Судрууд
Иаков 6


Бүлэг 6

Их Эзэн эцсийн өдрүүдэд Израилыг буцаан авчрах болно—Дэлхий галаар шатаагдах болно—Хүмүүн галт болон хүхэрт нуураас зайлсхийхийн тулд Христийг дагах ёстой. Ойролцоогоор МЭӨ 544–421 он.

1 Мөн эдүгээ, болгоогтун, ах дүү нар минь, би та нарт бошиглоно хэмээн хэлсэнчлэн, болгоогтун, энэ бол миний бошиглол—бошиглогч Зиносын Израилын угсааг таримал чидуны модтой адилтгасан, тэдний талаар түүний ярьсан зүйлс нь гарцаагүй улиран тохиох ёстой.

2 Мөн тэрбээр хүмүүсээ нэгтгэхээр хоёр дахь удаагаа мутраа дахин хөдөлгөх тэр өдөр, Их Эзэний үйлчлэгчид түүний хүчээр жимсний талбайг нь арчилж мөн тайрч засахаар, тийм ээ, бүр эцсийн удаа урагш одох тэр өдөр болой; мөн үүний дараа төгсгөл удахгүй ирнэ.

3 Мөн түүний жимсний талбайд хичээнгүйгээр хөдөлмөрлөсөн тэд хэчнээн ихээр адислагдсан билээ; мөн өөрсдийн байр луу хаягдах тэд хэчнээн ихээр зүхэгдсэн билээ! Мөн дэлхий галаар шатаагдах болно.

4 Мөн Бурхан минь бидэнд хэчнээн нигүүлсэнгүй билээ, учир нь тэрбээр Израилын угсааны үндсүүдийг мөн мөчрүүдийг аль алиныг нь санадаг бөлгөө; мөн тэрбээр бүх өдрийн турш тэдэнд мутраа урагш сунгадаг; мөн тэд гөжүүд бас эсэргүүцэгч хүмүүс; гэвч зүрхээ хатууруулахгүй болгон нь Бурханы хаант улсад аврагдах болно.

5 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, та нарыг наманчлаасай хэмээн, мөн зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар ирж, мөн Бурхан та нарт үнэнч адил түүнд үнэнч байхыг би нухацтайгаар гуйна. Мөн түүний нигүүлслийн мутар та нарын зүг өдрийн гэрэлд сунгагдсан байхад, зүрх сэтгэлээ бүү хатууруулаач.

6 Тийм ээ, өнөөдөр, хэрэв та нар түүний дууг сонсъё гэвэл зүрх сэтгэлээ бүү хатууруулаач; өөрөөр хэлбэл та нар яагаад үхэхийг хүснэ вэ?

7 Учир нь болгоогтун, та нар Бурханы сайн үгээр бүх өдрийн турш арчлагдсаны дараа, та нар цавчигдан мөн галд хаягдах ёстой болж, муу жимс гаргах уу?

8 Болгоогтун, та нар эдгээр үгийг эсэргүүцэх гэж үү? Та нар бошиглогчдын үгсийг эсэргүүцэх гэж үү; мөн түүний талаар ийм олон нь ярьсны дараа, Христийн талаар яригдсан үгсийг бүгдийг та нар эсэргүүцэх гэж үү; мөн Христийн сайн үгийг, мөн Бурханы хүчийг, мөн Ариун Сүнсний бэлгийг үгүйсгэж, мөн Ариун Сүнсийг няцаан, мөн та нарын төлөө зохиогдсон, гэтэлгэлийн агуу төлөвлөгөөгөөр элэг доог хийх гэж үү?

9 Та нар хэрэв эдгээр зүйлийг үйлдвээс, Христ дэх гэтэлгэлийн мөн амилуулалтын хүч, та нарыг Бурханы индрийн өмнө ичгүүртэйгээр болон аймшигт гэмшилтэйгээр зогсоохоор авчрах болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?

10 Мөн тэгвэл шударга ёсны хүчний дагуу, учир нь шударга ёс үгүйсгэгдэж чадахгүй, та нар галт ба хүхэрт нууранд орох ёстой, дөл нь унтраагдашгүй тэр, мөн утаа нь үүрд мөн мөнхөд уугих тэр, төгсгөлгүй тарчлал болох тэрхүү галт болон хүхэрт нууранд буюу.

11 Ай тэгвэл, хайрт ах дүү нар минь, наманчлагтун та нар, мөн давчуу хаалгаар орогтун, мөн мөнх амьдралыг хүлээн авах хүртлээ нарийн зам дээр үргэлжлүүлэн явагтун.

12 Ай мэргэн байгтун; би илүү юуг хэлж чадахсан билээ?

13 Эцэст нь, Бурханы таалалт индрийн, ёс бус тэднийг аймшигт айдас мөн түгшүүрээр цохих тэрхүү индрийн өмнө би та нартай уулзах хүртэл, би та нартай салах ёс гүйцэтгэе. Амен.