Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Христийн сүмийн зураг төсөл гэж юу вэ?


Христийн сүмийн зураг төсөл гэж юу вэ?

Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2014 оны 1-р сарын12, Прово дахь Бригам Янгийн Их Сургууль

Энэ сүмийн ирээдүйн удирдагчидтай болон эцэг эхчүүдтэй энэ үдшийг хамтдаа өнгөрөөж байгаа нь баяр баясалтай хэрэг юм. Та нар байгаа учраас энэ сүмийн ирээдүй аюулгүй мөн гэрэл гэгээтэй байх болно гэдэгт би итгэлтэй байна. Энэ ч утгаараа би хэзээ нэгэн өдөр та нарын удирдан авч явах сүмийн тухай ярихыг хүсэж байна.

Сургаал ба Гэрээний нэгдүгээр хэсэгт Их Эзэн: “[Энэ бол] бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” гэсэн зоригтой бөгөөд ач холбогдолтой мэдэгдлийг хийсэн байдаг (С ба Г 1:30). Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь өөр бусад сүмд үнэн юмс байхгүй гэсэн үг биш, учир нь тэдэнд ч зарим үнэнүүд байдаг. Мөн энэ нь бусад сүм сайн зүйл хийдэггүй гэсэн үг биш, учир нь тэд олон сайн зүйл хийдэг. Гэхдээ энэ нь манай сүм бол энэ эрин үед илчлэгдсэн бүх үнэнийг, өргөмжлөлд шаардлагатай ёслолуудыг мөн тэдгээр ёслолуудыг тэнгэрлэгээр батлан гүйцэтгэх Бурханы санваарыг агуулдаг цорын ганц сүм юм гэсэн үг юм. Энэ мэдэгдлийг батлах ямар нотолгоо бидэнд байгаа вэ?

Хэдэн жилийн өмнө эхнэр бид хоёрт өнөр өтгөн болж буй гэр бүлдээ зориулсан илүү том байшин хэрэгтэй болж, бид байшин барих газар олсон юм. Бид өсөн нэмэгдэж буй гэр бүлийнхээ хэрэгцээнд тохирох зураг төсөл дээр ажиллахад хэсэг хугацааг зарцуулж билээ. Эхнэр минь гэр бүлийн болон зочны өрөөний хооронд эвхэгддэг хаалга хийх загвар гаргасан бөгөөд гэр бүлийн эсвэл өсвөр үеийнхний томоохон үйл ажиллагааны үеэр үүнийг нээж болохоор хийсэн юм. Гараашийн дээд талын илүү өрөөг ашиглаад бид хүүхдүүд маань хүссэн зүйлээ хийж болох өрөөний загвар гаргаж мөн хүнс болон бусад зүйл нөөцлөн хадгалах жижиг өрөөг гараашийн ард барив. Эдгээрээс гадна бусад загварын элементүүд ч зураг төсөлд багтсан байлаа. Тэгээд байшин маань төлөвлөсний дагуу баригдсан юм.

Байшин баригдаж байх хооронд бид үе үе зураг төслийг сайжруулан өөрчилсөн захиалгыг барилгачдад өгдөг байлаа. Байшин баригдаж дуусахдаа яг тэр сайжруулж өөрчилсөн зураг төслийн маань дагуу баригдсан байсан. Хэрэв та нар манай зураг төслийг аваад энэ дэлхий дээрх байшин бүртэй харьцуулбал энэ нь хэдэн байшинтай яв цав таарах бол? Зөвхөн ганц байшинтай буюу манай байшинтай л таарна. Ижил хэмжээтэй өрөө, төстэй цонхнууд гээд адил төстэй зүйлүүд гарч ирж болно л доо. Гэвч зураг төсөл дээрх байшингийн суурь, өрөө, дээвэр зэрэгтэй яв цав тохирох ганцхан байшин бол манай байшин л байх болно.

Үүнтэй адилаар Христ Өөрийнхөө хүүхдүүдийн сүнслэг хэрэгцээг хамгийн сайн хангах нэгэн байшинг барьсан. Энэ нь Түүний сүм хэмээн нэрлэгддэг. Энэ сүмийн сүнслэг зураг төслийг Шинэ Гэрээнээс олж харж болно. Аврагч үе үе зураг төсөлд “өөрчлөлт” оруулдаг байсан. Ийм сүнслэг өөрчлөлт нь илчлэлт маягаар ирдэг байв. Жишээ нь, Аврагч эхлээд Өөрийнхөө төлөөлөгчдөд сайн мэдээг харийнханд бус Израилын угсааныханд тунхаглах тушаалыг өгсөн (Матай 10:5–6-ыг үзнэ үү). Гэвч Аврагч дээш одсоныхоо дараа Петрт үзэгдлээр дамжуулан авсан илэрхийлэлтийнх нь дагуу сайн мэдээ одоо харийнханд бас заагдах ёстой гэдэг сүнслэг өөрчлөлтийг өгчээ (Үйлс 10-ыг үзнэ үү). Юуны түрүүнд, Петрийн энэ туршлага Христийн сүмийн удирдлагын хоёр зарчмыг заадаг. Тухайлбал нэгдүгээрт, зураг төсөл өөрчлөгдөж болдог ба энэ нь зөвхөн Христээс ирсэн илчлэлтээр л хийгдэнэ; хоёрдугаарт, ийм илчлэлт нь дэлхий дээрх Бурханы төлөөлөгч болох бошиглогчид ирдэг гэсэн зарчмууд юм. Өөрөөр хэлбэл, Бурханы сүм бурханлаг илчлэлтээр болон бурханлаг дэг жаягаар удирдагдах болно.

Хэрэв хэн нэгэн нь өнөөдөр Христийн сүмийг олохыг хүсвэл зураг төсөлтэй нь нийцэх, тухайлбал зохион байгуулалт нь зохион байгуулалттай нь, сургаал нь сургаалтай нь, ёслол нь ёслолтой нь, үр жимс нь үр жимстэй нь, илчлэлт нь илчлэлттэй нь яг адилхан байх тэрхүү сүмийг олтол тэрээр Шинэ Гэрээн дэх уг сүнслэг зураг төслийг дэлхий дээр байгаа бүх Христийн сүмтэй харьцуулан, тулгаж үзэхийг хүсэх болно. Үүнийг хийх үедээ тэрээр ганц нэг заадаг зүйл нь төстэй мөн зарим нэгэн ёслол ба албан тушаалын нэр нь адилхан байх зарим сүмийг олох боловч бүх талаараа зураг төсөлтэй яв цав таарах цорын ганц сүмийг буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг л олох болно. Одоо би энэ мэдэгдлээ шалгаж үзэхийг хүсч байна.

Бүгдээрээ зураг төслийн эхний хуудсыг үзэж мөн тэр үед илчлэгдсэн Христийн сүмийн зохион байгуулалт ямар байсныг олж мэдэцгээе.

Нэгдүгээрт, Христийн сүм бошиглогч, төлөөлөгчдийн суурин дээр байгуулагдсан. Паул сүмийн зарим шинэ гишүүдэд хандаж бичихдээ: тэд одоо “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн Чулуу нь ажээ” гэж бичжээ (Ефес 2:20“; зарим бичилт налуу болсон).

Төлөөлөгчид Арванхоёр Төлөөлөгчийн чуулгыг бүрэн байлгах нэн шаардлагатай хэрэгцээг ойлгодог байсан. Иудас гэх мэт хэн нэг төлөөлөгч нас барж, суурийн нэг хэсэг нь алга болох үед үлдсэн 11 төлөөлөгч цугларч, залгамжлагчийг сонгосноор суурь нь дахин бүтэн болдог байв (Үйлс 1:22–25-г үзнэ үү).

Энэ загвар нь Арванхоёр Төлөөлөгчийн чуулгыг хадгалахын чухлыг нотлон харуулж байна. Эдгээр төлөөлөгчид сүмийн сайн сайхан байдалд маш чухал байсан бөгөөд тэд бидэнд хэр удаан хэрэгтэй байх талаар Паул: “Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл” хэмээн тунхагласан байдаг (Ефес 4:13). Тэгээд тэрээр яагаад гэдгийг нь: “Үүний үр дүнд бид цаашид … аливаа номлолын салхинд туугдалгүй” байж болохын тулд гэж тайлбарласан юм (Ефес 4:14). Иймээс төлөөлөгчид нь сургаалыг цэврээр нь хадгалахад зайлшгүй шаардлагатай байв.

Би урд талынхаа эгнээний хамгийн захад сууж байгаа хүнд нэгэн түүх ярьж өгч, энэ хүн хажуудаа байгаа хүндээ хэлж, энэ маягаар дамжсаар байгаад энэ хэсэгт байгаа бүх хүн сонслоо гээд бодоод үз дээ. Энэ түүх ямар болох бол? Энэ нь өөрчлөгдөнө. Түүх үргэлж өөрчлөгддөг, энэ бол хүний мөн чанар. Төлөөлөгчид хот тосгодод очиж заахад ч мөн үүний адил байжээ. Сургаал нь нэг хүнээс нөгөө хүн рүү дамжихдаа өөрчлөгдөж эхэлдэг. Төлөөлөгчид амьд байгаа үедээ сургаалыг захидлаар юм уу хувийн номлолоор зөв болгон залруулж чаддаг байв. Харин төлөөлөгчдийг байхгүй болсны дараа хянан шалгах систем ч байхгүй болсон бөгөөд сургаалыг залруулах нөлөө байхгүйгээс болж, удалгүй сургаалууд гуйвуулагдсан буюу алдагдсан билээ.

Энэ болон бусад шалтгаануудаас улбаатайгаар төлөөлөгчид болон бошиглогчид Христийн сүмийн суурийг бүрдүүлж байсан болохыг сүмийн зураг төсөл харуулдаг. Та нар төлөөлөгчид цаашдаа хэрэггүй боллоо гэсэн ямар нэг өөрчлөлт хийх зааврыг эсвэл зураг төслийг өөрчлөх ямар нэг илчлэлтийг олж уншдаг уу? Би тийм зүйл уншиж байгаагүй. Хэрэв тийм зүйл бичигдээгүй байдаг юм бол өнөөдөр Христийн үнэн сүм төлөөлөгчид болон бошиглогчид дээр л суурилсан байх ёстой.

Өөртөө болон төлөөлөгчдөдөө сайн мэдээг номлоход туслуулж, замыг нь бэлтгэхийн тулд Аврагч бусад эрэгтэйчүүдийг буюу Далын чуулгыг сонгосон. Бид эдгээр Далын тухай Лук номын 10-р бүлгээс уншдаг. Та нар өнөөгийн сүмүүдээс энэ зураг төсөл дээрх шиг Далын албатай өөр ямар нэг сүмийг мэдэх үү?

Шинэ Гэрээн дэх зураг төсөл нь: бишоп (1 Тимот 3; Тит 1:7-г үзнэ үү), ахлагч (Үйлс 14:23; Тит 1:5-ыг үзнэ үү), дикон (Филиппой 1:1-ийг үзнэ үү) мөн сайн мэдээг тунхаглагч (Ефес 4:11-ийг үзнэ үү; патриарх1 гэсэн утгатай), багш (Ефес 4:11-ийг үзнэ үү; сүргийг харж хамгаалдаг бишопууд ба гадасны ерөнхийлөгч2 гэсэн утгатай) зэрэг Христийн сүмийн зохион байгуулалтыг бүрдүүлдэг өөр бусад албан тушаалтнуудын тухай ч мөн өгүүлдэг.

Сүмийн Итгэлийн тунхгийн зургаaдугаарт энэ зураг төслийн талаар өгүүлдэг: “Анхны сүмд байсан тэрхүү зохион байгуулалтад, тухайлбал төлөөлөгчид, бошиглогчид, пасторууд, багш нар, евангелистууд болон бусдад бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:6; зарим бичилт налуу болсон). Өөрөөр хэлбэл, одоогийн Есүс Христийн сүм Христийн анхны сүмд байсантай адил зохион байгуулалттай байх ёстой ба энэ нь зөвхөн илчлэлтээр өөрчлөгддөг байх ёстой гэдэгт бид итгэдэг. Тиймээс эдгээр албан тушаалууд манай сүмд өнөөдөр ч гэсэн байдаг.

Христийн төлөөлөгчид болон бусад албан тушаалтнууд хэрхэн сонгогддог байсан бэ? Аврагч тэр үеийн хамгийн шилдэг шашны сургуулиудаар явж, хамгийн шигшмэл оюутнуудыг сонгодог байсан уу? Үгүй. Харин зураг төсөлдөө Тэрээр загасчин Петрийг болон татвар хураагч Матайг, дараа нь барилгачин Паулыг сонгосон тухай өгүүлдэг. Тэд бүгд энгийн ард иргэд дундаас сонгогдсон байсан ба энэ нь үндсэндээ мэргэжлийн тохинуулал байгаагүй юм. Үүний адилаар өнөөдөр сүмд сүмийн энгийн гишүүд дундаас сонгогдсон Арванхоёр Төлөөлөгчийн чуулга байдаг. Тэдний нэг нь багш, нөгөө нь инженер, өөр нэг нь хуульч гэх мэт мэргэжилтэй байдаг.

Христийн төлөөлөгчид болон бусад албан тушаалтнууд тохинуулалд оролцохын тулд өргөдөл бөглөсөн үү? Үгүй. Христ албан тушаалтнуудыг хэрхэн сонгосон тухай “Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Би та нарыг томилсон” хэмээн зураг төсөл бидэнд хэлдэг билээ (Иохан 15:16; зарим бичилт налуу болсон). Христ төлөөлөгчдөө томилох үедээ тэдэнд юу өгсөн бэ? Үүний хариултыг Матай, Лук нар өгөхдөө “Тэдэнд … эрх мэдлийг өгсөн” (Матай 10:1мөн Лук 9:1)-ийг үзнэ үү) - Түүний нэрээр үйлдэх мөн Түүний ажлыг хийх санваарын хүчийг өгсөн юм гэж цэдэглэсэн байдаг. Ийм учраас зураг төсөл бидэнд “боолууддаа үүрэг өгч, … аянд явж байгаа хүнтэй адил юм” гэж хэлдэг (Марк 13:34). Яагаад? Ингэснээр тэд Түүний зөвшөөрлөөр, Түүний нэрээр үйлдэх боломжтой болсон билээ. Өнөөдөр энэ сүмд Бурханы санваарыг атгадаг эрэгтэй хүн бүр өөрийнхөө санваарын эрх мэдлийн эх үүсвэрийг бүх эрх мэдэл болон хүч чадлын эх сурвалж болох Есүс Христ хүртэл баттай тогтоож чадна. Тиймээс зураг төслийн шаардлагын дагуу тэр ч бас Христийн зөвшөөрлийг авах эрхтэй бөгөөд Түүний баталгаатай болдог.

Христийн зохион байгуулсан сүм ямар нэртэй байсан бэ? Хэрэв бид Христийн нэрээр баптисм хүртдэг юм бол, хэрэв бид Христийн нэрээр залбирдаг бол, хэрэв бид Христийн нэрээр аврагддаг юм бол, хэрэв Тэр Өөрийнхөө сүмийн үүсгэн байгуулагч нь мөн булангийн чулуу нь юм бол Түүний сүм ямар нэртэй байх ёстой гэж та нар бодож байна? – Есүс Христийн сүм. Аврагч Мормоны Ном дахь хүмүүст хандаж ярих үедээ: “Мөн энэ нь миний нэрээр нэрлэгдэхгүй аваас яахан миний сүм байх билээ? Учир нь хэрэв сүм Мосегийн нэрээр нэрлэгдсэн байвал энэ нь Мосегийн сүм; эсвэл хэрэв энэ нь хүмүүний нэрээр нэрлэгдсэн байвал уг сүм нь хүмүүний сүм байна; харин энэ нь миний нэрээр нэрлэгдвэл, хэрэв тэд миний сайн мэдээн дээр тулгуурлах аваас, тэгвэл энэ нь миний сүм мөн” хэмээн сүм яагаад Түүний нэрээр нэрлэгдэх ёстой талаарх үндсэн зарчмыг заасан юм (3 Нифай 27:8; зарим бичилт налуу болсон).

Энэ шалтгааны улмаас Паул зарим эртний сүмийн гишүүдийг зэмлэсэн, учир нь тэд өөрсдийгөө Христийн нэрээр нэрлэхийн оронд аль нэг дагалдагчийн нэрээр нэрлэдэг байв. Ийм учраас Паул:

“Та нараас хүн нэг бүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна.

“Христ хуваагдсан гэж үү? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу?” гэж бичсэн байдаг (1 Коринт 1:12–13).

Өөрөөр хэлбэл бид өөрсөд дээрээ Есүс Христийнхээс өөр нэрийг авдаггүй.

Тиймийн тул, Христийн сүм Түүний нэрээр нэрлэгдэх ёстой гэдгийг зураг төсөл бидэнд заадаг. Шашны өөрчлөлт шинэчлэлт нь Иосеф Смитийн цаг үеэс өмнө, 300 жилийн турш оршин тогтнож байсан ба хэн ч сүмээ Есүс Христийн нэрээр нэрлээгүй нь надад гайхамшигтай санагддаг юм. Мэдээж, Иосеф Смитийн цаг үеэс хойш олон сүм өөрсдийгөө Христийн нэрээр нэрлэсэн байдаг боловч Их Эзэн ямар нэгэн гайхамшигт арга замаар Иосеф Смитийн цаг үе болон Христийн сүмийн сэргээлт хүртэл Өөрийн нэрийг хэрэглүүлэлгүй хадгалж иржээ.

Одоо бүгдээрээ зураг төслийн хоёрдугаар хуудсыг үзье. Христийн сүмийн заадаг зүйлс юу байсан бэ? Хэдэн жишээ авч үзэцгээе:

Бурхан ердөө л нэг сүнс үү эсвэл Тэр яс махан бие махбодтой юу? Зураг төсөл юу зааж байна вэ?

Христ амилуулагдсаныхаа дараа дагалдагчдадаа харагдсан бөгөөд тэд Түүнийг сүнс хэмээн боджээ (Лук 24:37-г үзнэ үү). Тэдний эндүүрлийг залруулахын тулд Тэрээр “Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв” (Лук 24:39; зарим бичилт налуу болсон).

Өөрийн амилсан бие махбодын шинж чанарын талаарх эргэлзээг тайлахын тулд Тэрээр дагалдагчдаасаа “Та нарт идэх юм байна уу?” хэмээн асуужээ (Лук 24:41). Тэгээд судрууд цааш нь:

“Тэд хайрсан загас Түүнд өгөв.

“Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ” (Лук 24:42–43).

Христ алдар суут мөн амилсан яс махан биетэйгээ тэнгэр рүү дээш аваачигдсан (Үйлс 1:9),3-ийг үзнэ үү), тэнд Тэрээр Бурхан Эцэгийн баруун гар талд суудаг бөгөөд “Түүний мөн чанарын бодит илэрхийлэл” юм (Еврей 1:3). Энэ бол Христийн сүмийн сэргээлтийн хэсэг болж, Иосеф Смитээр заагдсан үнэн мөн: “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө” (С ба Г 130:22) хэмээн цэдэглэсэн байдаг .

Бурхан болон Есүс Христ ихэнх Христийн сүмийн заадаг шиг нэг биет мөн үү, эсвэл хоёр тусдаа биет үү? Зураг төсөл юу өгүүлдэг вэ?

Библид Эцэг, Хүү хоёрын тусгаар байдлыг болон салангид тусдаа үүрэг хариуцлагуудынх нь талаар өгүүлсэн эшлэлүүдийн тоо гайхалтай олон байдаг. Гетсеманы цэцэрлэгт тун удалгүй мэдрэх аймшигт зовлон шаналлаа ойлгож байсан Аврагч “Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг” хэмээн тунхагласан байдаг (Лук 22:24). Энэ бол дэлхий дээр тохиосон хүлцэнгүй байдлын хамгийн агуу жишээ билээ. Гэхдээ Түүнээс өөр хүн байхгүй байсан бол, хэрэв Эцэг, Хүү хоёр нэг биед хамт оршиж байсан бол Тэрээр хэнд ийнхүү хүлцэж хандах байсан бэ? Аврагч яагаад Эцэгтээ хандан, “Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?” хэмээн залбирч эсвэл хашгирсан бэ? (Марк 15:34). Хэрэв Түүнийг орхих тусдаа Биет байгаагүй бол Тэр яаж орхигдож чадах вэ? Хэрэв Тэд хоёр тусдаа биет биш байсан бол Стефан хэрхэн Есүсийг Бурханы баруун талд зогсож буйгаар харсан байж болох вэ (Үйлс 7:55–56-г үзнэ үү)?

Иосеф Смит ойн төглөөс гарч ирэхдээ үнэнийг мэдэж авсан байсан юм. Тэрээр Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг хамт зэрэгцэн зогсож байхыг харсан ба Эцэг дэргэдээ байгаа Түүнийг Өөрийн “Хайртай Хүү” хэмээн хэлэхийг тэрээр сонссон (Иосеф Смит –Түүх 1:17). Тэр алдар суут өдөр тэнгэрүүд Бурханы мөн чанарын тухай хүний бий болгосон ташаа ойлголтыг няцааж, зураг төсөлд анх заагдсан Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ хоёр зорилго, хүслээрээ нэгдмэл боловч бие махбодоороо тусдаа гэдэг энгийн үнэнийг илчилж, баталсан юм.

Дэлхий дээр амьдрах хугацаандаа Есүс Христийн сайн мэдээг сонсох боломж олдоогүй хүмүүсийн талаар зураг төсөл юу өгүүлдэг вэ? Тэд шийтгэгдэх үү? Тэдний сүнслэг нөхцөл байдлын талаар бидэнд ямар нэг зүйл илчлэгдсэн үү?

Энэ бол олон тэрбум хүний амьдралд нөлөөлөх туйлын ач холбогдолтой асуулт юм. Бурхан энэ асуудлын талаар ярьсан нь мэдээж. Үнэхээр Тэр үүний талаар ярьсан. Зураг төсөлд хариулт нь байгаа.

Петр “Учир нь энэ зорилгын үүднээс сайн мэдээ үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махан биеэрээ хүмүүсийн адил шүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм” гэж бичжээ (1 Петр 4:6). Энэ сургаал нь Христийн төлөөлөгчдийг нас барсны дараа болсон урвалтын үеэр алдагдсан боловч бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн юм.

Гурван тэнгэр байдаг уу эсвэл нэг тэнгэр байдаг уу? Христийн ертөнц олон жилийн турш нэг диваажин нэг там байдаг гэж заасаар ирсэн, гэхдээ жинхэнэ зураг төсөлд юу гэж заадаг вэ?

Паул “Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг” хэмээн заасан (1 Коринт 15:41). Паул түүнчлэн “гурав дахь тэнгэрт аваачигдсан” (2 Коринт 12:2) хүний тухай үзэгдлийг өгүүлэх үедээ гурван зэрэглэл бүхий тэнгэрийн үнэнийг баталсан юм. Хэрэв нэг, хоёр дахь тэнгэр гэж байхгүй байсан бол гурав дахь тэнгэр байж чадна гэж үү? Бошиглогч Иосеф Смитээр сэргээгдсэн энэ сургаал нь жинхэнэ зураг төсөлтэй яв цав нийцэж байгаа юм.

Гэрлэлт мөнхөд үргэлжилдэг үү эсвэл үхлээр төгсдөг үү? Энэ зураг төсөл юу гэсэн хариултыг өгдөг вэ?

Төлөөлөгчид газар дэлхий дээр юуг ч лацадсан тэр нь тэнгэрт түүнчлэн лацдагдах ёстой хэмээн тэдэнд өгөгдсөн хүчний дагуу (Матай 18:8-ыг үзнэ үү) Паул “Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм” (1 Коринт 11:11) хэмээн тунхагласан бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хоёр Бурханы оршихуйд мөнхөд холбогдох ёстой гэсэн утгатай юм. Петр энэ үнэнийг баталгаажуулсан байдаг. Тэрээр нөхөр болон эхнэрүүдийн талаар ярих үедээ тэднийг “Амийн нигүүлслийн хамтран өвлөгчид” (1 Петр 3:7)—ийн хувьд буюу тус тусдаа бус, ганцаар ч бус харин мөнх амьдралыг өвлөгчдийн хувьд амьдралыг хамтдаа туулах ёстой хэмээн заажээ. Энэ нь зураг төсөлд мөн өнөөгийн Христийн сүмд заагддаг сургаал билээ.

Зураг төслийн гуравдугаар хуудсаас “Христийн сүм дэх ёслолууд” гэсэн үгс харагддаг. Энэ нь зураг төсөлд ч маш тодорхой байдаг. Жишээлбэл, бид нялх ба бяцхан хүүхдүүдийг адисалдаг уу эсвэл тэдэнд баптисм хүртээдэг үү? Зураг төсөл юу гэж заадаг вэ?

Аврагч бидэнд тун тодорхой жишээг өгсөн юм. Судруудад бяцхан хүүхдүүдийн талаар: “Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв” (Марк 10:16; зарим бичилт налуу болсон) гэсэн байдаг бол үүнийг Матай бас баталж, бяцхан хүүхдүүд дээр Аврагч “гараа тавив” (Матай 19:15) гэдэг. Нялх ба бяцхан хүүхдүүд баптисм хүртдэггүй харин адислагддаг гэж зураг төсөл заадаг. Нялх хүүхэд баптисм хүртэж байгаа нэг ч түүх бүхэл бүтэн Шинэ Гэрээнд огт байдаггүй. Яагаад? Яагаад гэвэл энэ нь Христийн сүм дэх ёслол байгаагүй юм. Өнөө үед Христийн сүмийг хайж байгаа хүн нялх хүүхдийг адисалдаг мөртлөө тэдэнд баптисм хүртээдэггүй сүмийг л хайх ёстой.

Баптисм авралд шаардлагатай юу? Зураг төсөл юу гэж заадаг вэ?

Христ баптисм хүртэж, жишээ үзүүлснийхээ дараа үүнийг тодорхой байдлаар “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй” хэмээн тунхагласан. (Иохан 3:5; зарим бичилт налуу болсон). Петр үүнтэй төстэй зүйлийг “Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно” гэж заасан. (Үйлс 2:38; зарим бичилт налуу болсон). Зураг төсөлд заагдаж буй зүйл өнөөдөр Христийн сүмд заагдаж байгаа зүйлтэй яг ижил юм.

Баптисм ус цацалтаар болон ус гоожуулснаар хийгддэг үү эсвэл усанд умбуулалтаар хийгддэг үү? Зураг төсөл нь баптисм усанд умбуулалтаар хийгдэх ёстой гэсэн наанадаж дөрвөн нотолгоог өгдөг:

Нэгдүгээрт, бидний агуу үлгэр жишээ болох Аврагч маань “голын уснаас тэр даруй гарсан” (Матай 3:16), энэ нь Тэр эхлээд усанд бүрэн орсон гэсэн санааг илэрхийлж байна.

Хоёрдугаарт, Иохан Баптист “Салимын ойролцоо Аенонд баптисм хүртээж байв. Учир нь тэнд ус ихтэй ажээ” (Иохан 3:23; зарим бичилт налуу болсон). Хэрэв ус цацах эсвэл гоожуулах нь баптисмын хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр байсан юм бол тэр яагаад “ус ихтэй” газар руу аялан очих хэрэгтэй байсан юм бэ?

Гуравдугаарт, баптисм бол Есүс Христийн үхлийн болон оршуулгын мөн амилалтын бэлэгдэл хэмээн Паул хэлсэн байдаг (Ром 6:3–5-ыг үзнэ үү). Шинэ хөрвөгч баптисмын усанд зогсох үедээ тэрээр үхэх гэж буй хуучин хүнийг төлөөлдөг. Тэрээр усанд умбуулагдах үед түүний нүглүүд “булагдаж” мөн бэлэгдэл болсон усны цэвэршүүлэгч хүчээр уучлагддаг. Тэгээд уснаас босч ирэх үедээ тэрээр Есүс Христ доторх шинэ эсвэл амилуулагдсан хүнийг төлөөлдөг. Баптисмтай холбоотой энэ бүх бэлэгдэл нь умбуулалтаар хийгддэг баптисмтай тохирдог, гэхдээ энэ бэлэгдэл нь ус цацалт болон гоожуулалтаар баптисм хүртээх үед утга учраа бүрэн алддаг юм.

Мөн дөрөвдүгээрт, баптисм гэдэг нь грек үгнээс орчуулагдсан бөгөөд энэ нь усанд дүрэх эсвэл умбах гэсэн утгатай.

Дэлхийн нэрт түүхч Вилл Дюррант зураг төсөл юу илчилснийг мэддэг байсан бөгөөд энэ талаар “Есдүгээр зуун гэхэд, Христийн шашны эртний баптисмын арга барил нь усанд умбуулалтаас аажим аажмаар өөрчлөгдөж, ус цацалтаар солигджээ. Энэ нь хүйтэн уур амьсгалтай хойд нутгийн хүмүүсийн эрүүл мэндэд зориулагдан өөрчлөгдсөн байна”4 гэж бичжээ.

Баптисм нь Христийн зураг төсөлтэй яг тохирохуйцаар гүйцэтгэгдэх ёстой тэрхүү загвартай холбоотой илчлэлтийг Иосеф Смит хүлээн авсан нь гайхах зүйл биш юм (С ба Г 20:73–74-ийг үзнэ үү).

Нас барагсдын төлөө хийгддэг баптисм нь Христийн анхны сүмийн ёслол байсан уу? Тийм.

Коринт дахь сүмийн гишүүд нас барагсдын төлөөх баптисм хэмээх үнэн зөв ёслолд оролцдог байжээ. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс амилалтын бодит байдалд эргэлзжээ. Тэдний хийж байсан зүйл болон итгэдэг байсан зүйлийнх нь хоорондын ялгааг анзаарсан Паул амилалтын үнэн зөв сургаалыг нотлохын тулд “Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ?” (1 Коринт 15:29) хэмээн үнэн ёслол болох нас барагсдын төлөөх баптисм дахь тэдний оролцоог ашиглажээ.

Хэн нэгэн хүн үнэн сургаалыг хүлээн зөвшөөрч, баптисм нь авралд шаардлагатай гэдгийг ухамсарласан үед тэрээр аяндаа нас барагсдын төлөөх баптисмд итгэхээр удирдагдана. Үүнийг үгүйсгэх арга зам байхгүй. Үүнээс өөрөөр, “Баптисм хүртэх боломжгүйгээр нас барсан тэдгээр хүмүүс яах вэ?” гэсэн асуултад хүн хэрхэн хариулах вэ? Энэ асуулттай тулгарсан хүмүүст сонгож болох хариултын дөрвөн янзын хувилбар байдаг.

Нэг дэх хувилбар нь: баптисм хүртээгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс шийтгэгдэж, там руу явах болно. Гэхдээ энэ хариулт нь “Бурхан бол нүүр тал хардаггүй” (Үйлс 10:34) ба Бурхан “бүх хүмүүсийг аврагдаасай …гэж хүсдэг” (1 Тимот 2:4) гэсэн судрын үнэнүүдтэй тохирохгүй байна.

Хоёр дахь хувилбар нь: Бурхан хэлсэн үгээ буцаасан байж болох юм, гэхдээ баптисм авралд тийм ч шаардлагатай биш байж магадгүй. Бурхан хэлсэн зүйлдээ эзэн болдог учраас энэ хариулт нь бодит бус юм: “Их Эзэн миний бие ярьснаа би ярилаа, мөн би өөрийгөө зөвтгөх нь үгүй” (С ба Г 1:38; Мозая 2:24-ийг мөн үзнэ үү).

Гурав дахь хувилбар нь: зарим хүмүүс “хүслээр баптисм хүртэх” гэж нэрлэгддэг шинэ зүйл нь усаар баптисм хүртэх явдлыг орлож болно гэж итгэдэг. Өөрөөр хэлбэл, хэрэв хэн нэгэн хүн Есүс Христийг дагах хүсэлтэй боловч мөнх бус амьдралд баптисм хүртэх боломжгүй байсан бол тэгээд түүний зөвт хүсэл нь усаар хийгдэх баптисмыг орлохоор хүлээн зөвшөөрөгддөг гэж итгэдэг. Энэ хувилбарын хувьд үүнийг ямар ч судар дэмждэггүй байгаа юм. Судрууд “Хэн хүслээс эс төрнө” гэж бус харин Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй гэж заадаг (Иохан 3:5; зарим бичилт налуу болсон).

Дөрөв дэх хувилбар нь: Бурхан бүх хүнд баптисм хүрт хэмээн зарлиглахдаа хэлсэн үгэндээ эзэн болж мөн ийм учраас Тэрээр мөнх бус амьдралд боломж гарахгүй ч гэсэн баптисм хүртэх арга замыг бүх хүнд нигүүлсэнгүйгээр хангаж өгсөн юм. Энэ бол нас барагсдын төлөөх баптисм. Энэ хувилбар нь зураг төсөлтэй тохирч байна.

Хэн нэгэн баптисм хүртсэний дараа түүнд өгөгддөг Ариун Сүнсний бэлэг - түр зуурын нөлөө бус Ариун Сүнсний байнгын бэлэг өгөгдөх загварын талаар зураг төсөл юу өгүүлдэг вэ? Энэ нь хэн нэгний баптисмын дараа автоматаар бууж ирдэг үү? Энэ нь үлээх салхи адил ирдэг үү эсвэл энэ бэлгийг хүлээн авахын тулд дагаж хийх ёстой ямар нэг бурханлаг ёслол ба бурханлаг дэг жаяг байдаг уу? Зураг төсөл үүний хариултыг өгдөг.

Филип Самарид хэдэн шинэ хөрвөгчдөд баптисм хүртээсний дараа Петр, Иохан нар ирдэг. Судрууд энэ ёслолыг гүйцэтгэх аргыг илчлэхдээ: “Тэгээд тэр хоёр [Петр ба Иохан] тэдэн дээр гараа тавихад тэд,Ариун Сүнсийг хүлээн авч байлаа” гэсэн байдаг ( Үйлс 8:17; зарим бичилт налуу болсон).

Паул Ефес дэх шинэ хөрвөгчдөд баптисм хүртээсний дараа ч энэ ёслол мөрдөгдөж байжээ:

“Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв.

Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад,Ариун Сүнс тэдэн дээр иржээ” (Үйлс 19:5–6; зарим бичилт налуу болсон).

Дахин хэлэхэд, зураг төсөл нь Христийн сэргээгдсэн сүмтэй төгс нийцэж байна.

Зураг төслийн дараагийн хуудсанд: “Христийн сүмийн үр жимснүүд” гэсэн үг байж болно. Аврагч: “Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина” хэмээн үнэнийг шалгах аргыг өгсөн (Матай 7:20). Зураг төсөлд илэрхий харагдах Христийн сүмийн үр жимс юу байсан бэ?

Нэгд, тэдгээр анхны гэгээнтнүүд эрүүл хүмүүс байхыг эрмэлздэг байсан. Бидний бие махбодод бидний сүнс оршдог учраас бие махбод маань ариун зүйл мэт үзэгдэх ёстой “ариун сүмүүд” юм хэмээн Паул заасан байдаг: “Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?” (1 Коринт 3:16; 1 Коринт 6:19-ийг мөн үзнэ үү). Ийм учраас Христийн сүмийн гишүүд тодорхой эрүүл мэндийн хуулийг дагадаг байв. Жишээ нь Ефес 5 ба 1 Тимот 3. дээр дарс уухыг хориглосон талаар гардаг. Бие махбоддоо ариун сүм мэт хандах энэхүү бурханлаг хуультай нийцүүлж, Иосеф Смит сэргээгдсэн сүмийн гишүүдэд зориулсан мэргэн ухааны үг хэмээх эрүүл мэндийн хуулийг Их Эзэнээс хүлээн авчээ. Энэ эрүүл мэндийн хуулиар амьдарсны үр дүнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд дэлхий дээрх хамгийн эрүүл хүмүүсийн дунд багтдаг гэдгийг олон судалгаа батлаад байна. Энэ бол Христийн эрүүл мэндийн хуулиар амьдарснаас ирдэг үр жимснүүдийн нэг мөн.

Христийн сүмийн хоёр дахь үр жимс бол гайхамшгууд болон Сүнсний бэлгүүд байлаа. Тэдгээр нь Шинэ Гэрээнд олон удаа тэмдэглэгдсэн байдаг. Тэдгээр нь Бурханы хүч Христийн сүмд оршиж байсан гэдэг нотолгоо байсан (Еврей 2:4-ийг үзнэ үү). Гэвч харамсалтай нь, урвалтын үеэс эхлээд гайхамшгуудын тоо цөөрсөн бөгөөд түүхчид үүнийг бэлхнээ ойлгож, шинэчлэгчид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Нэрт түүхч Паул Жонсон “Константины үеэс эхлэн гайхамшгийн үе’ өнгөрсөн гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн ба Христийн шашны удирдагчид анхны төлөөлөгчдийн адилаар ер бусын хүчний дэмжлэгтэйгээр сайн мэдээг түгээж чадахаа больсон”5 хэмээн хэлжээ.

Ямар ч гайхамшгууд болон сүнсний бэлгүүд байхгүй байсан цаг үе яагаад ирсэн бэ? Яагаад гэвэл, үр жимс ургуулагч мод болох Христийн сүм дэлхий дээр байхгүй болсон бөгөөд хүмүүсийн итгэл буурсан байсан юм. Жон Уэсли өөрийн амьдарч ахуй цаг үеийн сүмд Сүнсний бэлгүүд байхгүй байгаа тухай: (Эшлэл эхэлж байна.) “Ариун Сүнсний эдгээр гайхамшигт бэлгүүд нь хоёр, гурван зуунаас илүү хугацаанд сүмийн хувьд нийтлэг зүйл байсан хэмээн харагдахгүй байна”6 гэж тэмдэглэсэн байдаг.

Дүгнэж хэлэхэд, Түүний анхны сүмд байсантай адилаар өнөө үед Христийн сэргээгдсэн сүмд гайхамшгууд болон Сүнсний бэлгүүд байгаа гэдгийг би та нарын олонхтой адил гэрчилж чадна.

Гурав дахь үр жимс гэж бий. Христийн сүмийн зураг төсөл тэнгэр элчүүдийн тухай болон үзэгдлүүдийн талаар олон түүхийг цэдэглэсэн байдаг. Өнөө үед хүмүүс тэнгэр элчүүдийн тухай болон үзэгдлүүдийн талаар ярьсан сүмүүдийг эргэлзсэн нүдээр хардаг бөгөөд ингэснээрээ тэнгэр элчүүд болон үзэгдлүүд нь Христийн анхны сүмийн чухал хэсэг нь байсан гэдгийг мартдаг. Тухайлбал, Христийн төрөлтийг Мэрид зарласан тэнгэр элч; хувиргалтын уулнаа Петр, Иаков болон Иохан гурав дээр ирсэн тэнгэр элчүүд; Петр, Иохан хоёрыг шоронгоос сулласан тэнгэр элч; Корнелиуст хандаж ярьсан тэнгэр элч; Паулд айсуй усан онгоцны сүйрлийг анхааруулсан тэнгэр элч; илчлэгч Иохан дээр ирсэн тэнгэр элч мөн Эцэг, Хүү хоёрыг харсан Стефаны үзэгдэл; хожмын өдрүүдийн тухай Иоханы үзэгдэл болон өөр олон түүх байдаг. “Тэнгэр элчүүдийн тухай болон гайхамшгуудын талаар ярьж байгаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэрхэн үнэн байж чадах вэ?” гэсэн асуулт биш харин “Христийн анхны сүмтэй адил, Түүний зураг төсөлд илчлэгдсэний адил тэнгэр элчүүд болон үзэгдлүүд байхгүй сүмүүд яаж Христийн үнэн сүм байж чадах вэ?” гэсэн асуулт л байх ёстой юм.

Христийн анхны сүмтэй тохирох өөр олон үр жимс байдаг:

Анхны сүм нь номлогчийн сүм байсан. Төлөөлөгчид “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун” (Матай 28:19) хэмээн зарлигдуулсан байв. Тэгвэл өнөөдөр сүмд 80000 гаруй номлогч энэ зарлигийг биелүүлж, энэ ажлын үр жимсийг өгч байна.

Анхны сүм нь ёс суртахуунтай сүм байсан. Христийн сүм дэх эртний гэгээнтнүүд даруу хувцаслаж, гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаанаас татгалзахаар зарлигдуулсан байсан гэдгийг зураг төсөл бидэнд заадаг. Хэчнээн сүм тэдгээр ёс суртахууны жишгүүдийг заагаад зогсохгүй тэдгээрийн дагуу амьдардаг вэ?

Христийн анхны сүм гэр бүл дээр төвлөрсөн сүм байсан. Нөхрүүд эхнэрүүдээ хайрлаж, тэдэнд үнэнч байхаар зарлигдуулсан байв (Ефес 5:23–25–ыг үзнэ үү). Мөн хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байхаар зарлигдуулсан байв (Ефес 6:1–ийг үзнэ үү) мөн бишопууд өөрсдийн гэр орныг сайн захирахаар зарлигдуулсан байв (1 Тимот 3:4–5). Өнөөдөр манай сүм Христийн анхны сүмтэй адил гэр бүл дээр төвлөрсөн сүм хэмээн танигдсан. Христийн сүмийн үр жимснүүд Библид маш няхуур тэмдэглэгдсэн байдаг ба өнөөгийн Христийн сэргээгдсэн сүмийнхтэй адил байдаг.

Христ Өөрийн сүмийг дэлхий дээр байгуулсан боловч энэ нь тэнгэртэй холбоотой байсан, нэрлэвэл үүнд “Бурханлаг илчлэлт” байсан гэдгийг зураг төслийн сүүлчийн хуудас илчилдэг. Энэ холбоос байхгүй бол сүм нь хүний гараар бүтсэн бөгөөд хүний оюун ухаанаар удирдагддаг байгууллага байхаас цаашгүй байх байсан. Бошиглогч Амос “Үнэхээр Эзэн Бурхан зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй” хэмээн тунхагласан байдаг (Амос 3:7). Илчлэлт нь сүмийн салшгүй нэг хэсэг бөгөөд байнга үргэлжлэх ёстой зүйл гэдгийг Паул баталсан юм. Учир нь тэрээр “Гэвч би Эзэний үзэгдэл болон илчлэлтүүдийн тухай хэлэх гэсэн юм” хэмээн тунхаглажээ (2 Коринт 12:1 ба Үйлс 1:2-ыг үзнэ үү).

Энэхүү үндсэн сургаалуудтай нийцэж, өнөөгийн Христийн сүм нь байнгын илчлэлтээр тэнгэртэй холбогдсон байдаг. Энэ зүйлийн талаарх сүмийн итгэл үнэмшил нь Итгэлийн есдүгээр тунхагт: “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” гэж тусгагдсан билээ.

Хэрэв хэн нэгэн хүн Христийн анхны сүмийн зураг төслийг дэлхий дээрх бүх сүмтэй харьцуулбал, зохион байгуулалт нь зохион байгуулалттай нь, сургаал нь сургаалтай нь, ёслол нь ёслолтой нь, үр жимс нь үр жимстэй нь болон илчлэлт нь илчлэлттэй нь нэг бүрчлэн таардаг зөвхөн нэг л сүм– Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байдгийг олж мэдэх болно.

Хэрэв хэн нэгэн хүн энэ зураг төслийг судалсныхаа дараа энэ сүмийг үгүйсгэвэл тэрээр өөр ямар ч сүмд нэгдэхгүй, яагаад гэвэл тэрээр үнэн сүмийн талаар хэт их зүйлийг мэдэх учраас тэр юм. Аврагчийн “Та нар бас явахыг хүсэж байна уу?” (Иохан 6:67) хэмээн асуусан Петртэй тэрээр адил байх болно. “Бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна” (Иохан 6:68) гэж Петрийн өгсөн хариулт нь хүн бүрийн зүрхэнд сийлэгдэх ёстой бөгөөд айл гэр бүр үүнийг нандигнах ёстой юм.

Хэрэв хэн нэгэн хүн энэ сүмийг орхивол тэрээр ариун ойн төгөлд илчлэгдсэн Бурханы мөн чанар, Мормоны Номонд заагддаг Цагаатгалын илүү бүрэн байдал, нас барагсдад сайн мэдээг номлох, алдар суугийн гурван зэрэглэл болон мөнхийн гэр бүлүүд зэргийн тухай илчлэгдсэн үнэнүүдийг олж мэдэхийн тулд хаашаа явах вэ? Тэрээр өөрийг нь аварч мөн өргөмжилж чадах ёслолуудыг авахын тулд хаашаа явах бол? Мөн тэрээр эхнэр, хүүхдүүдтэйгээ мөнхөд лацдагдан холбогдохын тулд хаачих вэ? Тайтгарлын санваарын адислал эсвэл гэр бүлийн гишүүдээ эдгээх адислалыг авахын тулд тэр хаашаа явах вэ? Тэрээр Бурханы бошиглогчийг хаанаас олох вэ? Тэрээр эдгээр сургаалуудыг болон тэдгээр ёслолуудыг, тэрхүү хүч чадал хийгээд тэдгээр бошиглогчдыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс өөр хаанаас ч олохгүй.

Аливаа хүн Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн сургаал, ёслолуудыг авчихаад Иосеф Смитыг болон энэ бүхэн үндэслэсэн түүхийг хүлээн зөвшөөрөхгүй байж чадахгүй. Энэ хоёр салшгүй холбоотой. Тэдгээр нь нэгдмэл. Та нар үр жимсийг нь сайн гэж хэлчихээд харин модыг нь муу гэж хэлж чадахгүй. Энэ үнэнийг Аврагч олон жилийн өмнө “Сайн мод муу үр жимс ургуулж үл чадна, муу мод ч сайн үр жимс ургуулж үл чадна” (Матай 7:18) хэмээн заасан билээ. Үүний дагуу, хэрэв энэ орой бидний ярилцсан сургаалын үр жимс сайн байвал үүнийг ургуулсан мод болох Иосеф Смит болон тэдгээр илчлэгдсэн үнэнүүдтэй холбоотой түүхүүд ч бас сайн байх ёстой. Та нар нэгийг нь хүлээн зөвшөөрөөд нөгөөг нь хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй.

Хэдэн жилийн өмнө ерөнхий чуулган дээр ахлагч Б. Х. Робэртс Иосеф Смитийн хийсэн зүйлүүдийн талаар яриад дараа нь Иосеф Смитийг шүүмжлэгчдэд хандан: “Түүний хийснийг хийх гээд үз! Түүний хийснийг хийх гээд үз л дээ, эс бөгөөс түүний нэр яригдах үед гараараа амаа таглаад чимээгүй бай”7 гэсэн юм.

Зарим хүмүүст байдаг түүхийн болон нийгмийн холбогдолтой асуудлууд болон шинжлэх ухаантай зөрчилддөг гэж гүтгэх нь тийм ч чухал зүйл биш бөгөөд хамгийн чухал зүйлүүд бол сургаалууд ба ёслолууд мөн санваарын хүч ба манай сүмийн бусад үр жимснүүд юм. Бид эдгээрээс олныг нь энэ орой ярилцлаа. Гэвч зарим хүмүүс “Би энэ бүхэнд итгэж байна, гэхдээ би шүүмжлэгчдэд болон тэдний тодорхой асуултуудад хэрхэн хариулах вэ?” гэж хэлж болох юм.

Прокурор гол гэрчийг танилцуулсны дараа ихэнх тохиолдолд энэ нь яллагдагчийн хамгийн буруутай харагдах үе гэдгийг өмгөөлөгч хүн мэддэг. Энэ үед хэн нэгэн хүн яллагдагч буруутай гэсэн шийдвэрт түргэн хүрч болно. Гэвч шүүх хурлын танхимд нэгэн сонирхолтой үзэгдэл болдог. Яллагдагчийн өмгөөлөгч тэр гол гэрчийг сөргүүлэн асууж эхэлдэг ба дараах зүйл олонтоо тохиолддог. Сөргүүлэн асууж байцаах шахалтан дор гэрчийн итгэлтэйгээр өгсөн хариултууд нь суларч эхэлдэг. Үгүйсгэгдэж боломгүй мэт байсан гэрч өмнө хэлснээсээ өөр зүйл ярьж, болсон үйл явдлуудыг санах ой санамж нь алдагдаж эхэлдэг. Гэрчийн мэдүүлсэн өөрчлөгдөшгүй баттай түүх нь өөрт нь тавигдсан шинэ асуулт бүрийн тоогоор бүдгэрч, сүйрч эхэлдэг. Гэрч нь яллагч талын прокурорын тавьсан зөөлөн асуултуудыг сайн давж чадсан боловч эсрэг талын өмгөөлөгчийн хэцүү асуултуудын хүнд байдлыг болон нарийн нягт байдлыг тэсвэрлэж чадсангүй. Сөргүүлэн асууж байцаах ажил дуусах үед уг гэрчийн хэлсэн зүйлийн ихэнх хэсэг няцаагдах болно. Өмнө нь яллагдагчийг буруутгаж байсан хөндлөнгийн ажиглагч одоо түүнийг ямар ч гэм зэмгүй хүн гэдгийг олж хардаг.

Үүнтэй адил, зарим шүүмжлэгчид сүмийг сөрөг муугаар харагдуулах зорилготой нэг талыг баримталсан асуултаар сүмийн эсрэг дайралт хийдэг. Гэвч асуултуудыг хоёр талаас харилцан асууж болно.8 Прокурорын үндсэн гэрчүүд болон сүмийн хамгийн хүнд шүүмжлэгчид хүртэл сөрөг байцаалтаас хамгаалагдан, түүнээс ангид байдаггүй. Сөрөг байцаалт болгож асуусан дараах асуултуудад хангалттай сайн хариулт өгч чадах шүүмжлэгчтэй би хэзээ ч тааралдаж байгаагүй юм. Үүнд:

Нэгдүгээрт, Иосеф Смит тухайн үеийн сүмүүдийн зааж байгаагүй сургаал болон ёслолууд болох мөнх бус байдлын өмнөх оршихуйн сургаал, Бурханы үнэн мөн чанар, сайн мэдээ нас барагсдад номлогдсон явдал, нас барагсдын төлөөх баптисм мөн өнөө орой яригдсан Библид агуулагддаг сургаал ба ёслолуудыг сэргээх ёстой зэргийг хэрхэн мэдсэн бэ? Иосеф Смит яагаад тэдгээрийг олж илрүүлж мөн сэргээсэн цорын ганц хүн байсан бэ? Тэрээр шашны суут ухаантан хэмээн үнэлэгддэг байлаа ч Аврагчийн тохинууллаас хойших 1800 жилийн хугацаанд зураг төслийг яв цав дагаж чадах өөр тийм суут ухаантнууд байгаагүй юм гэж үү?

Хоёрдугаарт, хэрэв энэ сүм Христийн сүм биш юм бол энэ сүмд яагаад Христийн анхны сүмтэй адил гайхамшгууд ба Сүнсний бэлгүүд, бошиглогч болон төлөөлөгчдөөр дамжин ирдэг орчин цагийн илчлэлт, тэнгэр элчүүд болон үзэгдлүүд, эрүүл ба ёс суртахуунтай хүмүүс мөн номлогчийн ажлыг хийдэг болон гэр бүлийг чухалчилж үздэг хүмүүс зэрэг үр жимснүүд байдаг юм бэ? Аврагч үнэний сорилыг өгөөгүй гэж үү? “Үр жимсээр нь та нар тэднийг таних болно.”(Matthew 7:20).

Сөрөг байцаалтын үеэр илүү олон асуулт асууж болох нь тодорхой юм. Гэсэн ч бүх асуултаас илүү чухал бөгөөд асуудлыг сууринаас нь авч үздэг тодорхой асуултууд байдаг. Үнэнийг олж мэдэх үйл явцад зарим асуулт нь бусад асуултаас илүү чухал байдаг гэдгийг хэлэх нь хангалттай болов уу. Хэрэв та нар Библи дэх дээр дурдагдсан сургаал, ёслолуудыг Иосеф Смит сэргээсэн гэдгийг, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Христийн анхны сүмтэй адил үр жимстэй гэдгийг мөн Мормоны Ном нь бурханлаг гарал үүсэлтэй гэдгийг мэдэх юм бол та нар Иосеф Смит бошиглогч байсан гэдгийг мэдэж авах болно. Хэрэв Иосеф Смит бошиглогч мөн юм бол энэ сүм нь дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм мөн бөгөөд бусад бүх асуулт үүнтэй харьцуулахад чухал биш болох болно. Энэ нь дээд шүүх ямар нэг асуудлын талаар шийдвэр гаргаж байгаатай адил юм. Энэ үед доод шатны шүүхийн гаргасан бүх эсрэг шийдвэр, бүх шүүмж асуултууд нь хэчнээн эргэлзээтэй эсвэл сонирхолтой байсан ч үнэний мэдлэгийн тэнцэтгэл дээр гол хүчин зүйл байхаа болино. Яагаад? Яагаад гэвэл та нар гол асуултууд буюу үнэнийг мэдэхэд үндсэн дэмжлэг болдог хамгийн чухал асуултуудад аль хэдийн хариулсан учраас тэр юм.

Эцэст нь хэлэхэд, би зарим хүмүүсийн, тэр байтугай Бурханы бошиглогчдын сул талыг ч тэвчиж чадна. Энэ нь мөнх бус хүмүүст зайлшгүй байх ёстой зүйл. Би Мормоны Номын талаар эсрэг байр суурьтай шинжлэх ухааны зарим дүгнэлтүүдийг мөн тэвчиж чадна, учир нь цаг хугацаа энэ зөрчлийг шийдвэрлэх болно. Би түүхийн туршид болсон зарим этгээд сонин үйл явдлуудыг ч тэвчиж чадна, тэд бол туйлын үнэнтэй харьцуулахад маш өчүүхэн зүйлүүд юм. Гэхдээ би Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн сургаалын үнэнүүд болон ёслолуудгүйгээр амьдарч чадахгүй, би гэр бүлээ адислах Бурханы санвааргүйгээр амьдарч чадахгүй мөн би эхнэр, хүүхдүүд маань надтай мөнхөд лацдан холбогдсон гэсэн мэдлэггүйгээр амьдарч чадахгүй. Харин нэг тал дахь хариулагдаагүй хэдэн асуулт болон нөгөө тал дахь сургаалын маш олон тодорхой байдал болон Бурханы хүч хоёроос бид сонголтоо хийх ёстой юм. Миний хувьд энэ нь амархан мөн ухаалаг сонголт байх бөгөөд та нарын хувьд ч тийм байна гэж би найдаж байна.

Хэзээ нэгэн өдөр та нарын удирдан авч явах энэ сүм нь Христийн хүлээн зөвшөөрсөн зохион байгуулалтыг, Түүний сургаал, ёслолуудыг болон Түүний хүч чадал, үр жимснүүдийг мөн Түүний байнгын илчлэлтүүдийг болон бурханлаг зураг төсөлд нь дурдагдсан бүх зүйлийг агуулдаг учраас Христийн нэрээр нэрлэгддэг. Бид тэр зураг төсөл болон өнөөгийн Христийн сэргээгдсэн сүмийн хоорондох уялдаа холбоог харах сүнслэг хараатай байх болтугай. Учир нь энэ бол Бурханы бидэнд зориулсан няцаагдашгүй олон гэрчлэлийн нэг билээ. Би үүнийг гэрчилж мөн үүний төлөө Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

© 2014 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Англи хэлний зөвшөөрөл: 9/13. Орчуулгын зөвшөөрөл: 9/13. What Is the Blueprint of Christ’s Church? хэлсэн үгийн орчуулга. Mongolian. PD50051805 363

Эшлэлүүд

  1. “Евангелист бол патриарх мөн” хэмээн бошиглогч Иосеф Смит заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 140).

  2. Пастор гэдэг нь сүргийг харж хамгаалдаг хүнийг нэрлэдэг ерөнхий, тодорхой бус нэршил юм.

  3. Зарим хүмүүс Христийн амилсан бие нь зөвхөн мөнх бус хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хийсэн түр зуурын бие махбодын илрэл байсан бөгөөд Тэрээр тэнгэрт дээшлэн одохдоо “сул дорой чанаруудыг” үүрэхгүйн тулд бие махбодоо булшинд үлдээсэн гэж үздэг. Үүний дагуу тэд Христ тэнгэрт Сүнсэн биеэр оршдог гэдэгт итгэдэг. Гэсэн хэдий ч, Христийн амилсан нь түр зуурын эсвэл Түүний бие махбод доош булшинд тавигдсан гэх ямар нэгэн баталгаа судар дээр байдаггүй. Энэхүү маргааныг ямар ч эргэлзээгүйгээр Төлөөлөгч Паул эсэргүүцсэн юм. Тэр “Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ, Үхэл цаашид Түүнийг захирахгүй” учраас Христийн хувьд Түүний амилсан биеийг доош тавих нь боломжгүй юм хэмээн заажээ. (Ром 6:9; зарим бичвэр налуу болсон); Энэ судар нь Христ амилсныхаа дараа үхэж чадахгүйг бидэнд хэлдэг. Үхэл нь бие сүнснээсээ салахыг хэлж байгаа учраас (Иаков 2:26-г үзнэ үү), Христ тэнгэрт одохоосоо өмнө бие махбодоосоо салах боломжгүй юм. Хэрэв тийм бол Тэр тэнгэрт дээшилж байхдаа хоёр дахь удаагаа үхлийг амсах байсан бөгөөд энэ үйл явдал нь Паулын хэлснээр боломжгүй юм.

  4. Вилл Дюрант The Story of Civilization: The Age of Faith (1950), 738.

  5. Паул Жонсон, A History of Christianity (1976), 162; зарим бичвэр налуу болсон.

  6. Вэсли, The Works of John Wesley, 3rd ed., 14 vols. (reprinted 1986 from the 1872 edition), 7:26.

  7. B. H. Roberts, quoted in Truman G. Madsen, Defender of the Faith: The B. H. Roberts Story (1980), 351.

  8. Ариун сүмийг цэвэрлэсэн Аврагч дараа нь тэнд заахаар очиход шүүмжлэгчид Түүнд ойртон ирж “Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ?” гэж асуусан. Христ “Хэрэв Надад хариулбал, Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлье. Иоханы баптисм хаанаас эхтэй байсан бэ? Тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү?” гэж хариулсан байдаг. Энэ асуултад хариулах нь аюултай гэдгийг мэдсэн шүүмжлэгчид хариулж чадахгүй гэхэд Аврагч “Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй” (Матай 21:23–27) гэж хариулжээ.