэх;4 бидний сайн сайхны төлөө бүхнийг гүйцэлдүүлэх; Есүс Христийн нигүүлсэл, Цагаатгалаар дамжуулан бидэнд ариун болоход туслах билээ.

Есүс Христийн Цагаатгал биднийг нүглээс чөлөөлж, гэтэлгэж чадна. Үүнээс гадна Есүс Христ бидний өвдөлт, зовлон, өвчин,5 уй гашуу, хагацал бүрийг маш сайн ойлгодог. Үхэл ба тамыг ялсан Түүний ялалт энэ дэлхийн болон мөнх амьдралд бүх зүйлийг зөв болгож чадна.6 Тэрээр зовлонд нэрвэгдсэн, басамжлуулсан хүмүүсийг эдгээж, уурлан холдсон хүмүүсийг эвлэрүүлж, ганцаардаж тусгаарлагдсан хүмүүсийг тайтгаруулж, эргэлзэж тээнэгэлзсэн төгс бус хүмүүсийг урамшуулж, зөвхөн Бурханы үйлдэх боломжтой гайхамшгуудыг авчрахад тусалдаг.

Бид Халлелүяа дуулж, Хосанна хэмээн хашхирдаг. Бурханы аз жаргалын төлөвлөгөөнд мөнхийн хүч, хязгааргүй сайн сайхан байдлын тусламжтайгаар бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтран ажиллах боломжтой. Бид амьдралтай айдсаар биш, итгэлтэйгээр нүүр тулж чадна.

Бид дангаараа үлдсэн бол өөрсдийн сайн сайхныг мэдэхгүй өнгөрөх байсан байх. “Би өөрийгөө сонгох” үедээ бас өөрийнхөө хязгаарлагдмал байдал, сул тал, дутагдлыг сонгодог. Эцсийн эцэст хамгийн сайныг үйлдэхийн тулд бид сайн байх ёстой.7 Бурханаас өөр хэн ч сайн биш учраас8 бид Есүс Христэд төгс байдлыг эрэлхийлдэг.9 Бид зөвхөн харанхуй бүдүүлэг чанараа орхиж, Бурханы өмнө хүүхэд мэт болж байж л өөрийн байж болох хамгийн үнэн, мөн сайн хүн нь болдог.

Бурханд найдаж, итгэснээр сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийг өөрсдийн сайн сайхны төлөө ариусгах боломжтой. Египетэд боолчлолд зарагдсан Иосеф дараа нь гэр бүл, ард түмнээ аварсан байдаг. Либерти шоронд байсан нь бошиглогч Иосеф Смитэд энэ бүхэн “чамд туршлага суулгах болно мөн чиний сайн сайхны төлөө байх болно”10 гэдгийг заасан. Сорилтуудыг болон бидний хэзээ ч сонгохгүй золиослолуудыг итгэлтэйгээр даван туулах нь биднийг болон бусдыг төсөөлж ч байгаагүйгээр адислах болно.11

Бид мөнхийн талаас нь харж сурч;12 сорилт бэрхшээлүүд “багахан хугацаанд” байна гэдгийг ойлгож;13 зовлонгууд нь бидний тусын тулд зориулагдсан байж болно гэдгийг олж харж;14 осол, цаг бусаар нас барах, хүнд өвчин, өвчин эмгэг нь мөнх бус амьдралын нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч; хайрт Тэнгэрлэг Эцэг шийтгэх юм уу шүүх гэсэндээ сорилт бэрхшээлийг бидэнд өгдөггүй гэдэгт итгэснээр бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтран ажиллаж чадна гэсэн Их Эзэнд итгэх итгэл, найдвараа нэмэгдүүлдэг. Тэрээр талх гуйсан хүнд чулуу, загас гуйсанд могой өгөхгүй.15

Сорилтод орох үедээ бид юу юунаас илүү хэн нэгэн биднийг сонсож, бидэнтэй хамт байгаасай гэж хүсдэг.16 Тэр үед хэчнээн сэтгэл санааг тайвшруулах гэсэндээ хэлсэн байсан ч улиг болсон хариулт тус болохгүй. Заримдаа бид өөрсөдтэйгөө хамт гашуудаж, өвдөж, уйлах; өвдөлт, бухимдал, бүр уурлаж байгаагаа хүртэл илэрхийлж; бидэнд мэдэхгүй зүйл бий гэдгийг хамтдаа хүлээн зөвшөөрөх хэн нэгнийг хүсдэг.

Биднийг Бурханд болон Түүний биднийг гэх хайранд найдах үед хамгийн их зовлон зүдгүүр маань ч эцэст нь бидний сайн сайхны төлөө хамтран ажиллана.

Би хайртай хүмүүс минь ноцтой автомашины осолд орсон тухай мэдээг хүлээн авсан өдрийг санаж байна. Ийм үед зовж шаналсан сэтгэл, итгэлээрээ бид Иовын хамт “Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг”17 гэж л хэлж чадна.

Дэлхий даяар Сүмийн 3500 орчим гадас, дүүрэг, 30000 орчим тойрог, салбар хоргодох байр болж, аюулгүй орчныг бүрдүүлдэг.18 Гэвч манай гадас, тойргуудад олон итгэлтэй гэр бүл, хувь хүн бүх зүйл өөрсдийнх нь сайн сайхны төлөө хамтран ажиллах болно гэдгийг мэдэж байсан ч (хэрхэн гэдгийг хараахан мэдэхгүй) хэцүү сорилттой тулгарч байна.

Английн Хаддэрсфийлд хотод амьдардаг Сэмюэл Брижсток ах гадасны шинэ ерөнхийлөгчөөр дуудагдахынхаа өмнөхөн дөрөв дэх шатандаа орсон хорт хавдартай гэж оношлогдов. Ийм оноштой байж яагаад ярилцлагад орно гэж тэр өөрийн эхнэр Аннагаас асуухад,

Брижсток эгч “Яагаад гэвэл чи гадасны ерөнхийлөгчөөр дуудагдах учраас” гэж хариулжээ.

Зураг
Брижстокийн гэр бүл

Анх ганц хоёрхон жил амьдарна гэж байсан ч ерөнхийлөгч Брижсток одоо (өнөөдөр энд байгаа) дөрөв дэх жилдээ үйлчилж байна. Түүнд сайн ч, хэцүү ч өдрүүд байдаг. Түүний гадасныхан итгэл, үйлчлэл, сайхан сэтгэлээр эргэн нэгдэж байна. Амар биш ч түүний эхнэр болон гэр бүл итгэл, талархал, ойлгохуйц хэмжээний гунигтай амьдардаг. Тэрхүү гуниглал нь Есүс Христийн сэргээгч Цагаатгалаар мөнхийн баяр баясгалан болно гэдэгт тэд итгэн найддаг.19

Бид тайван, нээлттэй, хүндэтгэлтэй байхдаа Их Эзэний санал болгодог гэрээнд харьяалагдахын зорилго, сайн сайхан, амар амгаланг мэдрэх боломжтой. Ариун нандин мөчүүдэд Тэр бидэнд илүү том, мөнхийн бодит байдлыг харах боломж олгож болох юм. Үүний нэг хэсэг бол өчүүхэн бөгөөд энгийн зүйлс нь өгөгч, хүлээн авагч хоёрын сайн сайхны төлөө хамтран ажилладаг бидний өдөр тутмын амьдрал юм.

Миний анхны номлолын ерөнхийлөгчийн охин Рэбэка Их Эзэн түүний тайтгарлын төлөөх залбиралд хариулахдаа хэрхэн түүнд өөр хэн нэгний залбиралд хариулах гэнэтийн боломж өгсөн тухай хуваалцсан.

Зураг
Рэбэка тэр эмэгтэйд ээжийнхээ хүчилтөрөгчийн аппаратыг өгсөн байна.

Нэгэн орой ээжийгээ саяхан нас барсанд гашуудаж байсан Рэбэкад машиндаа бензин авахаар яв гэсэн тодорхой мэдрэмж төржээ. Шатахуун түгээх газар ирэхэд хүчилтөрөгчийн том саваар арайн хийн амьсгалж буй өндөр настай нэгэн эмэгтэйтэй таарлаа. Үүний дараа Рэбэка тэр эмэгтэйд ээжийнхээ зөөврийн хүчилтөрөгчийн аппаратыг өгсөн байна. Энэ эгч: “Чи надад эрх чөлөөг минь буцааж өглөө” гэж талархан хэлжээ. Биднийг Есүс Христийн адил тохинуулах үед бүх зүйл хамтдаа сайн сайхны төлөө ажилладаг.

Багш болох насны хүүтэйгээ хамт тохинуулахаар томилогдсон нэгэн эцэг: “Жигнэмэг авчирдаг хөршөөс итгэлт найз, сүнслэг байдлын хувьд анхны тусламж үзүүлэгч болохыг тохинуулах гэнэ” гэж тайлбарласан. Есүс Христэд гэрээгээр харьяалагдах нь тайтгаруулж, холбож, ариусгадаг.

Сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байх нь эмгэнэлт үйл явдал тохиолдсон ч Тэнгэрлэг Эцэг хамгийн эмзэг, ганцаардмал байх үеийг мэдэж байсан гэдгийг сануулах боломжтой. Жишээлбэл: Хүүхэд нь эмнэлэгт хүргэгдэхэд тэр гэр бүл хожим нь Ариун Сүнс юу болохыг урьдчилан шивнэж байсныг санаснаар тайтгарлыг олж авдаг.

Заримдаа Их Эзэний бидэнд мэдрүүлдэг илүү том мөнхийн бодит байдал нь хөшигний цаадах гэр бүл маань байдаг. Нэг эгч Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөгдсөнөөр баяр баясгаланг олсон. Завины осолд орсон, ээж нь амиа егүүтгэсэн гэсэн хоёр сэтгэлийн шарх нь түүний амьдралд хүндээр туссан байв.

Зураг
Тэр эгч айдсаа даван гарч, баптисм хүртсэн юм.

Гэсэн ч тэр эгч баптисм хүртэхийн тулд уснаас айх айдсаа ялан дийлж чадсан. Аз жаргалаар дүүрэн нэгэн өдөр тэрээр нас барсан ээжийг нь төлөөлөн өөр хүн ариун сүмд баптисм хүртэхийг мөн гэрчилсэн. “Ариун сүмийн баптисм ээжийг минь эдгээж, намайг чөлөөлсөн. Ээжийгээ нас барснаас хойш би анх удаа амар амгаланг мэдэрлээ” гэж тэр эгч хэлсэн юм.

Бидний ариун нандин дуу хөгжим сайн сайхны төлөө бүх зүйл хамтран ажиллаж чадна гэх Түүний батлан хэлсэн үгсийг давтан хэлдэг.

Бодгаль минь тайван байгтун. Таны Бурхан өнгөрсөн хугацаанд удирдсан шиг

Ирээдүй рүү мөн удирдах болно.

Итгэл, найдвараа битгий алдаарай.

Одоо байгаа бүх нууцлаг зүйл нь төгсгөлд бүгд тодорхой болно.20

Учрах бүхнээс эс халшран ирцгээгээч,

Урамтай аялцгаая.

Аялах зам тань бартаатай санагдавч,

Амьдрал тань ивээгдэнэ …

Аяллаа бид дуусгалгүй эрт очсон ч

Зүгээр бүгд Зүгээр бүгд сайхан байна!”21

Мормоны Ном нь Есүс бол Христ, Бурхан Түүний бошиглолуудыг биелүүлдэг гэдгийн гарт баригдах нотолгоо юм. Бидний цаг үеийг харсан сүнслэг нөлөө бүхий бошиглогчдын бичсэн Мормоны Ном нь эвлэршгүй зөрчилдөөнтэй тулгарсан гэр бүлийн түүхээр эхэлдэг. Гэхдээ 1 Нифай 1-ээс Моронай 10 хүртэл судалж, тунгаан бодох үед бид, яг тэнд, тэр цаг үед болсон үйл явдал биднийг энд, яг одоо адисална гэсэн баттай гэрчлэлтэй болж Есүс Христ рүү татагддаг.

Их Эзэн амьд бошиглогчоороо дамжуулан Их Эзэний олон угсааг өмнөхөөсөө олон газар ойртуулан авчирч байгаа тул ариун сүмийн адислалууд бидний сайн сайхны төлөө хамтдаа ажилладаг. Бид гэрээ, ёслолоор өөрсдийн Эцэг Бурханд болон Есүс Христэд ирж, мөнх бус амьдралыг мөнхийн талаас нь харах чадвартай болдог. Сион уулан дээрх аврагчдын Их Эзэний загвараар гэр бүлийн хайрт гишүүд, өвөг дээдсээ нэг нэгээр нь, нэрээр нь дуудан авралын ёслол, гэрээний адислалуудыг өгдөг.22

Олон газар ариун сүмүүд бидэнд ойртохын хэрээр ариун сүмд өргөж болох бидний тахил бол Их Эзэний өргөөнд байнга орж ариун байхыг эрэлхийлэх явдал юм. Олон жил бид ариун сүмд очихын тулд мөнгө цуглуулж, төлөвлөж, золиосолсоор ирсэн. Одоо, нөхцөл байдал бүрдвэл Их Эзэний ариун өргөөнд аль болох ойр ойр орж байгаарай. Ариун сүмд байнга шүтэн биширч, үйлчилснээр өөрийгөө болон одоогийн мөн ирээдүйн гэр бүлээ адисалж, хамгаалж, сүнслэг нөлөө үзүүл.

Зураг
ариун сүмийн гадна буй эмээ

Түүнчлэн боломж олдвол өөрийн гэсэн ариун сүмийн хувцастай болох талаар бодоорой.23 Боломж муутай нэгэн гэр бүлийн эмээ энэ дэлхий дээр хамгийн их хүсэж байгаа зүйл нь өөрийн гэсэн ариун сүмийн хувцастай болох гэж хэлжээ. Түүний ач хүү: “Эмээ надад ‘би ариун сүмд өөрийнхөө хувцастай үйлчилнэ, үхэхэд минь тэр хувцастай минь оршуулаарай’” гэж шивнэсэн гэжээ. Тэр цаг нь болоход түүний хэлснээр болсон юм.

Ерөнхийлөгч Нэлсоны зааснаар: “Бидний итгэдэг бүх зүйл, Бурханы гэрээт хүүхдүүддээ өгсөн амлалт бүхэн ариун сүмд нэгтгэгддэг.”24

Цаг нь болоход, мөнх амьдралд бүтээлийн зорилго, Бурханы мөн чанар бидний сайн сайхны төлөө бүх зүйлийг нэгтгэнэ.

Энэ бол Аврагчийн мөнхийн зорилго, мөнхийн талаас нь харах өнцөг, мөнхийн амлалт юм.

Амьдрал эмх замбараагүй, зорилго нь тодорхойгүй, илүү дээр амьдрахыг хүсэж байгаа ч хэрхэн ийм амьдралд хүрэхээ мэдэхгүй байгаа үед бидний Эцэг Бурхан руу, Есүс Христ рүү ирээрэй. Тэд амьд, таныг хайрладаг, бүх зүйлийг таны сайн сайхны төлөө хүсдэг гэдэгт итгэ. Тэд ийн хүсдэг, үүрд мөнхөд хүссээр байна гэдгийг Есүс Христийн ариун нандин нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Иохан 16:33-ыг үзнэ үү.

  2. Ром 8:28

  3. Сургаал ба Гэрээ 90:24 “Бүх зүйл сайн сайхан байна” гэх түгээмэл хэрэглэгддэг хэллэг нь бүх зүйл сайн, эмх цэгцтэй байна гэсэн утгатай бөгөөд тэдгээр нь үнэндээ бидний сайн сайхны төлөө байна гэсэн үг биш юм.

  4. Мосе 1:3-ыг үзнэ үү.

  5. Алма 7:11-ийг үзнэ үү.

  6. 2 Нифай 9:10–12-ыг үзнэ үү. Бурхан ёс суртахууны сонгох эрхийг хүндэтгэдэг бөгөөд заримдаа бүр бусдын шударга бус үйлдэлд бидэнд нөлөөлөх боломжийг олгодог. Харин бид чадах бүхнээ хийхийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх үед Есүс Христийн ач ивээл, Түүний боломж олгогч, мөн цагаатгагч хүч биднийг цэвэрлэж, эдгээж, холбож, өөрсөдтэй маань болон бие биетэйгээ, хөшигний хоёр талд байгаа бусадтай маань эвлэрүүлж чадна.

  7. Моронай 7:6, 10–12-ыг үзнэ үү. Профессор Тэрри Ворнэр энэ сэдвээр ойлгомжтой бичдэг.

  8. Ром 3:10; Моронай 10:25-ыг үзнэ үү.

  9. Моронай 10:32-ыг үзнэ үү.

  10. Сургаал ба Гэрээ 122:4, 7-г үзнэ үү.

  11. Бид өөрсдийн сонгоогүй туршлагаасаа суралцдаг. Заримдаа Их Эзэний тусламжтайгаар ачаагаа үүрэх нь тэдгээр ачаагаа үүрэх чадавхыг маань сайжруулдаг. Мозая 24:10–15 нь Их Эзэний “тэдний зүдгүүрт үед ирж,” “ачаагаа … дааж чадахын тулд … хүчирхэгжүүлнэ” хэмээх амлалтыг харуулдаг. Алма 33:23 нь “Хүүгийн баяслаар танд үүрэг чинь хөнгөн байж бол[но]” гэдгийг заадаг. Харин Мозая 18:8 нь “ачаа нь хөнгөн байж болохын тулд” “нэг нэгнийхээ ачааг … үүрэлцэхэд бэлэн бай[хыг]” сануулдаг.

  12. Бошиглогч Исаиа Мессиагийн талаар, “Над дээр Эзэн Бурханы Сүнс байна. Учир нь зовогсдод сайн мэдээ хүргэж шаналсан зүрхтэйг нь эдгээн … бүх гашуудагчийг тайвшруулан Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, гаслант сүнсний оронд магтаалын хувцас өг[нө]” (Исаиа 61:1–3) хэмээн хэлсэн. Үүний нэгэн адил Дуулал номын бичээч “Шөнөд уйлаан байж болох ч, өглөөд баярын уухай ирдэг” (Дуулал 30:5) хэмээн Их Эзэний амлалт, итгэл найдварыг танилцуулсан. Үүнд Анхны амилуулалтын өглөө зөв шударга хүмүүс амилуулагдах гайхамшигт амлалт мөн багтдаг.

  13. Сургаал ба Гэрээ 122:4. Сорилт бэрхшээл нь “багахан хугацаанд” байна гэдэгт итгэх нь энэ амьдралд өдөр бүр үзэж туулах бидний асар их шаналал, зовлонг, мөн шөнө оройгоор нойр хулжих хэцүү өдрүүд, өдөр ирэх бүр тулгарах хэрэгтэй тодорхой бус байдлыг юман чинээнд тооцохгүй, хэрэгсэж үзэхгүй байгаа хэрэг биш юм. Гэхдээ эргэн харж, мөнх бус амьдралын зовлон зүдгүүрийг Бурханы нигүүлсэл, мөнхийн өнцгөөс харах боломжтой байх амлалт нь мөнх бус оршихуйн зовлонгийн талаарх үзэл бодлоо өөрчилж, эцсээ хүртэл Түүнд итгэж, найдан тэвчих чадварыг маань нэмэгдүүлж магад. Түүнчлэн, бид харах нүдтэй байхад ихэнхдээ өнөөгийн нөхцөл байдлаасаа сайн сайхныг олж харах боломжтой. Бид тэр бүхнийг харахын тулд ирээдүйг хүлээх шаардлагагүй.

  14. 2 Нифай 2:2-ыг үзнэ үү.

  15. Maтай 7:9–10-ыг үзнэ үү. Бурханыг амьдралдаа ялуулах нь ирсэн болгоныг зүгээр л хүлцэнгүй хүлээн авах гэсэн үг биш юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёр маань бидэнд зөвхөн сайн сайхныг үргэлж хүсдэг гэдэгт идэвхтэй байж итгэх явдал юм. Уй гашуу тохиоход бид “яагаад би гэж?” биш харин “би юу сурч болох вэ?” гэж итгэлээр асууж болно. Түүний цаг хугацаа, арга замаар тэр бүхний оронд адислал өгөгдөж, боломж бололцоо гарч ирнэ гэдгийг мэдэн бид гэмшсэн сэтгэл, харууссан зүрхтэйгээр гашуудаж болно.

  16. Бид гашуудах тэдний хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах гэрээ байгуулсан (Мозая 18:9-ийг үзнэ үү).

  17. Иoв 1:21

  18. Сургаал ба Гэрээ 115:6-г үзнэ үү.

  19. Хүнд хэцүү цаг үед итгэлтэй байх нь Мормоны Номд бичигдсэн “Бурханыг зүхэж, мөн үхэхийг хүсэж байсан” ч “амьдралынхаа төлөө илдээр тэмцэх” (Мормон 2:14) тэр хүмүүсийн бодит шаналал, цөхрөлөөс тэс өөр юм.

  20. “Be Still, My Soul,” Hymns, no. 124.

  21. “Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ,” Дуулал, д. 21. Дараахыг эргэцүүлэн бод.

    Хайр, билиг агуу их

    Агуу төгс төгөлдөр.

    Ивээл, хайр, энэрэл нь хамтдаа

    Бүгд эгшиг хөг нийлнэ!

    (“Хайр, ухаан нь агуу юм,” Дуулал, д. 101.)

    Амьдралын тодорхой бус байдлын дунд гэтэлгэлийн агуу загвар шударга ёс, хайр, нигүүлслийг бидний сайн сайхны төлөө байлгана гэдгийг бид мэднэ.

  22. Обадиа 1:21-ийг үзнэ үү. Бошиглогч Иосеф Смит: “Яаж тэд [хожмын үеийн гэгээнтнүүд] Сион уулан дахь аврагчид болж чадах вэ? Ариун сүмүүдийг барьж, баптисмын усан сангуудыг байгуулж мөн урагш ахиж, … нас барсан өвөг дээдсийнхээ бүхий л ёслолуудыг хүлээн авч … гүйцэлдүүлнэ” хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 536).

  23. Анх удаа ариун сүмд орж байгаа гишүүд маш хямдаар ариун сүмийн хувцсаа худалдан авах боломжтой.

  24. Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 94.