Ерөнхий чуулган
Есүс Христийн хүч бидний өдөр тутмын амьдралд
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христийн хүч бидний өдөр тутмын амьдралд

Бид өдөр бүр Есүс Христэд ирэхийг зорин байж эрэлхийлснээр Түүнд итгэх итгэл нь бидний хүчний ундарга байх юм.

Хайрт ах, эгч нар аа, энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм. Түүний Сүмийн нэрээр цугларах үнэхээр сайхан байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд энэ хэний Сүм болохыг мөн хэний сургаалыг бид дагадаг гэдгээ санахын тулд Их Эзэний Сүмийн зөв нэрийг байнга ашиглахыг захиж сургамжилсанд би талархдаг.

“Ирэх өдрүүдэд бид дэлхийд урьд өмнө үзэгдэж байгаагүй, Аврагчийн хүч чадлын хамгийн агуу илрэлүүдийг харах болно. … Тэрээр итгэлтэй хүн бүрийн дээр тоо томшгүй олон боломж, адислал, гайхамшгийг хүртээх болно”1 хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн.

Үйлчилж буй газрынхаа гэгээнтнүүдтэй уулздаг нь миний эхнэр Рэнээ бид хоёрын хувьд хамгийн агуу боломж, завшааны нэг юм. Бид тэдний түүхийг сонсож, гарз хохирлыг нь харж, уй гашуугаас нь хуваалцаж, амжилтад нь баярладаг. Итгэлтэй хүн бүрийн дээр хүртээсэн Аврагчийн олон адислал, гайхамшгийг бид харж байсан. Байж боломгүй зүйлсийг туулж, төсөөлөхийн аргагүй зовж шаналсан хүмүүстэй бид учирч явсан.

Зураг
Ерөнхийлөгч Хосэ Баталла ба түүний гэргий Валэриа Баталла.
Зураг
Флавиа Крүзадо аавтайгаа хамт.

Боливид Их Эзэний зараалд зүтгэж байхдаа нөхрөө алдсан эмэгтэйгээс Аврагчийн хүч гарахыг бид харсан.2 Аргентинд нэгэн залуу эмэгтэйн гар утсыг нь хулгайлах үед тэрээр галт тэрэгний доор унаж хөлгүй болжээ. Бид түүнээс Аврагчийн хүч гарахыг харсан.3 Тайлбарлахын аргагүй балмад хэргийн дараа уг залуу эмэгтэйн ганц бие эцэг нь нөхцөл байдалтайгаа зохицож, охиноо хүчирхэгжүүлэх хэрэгтэй болсон. 2022 онд Христийн мэндэлсний баяраас хоёрхон хоногийн өмнө Чилид болсон түймрийн улмаас гэр орон, бүх эд хөрөнгөө алдсан гэр бүлүүдээс бид Аврагчийн хүчийг олж харсан.4 Өр өвтгөм салалтын дараа зовж шаналсан мөн хүчирхийллийн хохирогч болсон гэм буруугүй хүмүүсээс бид бас тэрхүү хүчийг харсан.

Зураг
Чили дэх түймэр.

Тэдэнд хүнд хэцүүг туулах хүчийг юу өгдөг юм бол? Бүх зүйл өнгөрсөн мэт санагдах үед цааш үргэлжлүүлэх нэмэлт хүчийг юу өгдөг вэ?

Өдөр бүр Есүс Христэд ирэхийг зорин байж эрэлхийлснээр Түүнд итгэлтэй болж, үүнээс тэрхүү хүч гардгийг би олж мэдсэн.

Бошиглогч Иаков: “Мөн хэрэв тэд түүний дууг анхааран сонсвоос бүх хүмүүнийг аварч болохын тулд тэрээр дэлхийд ирнэ; учир нь болгоогтун, тэрээр бүх хүмүүний шаналлыг тэвчинэ, тийм ээ, амьдрагч бүхний шаналлыг, Адамын гэр бүлд багтах эр, эм, мөн хүүхэд аль алиныхыг нь болой”5 гэж заасан юм.

Заримдаа Есүс Христэд итгэлтэй байх нь боломжгүй, хэзээ ч бүтэшгүй зүйл мэт санагддаг ч байж магадгүй. Христэд ирэх нь бидэнд байхгүй хүч чадал, төгс байдлыг шаарддаг бөгөөд бидэнд энэ бүгдийг хийх хүч байхгүй гэж бид боддог байж болох юм. Гэхдээ би энэ бүх хүнээс Есүс Христэд итгэх итгэл нь энэхүү аяныг эхлүүлэх эрч хүчийг бидэнд өгдөг гэдгийг сурсан. Зарим үед бид “Би Есүст ирэхээсээ өмнө амьдралаа өөрчилж засах хэрэгтэй” гэж боддог байж болох ч үнэн хэрэгтээ бид Есүсээр дамжуулж амьдралаа өөрчлөхийн тулд Түүн дээр ирдэг.

Бид төгс учраас Есүст ирдэггүй. Бид алдаа дутагдалтай бөгөөд Түүгээр “төгөлдөржихийн” тулд Түүн дээр ирдэг. 6

Бид хэрхэн өдөр бүр итгэлээ бага багаар хөгжүүлж эхлэх вэ? Миний хувьд энэ нь өглөөнөөс эхэлдэг. Би сэрэнгүүтээ утсаа харахын оронд залбирдаг. Зүгээр л энгийн залбирал хэлдэг. Тэгээд би судар уншдаг. Энэ нь “үргэлж түүнийг санахын” тулд ариун ёслолоос хүртэхдээ байгуулдаг долоо хоног тутмын гэрээгээ сахихад минь тусалдаг.7 Би өдрийг залбирал, судраар эхлүүлснээр гар утсаа харах бүрдээ “Түүнийг дурсан санах” боломжтой байдаг. Би асуудал, маргаантай нүүр тулахдаа “Түүнийг дурсан санаж,” Есүсийн хандах байсны адилаар тэдэнд хандахыг хичээдэг.

Би “Түүнийг санах” үедээ өөрчлөгдөж, наманчлах хүсэлтэй болдог. Би гэрээгээ сахих хүчний эх үүсвэрийг олж, амьдралдаа Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, “[надад] өгсөн түүний зарлигуудыг сахиж, түүний Сүнсийг [өөртэйгөө] үргэлж хамт байлгадаг.”8 Энэ нь надад эцсээ хүртэл тэвчихэд тусалдаг.9 Ядаж л тухайн өдрийн төгсгөл хүртэл! Түүнийг өдөржин дурсан санаж чадаагүй үед Тэрээр намайг хайрласан хэвээр байж, “Зүгээр дээ, маргааш дахин хичээгээрэй” гэж хэлдэг

Бид Түүнийг санахдаа төгс биш хэдий ч бидний хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлж санаж байдаг.

Бидний байнга гаргадаг нэг алдаа бол бид Бурхантай байгуулдаг гэрээ, амлалтуудаа сахихыг Түүнтэй хийж буй хэлэлцээр мэтээр боддог явдал юм. Жишээлбэл: Би дуулгавартай учраас Тэр намайг надад тохиолдож болох муу бүхнээс хамгаална. Аравны нэгээ төлдөг учраас би хэзээ ч ажлаасаа халагдахгүй, байшин маань ч шатахгүй. Гэвч аливаа зүйл бидний бодсоноор болохгүй үед бид Их Эзэнд хандан, “Би сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?”10 хэмээн хашхирдаг.

Бидний гэрээнүүд зөвхөн хэлэлцээр төдий бус, харин өөрчлөлт авчирдаг юм.11 Би гэрээнүүдээрээ дамжуулан шинэ хүн болох, уучилж боломгүй зүйлийг уучлах, боломжгүй зүйлийг даван туулах боломжийг олгодог Есүс Христийн ариусгагч, хүчирхэгжүүлэгч хүчийг хүлээн авдаг. Есүс Христийг зорин байж үргэлж санах нь хүчирхэг бөгөөд “түүний [надад] өгсөн зарлигуудыг сахих”12 нэмэлт хүчийг өгдөг. Энэ нь намайг илүү эелдэг байж, шалтгаангүй ч байсан инээмсэглэж, энх амгаланг тогтоож,13 зөрчилдөөнөөс зайлсхийн, Бурханыг амьдралдаа ялуулахад бидэнд тусалдаг.14

Бидний өөрсдийн эсвэл хайртай нэгний өвчин зовлон дийлэхээргүй хүнд болох үед Есүс Христийг санаж, Түүнд ирэх нь ачааг хөнгөлж, зүрх сэтгэлийг зөөллөж, өвчнийг намдаана. Энэ хүчний ачаар тэр эцэг охиндоо тусалж чадсан. Өөрөөр хэлбэл хөлөө алдаж, бие махбод, сэтгэл санааны зовлонг туулахад нь өөрийн хэр чадлаас хэтэрсэн хэмжээгээр тусалж дэмжих боломж олдсон.

Зураг
Флавиа Крүзадо Ахлагч Үлиссэс Соарэстай хамт.

Өнгөрсөн зургаадугаар сард ахлагч Соарэс Аргентинд айлчлахдаа Флавиагаас өөрт нь тохиолдсон аймшигтай ослын талаар асуухад тэр итгэлтэйгээр “[ийм юм болоход] би хямарч, хорсож, уурлаж, үзэн ядсан. Намайг ‘Яагаад би гэж?’ гэж асуухын оронд ‘Ямар учраас?’ гэж асуухад нэг л зүйл тусалсан. … Энэ нь намайг бусадтай болон Их Эзэнтэй ойртуулсан зүйл байсан. … Түүнээс зай барихын оронд би Түүнээс зууран барих хэрэгтэй болсон юм.”15

Ерөнхийлөгч Нэлсон заахдаа: “Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм. … Тиймээс гэрээгээ сахигчид … онцгой төрлийн амралт авах эрхтэй”16 гэжээ. Нөхрөө өдөр бүр санаж, шаналж буй бэлэвсэн эмэгтэйн нүднээс ийм төрлийн амралт, амар амгаланг би олж харсан.

Зураг
Галилын тэнгис дэх шуурга.

Шинэ Гэрээнд Есүс шавь нарынхаа хамт завин дээр байсан талаар гардаг.

“Их салхи босож, давлагаа завийг цохин, завь хэдийн усанд автжээ. …

Есүс харин … дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд —Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ.

Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. …

Тэр тэдэнд —Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байна вэ? [гэж хэлсэн]”17

Энэ түүх миний сонирхлыг үргэлж татсаар ирсэн. Их Эзэн тэднийг итгэлээ ашиглан шуургыг намдааж, салхийг зандарна гэж найдсан юм болов уу? Есүс Христэд итгэх итгэл нь Тэр бидэнтэй хамт онгоцонд байгаа учраас бид сүйрэхгүй гэдгээ мэдсэнээр шуургыг сөрөх амар амгалангийн мэдрэмж билээ.

Чилид болсон түймрийн дараа гэр бүлүүдтэй уулзахдаа ийм төрлийн итгэлийг бид харсан. Тэдний байшингууд юу ч үгүй шатаж, тэд бүх зүйлээ алдсан. Хэдий тийм ч бид тэдний байшин байсан газраар алхан, тэднийг болсон явдлын талаар ярьж байх үед бидэнд ариун нандин газар зогсож байгаа гэж санагдаж байсан. Нэгэн эгч эхнэрт маань хандан “Ойролцоох байшингууд шатаж байгааг хараад надад манай байшин удахгүй шатаж, бид бүх зүйлээ алдана гэсэн мэдрэмж төрсөн. Би цөхрөөгүй, харин ч дүрслэхийн аргагүй амар амгаланг мэдэрсэн. Яагаад ч юм, би бүх зүйл сайхан болно гэж мэдэрч байлаа” гэж ярьжээ. Бурханд итгэж, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахих нь бидний сул дорой байдалд хүч чадал, уй гашууд маань тайтгарал авчирдаг.

Рэнээ бид хоёр ийм гайхалтай гэгээнтнүүдтэй уулзаж байсанд; тэдний итгэл, хүч чадал, шаргуу хичээнгүй байдлыг харах боломжтой байсанд би баяртай байдаг. Хэзээ ч сонин хэвлэлийн тэргүүн нүүрэнд гарахгүй, алдартай болохгүй уй гашуу, харууслын түүхүүдийг сонсож байсандаа би баярладаг. Хагацал эсвэл хүнд хэцүү салалтын үед унагасан нулимс болон хэлсэн залбирлуудын хэзээ ч ил гардаггүй зургуудыг болон Есүс Христэд итгэх итгэл, Түүний Цагаатгалын ачаар туулж, давж гарах боломжтой байдаг айдас, уй гашуу, өвчин зовлонгийн тухай хэзээ ч тавигддаггүй нийтлэлүүдийг харах боломжтой байсандаа би талархдаг. Энэ хүмүүс миний өөрийн итгэлийг хүчирхэгжүүлдэгт бид үнэхээр их талархдаг.

Энэ бол Есүс Христийн Сүм гэдгийг би мэднэ. Хэрэв бид өдөр бүр Түүн дээр ирэх юм бол Тэр бидэнд хүч чадлаа өгөхөд бэлэн зогсож байдаг гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.