2010–2019
Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо
2018 оны 10-р сар


2:3

Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо

Би Сүмийн эмэгтэйчүүд та нарт хандан, тараагдсан Израилыг цуглуулахад тусалснаар ирээдүйн зүг чигийг тодорхойлох бошиглолын гуйлтыг түгээж байна.

Эрхэм, хүндэт эгч нар аа, та нартай хамт байгаа нь гайхалтай хэрэг юм. Саяхны нэгэн үйл явдал миний та нарын талаар болон та нарт оногдсон бурханлаг чадварыг юу гэж бодож явдаг талаар ойлголт өгөх байх.

Нэг өдөр би Өмнөд Америкийн цугларагсдад үг хэлж байхдаа, сэдэвтээ автагдан сэтгэл хөдөлсөндөө тэр торгон мөчид “10 хүүхдийн ээжийн хувьд би үүнийг хэлж байна” гэж хэлчихээд, захиасаа цааш үргэлжлүүлсэн гэдэг.

Би ээж гэдэг үг хэрэглэснээ анзаараагүй байсан. Орчуулагч маань намайг андуурсан гэж бодоод, ээжийг аав болгон өөрчилсөн учраас цугларагсад ээж гэж хэлснийг минь мэдээгүй өнгөрчээ. Харин миний эхнэр Вэнди үүнийг сонссон байсан ба дотоод сэтгэлээ илчлэн, халтирч хэлсэн үгэнд минь баясаж байлаа.

Тэрхэн мөчид зөвхөн эх хүнийхтэй л адил, дэлхий дээр өөрчлөлт хийх зүрхний минь чин хүсэл ундран гарсан нь тэр байв. Олон жилийн турш хүмүүс надаас яагаад эмч болсныг минь асуух болгонд би “Би ээж байхыг сонгож чадахгүй учраас” гэж хариулдаг байв.

Би ээж гэдэг үгийг хэрэглэх бүрдээ зөвхөн энэ амьдралдаа хүүхэд төрүүлж эсвэл өргөж авсан эмэгтэйчүүдийг хэлээгүйг ойлгоно уу. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ насанд хүрсэн бүх охины талаар ярьж байна. Эмэгтэй хүн бүр мөнхийн тэнгэрлэг хувь тавилантай эх хүн байдаг юм.

Тиймээс би өнөө орой арван хүүхэдтэй буюу есөн охин, нэг хүүтэй эцэг хүний хувьд, түүнчлэн Сүмийн ерөнхийлөгчийн хувьд та нарыг болон та нарын хэн болохыг мөн та нарын хийж чаддаг бүхнийг хэчнээн сайн ойлгодог болохыг минь мэдээсэй хэмээн залбирч байна. Хэн ч зөв шударга эмэгтэйн хийдэг зүйлсийг хийж чадахгүй. Хэн ч эх хүний нөлөөг орлож чадахгүй.

Эрэгтэйчүүд Тэнгэрлэг Эцэгийн болон Аврагчийн хайрыг бусдад дамжуулж чаддаг бөгөөд үүнийг үе үе харуулдаг. Харин эмэгтэйчүүдэд үүний онцгой бэлэг болох тэнгэрлэг хишиг өгөгдсөн байдаг. Хэн нэгэнд юу хэрэгтэй байгааг мөн хэзээ хэрэгтэй байгааг мэдэх чадвар та нарт бий. Та нар яг хэрэгтэй үед нь бусдад хүрч, тайтгаруулж, зааж, хүчирхэгжүүлж чаддаг.

Эмэгтэйчүүд аливаа зүйлийг эрэгтэйчүүдээс өөрөөр хардаг бөгөөд та нарын үзэл бодол бидэнд хэчнээн их хэрэгтэй билээ! Та нарын төрөлх чанар эхлээд бусдыг бодоход мөн аливаа үйлдлийг бусдад хэрхэн нөлөөлөх талаас нь авч үзэхэд хүргэж байдаг.

Ерөнхийлөгч Айрингийн заасанчлан, Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний алсын харааг ойлгон, бидний мэдэх “Уналт”-ын эхний алхмыг хийсэн нь эрхэмсэг Ева эх байв. Түүний ухаалаг, зоригтой сонголт Адамын дэмжсэн шийдвэрийн тусламжтайгаар Бурханы аз жаргалын төлөвлөгөөг урагшлуулсан билээ. Тэд бидний хүн нэг бүрд дэлхий дээр ирж, бие махбодтой болох мөн мөнх бус байдлын өмнөх амьдралд сонгосон шигээ одоо Есүс Христийн талд зогсох сонголтыг хийнэ гэдгээ батлан харуулах боломжийг олгосон юм.

Хүндэт эгч нар аа, та нарт онцгой сүнслэг бэлэг, авьяас чадварууд бий. Би өнөө орой та бүхнээс зүрхнийхээ бүхий л найдвараар өөрсдийн сүнслэг бэлгүүдийг хэзээ хэзээнээс илүү ойлгож, тордож, ашиглаж мөн хөгжүүлэхээр залбирч үзэхийг гуйж байна. Та нар үүнийг хийснээр дэлхийг өөрчлөх болно.

Эмэгтэй хүний хувьд та нар бусдыг урамшуулан өдөөж мөн даган дуурайх үнэ цэнтэй жишгийг тогтоож байдаг. Өнгөрсөн Ерөнхий чуулганаар зарлагдсан томоохон хоёр зарын талаар товч танилцуулахыг надад зөвшөөрнө үү. Хүндэт эгч нар аа, та нар энэ хоёр зарын аль алинд нь чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эхнийх нь тохинуулал байсан. Тохинууллын хамгийн дээд жишгийг бидний Аврагч, Есүс Христ үзүүлдэг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол энэ жишигт үргэлж ойр байж ирсэн. Та үнэн сэтгэлээр тохинуулж байхдаа хэн нэгэнд Аврагчийн хайрыг илүү их мэдрэхэд нь туслахын тулд мэдрэмжээ дагаж байдаг. Тохинуулах мэдрэмжийг зөв шударга эмэгтэйчүүдэд заяадаг юм. “Намайг өнөөдөр хэнд туслаасай гэж хүсэж байна вэ?” гэж өдөр бүр залбирдаг эмэгтэйчүүдийг би мэднэ.

2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр бусдад илүү дээр, илүү ариун арга замаар анхаарал тавих талаар зарлахаас өмнө зарим эрэгтэй гэрийн багшлалтын үүрэгт ажлаа “хийсэн” гэж тэмдэглээд, дараагийн даалгавар руугаа шилжих хандлагатай байсан.

Харин та нар айлчилж очдог эгчид тань тусламж хэрэгтэйг мэдсэн бол тэр даруй мөн тэр сарын турш үйлдэл хийдэг байсан. Тиймээс та нарын айлчилж очдог арга зам биднийг тохинууллын чанараа дээшлүүлэхэд урамшуулан өдөөсөн билээ.

Хоёрдугаарт, бид өнгөрсөн Ерөнхий чуулган дээр Мелкизедек санваарын чуулгыг дахин зохион байгуулсан юм. Бид Сүмийн эрэгтэйчүүдэд өөрсдийн үүргийг хэрхэн илүү үр дүнтэй гүйцэтгэхэд нь туслах талаар залбирч байхдаа Халамжийн нийгэмлэгийн үлгэр жишээг анхааралтай авч үзсэн.

Халамжийн нийгэмлэгт бүх насны, амьдралын янз бүрийн үе шатанд буй эмэгтэйчүүд цуглардаг. Амьдралын шат бүр өвөрмөц бэрхшээлийг дагуулж байдаг ч та нар долоо хоног бүр цугларч, өсөж хөгжин, сайн мэдээг хамтдаа зааж, дэлхий дээр бодит өөрчлөлтийг бий болгосоор ирсэн.

Одоо Мелкизедик санваартнууд та нарын жишээг даган, ахлагчдын чуулгын гишүүд болсон билээ. Эдгээр ах мөн адил өргөн хүрээг хамарсан санваарын болон Сүмийн туршлагатай 18-аас 98 насны (магадгүй үүнээс ахмад) хүмүүс байдаг. Энэ ах нар одоо илүү хүчирхэг ах дүүсийн холбоог үүсгэж, хамтдаа суралцаж, бусдыг илүү үр дүнтэй адисалж чадна.

Өнгөрсөн 6-р сард Нэлсон эгч бид хоёр Сүмийн өсвөр үеийнхэнд хандан үг хэлснийг та нар санаж байгаа. Бид тэднийг хөшигний хоёр талд Израилыг цуглуулахад туслахын тулд Их Эзэний өсвөр үеийнхний батальонд элсэхэд урьсан билээ. Ийн цуглуулах нь өнөөдөр дэлхий дээрх хамгийн агуу үүрэг даалгавар, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу ажил болоод байна.

Энэ бол эмэгтэйчүүдийн хэрэгцээ туйлын чухал болоод байгаа учир шалтгаан юм. Учир нь эмэгтэйчүүд ирээдүйн зүг чигийг тодорхойлдог. Өнөө орой би Сүмийн эмэгтэйчүүд болох та нарт хандан, тараагдсан Израилыг цуглуулахад тусалснаар ирээдүйн зүг чигийг тодорхойлох бошиглолын гуйлтыг хүргэж байна.

Та нар юунаас эхэлж болох вэ?

Би дөрвөн урилга өгмөөр байна.

Нэгдүгээрт, би та нарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс, тухайлбал сөрөг, цэвэр бус бодлыг оюунд тань авчрах мэдээллийн хэрэгслээс татгалзсан арав хоногийн мацагт нэгдэхийг урьж байна. Мэдээллийн хэрэгслээс татгалзан мацаг барьж байх үедээ ямар нөлөөллүүдийг холдуулахаа мэдэж авахын тулд залбир. Арав хоногийн мацгийн тань үр дүн таныг гайхшируулж болох юм. Та Сүнсийг тань шархлуулж байсан дэлхийн ойлголтуудаас түр завсарласны дараа юуг олж анзаарах бол? Одоо таны цаг зав, эрч хүчээ зориулахыг хүсэж байгаа зүйлсэд өөрчлөлт гарсан уу? Таны чухалчилж үздэг зүйлс бага боловч өөрчлөгдсөн үү? Би та нарыг өөрт төрсөн сэтгэгдлүүдийг нэг бүрчлэн бичиж авч, тэдгээрийг дагахад урьж байна.

Хоёрдугаарт, би та нарыг одооноос эхлээд, энэ ондоо багтаан Мормоны Номыг уншиж дуусгахад урьж байна. Амьдралаа зохицуулах гэж хичээж буй бүхний хажуугаар энэ нь боломжгүй мэт санагдаж болох ч хэрэв та энэ урилгыг зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор хүлээн авах юм бол Их Эзэн үүнийг биелүүлэх арга замыг олоход тань туслах болно. Мөн залбирч байгаад судлах юм бол таны дээр тэнгэр нээгдэх болно гэдгийг би амлая. Их Эзэн таныг өсөн нэмэгдэх сүнслэг өдөөлт болон илчлэлтээр адисална.

Би таныг уншиж байхдаа Аврагчийн талаар ярьж, дурдаж буй шүлэг бүрийг тэмдэглэхэд урамшуулж байна. Тэгээд гэр бүл, найз нөхөдтэйгөө Христийн тухай ярьж, Христэд баясаж мөн Христийн талаар номлоход санаачилга гаргаарай. Та энэ үйл явцаар дамжуулан тэдэнтэй хамт Аврагчид илүү ойртох болно. Өөрчлөлтүүд, бүр гайхамшиг ч тохиолдож эхлэх болно.

Өнөө өглөө ням гаргийн цуглааны шинэ хуваарь болон гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн хөтөлбөрийн талаар зарласан. Хүндэт эгч нар аа, та нар сайн мэдээг заах энэ шинэ, тэнцвэртэй, уялдаа холбоотой хүчин чармайлтыг амжилттай гүйцэлдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм шүү. Судраас сурч мэдэж байгаа зүйлээсээ хайртай хүмүүстээ заагаарай. Нүгэл үйлдсэн үедээ Аврагчийн эдгээгч, цэвэршүүлэгч хүчийг авахын тулд Түүн рүү хэрхэн эргэж очихыг тэдэнд заа. Түүний хүчирхэгжүүлэгч хүчийг хэрхэн өдөр тутмын амьдралдаа татан авч болохыг тэдэнд заа.

Гуравдугаарт, ариун сүмд тогтмол очдог хэвшилтэй бол. Энэ нь амьдралдаа илүү их золиослол гаргахыг шаардаж болох юм. Та ариун сүмд тогтмол очсоноор Их Эзэнд Өөрийнх нь ариун сүм дотор танд өгөгдсөн Түүний санваарын хүчийг хэрхэн ашиглаж болохыг заах боломжийг олгох болно. Ариун сүмээс хол амьдардаг хүмүүсийг би судраас болон амьд бошиглогчдын үгсээс ариун сүмийн талаар залбирч судлахад урьж байна. Ариун сүмийн талаар урьд өмнөхөөсөө илүү ихийг мэдэж, ойлгож авч, мэдрэхийг хичээгээрэй.

Өнгөрсөн 6-р сард болсон дэлхий даяарх онцгой цугларалт дээр би эцэг эх нь хүүгийнхээ ухаалаг утсыг энгийн утсаар сольсноор амьдрал нь өөрчлөгдсөн залуу эрэгтэйн тухай ярьсан. Энэ залуу эрэгтэйн ээж итгэл бишрэлтэй эмэгтэй бөгөөд хүү нь номлолд үйлчлэхэд нь саад болж болох сонголтуудад автаж эхэлснийг ойлгожээ. Тэр хүүдээ хамгийн сайнаараа тусалж болох арга замыг олж мэдэхээр ариун сүмд очиж залбирдаг байв. Тэгээд тэр өөрт төрсөн бүх мэдрэмжийг дагажээ.

“Хүүгийнхээ утсыг тодорхой зүйлсийг олж мэдэхээр тодорхой цагуудад шалгаж байхад Сүнс намайг удирдаж байгааг би мэдэрсэн. Би эдгээр ухаалаг утсыг хэрхэн ашиглахыг мэдэхгүй байсан ч Сүнс бүр миний ашиглаж ч мэдэхгүй бүхий л төрлийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэрхэн үзэхэд намайг чиглүүлж байсан юм. Хүүхдүүдээ хамгаалахаар удирдамж эрэлхийлж буй эцэг эхчүүдэд Сүнс тусалдаг гэдгийг би мэднэ. Хүү маань [эхэндээ] надад ихэд уурлаж байв. … Гэвч ердөө гуравхан хоногийн дараа гэхэд тэр надад талархаж байгаагаа хэлсэн! Тэр өөрчлөлтийг мэдэрч чадсан” гэж тэр хэлсэн.

Хүүгийнх нь зан чанар, хандлага эрс өөрчлөгджээ. Тэрээр гэртээ илүү их тусалдаг болж, илүү их инээмсэглэж, сүмдээ илүү анхаарал хандуулж байв. Тэр хэсэг хугацаад ариун сүмийн баптисмын усан санд үйлчилж, номлолд бэлдэхдээ дуртай байсан.

Миний бүх насны эгч нарт өгч буй дөрөв дэх урилга бол Халамжийн нийгэмлэгтээ бүрэн ирцтэй оролцдог байх явдал юм. Би та бүхнийг Халамжийн нийгэмлэгийн одоо баримталж буй зорилгын мэдэгдлийг судлахад урьж байна. Эндээс бид урам зориг авдаг. Энэ нь та нарыг амьдралдаа өөрсдийнхөө зорилгын мэдэгдлийг гаргахад удирдан чиглүүлж болно. Мөн би хориод жилийн өмнө хэвлэгдсэн Халамжийн нийгэмлэгийн уриа дээрх үнэнүүдийг шимтэн судлахыг та нараас гуйж байна. Энэ тунхгийг жаазлаад, Тэргүүн Зөвлөлийн ажлын өрөөний ханан дээр өлгөсөн байдаг. Үүнийг унших тоолонд миний сэтгэл хөдөлдөг. Энэ нь та нарын хэн болохыг мөн Их Эзэн та нарыг тараагдсан Израилыг цуглуулахад туслахын тулд өөрсдийн үүргийг биелүүлэхдээ энэ тодорхой цаг үед хэн байгаасай гэж хүсэж байгааг тайлбарладаг.

Хүндэт эгч нар аа, та нар бидэнд хэрэгтэй байна! “Бидэнд та нарын хүч чадал, та нарын хөрвөлт, та нарын итгэл үнэмшил, та нарын удирдах чадвар, та нарын мэргэн ухаан, та нарын дуу хоолой хэрэгтэй.” Бид та наргүйгээр Израилыг цуглуулж огтхон ч чадахгүй.

Би та нарт хайртай бөгөөд талархаж явдаг. Би та нарыг энэ чухал, яаралтай ажилд туслахдаа дэлхийн нөлөөг ардаа орхих чадвараар адисалж байна. Бид Түүний Хайрт Хүүгийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийнхээ биднээс хүссэн бүхнийг хийж чадна.

Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм. Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.

Эшлэлүүд

  1. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилийн найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3).

  2. 2 Нифай 25:26-г үзнэ үү.

  3. Эдгээр материалыг онлайнаар авах боломжтой. For the Relief Society purpose statement, see lds.org/callings/relief-society. For the Relief Society declaration, see Mary Ellen Smoot, “Rejoice, Daughters of Zion,” Liahona, Jan. 2000, 111–14.

  4. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулганi, 85; тодотгол нэмэгдсэн.