Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Зүрх сэтгэлээ Сүнсний дуу хоолой руу хандуулцгаая


Зүрх сэтгэлээ Сүнсний дуу хоолой руу хандуулцгаая

СБС-ээс явуулж буй залуучуудад зориулсан онцгой цугларалт • 2014 оны 3-р сарын2• Айдахо дахь Бригам Янгийн Их сургууль

Энэхүү цугларалтаар та нартай уулзах онцгой боломж олдсонд баяртай байна. Их Эзэн та нарын Сүнсний дуу хоолойг таньж мэдэх чадварыг тань дээшлүүлэхэд туслах ямар нэгэн зүйлийг олж сонсохоор та нарыг адислах болтугай хэмээн би залбирсан юм. Та нар сая сонссон сайхан дууллаас өөрт хэрэгтэй захиасыг хэдийнээ олж авсан байж магадгүй.

41 жилийн өмнө би Ариун сүмийн талбайд болсон залуучуудад зориулсан онцгой цугларалтад дурамжхан гэгч нь оролцож билээ. Онцгой цугларалтын өмнөхөн болсон хүчтэй цасан шуурга миний итгэлийг сорьсон юм. Тэрхүү онцгой цугларалтад бяцхан үүрэг хариуцлага оногдсон байсан учраас би үүргээ биелүүлэхээр очлоо. Би ерөнхийлөгч Айрингийн хэлсэн “Хүмүүн нь Их Эзэнд талхны зах өгөөд оронд нь бүтэн талх хүлээн авахгүй байна гэж үгүй”1 гэсэн үгс үнэн болохыг жил өнгөрөх тусам улам бүр ухаардаг. Онцгой цугларалтад оролцсоноор “талхны захны” хариуд надад ирсэн “бүтэн талх” бол миний гайхалтай нөхөр байсан юм! Тэрхүү онцгой цугларалтын үеэр би түүнтэй тааралдсан билээ. Тэр найрал дуучдын дунд байсан бөгөөд уулзалтын дараа зориглон ирж, надад өөрийгөө танилцуулсан юм. Тэр оройн онцгой цугларалтад оролцох ёстой үүрэг хариуцлагынхаа дагуу оролцсондоо мөн байх ёстой газраа байхын тулд дурамжхан ч болов гаргасан миний өчүүхэн хичээл зүтгэлийг нигүүлсэнгүй Тэнгэрлэг Эцэг маань хүлээн авсанд би хэчнээн их баяртай байдаг гээч.

Өнөөдөр хамгийн том ач охин маань, зарим хүүхэд маань бидэнтэй хамт байгаад би баяртай байна. Ач охин Маккаэла маань хийл хөгжим тоглодог. Тэр 3 настайгаасаа хийл заалгаж эхэлсэн бөгөөд одоо 16 настайдаа нэлээд гарамгай хөгжимчин болсон байгаа. Би эмээ нь учраас ингэж хэлж байна, тэгээд ч эмээ нар худлаа хэлдэггүй юм! Түүний алхам алхмаар өсч хөгжиж байгааг мөн уг хөгжмийн зэмсгийг сайн тоглож сурснаар өөрийнхөө төдийгүй, өөр олон хүний амьдралыг адисалж байгааг харах үнэхээр сайхан байна. Тэр хөгжмөө хэрхэн хөглөх аргыг болон өдөр бүр хичээнгүйлэн дадлага хийхийн ач холбогдлыг мөн ганцаараа хийгээд бусадтай хөг нийлүүлэн тоглохдоо баяр баясгаланг мэдрэх чадварыг сурч авсан юм.

Хэдэн жилийн өмнө би нөхөртэйгөө хамт номлолд үйлчилж байхдаа солонгос цагаан толгойн тэмдгүүдийг уншиж, дуудлагыг хэлж сурсан. Би зарим нэг чухал мэндчилгээ, цөөхөн хэдэн хэллэг, сайн мэдээний нэр томъёонуудыг хэлж сурч, солонгос хэлийг бусад хэлнээс ялгаж чаддаг болсон юм. Би сүмийн болон хүүхдийн зарим дуртай дууллаа солонгос хэл дээр цээжлээд ч энэ гайхамшигтай хэлний ихэнх зүйлийг ойлгож, ярьж сураагүй.

Яагаад би ямар ч хамааралгүй мэт санагдах эдгээр зүйлийн талаар хуваалцаад байна вэ? Яагаад гэвэл, би Сүнсний хэлийг суралцах талаар буюу Тэр хэрхэн бидэнтэй ярьдаг мөн бид Түүний хоолойг сонсох чадвараа хэрхэн нэмэгдүүлэх талаар та нартай ярилцмаар байна. Хөгжим тоглож сурах мөн шинэ хэлээр ярьж сурах нь үйл явцыг шаарддагтай адил Сүнсний хэлийг сурах нь ч мөн адил үйл явцыг шаарддаг билээ. Бид саяхан баптисм хүртсэн шинэ гишүүн ч бай, сүмийн гишүүн болоод удсан ч бай хамаагүй, энэ талаар суралцах нь маш чухал юм.

Аврагч Мормоны Номонд леменчүүд “галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртсэн, бөгөөд үүнийг тэд мэдээгүй билээ”2 гэж заасан. Бид Сүнсний өдөөлтийг сонсож, ойлгох чадвараа сайжруулан, Ариун Сүнснээс ирэх өдөөлтүүдийн дагуу үйлдэх нь миний гүн гүнзгий хүсэл юм. Үүнийг хийхийн тулд бид эхлээд Түүний дуу хоолойг таньж сурах хэрэгтэй.

Ингээд, өөрсдийн туршлагыг үнэлж цэгнэхийн тулд түр завсарлаад дараах асуултуудыг өөрсдөөсөө асууцгаая. Энд олон хүн, мөн дэлхий даяарх залуучууд цугларан сонсож байгаа учраас би нэг зүйл хийхийг та нараас хүсч байна. Та нар дараах асуултуудад хариулан, хэт хувийн биш туршлагаа Twitter-ээр бусадтай хуваалцаж болох уу? Та нар хариултаа #cesdevo руу оруулаарай.

Та нараас авах гээд байгаа хариултуудынхаа асуултыг тавья. Бид Сүнсний дуу хоолойг сонссон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Энэ асуултыг тунгаан бодох хооронд бид өөрсдөөсөө өөр хэдэн нэмэлт асуулт асууж болох юм:

  • Би хайр, баяр баясгалан, амар амгалан, тэсвэр тэвчээр, хүлцэнгүй ба эелдэг байдал, итгэл, найдвар, тайтгарлын мэдрэмжийг мэдэрч байсан уу?

  • Өөрөөс минь биш харин Их Эзэнээс ирж байгаа гэдгийг мэдсэн бодол оюун санаанд минь мөн ийм мэдрэмж зүрх сэтгэлд минь ирж байсан уу?

  • Би юу хэлэхээ урьдчилан мэдээгүй хэрнээ үнэнийг ярьж байгаа өөрийнхөө дуу хоолойг сонсож байсан уу?

  • Бидний ур чадвар, авьяас билэг хөгжиж байсан уу?

  • Би худал хуурмагийн эсрэг хамгаалалт, удирдамжийг мэдэрч байсан уу?

  • Би амьдралдаа нүгэл үйлдсэнээ мэдээд үүнийгээ залруулахыг хүсч байсан уу?

  • Бурхан Эцэг, Есүс Христийг Сүнс алдаршуулж, гэрчилж буйг би мэдэрч байсан уу?3

Хэрэв эдгээр асуултын аль нэгэнд “тийм” гэж хариулсан бол та амьдралдаа Их Эзэний Сүнсийг мэдэрч байсан гэсэн үг. Харин өнөө оройн хамгийн чухал асуулт бол “Та одоо ч гэсэн тийн мэдэрч байна уу?”4 гэсэн асуулт юм.

Христийн Гэрлийг дагах тухай бошиглогч Мормоны өгсөн зөвлөгөө нь Ариун Сүнсийг хэрхэн хүлээн авахаа мэдэхэд маань туслах болно. Мормон:

“Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно.

Гэвч хилэнцтийг хийхийг мөн Христэд үл итгэхийг, мөн түүнийг үгүйсгэхийг, мөн Бурханд эс үйлчлэхийг хүмүүнд ятгах юуг боловч, тэгвэл та нар энэ нь чөтгөрөөс гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно; учир нь чөтгөр энэ маягаар ажилладаг, учир нь тэрбээр, бас түүний элчүүд ч гэсэн адил; бас түүнд өөрсдийгөө харьяалуулах тэд ч гэсэн сайныг хийхийг хүмүүнд ятгадаггүй, үгүй, хэнд ч үгүй”5 хэмээн хэлсэн юм.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Эцсийн эцэст, шалгуур нь энэ юм. Энэ нь хэн нэгнийг сайныг хийн, өндийн босч, зоригтой зогсоход мөн зөвийг хийж, эелдэг, өгөөмөр байхад ятгаж байна уу? Тэгвэл энэ нь Бурханы Сүнснээс ирж байгаа юм”6 гэж дүгнэсэн.

Сүнсний шивнээг ялган танихад яагаад тийм их хэцүү санагддаг вэ? Сүнс бидний оюун ухаан, зүрх сэтгэл хоёулантай холбогддог нь үүний нэг шалтгаан байж магадгүй. Сүнсний хэлээс суралцахдаа бид заримдаа өөрийн бодол, өөрийн сэтгэл хөдлөлийг Сүнсний өдөөлтүүд гэж андуурдаг. Сүнсийг ялган таних нь Сүнсний бэлэг учраас энэ нь өөр нэг шалтгаан болдог. Шинэ хэл сурах нь зарим хүнд амархан, заримд нь хэцүү байдагтай адил Сүнсний шивнээг ойлгох чадвар хүн бүрд адилгүй байдаг. Ихэнх тохиолдолд шинэ хөгжмийн зэмсэг эсвэл хэл сурахад нэлээн хичээл зүтгэл шаардагддаг бөгөөд заримдаа алдаа гаргах нь ч бий. Энэ нь мөн Сүнсний хэлийг сурах явцад ч адилхан байдаг.

Хувийн илчлэлт нь, бүр бошиглогч, илчлэгч, эш үзүүлэгчид хүртэл ойлгохын тулд суралцах ёстой шат шатаар, дүрэм дүрмээр ахидаг үйл явц гэдгийг мэдэх нь та нарт туслах болов уу? Ахлагч Жэффри Р.Холландын амьдралаас авсан дараах түүхийг ярьж өгье.

“Заримдаа А-аас В хүрэх цорын ганц зам нь Б байх үе байдаг.

Өмнөд Ютад өсч, Өмнөд Юта болон хойд Аризонагийн үзэсгэлэнт газруудад дуртай болсны хувьд би хүүдээ түүний насан дээр байхдаа үзэж харсан гайхамшигт зүйлсээ үзүүлэхийг хүссэн юм. Тэгээд ээж нь бидэнд зориулж бяцхан өдрийн хоол бэлдэж өгч, бид өвөөгийнх нь ачааны машиныг жолоодоод Аризонагийн хуучин зам гэж нэрлэгдэх газар руу өмнө зүгийг зорилоо.

Нар жаргаж байхыг хараад бид буцах нь дээр гэж шийдэв. Гэвч бид огт танихгүй салаа замын үзүүрт ирээд хаашаа явахаа мэдэхгүй байлаа. Би аль замаар явахыг залбирч асуухыг хүүгээсээ хүссэн бөгөөд баруун талынхыг сонгох хэрэгтэй гэдгийг хүү бид хоёул хүчтэй мэдэрсэн юм. Мөн бид баруун талын зам руу эргэсэн ба зам нь мухар байж таарав. Бид бараг 400–600 метр газар яваад энэ нь үнэхээр буруу зам болохыг ухаарсан юм.

Бид буцаж эргээд нөгөө замаар явсан ба зүүн зам нь зөв байсан нь тодорхой болов.

Замын дунд Матт надаас ‘Аав аа, бид залбирсныхаа дараа баруун зам нь зөв гэдэг мэдрэмжийг хүлээж авсан мөртлөө яагаад энэ нь буруу зам байсан юм бол оо?’ гэж асууж билээ. ‘Бидний төлөө Их Эзэний хүссэн зүйл нь биднийг аль болох хурднаар, баталгаатай зөв зам дээр гаргахын тулд, бид зөв зам дээр байгаа гэдгээ баттай ойлгоод санаа зовохооргүй байлгахын тулд Тэр бидний залбиралд ийн хариулсан гэж би бодож байна. Энэ тохиолдолд үүнийг хийх хамгийн амархан арга нь буруу замаар 400, 500 метр яваад л энэ нь буруу зам болохыг эргэлзээгүйгээр маш хурдан мэдэж, тэгснээр нөгөө зам нь зөв гэдгийг тун баттайгаар мэдэх явдал билээ’

Бурхан бидэнд хайртай гэх гарцаагүй төгс мэдлэг надад байдаг. Тэр бол сайн эцэг. Тэр бидний Эцэг бөгөөд биднээс залбирч, итгэж найдан; ямар нэгэн зүйл хүссэнээр болохгүй байгаа үед бууж өгч, айж сандран, зориг мохолгүйгээр урагшлаасай гэж хүсдэг. Бид хичээнгүйлэн хандсанаар; үргэлжлүүлэн хөдөлмөрлөж, итгэж найдан, зөв замаар замнах аваас Түүний мутарт үлдэн, тэврэлтийг нь мэдэрч, ‘Бүх юм сайхан болно оо, бүх юм сайхан болно гэж би чамд хэлсэн шүү дээ’ гэх Түүний үгсийг сонсох болно” гэж би хэлсэн юм”7.

Би өнөөдөр үг хэлэхээр бэлтгэж байхдаа ахлагч Холландад тулгарсантай адил туршлагыг олж авсан. Өнөө орой хэлэх үгийн сэдвээ бэлтгэж, судлан, юу гэж ярих талаарх санаа бодлоо бичиж байхдаа би нэг л сэтгэл тавгүйтэхийг мэдэрч билээ. Надад өөр зүйл ярих ёстой гэсэн мэдрэмж төрөв. Тэгээд би хоёр жилийн өмнө тохиолдсон нэгэн туршлагаа саналаа. Би Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр анх дуудагдаж байхдаа хэдэн шөнө бараг нойргүй хоносон юм. Нойргүй хоносон олон шөнийн нэгэнд олон ч бодол санаа орж ирж, зүрх сэтгэл рүү маань нэвчиж байлаа. Би тэдгээрийг бичиж хадгалсан байсан ба хэдэн долоо хоногийн өмнө, сонгосон эхний сэдэв маань надад буруу сэдэв мэт санагдаж эхлэх үед л тэдгээрийн талаар санасан юм. Тэнгэрлэг Эцэг намайг хэсэг хугацаанд өөр замаар явахыг зөвшөөрсөн ч зүрх сэтгэл дэх зөөлөн мэдрэмжээр намайг буцаан удирдаж, Ариун Сүнсний бэлгээр дамжуулан миний дурсамжийг сэргээсэн билээ.

Бид Сүнсний дуу хоолойг илүү сайн сонсохын тулд юу хийж болох вэ? Бид Тэнгэр дэх Эцэг маань бидэнтэй холбоотой байхыг хүсдэг гэсэн мэдлэгээр эхэлж болно. Бүх хожмын үеийн бошиглогчид хувийн илчлэлтийн сургаалын талаар заасан учраас бид үүнийг мэддэг. Судар, патриархын адислал, залбирал, ёслолууд мөн сүнслэг удирдагчид болон эцэг эх, Ариун Сүнсний бэлэг зэрэг Их Эзэнтэй харилцаж, үгсийг нь сонсож болохын тулд Түүний бидэнд өгсөн олон адислалын тухай бодоод үзээрэй.

Бид Бурханд илүү ойртож, бидэнд хандан ярьж буй дуу хоолойг нь сонсохын тулд эрэл хайгуулаа хаанаас эхлэх вэ? Бид бүр эхнээс нь эхлэх хэрэгтэй. Тэр бол бидний амьдралд хамгийн түрүүнд байдаг бөгөөд Түүнээс илчлэлт хүлээж авахыг хүсч байгааг минь батлах жижиг бөгөөд энгийн зүйлсийг бид хийх хэрэгтэй. Би Баруун Африкт зочлох үедээ хувийн илчлэлтийн үйл явцад хамаатай “аажим аажмаар, бага багаар” гэсэн нэгэн хэллэг сурсан юм. Бидний “аажим аажмаар, бага багаар” хийж болох зарим зүйл юу вэ?

Нэгдүгээрт: Чин сэтгэлээсээ, даруухнаар залбир.

Он жилүүдийн туршид манай хүүхдүүд болон ач зээ нар энгийн бэрхшээлүүддээ Их Эзэний тусламжийг авахын тулд чин сэтгэлээсээ даруухнаар залбирч, итгэлээ хөгжүүлж байгааг харах нь эх хүний хувьд зүрх сэтгэлийг минь хөнддөг байв. Гэр бүлийн маань нэгэн сайхан дурсамж үүнийг харуулдаг юм.

Хүү маань 5 эмэгтэй дүүтэй, айлын ууган хүүхэд юм. Гуравдахь охиноо төрөхийн өмнө манай нөхөр хэрэв энэ удаад охин төрвөл нохой авч өгнө гэж хүүдээ амласан юм. Охинтой болоход нөхөр маань амлалтаа биелүүлж билээ. Тэр нохой хүүгийн минь хамгийн сайн найз болсон юм. Тэр нохойдоо маш их хайртай байлаа. Гэвч нэг өдөр нохой нь алга болж, бид хэчнээн эрж хайсан ч олж чадсангүй. Бид амьтан хянах газрын ажилтан руу утасдахад манай гэр хурдны замын ойролцоо байдаг учраас бараг л найдваргүй байх даа гэж тэр хэлж билээ. Нэлээд цаг хугацаа өнгөрсөн байсан учраас уг ажилтан манай нохойг хурдны зам руу орж, машинд дайруулсан байх магадлал өндөртэй гэсэн юм.

Бид энэ талаар хүүдээ хэлээд хүүгээ тайвшруулахын тулд бүх чадлаараа хичээсэн ч хүү маань маш их сэтгэлээр унаж билээ. Бид түүнд Тэнгэрлэг Эцэгт хандаж, тайтгарал хүсэн залбирахыг санал болгосноо санадаг. Тэгэхэд хонгорхон хүү маань нүд рүү минь эгцлэн хараад “Би байнга л залбирч байгаа, ээж ээ” гэж хэлсэн юм.

Хэдэн өдрийн дараа өглөө эрт манай хаалгыг хэн нэгэн хүн тогшлоо. Хүүхдүүдийн маань нэг хаалгаа онгойлгож, намайг дуудахаар гүйж ирэв. Би машины зогсоол дээр маань “Амьтан хянах газар” гэсэн бичигтэй машин зогсож байхыг хараад их түгшив. Хаалганы дэргэд зогсож байсан залуу над руу хараад “Хатагтай Бөртон, манай машинд танай хүүгийн чинь нэг юм байгаа” гэж хэлсэн юм.

Миний зүрх хүчтэй цохилж эхлэв. Би манай нохойг гаднаас олж дээ, тэр маш их гэмтсэн эсвэл үхсэн байх вий гэж айж байснаа санадаг. Харин машинд байсан нохой маань амьд мэндээр барахгүй, жаахан хүү рүү минь очихоор зүтгэж байсанд би ихэд баярлаж билээ.

Би амьтан хянах газрын ажилтнаас нохойг маань хаанаас олсныг асуухад тэрээр “Би өнөө өглөө гэрээсээ гарч байхдаа нэгэн сонин зүйлтэй тохиолдсон юм. Манай гэрийн гадаа та нарын утсаар ярихдаа дүрсэлж хэлсэн шиг нохой зогсож байсан. Би түүнийг нэрээр нь дуудахад тэр намайг сонссон. Тэгээд л би түүнийг гэрт нь хүргэж, хүүг чинь сургуульдаа явахаас нь өмнө санааг нь амраая гэж бодсон юм” гэж хэлж билээ.

Би Их Эзэн чин сэтгэлийн, намуун зөөлөн, гэнэн цайлган залбиралд хариулдаг гэдгийг мэднэ. Хүүхдүүд өсч, насанд хүрсэн хойноо ч Тэнгэрлэг Эцэгт үргэлжлүүлэн итгэж болохын тулд Тэрээр Өөрийнхөө амьд бодитой гэдгийг хүүхэд насанд нь мэдүүлэхийг хүсдэг. Хүүхдүүд ер нь номхон, үгэнд оромтгой байдаг учраас Сургаал ба Гэрээнд амласан: “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно”8 гэсэн Их Эзэний амлалтыг хүлээн авахад тэнцэхүйц байдаг юм.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын та нар шиг залуучуудаас асуусан нэгэн асуултыг би та нараас асуух үед залбирал тань хэр чин сэтгэлийн мөн хэр даруу байдгийг бодоорой. “Та удирдамжийг хүсч байна уу? Та Их Эзэнд хандан сүнслэг удирдамжийн төлөө залбирч байсан уу? Та зөвийг хийхийг хүсдэг үү эсвэл зөв буруу нь хамаагүй өөрийнхөө хүссэнийг л хийхийг хүсдэг үү? Та цаашдаа ирээдүйд өөрт тань хэрэгтэй зүйлийг л хийхийг хүсдэг үү аль эсвэл яг одоо хүсч байгаа зүйлээ хийхийг хүсдэг үү? Та залбирсан уу? Та хэр их залбирсан бэ? Та хэрхэн залбирдаг вэ? Та Аврагчтай адил залбирдаг уу … аль эсвэл та зөв буруу нь хамаагүй хүсч байгаа зүйлээ л гуйдаг уу?”

Ерөнхийлөгч Кимбалл мөн цааш нь “Та ‘Таны хүсэл биелэг’ гэж залбиралдаа хэлж байсан уу? … ‘Тэнгэрлэг Эцэг минь, хэрэв та намайг зөв зүйл хийхэд удирдвал би тэр зөв зүйлийг тань хийх болно’ гэж хэлж байсан уу? Эсвэл ‘Тэнгэр дэх Эцэг минь, би Танд хайртай, Танд итгэдэг мөн Та бүх зүйлийг мэддэг гэдгийг би мэддэг. Би шударга хүн. Би үнэхээр зөвийг хийхийг хүсч байна. Та эхлэлээс төгсгөл хүртэл бүгдийг хардаг гэдгийг би мэддэг. Та ирээдүйг ч хардаг. Одоогийн миний байгаа байдал надад амар амгалан эсвэл зовлон шаналал, аз жаргал эсвэл уйтгар гуниг, амжилт эсвэл уналтын алиныг авчрахыг та ялган таньж чадна. Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, би таны хий гэснийг хийх болно гэдгээ амлаж байна, гуйя, надад хэлээч’ гэж хэлж байсан уу? Ер нь та ингэж залбирсан уу? Энэ нь ухаалаг залбирал гэж бодохгүй байна гэж үү? Та ийнхүү залбирах хангалттай зоригтой юу?”9 гэж асуусан юм.

Чин сэтгэлээсээ залбирах нэг арга бол чин сэтгэлийн үнэнч асуултуудын талаар тунгаан бодоод тэдгээрийг Их Эзэнээс даруухнаар асуух явдал юм. Иосеф Смитийн: “Юу хийх хэрэгтэй вэ? Эдгээр бүх бүлэглэлүүдээс хэн нь зөв бол; эсвэл тэд бүгдээрээ буруу юу? Хэрэв тэднээс аль нэг нь зөв бол, аль нь бол, тэгвэл би үүнийг яаж мэдэх вэ?”10 гэж асуусныг бодоод үз дээ. Тэрээр тэнгэрлэг үнэний эх сурвалж болох судруудыг ухаалгаар нээж үзсэн ба энэ нь түүнд “хурцаар нөлөөлж”, залбирал нь хариулагдана гэсэн итгэлтэйгээр “‘Бурханаас асуух’ шийдвэрт”11 чиглүүлэгдсэн билээ.

Чин сэтгэлээсээ залбирах гэдэг нь бид хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэх хүсэлтэй байна гэсэн үг юм. Ариун ойн цоорхой дахь чин сэтгэлийн залбирлынхаа талаар Иосеф “Их Эзэнээс асуухаар ирсэн миний зорилго бол бүх урсгалуудаас аль нь зөвийг, мөн алинд нь би нэгдэж болохыг мэдэх явдал байв”12 хэмээн хэлжээ. Энэ нь Иосеф Их Эзэний түүнд илчлэх зүйл юу ч байлаа гэсэн дагахад бэлэн байсныг харуулж байна. Гэсэн хэдий ч, тэрээр энгийн асуултаа асуухаас бүр өмнө нь хүлээж байснаасаа ч илүү ихийг хүлээж авсан юм. Түүнд Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хайртай Хүү Есүс Христийг харах гайхамшигт боломж олгогдсон юм! Би залуу бошиглогч Иосеф Смитийн үнэнийг мэдэх чин сэтгэлийн энгийн хүсэлд ирсэн бахдам сайхан хариултанд баярладаг!

Хоёрдугаарт: Сүнслэг өдөөлтүүдийн дагуу тэр даруй үйлд.

Бидний хайрт бошиглогч ерөнхийлөгч Томас С.Монсоны амьдралд тохиосон нэгэн үйл явдал Сүнснээс ирэх өдөөлтүүдийн дагуу нэн даруй үйлдэхийн ач холбогдлыг харуулдаг.

[Өгүүлэгч:] Бишоп Монсон үүрэг хариуцлагуудаа биелүүлэх явцдаа туршлагажин; олон сургамж, түүний дотор Сүнсийг дагаж, Их Эзэнд итгэхийн ач холбогдлоос суралцсан байна.

Нэг орой гадасны санваарын удирдагчдын хуралд сууж байхдаа тэрээр хурлыг нэн даруй орхин, Солт Лэйк хотын зүүн хойд гудамжинд байрлах цэргийн эмнэлэг рүү явах ёстой гэсэн онцгой мэдрэмж хүлээн авчээ. Гэрээсээ гарахаас нь өмнө нэгэн гишүүн түүн рүү утасдаж, тойргийнх нь нэгэн настай ах өвдөж, уг эмнэлэгт хүргэгдсэн тухай хэлээд ‘Бишоп оо, та эмнэлэг явж, түүнд адислал өгөх боломж байна уу’ гэж тэр асуужээ. Завгүй залуу бишоп түүнд хуралд явах гэж байгаагаа мөн хурлын дараа очиж адислал өгнө гэдгээ хэлэв. Гэтэл түүнд ‘хурлыг орхиод эмнэлэг рүү яв’ гэсэн урьдынхаас хүчтэй сүнслэг өдөөлт дахин орж ирсэн байна.

Бишоп Монсон индэр рүү харахад гадасны ерөнхийлөгч үг хэлж байлаа! Гадасны ерөнхийлөгч үг хэлж байхад босоод бүтэн эгнээ дүүрэн суусан ах нарын дундуур гараад явна гэж тэр төсөөлж ч чадахгүй байв. Түүний сэтгэл зовниж, гадасны ерөнхийлөгчийн захиасыг арай ядан дуусгаад хаалтын залбирал хийхээс өмнө хаалгаар яаран гарав. Эмнэлгийн дөрөвдүгээр давхрын урт коридороор гүйж байх үедээ залуу бишоп нөгөө ахын өрөөний гадна үймээн сандраан болж байхыг харжээ.

Сувилагч зогсоод түүнээс ‘Та бишоп Монсон уу?’ гэхэд

тэрээр ‘Тийм байна’ гэв.

Сувилагч ‘Уучлаарай. Өвчтөн нас барахынхаа өмнөхөн таны нэрийг дуудаж байсан’ гэжээ.

Бишоп Монсон нулимсаа барьж ядан, оройн харанхуй руу буцаж гарав. Тэр үед тэрээр Их Эзэнээс ирсэн өдөөлтүүдийн дагуу үргэлж үйлдэж байх болно гэж өөртөө амласан байна. Тэрээр Сүнсний өдөөлт бүрийг даруй дагаж, заасан зүг рүү нь явдаг юм.”

[Ахлагч Жэффри Р.Холланд:] Ерөнхийлөгч Томас С.Монсоны амьдралд сүнслэг өдөөлтүүд хэр их тохиолддогийг мөн тэдгээр өдөөлтөд тэрээр хэрхэн туйлын үнэнчээр хариулдгийг ойлгодоггүй хүн ерөнхийлөгч Монсонг ойлгож чадахгүй.”13

Гуравдугаарт: Судруудыг өдөр бүр судал.

Ахлагч Робэрт Д.Хэйлс: “Бид Бурхантай ярилцахыг хүсэхдээ залбирдаг. Бид Түүнийг бидэнтэй ярилцаасай гэж хүсэн судруудыг судалдаг; учир нь Тэрээр бошиглогчдоороо дамжуулан ярьдаг билээ”14 гэж заажээ.

Би 20 настай байхдаа нэгэн хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болсон ба миний залбирлын хариулт ирэхгүй байгаа мэт санагдаж билээ. Нэгэн орой аав маань сүмийн цуглаанаас оройтож гэртээ ирээд миний өрөөний гэрэл асаалттай байгааг харжээ. Тэрээр миний орны өнцөгт суугаад асуудлаа шийдвэрлэхэд минь тусалж болох эсэхийг асуусан юм. Би түүнд бүх зүрх сэтгэлээ уудалсан бөгөөд шийдвэртээ удирдамж авахын тулд судар уншихыг аав минь зөвлөөд тунгаан бодож, залбирах тодорхой хэдэн судрыг надад санал болгож билээ. Би түүний сүнслэг зөвлөгөөг дагаж, судруудыг судалсан бөгөөд хэсэг хугацаа өнгөрч, чин сэтгэлээсээ хичээсний дараа миний залбиралд ямар ч маргаангүйгээр хариулт нь ирсэн юм. Би хамгийн сайн гэж бодсон шийдвэрээ Их Эзэнд танилцуулаад, мөн уг шийдвэртээ баталгаа хүссэн бөгөөд зүрх сэтгэлийнхээ гүнд анир чимээгүй, амар тайвныг мэдэрч билээ.

Бид судраас Хиламаны зөв шударга хөвгүүд болох Лихай, Нифай хоёр “өдөр бүр олон илчлэлт хүлээн авсан”15 талаар уншдаг. Судар дээрх Христийн үгээс өдөр бүр зооглож, уншсан зүйлээ тунгаан бодсоноор, ялангуяа хүлээн авсан бодол санаа, мэдрэмжээ бичиж тэмдэглэснээр, Ариун Сүнсний бэлгээр дамжуулан бид ч бас өдөр бүр илчлэлт хүлээн авах боломжтой.

Дөрөвдүгээрт: Мацгийн хуулийн дагуу амьдар.

Бид Сүнсний дуу хоолойг сонсох чадвараа өсгөхийн тулд мацгийн ням гараг бүр 24 цагаар мацаг барьж, тусламж хэрэгтэй хүмүүст өгөөмрөөр мацгийн өргөл өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгч Харолд Б. Лий: “Их Эзэн Исаиад хандан, мацаг барьж, өлссөнд талхнаасаа өгөх хүн болгоныг дуудахад Их Эзэн хариуд нь хашхиран, ‘Би энд байна’ [Исаиа 58:6–9-г үзнэ үү.] гэж хэлэх болно. Энэ бол Их Эзэнтэй ярилцах нэг арга зам юм. Үүнийг энэ жилийн туршид хэрэгжүүлээрэй. Мацгийн хуулийг төгс сахиарай”16 гэж зөвлөсөн билээ.

Алмагийн номоос бид Мозаягийн хөвгүүд “өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа, мөн тэд зааж байхдаа Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр тэд зааж байв”17 хэмээн суралцдаг. “Өөрсдийгөө зориулсан байв” гэх энэ хэсэг нь бид үнэн мацаг барьж чадаж байна уу гэдгээ дүгнэхдээ тунгаан бодох зүйл маань юм.

Тавдугаарт: Зөв зохистой байж, ариун сүмд шүтэн бишир.

Ерөнхийлөгч Жорж Албэрт Смитийн хэлснээр “Бид хэр зэрэг бурханлаг амьдралаар амьдарч байна, тэр хэрээр Их Эзэний сүнслэг илчлэлтийг хүлээн авах эрхийг өөрсдөдөө хүлээж авдаг.”18 Бид илчлэлт хүлээн авахын тулд төгс байх ёстой гэж хэлээгүйг анхаараарай. Гэхдээ бид зөв зохистой амьдрахын тулд хийж чадах бүхнээ хийх ёстой.

Мормоны Ном дахь Лимхайн хүмүүсийн: “Их Эзэн алдсуудынх нь учир тэдний гуйлтыг сонсохдоо удаан байв”19 хэмээх сөрөг туршлагыг санаж, үүнээс суралцаарай.

Тэнгэрийн цонхыг нээхийн тулд зөв зохистой байх ёстой гэдэг нь өчүүхэн төлөөс мэт санагдаж байна. Бид гэрээгээ сахиж, ариун ёслолоос зөв зохистой хүртсэнээр Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалт хүлээн авдаг.20 Гэвч энэ нь Аврагчийг үргэлж санах гэрээгээ сахиж, амлалтаа биелүүлсний дараа ирдэг! Эцэст нь хэлэхэд, ариун сүмд орох зохистой байхад анхаарлаа төвлөрүүлэн, үүний дагуу амьдрах нь “[Их Эзэнд] өсөх боломжийг бидэнд өгч, мөн Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авахад”21 биднийг бэлтгэх болно.

Зургаадугаарт: “Ариун нандин зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд.” 22

Их Эзэнээс ирсэн илчлэлт нь ариун нандин итгэл гэдгийг сана. Ахлагч Ричард Г.Скотт “анхаарал болгоомжтой бичиж тэмдэглэсэн илчлэлт нь Бурханы харилцаа бол бидэнд ариун нандин зүйл гэдгийг Түүнд харуулдаг. … Уг тэмдэглэлийг хаяж гээхээс эсвэл бусдад үзүүлэхээс сэрэмжил”23 хэмээн заажээ.

Уг сургаалын талаарх хоёрдахь гэрчийг ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлсэн: “Заримдаа би шөнө дунд сэрэхдээ орноосоо босоод хүлээж авсан зүйлээ бичиж тэмдэглэхээс нааш унтаж чаддаггүй. Бидний залбиралд хариу ирэх үед үүний дагуу үйлдэхэд маш их зориг хэрэгтэй байдаг”24 гэсэн туршлагаас олж харж, суралцаж болно.

Долоодугаарт: Итгэлтэй урагшлахад бэлтгэ.

Нөхөр бид хоёр гэрлэхээр сүй тавьсан байх үедээ: Бид сурч боловсрох талаар юу хийх вэ? Бид хэзээ хүүхэдтэй болох вэ? Ямар ажил мэргэжил бидний гэр бүлийн хэрэгцээг хангаж, сүмд үйлчлэх боломж олгох бол? гэх зэргээр ирээдүйнхээ талаар урт яриа өрнүүлдэг байж билээ. Бид суралцах явцдаа хүүхэдтэй болж болох ба ажил ч хийж болно гэсэн амьд бошиглогчийн зөвлөгөөнд итгэж байсан учраас итгэлтэй урагшилсан юм.

Энэ нь тийм ч амар байгаагүй. Сурган хүмүүжүүлэгч, эх хүн байх миний шинэ ажилд туслахын тулд нөхөр маань сурч байхдаа гурван ч газар хагас цагаар ажилладаг байсан юм. Энэ нь тэр үед ч дэлхийн логиктой тохирохгүй байсан юм. Эргээд харахад, бид итгэлийн эдгээр алхмыг хийснээр Их Эзэний сонгосон бошиглогчоор дамжин ирдэг Сүнсний дуу хоолойг сонсоогүйгээс алдаж ч болох байсан мөнхийн адислалуудыг авснаа хардаг.

Илүү сайн ойлгохын тулд ахлагч Робэрт Д.Хэйлсийн туршлагыг санаарай. Тэрээр шинэ гадасны ерөнхийлөгчийг дуудах гадасны чуулганд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны залуу хамтрагч болохоор томилогдсон байв. Тэр хэлэхдээ: “залбирч, ярилцаж, суралцаж мөн дахин залбирсны эцэст ахлагч Бэнсон надаас хэн гадасны ерөнхийлөгч болох ёстойг мэдэж байгаа эсэхийг асуусан юм. Би ямар нэгэн сүнслэг удирдамж хүлээж аваагүйгээ хэллээ. Тэр над руу удаан ширтсэнээ би ч мөн адил сүнслэг өдөөлт хүлээж аваагүй гэлээ. Гэсэн хэдий ч бид гурван зохистой санваартнаас бямба гаргийн чуулганы үдшийн хуралдаан дээр үг хэлэхийг хүсэх хэрэгтэйгээ мэдсэн юм. Гуравдахь хүн ярьж эхлэхэд Сүнс надад энэ хүн гадасны ерөнхийлөгч болох ёстой гэж хэлэв. Би ерөнхийлөгч Бэнсон руу хартал түүний хацрыг даган нулимс урсаж байлаа. Илчлэлт бид хоёрт хоёуланд ирсэн бөгөөд гагцхүү итгэлтэй урагшлах явцад Тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрэлхийлснээр л ирсэн билээ”25 гэжээ.

Наймдугаарт: Ямар илчлэлт өгөхөө мөн хэзээ өгөхөө шийдэх боломжийг Их Эзэнд олго.

Зохиолч Корри Тэн Бүүмсийн ажиглаж хэлсэн “Бурханы бидэнд өгч буй бүх туршлага мөн бидний амьдралд илгээсэн хүн бүр зөвхөн Түүний харж чадах ирээдүйд биднийг бэлтгэдэг агуу бэлтгэл юм”26 гэх үгс үүнд хамаатай юм шиг санагдаж байна.

Зургаан хүүхдийн минь зөв зохистой мөнхийн ханиа хайж байхдаа хүлээн авсан туршлага та нарт ч мөн тохиолдсон байх. Мөнхийн хань руу нь тэднийг удирдах Их Эзэний мутрыг танихын тулд тэдэнд тодорхой хэдэн туршлага хэрэгтэй байсныг хүүхдүүд маань одоо ухаардаг юм. Эдгээр туршлагын зарим нь олон жилийн тэвчээртэй хүлээлтийг болон итгэлтэй урагшлахыг шаардсан. Заримдаа тэднийг залбирахад тэнгэр хаагдсан юм шиг л санагддаг байсан. Их Эзэний цаг хугацаа бидний хүсэлтэй зөрчилдөх үед мөн залбирлын хариулт ирэхээс өмнө Их Эзэн бидэнд хэдэн туршлага суулгахыг л хүссэн юм байна хэмээн найдаарай.

Ахлагч Даллин Х.Өүкс:

“Их Эзэн өөрийн цагт, өөрийн арга замаар Сүнсээр дамжуулан ярих болно гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Олон хүн энэ зарчмыг ойлгодоггүй. Тэд бэлэн болсон үедээ мөн тэдний санаанд нийцсэн үед л тэд Их Эзэнийг дуудаж болно мөн тэр байтугай Их Эзэн тэдний санал болгосон загварын дагуу тэр даруй хариулна гэдэгт итгэдэг. Илчлэлт ийм маягаар ирдэггүй.

… Бид сүнслэг зүйлсийг хүчилж болохгүй”27 хэмээн заасан билээ.

Арван таван жилийн өмнө миний ээж хараагүй болсон юм. Ээж минь энэ хэцүү бэрхшээлээс болж хэдэн сар зовж билээ. Тэрээр хэлэх дуртай болсон нэгэн шүлгээ ойлгохын төлөө залбирснаар тайвширч, санаа нь амарсан юм. Ерөнхийлөгч Монсон энэ шүлгээс саяхан эш татсан билээ:

Би ямар арга замаар гэдгийг нь мэдэхгүй ч

Бурхан залбиралд хариулдгийг мэддэг.

Залбирлыг минь үргэлж сонсон,

Эрт орой хэзээ нэгэн цагт хариулах болно,

Тэрээр Өөрийн амлалтыг өгснийг би мэддэг.

Иймээс би залбираад тайвнаар хүлээж байна.

Адислал бүр миний хүссэн замаар

Ар араасаа ирэх эсэхийг би мэдэхгүй;

Гэсэн ч залбирлаа Түүнд үлдээе,

Түүний хүсэл минийхээс ухаалаг,

Тэрээр хүслийг минь гүйцээж,

Эсвэл бүр ч агуу хариулт илгээх нь лавтай.28

Бидний олонхын адил ээж маань Түүний хүсэл, Түүний цаг хугацаанд итгэж найдахаар хичээж байгаа билээ. Бид үүнийг хийхдээ ахлагч Ричард Г.Скоттын заасан зүйлсийг санах ёстой. Тэрээр “Та анхааралтай бэлтгэж, чин сэтгэлээсээ залбирч, хариулт ирэхийг удаан хугацаанд хүлээсэн ч хариу ирэхгүй байвал яах вэ? Энэ нь [Тэнгэрлэг Эцэгийн] итгэл найдварын баталгаа учраас та үүнд талархах хэрэгтэй. Хэрэв та зөв зохистой амьдарч, сонголт тань Аврагчийн сургаалтай нийцэж байгаа үед үйлдэл хийх ёстой бол итгэлтэй урагшлаарай. Хэрэв та Сүнсний өдөөлтөд соргог байдаг бол буруу сонголтыг илэрхийлэх дүйнгэ бодол санаа юм уу зөв сонголтыг илэрхийлэх амар амгалан буюу дотор шатах мэт тийм мэдрэмжийн аль нэг нь зохих цагтаа ирэх болно. Таныг зөв шударга амьдарч, итгэлтэй үйлдэж байгаа үед, хэрэв та буруу сонголт хийсэн бол Бурхан анхааруулалгүйгээр хол явахыг зөвшөөрөхгүй билээ.”29

Сүнсний анхааруулан сэрэмжлүүлэх дуу хоолой нь Их Эзэний сонгосон үйлчлэгчдээс ирдэг ба энэ нь биднийг дараах сэдэв рүү хөтөлж байна.

Есдүгээрт: Бошиглолын сэрэмжлүүлгийг анхааран сонс.

Хожмын өдрүүдэд өгөгдсөн хэдэн бошиглолын анхааруулгыг тунгаан бод доо. Нэгдүгээрт, ерөнхийлөгч Боид К.Пакэрийн хэд хэдэн сэрэмжлүүлгийг хуваалцая:

“Одоо анхааруулъя! Зарим дуу хөгжим сүнслэг байдлыг хөнөөдөг. … Хэмнэл, дуугаралт болон эдгээрийг дуулж буй хүмүүсийн амьдралын хэв маяг нь Сүнсийг эсэргүүцдэг. Энэ нь та нарын төсөөлж байгаагаас ч илүү аюултай бөгөөд та нарын сүнслэг мэдрэмжийг үгүй хийнэ”

Бас нэгэн анхааруулгыг өгье:

“Чөтгөрөөс хуурамч илчлэлт, өдөөлтүүд болон уруу таталтууд ирж болно! …

Хэрэв танд ямар нэгэн онцгүй санагдах зүйлийг хийх өдөөлт ирвэл мөн буруу гэдгийг нь оюун ухаандаа мэдэж байгаа ба зөв шударга байдлын зарчимтай зөрчилдөх ямар нэгэн зүйл хийх өдөөлт ирвэл бүү хий!”

Мөн түүнчлэн “Хэн нэгэн нь шүүмжлэлтэй, сөрөг мэдрэмжтэй болох үед Сүнс түүнийг орхин явдаг”30 гэж анхааруулжээ.

Мөн бидний хайрт бошиглогч ерөнхийлөгч Томас С.Монсон “та нараас мөнхийн адислалуудыг тань хулгайлах аливаа зүйлд болгоомжтой сэрэмжтэй ханд”31 хэмээн анхааруулгын дуу хоолойгоо өргөсөн билээ.

Яагаад зүрх сэтгэлээ Сүнсний дуу хоолой руу хандуулах хэрэгтэй вэ? Ингэснээр бидэнд ямар адислал ирэх вэ?

Би саяхан Филиппинээс ирсэн бөгөөд Хайяан хар салхины үлдээсэн сүйрэл хөнөөлийг харсан юм. Филиппин дэх хайрт ах эгч нар минь хэрэгцээтэй үед нь Сүнс тэднийг удирдсанаар юу хийж, хаашаа явахаа мэдэж авсан тухай гэрчилсэн юм. Зам нь тодорхой биш байсан ч итгэлтэй урагшилсан тухай ярихыг нь би сонссон. Би эргэн тойронд нь дэлхий сүйрч байхад эрэгтэй, эмэгтэй залуу номлогчид бие махбодын хувьд аюулгүй байх газар руу хөтөлсөн өдөөлтүүдийг хүлээж авсан тухай түүхүүдийг сонссон. Би зөв зохистой амьдрахаар хичээдэг хүн бүрийг анхааруулж, тайтгаруулж, удирддаг “өгүүлшгүй Ариун Сүнсний бэлэгт”32 хэчнээн их талархдаг гээч.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн охид, хөвгүүдэд баптисмын уснаас гарах үед нь өгөхөөр сонгож болох олон олон бэлгээс Ариун Сүнсний бэлгийг сонгосон юм.

“Ариун Сүнс Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй төгс нэгдэж ажилладаг. …

Тэрээр ‘Эцэг мөн Хүүгийн тухай гэрчилдэг’ (2 Нифай 31:18) мөн ‘бүх зүйлийн үнэнийг’ (Моронай 10:5) илчилж, заадаг. Бид зөвхөн Ариун Сүнсний хүчээр л Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн тухай баттай гэрчлэл хүлээж авч чадна. Түүний бидний сүнстэй харилцах харилцаа нь бидний эгэл байдлаараа хүлээж авах бүх л харилцаанаас хамаагүй илүү баттай байдаг.”33

Ах, эгч нар аа, элэглэн шоолж, доромжилж, бусдыг хуруугаараа чичлэх хүмүүсээр дүүрсэн агуу хийгээд нүсэр барилга бидний эргэн тойронд байгааг та нар сайн мэднэ. Дэлхийн дуу хоолой чанга, харгис хэрцгий, дарамттай, тасралтгүй байдаг. Хэрэв бид зүрх сэтгэлээ Сүнсний дуу хоолой руу хандуулж, хувийн илчлэлтийг эрэлхийлэн, хүлээн авч, үйлдэж сурахгүй бол элсэрхэг суурин дээр байна гэсэн үг. Биднийг бохир, мунхаг, бүдүүлэг, хэрцгий, амин хувиа хичээсэн, нүгэлт зүйл бүрээс зайлуулан удирдах Сүнсний дуу хоолой бидэнд хэрэгтэй. Ариун Сүнс нь биднийг зөвхөн “ариун журамтай, сайн сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай”34 ямар нэгэн зүйл рүү чиглүүлэхэд төдийгүй мөн дэлхийн дарамт шахалтыг эсэргүүцэхийн тулд эдгээр зүйлийг эрэлхийлэх хүслийг өдөөхөд хэрэгтэй юм.

Сүнсний дуу хоолойг сонсож сурснаар ирэх олон шилдэг адислалын нэг нь өөрсдийгөө Тэнгэрлэг Эцэгийн нүдээр харах мөн “аажим аажмаар, бага багаар” хамгийн шилдэг хүмүүс болох явдал юм.

Хожмын үеийн бошиглогчийн дараах агуу эшлэлийг тунгаан бодоорой: “Ариун Сүнсний бэлэг нь … бүх авьяас билгийг хүчирхэгжүүлж, өргөжүүлж, бүх эгэл хүсэл шуналыг ариусгадаг; мөн тэдгээрийг мэргэн ухааны бэлгээр дамжуулан хуулийн хэрэглээнд тохируулдаг. Энэ нь бидний эгэл өрөвч сэтгэл, баяр баясгалан, эелдэг сайхан мэдрэмж, халамжит сэтгэл бүрийг урамшуулж, хөгжүүлж, дэмжиж өсгөдөг. Энэ нь ариун журам, эелдэг зан чанар, сайн сайхан байдал, хайр энэрлийг дэмждэг. Энэ нь хүний сайн сайхан талыг хөгжүүлдэг. Энэ нь эрүүл, эрч хүчтэй, сэргэлэн цовоо, нийтэч зан руу хөтөлдөг. Энэ нь хүмүүний бие махбодын болон оюун санааны бүхий л авьяас билгийг хөгжүүлдэг. Энэ нь мэдрэлийн системийг хүчирхэгжүүлдэг. Товчоор хэлэхэд энэ нь зүрх сэтгэлд баяр баясгалан, ясанд чөмөг, нүдэнд гэрэл, чихэнд хөгжим, бодгальд амьдралыг өгөгч билээ.”35

Ариун Сүнс бидний бие махбод, сүнс, зүрх сэтгэл, оюун санаанд хүний бүтээл болох өөр ямар ч анагаагч зүйлийн хийж чадахгүй зүйлийг хийж өгдөг.

Энэ адислалыг авахуйц зохистой амьдрахын тулд их золиослол шаардаж байлаа ч чадах бүхнээ хийх хэрэгтэй гэдэгтэй та нар санал нийлэхгүй байна гэж үү? Энэ нь өөрсдийнхөө бяцхан “талхны үйрмэг” мэт хичээл зүтгэлийн төлөө бидний хүлээн авдаг “бүтэн талх” юм. Би та бүхнийг өнөө оройноос эхлэн Ариун Сүнсний дуу хоолойнд зүрх сэтгэлээ хандуулж эхлэхийг урьж байна.

Их Эзэн хожмын үед биднийг удирдах амьд бошиглогчоор бошиглогч Томас С.Монсонг сонгосон нь тохиолдлын зүйл биш юм. Ерөнхийлөгч Монсон бол Сүнсний өдөөлтүүдийг сонсож, хариулахад суралцсан нэгэн билээ. Бид түүний жишээг дагахын тулд чадлаараа хичээх болтугай.

Тэр бол өнөө үе дэх Бурханы төлөөлөгч гэдгийг би гэрчилж байна. Би мөн Тэнгэр дэх Эцэг биднийг Түүний оршихуйд эргэж очоосой гэж хүсдэг бөгөөд Төрсөн Ганц Хүүгээ болон Ариун Сүнсний бэлгийг өгснөөрөө бидэнд үүнийг хийх боломж олгосон гэдгийг гэрчилж байна. Энэ өгүүлшгүй бэлгийг хүлээн авахын тулд ямар ч золиослол хийсэн үнэ цэнэтэй байх болно гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

© 2014 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 1/14. Орчуулгын зөвшөөрөл: 1/14. Tuning Our Hearts to the Voice of the Spirit-ын орчуулга. Mongolian. PD10050686 363

Эшлэлүүд

  1. Мэлвин Ж.Баллард Хэнри Б.Айрингийн “Opportunities to Do Good (Сайныг үйлдэх боломжууд)” өгүүллээс эш татав, Ensign эсвэл Лиахона , 2011 оны 5-р сар, 25.

  2. 3 Нифай 9:20.

  3. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 89–102-ыг үзнэ үү.

  4. Алма 5:26.

  5. Моронай 7:16–17.

  6. Teachings of Gordon B. Hinckley (Гордон Б. Хинклигийн сургаалууд) (1997),  261.

  7. Жэффри Р.Холланд, “Wrong Roads,” Mormon Messages video; lds.org/media-library/video.

  8. Сургаал ба Гэрээ 112:10; бичмэлийг нэмэв.

  9. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас:Спэнсэр В.Кимбалл) (2006), 246–47.

  10. Иосеф Смит—Түүх 1:10.

  11. Иосеф Смит—Түүх 1:8, 13.

  12. Иосеф Смит—Түүх 1:18.

  13. On the Lord’s Errand: The Life of Thomas S. Monson; lds.org/media-library/video.

  14. Роберт Д.Хэйлс, “Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 26–27.

  15. Хиламан 11:23.

  16. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Харолд Б.Лий) (2000), 54–55.

  17. Алма17:3; бичмэлийг нэмэв.

  18. Teachings of Presidents of the Church: George Albert Smith (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Жорж Албэрт Смит) (2011), 117.

  19. Мозая 21:15.

  20. Моронай 4:3-г үз.

  21. Сургаал ба Гэрээ 109:15; бичмэлийг нэмэв.

  22. Сургаал ба Гэрээ 6:12.

  23. Ричард Г.Скотт, “How to Obtain Revelation and Inspiration for Your Personal Life,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 46.

  24. Сургаалууд: Харолд Б.Лий, 54.

  25. Робэрт Д.Хэйлс, “Personal Revelation: The Teachings and Examples of the Prophets,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 87–88.

  26. Корри тэн Бүүм, Элизабэт болон Жон Шэррил нарын хамт, The Hiding Place, 35 дахь хэвлэл. (2006), 12.

  27. Даллин Х.Оакс, “In His Own Time, in His Own Way,” Ensign, 2013 оны 8-р сар, 22, 24.

  28. Элиза M.Хикок, “Prayer,” Жэймс Гилкрист Лавсон, хэвлэл., The Best Loved Religious Poems, Gleaned from Many Sources (1933), 160.

  29. Ричард Г.Скотт, “Using the Supernal Gift of Prayer,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 10.

  30. Боид K.Пакер, “Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, 1994 оны 11-р сар, 61.

  31. Томас С.Монсон, “May You Have Courage,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 125.

  32. Сургаал ба Гэрээ 121:26.

  33. Gospel Topics, “Holy Ghost”; LDS.org.

  34. Итгэлийн тунхаг 1:13.

  35. Парлий П.Пратт, Key to the Science of Theology, 5 дахь хэвлэл. (2000), 101–2.