Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд


Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд

Залуучуудад зориулсан СБС-ийн онцгой цугларалт • 2014 оны 5-р сарын 4 • Сан Диего, Калифорни

Хүндэт ах, эгч нар аа, би Калифорнийн Сан Францискогоос та нарт хандан ярьж байгаадаа мөн СБС-ийн онцгой цугларалтанд оролцож байгаадаа баяртай байна. Бид энэ үдэш бүх залуучууд болон ахлах сургуулийн сурагчид та бүхнийг тавтай морилно уу хэмээн урьж байна. Та нарыг бидэнтэй хамт байгаад бид баяртай байна. Мөн бид буцаж ирсэн номлогчдыг тавтай морилоход урьж байна. Сүм болон Их Эзэн та нарын үйлчлэлд талархдаг билээ.

Эцэст нь, бид ирээдүйн номлогчид та бүхнийг тавтай морилно уу хэмээн урьж байна. Их Эзэнд Израилыг цуглуулж мөн дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ажилд зөв шударга залуу эмэгтэй, эрэгтэйчүүд хэрэгтэй.

Их Эзэн та нарт хайртай бөгөөд та нарт итгэдэг гэдгийг та нарыг мэдээсэй гэж би хүсч байна. Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга та нарт итгэдэг ба та нарын төлөө үргэлж залбирдаг. Та нар бол сүмийн ирээдүй бөгөөд та нарын амьдралд зориулсан олон гайхалтай адислал Их Эзэнд байгаа.

Би үүнийг онцлон давтан хэлье—одоогоос 20-иос 30 жилийн дараа та нар сүмийг удирдах болно. Та нарын зарим нь бишоп; гадасны ерөнхийлөгч; номлолын ерөнхийлөгч; Хүүхдийн хэсэг, Залуу эмэгтэй, Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч; мөн ариун сүмийн ерөнхийлөгчийн дуудлагад үйлчлэх болно. Тийм ээ, өнөө орой миний дуу хоолойг сонсож байгаа хүмүүс дундаас нийгэм ба үндэстний удирдагчид, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл бүр ерөнхий эрх мэдэлтэн эсвэл Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд төрөн гарч болох юм.

Та нарыг ямар гайхалтай ирээдүй хүлээж байгааг та нар одоо мэдэхгүй!

Сүмийн Удирдагчид

Зарим хүн сүмийн удирдагчдыг “нийгмээс салангад” хүмүүс гэж боддог талаар би сонссон. Удирдагчид бид олон газар амьдарч мөн өөр өөр нийгмийн гаралтай хүмүүстэй ажиллаж, туршлага хуримтлуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэдгийг дээрх хүмүүс мартдаг болов уу. Одоогийн дуудлагууд маань биднийг дэлхий даяар аялуулж, үүгээр дамжуулан бид дэлхийн улс төрийн, шашны, бизнесийн, болон хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдагчидтай уулзах боломжтой байдаг билээ. Хэдийгээр бид Вашингтон хот дахь цагаан ордонд айлчилж мөн дэлхийн үндэстнүүдийн удирдагчидтай уулзаж байсан ч гэсэн, бид бас дэлхий дээрх хамгийн ядуу гэр бүлүүдэд айлчилж, тэдэнтэй уулзаж мөн тохинуулж үзсэн юм.

Та бүхэн бидний амьдрал болон тохинууллыг анхааралтай бодож үзвэл бид дэлхий даяар тойрон явж, туршлага хуримтуулдаг бөгөөд дэлхий дээрх цөөхөн хүн л ийм зүйл хийдэг гэдэгтэй санал нийлэх биз ээ. Бид бол “нийгмээс салангад” хүмүүс биш гэдгийг та нар ойлгох болно.

Зарим хүн биднийг “хэт хөгширсөн” гэж хэлдэг. Бидний дундаас ес нь 80 нас гарсан нь үнэн! Би 85 настай.

Гэсэн хэдий ч та нарыг тайвшруулах Төлөөлөгчдийн хувь хүний болон хамтын мэргэн ухаанд найдаж болно. Бид өөр өөр хууль тогтоомж ба бодлогын үр дагаврууд, сэтгэлээр унах явдал, эмгэнэлт явдал болон гэр бүлийн гишүүнээ алдах гэх мэт бүх л зүйлийг биеэр үзэж туулсан. Бид та нарын амьдралаас хол хөндий байдаггүй.

Арванхоёр Төлөөлөгчийн хэн нь ч амархан бууж өгдөггүй гэдгийг би сануулъя. Бид бүгдээрээ өөрсдийн гэсэн бодолтой. Тиймээс хэрэв бид ямар нэг шийдвэр санал нэгтэй гаргах үед хамтдаа зөвлөлдөж мөн маш их залбирал болон нухацтай ярилцлагын дараа энэ шийдвэрт хүрсэн гэдэгт та нар итгэлтэй байж болно.

Ач, зээ нар маань намайг тэдний хэрэглэдэг үг хэллэгээр “залуу сэтгэлгээтэй” гэж хэлдэг. Зарим залуучууд намайг “чика” гэж хэлэхийг би сонссон. “Чика” байх нь сайн зүйл гэж би найдаж байна!

Бид зүрх сэтгэлээрээ залуу бөгөөд Их Эзэн ажлаа гайхалтай арга замуудаар урагшлуулахын тулд биднийг адисалдаг. Өнөө орой би та нартай гурван чухал сэдвийн талаар ярилцах болно. Нэгдүгээрт, бид технологийн хэрэглээний талаар ярих болно. Хоёрдугаарт, би та нартай порнографтай тэмцэх тухай ярихыг хүсч байна. Гуравдугаарт, би та нартай гэрлэлтийн сургаалын тухай ярилцахыг хүсч байна. Эдгээр нь өнөөдөр бидэнд тулгарч буй маш чухал гурван асуудал юм.

1. Технологийн хэрэглээ

Эхнийх нь технологийн хэрэглээ. 2007 ба 2008 онд би Хавай болон Айдахогийн БЯИС-ийг төгсөж буй оюутнуудад хандан, үг хэлсэн юм. Тэдгээр цугларалт дээр би “Бид шүүмжлэгчид болон бусад хүн сүм юу заадгийг тодорхойлохыг хараад зүгээр сууж болохгүй”1 гэж хэлсэн. Тэр үед би технологийн дэвшлийг ашиглан сүмийн тухай дэлхий даяар өрнөж буй ярианд оролцохыг тэдэнд уриалсан. Мөн тэднийг блог дээрээ өөрсдийн үзэл бодлоо бич гэж хэлэх үедээ өөрийгөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн явж байна гэж бодож байсан. Тэрнээс хойш би Фэйсбүк, Твиттэр, Пинтэрэст, YouTube, Google+, Инстаграмтай танил болж байгаа бөгөөд намайг явах гэж байтал нарийн бичиг маань надад Снапчат буюу Snapchat гэдэг зүйлийн талаар хэлсэн. Гайхалтай! Технологийн ертөнц хэдхэн минут ч амсхийж чадахгүй мэт байна.

Миний гар утас бол гайхалтай! Ухаалаг утас үнэхээр ухаалаг! Тэр утас нь мэдээлэл авах, газрын зургаас зүг чиг харах, зураг болон мессеж явуулах мөн үүний завсраар хааяа нэг хүмүүстэй ярих гэх мэт олон гайхалтай боломж бидэнд олгодог.

Бидний амьдарч буй орчин үеийн дэлхий маань зогсолтгүй хувьсан өөрчлөгдсөөр байна, энэ нь зарим талаараа сайн байдаг ч зарим талаараа тийм ч сайн байдаггүй.

Өнгөрсөн ба одоогийн хоорондох ялгаа

Адам, Евагийн өдрүүдээс Иосеф ба Эмма Смитийн өдрүүд хүртэл дэлхий нэг үеэс нөгөө рүү аажмаар хувьсаж ирсэн.

Өнгөрсөн үед амьдарч байсан хүмүүс байгалийн гэрлийг хангалттай болгоож, харанхуйн амар тайвныг дэлхий даяар тархсан өнөөгийн хотуудын гудамжны гэрэл, автомашины гэрэл, гэрлийн нөлөөлөлгүйгээр өнгөрөөдөг байсан. Өнөөгийн хотуудад шөнийн тэнгэрийг Абрахам, Мосе, Рут, Элизабэт, Есүс болон эхэн үеийн гэгээнтнүүд хожмын үеийн гэгээнтнүүд харж байсны адилаар харах нь бараг л боломжгүй зүйл болсон байна.

Тэд бас байгалийн нам гүм байдалд амьдардаг байсан ба хүмүүс өдрийн цагаар, ялангуяа шөнөөр ямар нэг дуу чимээ гаргаж, тайван байдлыг алдагдуулдаггүй байсан. Автомашин, нисэх онгоц болон та нарын дуу хөгжим гэж нэрлэдэг орчин үеийн дуу чимээ байгаль дэлхийг эзэгнэжээ. (Та нарын ойлгох хэрэгтэй нэг зүйл бол та нарын үеийнхний хөгжим гэж нэрлэдэг зүйл нь миний үеийнхний хөгжим гэж нэрлэдэг зүйлээс маш их ялгаатай.) Та нар дуу хөгжим тоглоогүй ресторанд орно гэж байхгүй болсон. Тэр ч байтугай дэлхийн хамгийн зайдуу ойн нам гүмийг тэнгэрт нисэх онгоцны дуу чимээ олонтоо эвддэг.

Эцэст нь, эрт үед амьдарч байсан хүмүүс цагийг ганцаараа өнгөрөөх гэдэг зүйлийг өнөөгийн хөл хөдөлгөөн ихтэй мөн завгүй дэлхийд амьдарч байгаа бидний төсөөлж чадахгүй арга замаар хийдэг байсан. Өнөө үед бид ганцаараа байх үедээ ч гэсэн цахим төхөөрөмж, зөөврийн компьютер болон зурагтаа асааж, тэдгээр нь биднийг зугаацуулж мөн завгүй байлгадаг.

Төлөөлөгчийн хувьд би одоо та нараас нэг асуулт асууя: Та нарт ямар нэг хувийн чимээ аниргүй цаг байдаг уу? Өнгөрсөн үед амьдарч байсан хүмүүс амьдралдаа биднээс илүүтэйгээр Сүнсний оршихуйг харах, мэдрэх мөн ойлгох боломжтой байсан болов уу гэж би заримдаа боддог.

Тиймээс, дэлхий илүү хурц тод, дуу чимээтэй, завгүй болох тусам амьдралдаа Сүнсийг мэдрэх нь бидний хувьд илүү хүндрэлтэй болдог. Хэрэв та нарын амьдралд чимээгүй тайван цаг байхгүй байгаа бол та нар өнөө оройноос эхлэн үүнийг бий болгох уу?

Бошиглолын суу билэгтэй зөвлөгөө

Нам гүм байдалд байж, Сүнсийг сонсож мөн дагах нь чухал. Дэлхийн түүхийн аль ч цаг үеийн хүмүүсийн амьдралд байгаагүй бидний анхаарлыг сарниулах зүйлс амьдралд маань хэтэрхий олон байна.

Хүн бүрт бясалгах мөн эрэгцүүлэн бодох цаг хэрэгтэй. Дэлхийн Аврагч хүртэл мөнх бус тохинууллынхаа үеэр үүнийг хийх цаг гаргасан байна: “Хурсан олныг явуулсны дараа Тэр ганцаараа залбирахаар ууланд гарчээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв.”2

Бид бүгдэд өөрсдөөсөө асуулт асуух эсвэл өөрсөдтэйгөө тогтмол хувийн ярилцлага хийх цаг хэрэгтэй. Бид ихэвчлэн маш завгүй байдаг ба дэлхий маш их дуу чимээтэй байдаг учраас “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд”3 гэсэн тэнгэрлэг үгсийг сонсох нь хэцүү байдаг.

Гар утас мэтийн зөөврийн төхөөрөмж нь адислал мөн боловч энэ нь түүнчлэн “намуухан дуу хоолойг” сонсохоос биднийг сатааруулж чадна. Эдгээр төхөөрөмж нь бидний эзэн биш харин зарц байх ёстой. Жишээлбэл, хэрэв та нар өнөө орой энэ онцгой цугларалтаас авсан урам өгсөн бодлуудыг олон нийтийн хэрэгслээр хуваалцвал гар утас чинь та нарын зарц гэсэн үг. Хэрэв та нар интернэтэд зорилгогүй аялдаг бол гар утас чинь та нарын эзэн гэсэн үг.

Елиагийн сурсан зүйлийг санаарай: “тэр салхин дотор Эзэн байсангүй; тэр газар хөдлөлтийн дотор ч Эзэн байсангүй: Эзэн гал дотор байсангүй,” Харин Их Эзэн “намуухан хүнгэнэх дуугаар”4 ярьсан.

Бидний технологийн хэрэглээ

Өөр нэг асуулт: Яг үнэндээ та нар өдөр бүр сургууль эсвэл сүмийн ажлаас гадуур гар утас эсвэл таблетаа ашиглахад хэдэн цаг зарцуулдаг вэ?

Эдгээрийн хэрэглээ нь зохимжтой зүйл бөгөөд адислал юм. Гэвч, ухаалаг утаснууд нь найзууд болон гэр бүлийнхэн мөн эдгээрээс илүү чухал Бурхантай харилцах бидний харилцаанд саад болж эхлэх үед бид өөрчлөлт хийх хэрэгтэй. Та нарын зарим нь багахан, зарим нь нэлээд их өөрчлөлт хийх хэрэгтэй байж магадгүй.

Мессеж, Фэйсбүк, Твиттэр ба Инстаграмын хэт их хэрэглээ нь бие биетэйгээ харилцан ярих, Тэнгэрлэг Эцэгтэйгээ залбирлаар хийх харилцан яриа болон амьдралд хамгийн чухал болох зүйлүүдийн тухай бодох явдлыг орлох болоо юу даа гэж би бас эмээдэг.

Олон тохиолдолд, залуучууд гэр бүлийнхэн болон найзуудтайгаа нэг өрөөнд байдаг ч, дэргэд нь байхгүй байгаа хүнтэй харилцаж байдаг ба ингэснээрээ дэргэдээ байгаа хүмүүстэй харилцах боломжоо алддаг. Ийм зүйл тохиолдвол та нар тэдний анхаарлыг татахын тулд өөр өрөөнд ороод тэдэн рүү хариу мессеж бичих хэрэгтэй байж магадгүй!

Миний амьдралдаа сурсан зүйлийн ихэнх нь олон жилийг туулж, миний мэдэх ёстой олон чухал зүйлийг сурсан агуу туршлагатай хүмүүсийг сонссоноор ирсэн. Эцэг эх, авга ба нагац, өвөө, эмээ нар чинь та нарын дэргэд байгаа үед нь тэдэн дээр очих, тэдэнтэй ярилцах боломжийг ашиглаарай.

Та нарын зарим нь сэргээгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хамгийн чухал цугларалт болох бидний ариун нандин ариун ёслолын цуглааны үеэр э-мэйл, Фэйсбүк, Твиттэр эсвэл Инстаграмын хуудсаа шалгадаг болов уу гэж би бас санаа зовж байна. Энэ чухал цуглаан дээр бид цахим төхөөрөмжөө ашиглахын оронд Их Эзэнд анхаарлаа төвлөрүүлэн залбирч, сүмийн дуулал дуулж мөн Түүний бие болон цусыг төлөөлдөг бэлэгдлийг хүртэх ёстой. Та нар ариун ёслолын үеэр ухаалаг утас эсвэл таблетаа оролдож эсвэл мессеж илгээж байх зуураа Сүнстэй холбогдож чадахгүй. Энэ үйл явц нь Христийн гэрлийг шаарддаг бөгөөд энэ нь оюун бодлоор чинь дамжуулан зүрх сэтгэлд чинь нөлөөлж байж шатаж буй мэт хайр болон өөрийгөө зориулах байдлыг бий болгодог.

Та нарын олон нь утас болон таблет дээрээ судрууд, сүмийн бусад эх сурвалжуудыг суулгасан гэдгийг би мэднэ. Зарим эцэг эхчүүд болон сүмийн удирдагчид энэхүү хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжлийн талаар санаа зовдог гэж би сонссон шүү. Харин би бол үгүй.

Сүм Их Эзэний ажлыг урагш ахиулахад туслахын тулд технологийн дэвшлийг үргэлж ашигласаар ирсэн. Бид 1830-аад онд дарвуулт усан онгоцоор номлогчдыг илгээж эхэлсэн, гэвч бид 1860-аад онд уурын хөдөлгүүрт усан онгоцыг ашиглах болсон. Тэгээд 1960-аад онд бид номлогчдоо дэлхий даяар томилогдсон газар нь аваачих хамгийн шилдэг арга болох агаарын тээврийг сонгож ашигласан юм.

Түүх маш сонирхолтой арга замуудаар давтагддаг. Өнгөрсөн үед Израил бошиглогчдын үгсийг хуйлмал бичмэл дээр хадгалдаг байсан. Үүнээс хойх нь түүхийн нэгэн цаг үед эртний Христийн шашинтнууд орчин үеийн номны эхний хувилбар болох гар бичмэлийг давхарлан үдэх аргыг сонгож авсан байдаг.

Харин бид хоёр мянган жилийн дараа, ялангуяа залуучууд та нар судруудаа утас эсвэл таблет дээрээ Есүс Назарт байхдаа Исаяагийн хуйлмал номыг уншиж байсны адилаар уншиж байна. Та нар зөөврийн хэрэгслүүдээ ашиглаж болно”5—гэхдээ ариун ёслолын үеэр үүнийг бүү хийгээрэй. Тэр хэдхэн минутын турш та нар ирэх долоо хоногийн турш та нарыг адислах Их Эзэний Сүнсийг эрэлхийлэхдээ Есүс Христийн цагаатгал дээр анхаарлаа төвлөрүүлж чадах нь дамжиггүй юм. Ням гаргийн бүх хурлын турш гар утсаа нисэх онгоцны тохиргоон дээр нь тавих талаар бодож үзээрэй. Ингэснээр та нар судрууд, ерөнхий чуулганы хэлсэн үгс, дууллын ном ба гарын авлагуудаа ашиглах боломжтой байх бөгөөд ирж буй мессежүүд эсвэл ямар нэг зарууд анхаарлыг тань сарниулахгүй.

Шуурганаас хоргодох байр

Тунгаан бодож мөн бясалгах цаг гаргахын зэрэгцээ бид бас Сургаал ба Гэрээнд дурдагдсан “хамгаалалт, мөн шуурганаас хоргодох байр”6 болж чадах газрыг олох хэрэгтэй.

Цахим хэрэгслүүдээ унтраах замаар тэдгээрийн нөлөөнөөс хол байж, Бурханы Сүнстэй холбогдож чадах тийм онцгой хоргодох газар бидэнд хэрэгтэй.

Ариун Сүнстэй холбогдох хамгийн шилдэг газруудын нэг нь Их Эзэний өргөө болох ариун сүм юм. Мэдээж хэрэг, сүмийн онцгойлон адислагдсан байрууд мөн семинар ба институтын ангиуд ба эдгээр байрны бусад өрөөнүүд үүнд багтаж болно. Бид зөөврийн хэрэгслүүдээ унтрааж, тайван байж мөн Бурханы зүйлүүдийг мэдэх сонголт хийх үедээ өөрсдийн гэрт эсвэл байгаа газраа энэ хоргодох байрыг олж чадна.

Адам Ева, Абрахам ба Сара мөн Иосеф ба Мэри нар Бурханыг олсон тэр ертөнцийг нээж олоход мөн өнөөдөр Их Эзэний дуу хоолойг мэдэрч бас сонсохын тулд би та нарыг ариун сүм рүү ойр ойрхон явж байхад урьж байна. Та нар аль болох олон удаа явж байгаарай мөн ариун сүмийн ойр орчимд ирэхдээ гар утсаа унтрааж бас далд хийж байхыг хүсч байна.

Их Эзэний өргөөн дэх бүх ёслолд та нар Их Эзэний хүүхдүүддээ өгсөн уянгалаг яруу хэллэг, үгс болон амлалтуудыг сонсох болно. Ариун сүм бол та нарын тэдгээр яруу сайхан, урам өгсөн үгсийг сонсож болох цорын ганц газар юм.

Хэрэв та нар одоохондоо ариун сүмийн эрхийн бичиг авах боломжгүй байвал ариун сүмийн гадаа очиж байгаарай. Та нар өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй байж магадгүй гэсэн үүднээс би нэгэн чухал зүйлийг энд хэлье: Ариун сүмийн ойр орчимд очиход юу ч та нарт эсвэл өөр хэнд ч саад болж чадахгүй. Их Эзэн та нарыг ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой болохоор өөрсдийгөө бэлтгэж мөн ариун сүмд аль болох хурдан ирээсэй гэж хүсдэг. Ариун сүмийн ойр орчимд алхах нь эрхийн бичиг авч мөн ариун сүмд тогтмол очих хүслийг зүрх сэтгэлд тань суулгах болно.

Нөгөө талаас Сатан та нарыг ариун сүм рүү явахыг эсвэл ариун сүмтэй ойролцоо байлгахыг ч хүсдэггүй. Ариун сүм нь Их Эзэний өргөө учраас тэр та нарыг ариун сүмд бүр ойртохоос зайлсхийгээсэй гэж хүсдэг.

Ариун сүм рүү явж эсвэл ариун сүмийн ойр орчимд очих үед та нар олон жилийн тэртээ эртний зөв шударга эцэг, эхүүдийн маань алхаж байсан нандин, ариун газар дээр алхах болно гэдгийг амлаж байна. Тэд мөнхийн аялал болон амьдралын чухал зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлдэг байсан. Тэдний адилаар, та нар ч бас тэнгэрийн хүч чадал болон оршихуй дээр анхаарлаа төвлөрүүлж чадна.

Хэрэв та нар Сүнсний дуу хоолойг сонсохоор сонговол их дэлгүүр, ресторанууд эсвэл олон нийтийн газруудад хэзээ ч мэдэрч чадахгүй арга замаар ариун сүмд болон үүний ойр орчимд Түүний хоолойг сонсож чадна. Чухамдаа, ариун сүм бол залбирлын хариултаа хүлээн авах гайхалтай газар гэдгийг та нар олж мэдэх болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон Аризона дахь Гилбертийн ариун сүмийг саяхан онцгойлон адисалсан. Онцгой адислах залбирлын үеэр “Таны Ариун Сүнс энд оршиж мөн үүний нөлөө энэ өргөөнд ирэх хүн бүхэнд мэдрэгдэх болтугай” хэмээн тэрээр Их Эзэнээс хүссэн. Мөн тэрээр үргэлжлүүлэн: “Таны энэ өргөө амар тайван байдлын ариун нандин газар, амьдралын шуурга болон дэлхийн дуу чимээнээс хоргодох байр байх болтугай. Энэ нь амьдрал болон Таны бидэнд зориулсан төлөвлөгөөний мөнхийн мөн чанарыг чимээгүй бодож бясалгах өргөө байх болтугай”7 хэмээн залбирсан юм.

Их Эзэнд зориулагдан онцгойлон адислагдсан бүх ариун сүм нь “амар тайван байдлын ариун нандин газар, амьдралын шуурга болон дэлхийн дуу чимээнээс хоргодох газар [мөн] чимээгүй бясалгалын өргөө юм.”

Эсэргүүцэл

Бидний амьдарч буй дэлхий нь өөрийн хуулиуд болон ёс заншлаараа Христийн заасан зүйлүүдээс маш хурдацтай холдож байна. Үүний үр дүнд, Сатан Бурханы хөвгүүд болон охидыг төөрөлдүүлж мөн сонгогдсон тэдгээрийг хүртэл үүргээ биелүүлж мөн Их Эзэний адислалуудын бүрэн байдлыг хүлээн авах явдлыг зогсоохын тулд илүү цагаар ажиллаж байна.

Сатан та нарыг гэртээ, семинар ба институт мөн номлолдоо сурсан сайн хэвшлүүдээ хэрэгжүүлэхээ зогсоогоосой гэж хүсдэг. Эдгээрт өдөр тутмын судрын уншлага, өдөр тутмын залбирал, долоо хоног тутам ариун ёслолоос зөв зохистой хүртэх болон жинхэнэ, чин сэтгэлийн үйлчлэл үзүүлэх гэх мэт зүйлүүд багтдаг. Тэрээр та нарыг өнөөгийн чухал бөгөөд шийдвэрлэх тулалдаанд оролцолгүй хажуугаас нь хараасай гэж хүсдэг.

Хүндэт залуучууд минь, бид дайнд орж байгаа гэдгийг санаарай. Гэвч энэ нь зэр зэвсгийн дайн биш. Гэсэн хэдий ч, энэ дайн бол бодитой бөгөөд тоолж баршгүй олон хүний амьдралд нөлөөлж байна. Чухамдаа энэ дайн бол мөнх бус байдлын өмнөх дэлхийд эхэлсэн дайны үргэлжлэл билээ.

Паул биднийг “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс” хэмээн урьсан билээ. Тэрээр, “Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ”8 хэмээн хэлсэн.

Есүс Христийн Төлөөлөгчийн хувьд би бидний одоо амьдарч буй энэ өргөн уудам дэлхийд миний дуу хоолойг сонсож буй та бүхнийг “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсч” мөн олон жилийн тэртээх Хиламаны хөвгүүдийн адилаар өнөөдөр тулаанд нэгдэхэд урьж байна. Гэрлэж, насан туршийн ажил мэргэжлээ эхэлж эсвэл ахмад настай болох хүртлээ бүү хүлээ. Өсвөр үеийнхэн маань одоо сүмд хэрэгтэй. Та нар одоо Их Эзэнд хэрэгтэй!

Хоёр мянган залуу дайчин “нифайчуудын эрх чөлөөний төлөө тулалдах, … гэрээнд оржээ”9 гэдгийг та нар санаж байгаа байх. “Ямар ч цагт мөн бүх зүйлд мөн … хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсох”10 гэрээ хийсэн орчин үеийн залуу дайчид сүмд хэрэгтэй байна.

Мормоны Ном эдгээр залуу дайчдыг ийнхүү дүрсэлдэг:

“Мөн тэд бүгд залуу… , мөн тэд зориг, мөн түүнчлэн хүч чадал хийгээд эрч хүчээрээ үлэмж баатарлаг байв; гэвч болгоогтун, энэ нь бүгд бус—тэд итгэж даалгасан ямар ч зүйлд цаг ямагт үнэнч эрс байлаа.

Тийм ээ, тэд үнэн мөн чанд байдлын эрс байв, учир нь тэд Бурханы зарлигуудыг дагахыг мөн түүний өмнө зөв шударгаар алхахыг заалгасан байв.”11

Залуу эмэгтэй, залуу эрэгтэйчүүд та нар Хиламаны орчин үеийн охид болон хөвгүүд юм. Тэдэнтэй адил та нар “эдүгээ тэд энэ үед ч түүнчлэн агуу их дэм болов”12 гэж хэлэгдэх болтугай.

2. Порнографтай тэмцэх нь

Миний та нартай ярихыг хүсч буй хоёр дахь зүйл бол та нар порнографын эсрэг тэмцэлд бидэнтэй нэгдэх ёстой гэсэн хүсэл юм. Энэ бол дэлхий даяар тархаж буй аймшигт тахал билээ. Их Эзэний мэргэн ухааны нэгэн жишээг тайлбарлах хооронд намайг анхааралтай сонсохыг би та нараас хүсч байна.

180 гаруй жилийн өмнө Их Эзэн Өөрийнхөө эрүүл мэндийн хуулийг илчилж мөн тамхины хэрэглээний тухай сэрэмжлүүлгийг өгсөн байдаг.13 Сая сая хүн Их Эзэнийг сонссон боловч сонсоогүй хүмүүс нь үүнээс олон байгаа. Тэр үед ямар ч хүн, тэр ч байтугай би та нарын насан дээр байхдаа тамхины удаан хугацааны хор нөлөөний тухай мэддэггүй байсан. Өнөөдөр, олон арван жилийн шинжлэх ухааны судалгааны үр дүнд бид тамхи нь уушигны хорт хавдар болон үхэлд хүргэх бусад өвчнийг үүсгэдэг гэдгийг мэднэ. Их Эзэний мэргэн ухааны үг нь хамгаалагч адислал байсан юм.

Үүнтэй төстэй арга замуудаар бидний амьдарч буй үед Их Эзэн порнографын үр нөлөөний талаар сэрэмжлүүлсэн. Сая сая хүн Их Эзэний зөвлөгөөг итгэлтэй дагадаг боловч үүнийг дагадаггүй илүү олон хүн байгаа. Залуу найзууд минь, бид порнографын сүйрэл дагуулсан үр дагаврыг олж нээхийн тулд 180 жил эсвэл 10 жил ч хүлээх шаардлагагүй. Учир нь порнограф нь залуучуудыг хэд хэдэн арга замаар зэрэмдэг болгож мөн хэзээ нэгэн өдөр хайраар дүүрэн ба он удаан үргэлжлэх гэрлэлтийн харилцаанд оролцох боломжийг нь хордуулдаг гэдгийг өнөөгийн шинжлэх ухааны судалгаа нотолсон юм.

Порнографыг тогтмол үзэх нь донтолтын шинжтэй зан авирыг бий болгож мөн хүнийг донтолт хэмээх шоронд хорихын тулд тархины бүтцийг өөрчилдөг гэдгийг өнөөгийн шинжлэх ухааны судалгаа харуулсан.

Порнограф нь бодит бус хүлээлт болон хүмүүсийн дотно харьцааны тухай аюултай худал ойлголт түгээдэг гэдгийг ч бас судалгаагаар баталсан байна.

Хамгийн аймшигтай нь, порнограф нь хүмүүсийг сэтгэл санааны болон бие махбодын хувьд үл ойшоож мөн үл хүндэтгэж болдог эд зүйл мэтээр харах нөхцөл байдалд та нарыг оруулдаг.

Порнограф нь ерөнхийдөө “нууц” үйл ажиллагаа байдаг нь үүний бас нэгэн сөрөг тал юм. Үүнийг хэрэглэгчид ихэвчлэн үүнийг үздэг гэдгээ хүн бүрээс, цаашлаад өөрсдийн хайр сэтгэлийн холбоотой хүн, эхнэр эсвэл нөхрөөсөө нууж, аль болох далд байлгахыг хичээдэг. Хүмүүс бусдад хэлэхээсээ ичдэг ийм зүйлүүдийг хийж мөн тэдгээр зүйлээ гэр бүлийн гишүүд, найзуудаасаа нууснаар энэ нь тэдний бусадтай харилцах харилцааг гэмтээгээд зогсохгүй тэднийг ганцаардмал мөн гутранги болгож, сэтгэлийн шаналалд өртөмтгий бас өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болгодог байна. Аливаа зүйлийг нуух нь итгэлцлийг үгүй болгодог.

Порнограф нь хөнөөлт аюултай учраас бид анхнаасаа л үүнээс зайлсхийх ёстой. Энэ нь хүмүүний жинхэнэ, нандин харилцаа болох гэрлэлт болон гэр бүлүүдийг устгадаг. Мөн хамгийн аймшигт хор бие болон оюуныг гарцаагүй устгадаг шиг үүнийг үздэг хүний сүнсийг тийн хорлодог юм.

Залуу ах, эгч нар минь, бүү хууртаарай. Та нар номлолдоо явж эсвэл гэрлэсний дараа энэ донтуулагч зан авирыг зогсоож чадна гэж бүү бодоорой. Хэрэв та нар одоо үүнийг үзэж байгаа бол үүний урхинд орсон бол яг одоо сүнслэг тусламж ав. Аврагчийн тусламжтайгаар та нар порнографыг ялан дийлж чадна. Битгий цаг алд! Үүнийг зүгээр орхихыг би та нараас гуйж байна! LDS.org сайт дээр порнографын дүр зургийн аймшигт харанхуйг няцаах олон эх сурвалж байгаа.

Бид одоо бэрхшээлтэй цаг үед амьдарч байна. Гэвч энэ нь Хиламан ба түүний зоригт дайчид гэр бүлүүдээ болон сүмээ хамгаалахаар зогсож байсан тэр өдрүүдээс илүү хүнд биш юм. Энэ цаг үе бол та нарын хувьд урагш алхаж, порнографын эсрэг тэмцэлд зөв шударга ба тууштай залуу эрэгтэй болон залуу эмэгтэйчүүдийн эгнээнд нэгдэх цаг билээ. Бид үүнийг ялан дийлэх ёстой бөгөөд та нар үүнийг өөрсдийн амьдралдаа ялан дийлэх ёстой.

3. Гэрлэлтийн сургаал

Одоо би гурав дахь сэдвийнхээ талаар та нарт товчхон ярихыг хүсч байна. Би та бүхнийг Тэнгэрлэг Эцэг судруудад болон “Гэр бүл:Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т өгсөн гэрлэлт хэмээх зүйл дээр сүмийн баримталдаг байр суурийг анхааралтай ойлгоосой гэж хүсч байна. Сүнслэгээр өгөгдсөн тэрхүү тунхагт: “Гэр бүл Бурханаас заяагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний мөнхийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм. Хүүхдүүд нь гэр бүлд төрж, гэрлэлтийн тангарагаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй”14хэмээн бичигдсэн байдаг.

Төлөөлөгчид нь цамхаг дээрх Христийн сургаалыг зааж мөн аюулаас сэргийлэх үүрэгтэй харуулууд байхаар дуудагддаг. Гэрлэлтийн уламжлалт тодорхойлолт өнөөдөр халдлаган дор байгаа гэдгийг та нар бүгд мэдэж байгаа билээ. Энэ сэдвийг хүний эрхийн асуудал болгон авч үзэж байгаа хүмүүс байгаа. Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга сүмийн байр суурь ба бидний мөнх амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл болох сүнслэг хүүхдүүддээ мөнх бус амьдралд туршлага олгох Бурханы зорилгууд ба төлөвлөгөөтэй холбоотой сургаалыг тайлбарласан.

Та нарын олон нь энэ жилийн эхээр гарсан мэдэгдлийг уншаагүй байх гэж би бодож байна. Би энэ мэдэгдлээс эш татах зуур та нарыг анхааралтай сонсохыг хүсч байна:

“Иргэний хуулийн өөрчлөлт нь Бурханы тогтоосон ёс суртахууны хуулийг өөрчлөхгүй, өөрчилж ч чадахгүй. Нийгмийн хандлага эсвэл үзэл бодлын ялгаанаас үл хамааран Бурханы зарлигуудыг сахиж, тууштай байхыг Бурхан биднээс хүсдэг. Түүний ариун явдлын хуульд Зөвхөн хуулийн дагуу албан ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох бэлгийн харьцаа нь зөв зохистой хэмээн тодорхой заажээ. Та бүхнийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т агуулагдсан сургаалыг дахин авч үзэн, Сүмийн гишүүдэд заахыг бид уриалж байна.

Уг мэдэгдэлд цааш нь ийн хэлсэн байдаг:

Ижил хүйстний гэрлэлтийг дэмжигчид зөв боловсон харьцааг хүлээн авах эрхтэйн адил үүний эсрэг байдаг хүмүүс ч мөн адил эрхтэй …

Сүмийн гишүүдийн хувьд бид, Есүс Христийн сайн мэдээг зааж, Бурханы зарлигуудыг дагаснаар цутган ирэх агуу адислалуудыг хийгээд тэдгээрийг үл ойшоосноор гарцаагүй ирэх үр дагавруудыг бусдад харуулах үүрэг хариуцлагатай билээ. Дэлхий даяарх хүмүүсийн зүрх сэтгэл зөөлрөн, сайн мэдээний үнэнийг сонсож мөн нийгмийн хойшдын ирээдүйг тодорхойлох чухал асуудлуудыг шийдэх тэдгээр xүмүүcт мэргэн ухаан өгөгдөөсэй хэмээн залбирахaд бид та бүхнийг урьж байна.”15

Та нар Их Эзэнийг хайрлаж, дэмжиж мөн Түүний бошиглогчдыг дэмждэг гэдгийг би мэднэ. Гэхдээ та нарын зарим нь Бурханы хүүхдүүддээ зориулан илчилсэн төлөвлөгөөг дэмжихийн тулд сүмээс гаргадаг шийдвэрүүдийн талаар будилж байж магадгүй гэдгийг би бас мэднэ.

Манай өсвөр үеийнхний зарим нь гэр бүл болон гэрлэлтийг тойрсон сургаалыг бидэнтэй санал нийлдэггүй хүмүүст тайлбарлахын хажуугаар хэрхэн найрсаг, аядуу мөн хайраар дүүрэн байх ёстойгоо ойлгох гэж чармайдаг гэдгийг би бас мэднэ. Та нар энэ зүйлтэй санал нийлдэггүйгээсээ болж бусдыг боддоггүй, сохроор дагагч үзэлтэн хэмээх нэр зүүх вий гэхээс айж байж болох юм.

Ижил хүйстэндээ татагдах асуудалтай эсвэл ижил хүйстэнтэй дотно харилцаатай амьдрах сонголт хийсэн хэн нэгнийг та нар мэддэг байж болох юм. Тэдгээр хүмүүсийг Бурханы хөвгүүн эсвэл охин гэдгээр нь хайрлаж, дэмжиж мөн Их Эзэний мөнхийн аз жаргалын төлөвлөгөөний төлөө зогсохыг хичээх үед та нарын сэтгэл тавгүйтэж болох юм.

Бүгдээрээ байр сууриа тодорхой илэрхийлье, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь “ижил хүйстэндээ татагдах үзэгдэл нь олон хүний хувьд ярвигтай бодит байдал гэдэгт итгэдэг. Сэтгэл татагдах нь өөрөө нүгэл биш боловч энэ хүслийнхээ дагуу үйлдэх нь нүгэл мөн. Хэдийгээр хүмүүс ижил хүйстэндээ татагдахаар сонгодоггүй боловч тэд энэ байдалд ямар хариу үйлдэл үзүүлэхээ өөрсдөө сонгодог. Сүм Бурханы бүх хүүхдүүдэд, тэдний дунд [ижил хүйстэндээ татагддаг тэдэнд] хайр болон ойлголтоор хүрч ажилладаг.”16

Сүм ийм хүмүүсээс нүүр буруулах эсвэл бусад христийнх бус үйлдлүүд гаргахыг зааж эсвэл дэмждэггүй. Бид бусдыг хайрлаж мөн Бурханы зарлигуудыг хэн ч үл ойшоож эсвэл бууруулах ёсгүй гэдгийг ойлгоход нь бусдад туслахыг эрмэлзэх ёстой.

Гэрч болон сэрэмжлүүлэг

Эцэст нь, “Гэр Бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга: “Ариун явдлын гэрээгээ зөрчин, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болохыг бид анхааруулж байна. Түүнчлэн гэр бүлээ сарниулбал эрт эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно гэдгийг бид сануулж байна”17 хэмээн мэдэгджээ.

Би энэ сэрэмжлүүлэгт нэгдсэн хүмүүсийн нэг нь юм. Цамхаг дээрх харуулын хувьд би “бүрээ үлээж, мөн хүмүүсийг сэрэмжлүүлэх”18 үүрэг хариуцлагатай. Энэ үдэш би шулуухан ярьж байгаа ба сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөлөө. Би та нарт хайртай бөгөөд бид Их Эзэний зүг харж мөн Түүний зарлигуудыг дагах ёстой гэдгээ ойлгоосой гэж хүссэндээ ийнхүү ярилаа. Энэ бол миний үүрэг юм.

Сайн сайхан мэдээ

Их Эзэний сэрэмжлүүлэг нь түүнчлэн Түүнд ирэгтүн гэсэн урилгатай хамт ирдэг. Тэнгэр дэх Эцэг маань унасан дэлхийд амьдрахын үр дагавруудыг мэдэж байсан учраас Аврагч болох, “Ертөнцийн сууриас хойш алагдсан хургыг” Өөрийн хүүхдүүддээ зориулан бэлтгэсэн байна.19 Иоханы сургаалиас бид “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай байх болно”20 гэдгийг мэдэж авдаг.

Есүс Христийн Сайн мэдээ бол “сайн сайхны мэдээ” гэдгийг санаж байгаарай. Энэ бол найдварын захиас юм. Хэрэв та нар одоо асуудалтай байгаа бол тусламж ав. Их Эзэн нигүүлсэнгүй бөгөөд өршөөмтгий билээ.

Төлөөлөгч Паул ийнхүү заажээ:

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? …

Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг.

Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч,

өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна.”21

Есүс Христ байгаа учраас гэм буруугийн мэдрэмж нь амар амгалангаар солигдож чадна. Сайн сайхан харилцаа холбоо сэргээгдэж чадна. Хүмүүс донтолтуудыг ялан дийлж чадна.

Бид Бурхан бол хайр бөгөөд “мөн тэрээр тэднийг бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр …, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг”22 гэсэн үнэнийг мэдэхэд нь гэр бүлийнхэн болон найзууддаа туслах хэрэгтэй.

Сүмийн хайрт залуучууд минь, та нар номлолынхоо өмнө мөн номлолын турш болон дараа нь авралын ажилд оролцож байх хэрэгтэй байна.

Бусдын амьдралыг адислахын тулд технологийг ашиглах нь

Их Эзэн та нарыг ашиглах дуртай олон нийтийн мэдээллийн хэрэгслээ ашиглан сайн мэдээг хуваалцаж мөн Хиламаны орчин үеийн хөвгүүд ба охидын хувьд эцсийн өдрүүд дэх агуу тулаануудад оролцоосой гэж хүсдэг. Тэрээр та нарыг үнэнийг хамгаалахын тулд хүчтэй ба нэгдмэл зогссон орчин үеийн зоригт дайчид байгаасай гэж хүсдэг. Тэрээр та нарыг дайсны давшилтуудын эсрэг зоригтой бас эрэлхэг байгаасай гэж хүсдэг. Эцэст нь Их Эзэн ялж мөн Сатан ялагдах болно гэдгийг бид мэддэг.

Олон нийтийн янз бүрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан та нар ялангуяа буцаж ирсэн номлогчид та нар гэр бүл, найзуудтайгаа, хуучин сонирхогчид болон шинэ гишүүдтэйгээ сайн мэдээний талаар ярилцаж чадна. Та нар үнэний гэрчлэгчид болон зогсож мөн хаант улсыг хамгаалж чадна.

Хаант улсыг хамгаалах нь

Та нарын зарим нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон сүмийн төлөө зогсвол буруугаар шүүгдэж, шоолуулж, түүгээр ч барахгүй гадуурхагдаж магадгүй хэмээн зовниж байгааг би мэднэ. Би та нарын санааг зовдог зүйлүүдийг ойлгодог.

Би Дэлхийн II дайн дууссаны дараа залуу номлогчоор Британы номлолд үйлчилсэн. Тэр үед Мормончууд “муу хэлэгдэж, муугийн зүйр”23 болж байсан бөгөөд номлогчид шоолуулж мөн доромжлуулдаг байсан. Тэр ч байтугай хүмүүс бидэн рүү юм шидэж мөн зарим нь бидэн рүү нулимдаг байлаа. Гэсэн хэдий ч бид ухраагүй, харин ч үргэлжлүүлэн гэрчлэлээ хуваалцаж мөн сайн мэдээг хуваалцсаар байсан. Абинадайн адил бид айгаагүй. Паулын адил бид айгаагүй. Мөн Аврагчийн адил бид айгаагүй. Тэр үедээ бид хийж буй ажлынхаа үр нөлөөг төсөөлж чадаагүй байв. Бид 14 дүүрэгтэй байсан ба нэг ч гадасгүй байлаа. Өнөөдөр Британы арлууд дээр Сионы 46 гадас байна.

Хайрт залуу найз нар минь, агуу хийгээд нүсэр барилгад байгаа тэднээс санаа зовох хэрэггүй. “Ирж бас жимснээс хүртсэн тэднийг хуруугаараа”24зааж, элэглэх тэднийг Нифай харсан. “Мөн тэд жимсийг амссаныхаа дараа тэднийг тохуурхсан тэднээс ичингүйрхсэн болой; мөн тэд хориглогдсон замаар будилан орж мөн төөрч байв.”25 Эдгээр хүмүүс шиг битгий бай.

Та нар бол агуу хийгээд чухал үеийнхэн, энэ цаг үе бол амьд явахад агуу цаг хугацаа юм! Ирээдүй гэрэл гэгээтэй байна. Өнөө орой өөрсдөдөө хандан, “Би гэрчлэлээ хуваалцаж мөн эдгээр эцсийн өдрүүдэд Бурханы илчилсэн үнэнүүдийг заах үедээ Их Эзэнд тусалж байна” гэж хэлээрэй.

Одоо та нарт өнөө орой юу сурч мөн мэдэрснээ бүх олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ухаалгаар ашиглан хуваалцах боломж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглахад зориулсан цаг ба газар байдаг бөгөөд сурч мөн мэдэрч байгаа зүйлүүдийнхээ тухай бодлууд, гэрчлэлээ хуваалцах нь тэдгээр тохиромжтой үеүдийн нэг нь гэдгийг санаарай.

Гэрчлэл ба Гэрч

Их Эзэн та нарыг одоогийнхоос чинь илүү мэргэн ухаанаар адисалж, бид энд тулаанд орж байгаа бөгөөд залуу, хөгшин цөм хамтдаа бат зогсох ёстой гэдгийг та нар ухаалгаар ойлгох болтугай. Тэнгэрлэг Эцэг маань та нарыг харж хандаж мөн адислах болтугай хэмээн би залбирч байна. Бид та нарт маш их хайртай гэдгээ дахин хэлж байна. Мөн би энэхүү онцгой цугларалтыг дэлхийн хаа сайгүй сонсож байгаа та нарын хүн нэг бүрийн зүрх сэтгэлийг Их Эзэний амар амгалангаар, Есүс Христ амьд, Тэрээр Бурханы Хүү бөгөөд энэ бол Түүний сүм гэсэн амар тайван гэрчлэл хийгээд баталгаагаар адислахыг Тэнгэрлэг Эцэгээсээ хүсэн залбирч байна. Тэрхүү амар амгалан хийгээд хүч та нартай хамт байх болтугай. Тэнгэрлэг Эцэг маань та нарыг харж хандах болтугай. Та нарын одоо хийж буй энэ аялалд та нарын хүн нэг бүр үнэ цэнэтэй бөгөөд та нар миний амьд хэмээн гэрчилдэг Есүс Христ “Ажил дууслаа” хэмээн хэлж мөн Аврагч, Эзэдийн Эзэн, Хаадын Хаан, дэлхийн Аврагчийн хувиар эргэн ирж мөн захирах тэрхүү ирээдүйн өдөрт зориулан энэ дэлхийг бэлтгэж байгаа гэдгээ хэзээ ч мартахгүй байх болтугай. Өнөө орой бид Түүнд чухал болох зүйлсийн тухай ярилцлаа. Бид Их Эзэнийг хайрлах хайр болон Түүнд үйлчлэх дүүрэн хүсэлтэй эндээс гарч явах болтугай хэмээн би залбирч байна, Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр, амен.

© 2014 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи хэлний зөвшөөрөл: 3/14. Орчуулгын зөвшөөрөл: 3/14. Be Still, and Know That I Am God. Language-ын орчуулга. Mongolian. PD50053655 363