Судрууд
Хиламан 8


Бүлэг 8

Завхарсан шүүгчид Нифайн эсрэг хүмүүсийг өдөөхөөр эрэлхийлэв—Абрахам, Мосе, Зинос, Зинок, Эзиас, Исаиа, Иеремиа, Лихай, мөн Нифай нар бүгд Христийн талаар гэрчилсэн болой—Ерөнхий шүүгч алагдсаныг Нифай сүнсний өдөөлтөөр зарлан мэдэгдэв. Ойролцоогоор МЭӨ 23–21 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Нифай эдгээр үгийг хэлэхэд, болгоогтун, шүүгчид, түүнчлэн Гадиантоны нууц бүлэглэлд харьяалагдсан эрс болох тэд уурлаж, мөн тэд түүний эсрэг хашхирч, хүмүүст хэлсэн нь: Та нар яагаад энэ хүнийг, тэрээр хийсэн хэргийнхээ дагуу яллагдаж болохын тулд баривчилж мөн түүнийг нааш авчрахгүй байгаа билээ?

2 Та нар яагаад энэ хүнийг харж, мөн энэ хүмүүсийн эсрэг мөн хуулийн маань эсрэг доромжлохыг нь сонсоно вэ?

3 Учир нь болгоогтун, Нифай тэдэнд хуулийнх нь ялзралын талаар ярьсан байв; тийм ээ, бичигдэх аргагүй олон зүйлийг Нифай ярьжээ; мөн тэрбээр Бурханы зарлигуудын эсрэг юу ч ярьсангүй.

4 Мөн өөрсдийнх нь харанхуйн нууц ажлуудын талаар тэрээр тэдэнд илэн далангүй ярьсан учир шүүгчид түүнд уурлаж байв; гэсэн хэдий ч, тэд өөрсдөө түүнд гар хүрч зүрхэлсэнгүй, учир нь хүмүүс өөрсдийнх нь эсрэг хашхиралдах болов уу хэмээн тэд айсан ажээ.

5 Тиймийн тул тэд хүмүүст хашхирч, хэлсэн нь: Та нар яагаад энэ хүнд бидний эсрэг эсэргүүцэн доромжлохыг зөвшөөрнө вэ? Учир нь болгоогтун тэрээр энэ бүх хүнийг, бүр устгалд хүртэл яллаж байна; тийм ээ, мөн түүнчлэн манай их хотууд биднээс булаан авагдсанаар бидэнд тэдний дотор эзлэх байр байхгүй байх болно гэж хэлж байна.

6 Мөн эдүгээ энэ нь боломжгүйг бид мэднэ, учир нь болгоогтун, бид хүчирхэг, мөн хотууд маань агуу, тиймийн тул дайснууд маань бидний дээр хүчтэй байж чадахгүй.

7 Мөнхүү улиран тохиох дор тэд хүмүүсийг Нифайн эсрэг уурлуулахаар тийн өдөөж, мөн тэдний дунд зөрчилдөөнүүд үүсгэв; учир нь тэнд байсан зарим нь хашхиран хэлэв: Энэ хүнийг зүгээр байлга, учир нь тэрээр сайн хүн, мөн бид наманчлахгүй аваас түүний хэлж буй зүйлс гарцаагүй улиран тохиох болно;

8 Тийм ээ, болгоогтун, түүний бидэнд гэрчилсэн бүх шүүлт бидний дээр ирэх болно; учир нь алдсуудын маань талаар бидэнд тэр зөвөөр гэрчилснийг бид мэднэ. Мөн болгоогтун тэдгээр нь олон, мөн тэрбээр алдсуудыг маань мэддэгийн адил бидэнд тохиох бүх зүйлийг мэддэг бөлгөө;

9 Тийм ээ, мөн болгоогтун, хэрэв тэрбээр бошиглогч биш байсан бол тэдгээр зүйлийн талаар гэрчилж чадахгүй байсан.

10 Мөнхүү улиран тохиох дор Нифайг устгахыг эрэлхийлсэн хүмүүс айдастаа баригдсанаас, тэд түүнд гар хүрч зүрхэлсэнгүй; тиймийн тул заримын нүдэнд таалал олсноо, үүний хэрээр тэдний бусад нь айж байхыг хараад, тэрээр тэдэнд дахин ярьж эхлэв.

11 Тиймийн тул тэрээр тэдэнд илүү ихийг ярихаар албадагдаж, хэлсэн нь: Болгоогтун, ах дүүс минь, та нар Бурхан нэгэн хүнд, бүр Мосед, Улаан Тэнгисийн усыг цохих хүчийг өгч, мөн тэдгээр нь нааш цааш хуваагдаж, үүний хэрээр бидний эцэг өвгөд асан израилчууд хуурай газар дээгүүр гарч ирэн, мөн ус нь египетчүүдийн их цэргийг хучин бүрхэж мөн тэднийг залгисныг уншаагүй гэж үү?

12 Мөн эдүгээ болгоогтун, Бурхан энэ хүнд ийм хүчийг өгсөн байхад, тэгвэл та нар яагаад өөр хоорондоо маргалдаж, мөн та нар наманчлахгүй аваас та нарын дээр ирэх тэр шүүлтүүдийн талаар би мэдэж болох хүчийг тэр надад өгөөгүй хэмээн хэлнэ вэ?

13 Гэвч, болгоогтун, та нар зөвхөн миний үгсийг үгүйсгэх биш, харин та нар эцэг өвгөдөөрөө яригдсан бүх үгийг ч, мөн түүнчлэн уг хүн болох Мосегийн, тийм агуу хүч өгөгдсөн түүний ярьсан үгсийг ч бас, тийм ээ, Мессиагийн ирэлтийн талаар түүний ярьсан үгсийг ч түүнчлэн үгүйсгэж байгаа юм.

14 Тийм ээ, тэрээр Бурханы Хүү ирнэ гэдгийг гэрчлээгүй гэж үү? Мөн тэрээр аглаг буйдад гуулин могойг өргөсний адил, түүнчлэн ирэх тэр ч бас өргөгдөх болно.

15 Мөн тэрхүү могой руу харсан хүн болгон амьдрах байсны адил, тэрчлэн Бурханы Хүүг итгэлтэйгээр мөн гэмшсэн сэтгэлтэйгээр харсан хүн болгон, бүр мөнхийн болох тэрхүү амьдралаар амьдарч болох бөлгөө.

16 Мөн эдүгээ болгоогтун, ганцхан Мосе бус, харин түүнчлэн түүний өдрүүдээс бүр Абрахамын өдрүүдийг хүртэлх бүх ариун бошиглогч эдгээр зүйлийг гэрчилсэн юм.

17 Тийм ээ, мөн болгоогтун, Абрахам түүний ирэлтийг харж, мөн баяр хөөрөөр дүүргэгдэж, баяссан юм.

18 Тийм ээ, мөн болгоогтун би та нарт хэлье, зөвхөн Абрахам эдгээр зүйлийн тухай мэдсэн юм биш, харин Абрахамын өдрүүдээс өмнө Бурханы жаягаар дуудагдсан нь олон байсан бөлгөө; тийм ээ, бүр түүний Хүүгийн жаягаар буюу; мөн түүний ирэлтээс олон мянган жилийн өмнө ч, бүр гэтэлгэл тэдэнд ирэх болно гэдэг нь хүмүүст үзүүлэгдэж болохын тулд эдгээр нь байсан болой.

19 Мөн эдүгээ бүр Абрахамын өдрүүдээс хойш эдгээр зүйлийг гэрчилсэн олон бошиглогч байсныг та нар мэдээсэй хэмээнэ би; тийм ээ, болгоогтун, бошиглогч Зинос зоригтойгоор гэрчилж; үүнийхээ төлөө тэр алагдсан болой.

20 Мөн болгоогтун, түүнчлэн Зинок, бас Эзиас, мөн түүнчлэн Исаиа, Иеремиа, (Иеремиа бол Иерусалимын устгалын тухай гэрчилсэн тэрхүү бошиглогч билээ) мөн эдүгээ бид Иеремиагийн үгсийн дагуу Иерусалим устгагдсаныг мэднэ. Ай тэгвэл түүний бошиглолын дагуу, Бурханы Хүү яагаад ирэхгүй байх вэ?

21 Мөн эдүгээ та нар Иерусалим устгагдсан талаар маргах уу? Та нар Зедикиагийн хөвгүүд, Мюлекээс бусад нь бүгд алагдаагүй гэж хэлэх үү? Тийм ээ, мөн та нар Зедикиагийн үр удам бидэнтэй хамт буйг, мөн тэд Иерусалим нутгаас гаргагдсаныг болгоох нь үгүй гэж үү? Гэвч болгоогтун, энэ нь бүгд бус—

22 Бидний өвөг Лихай эдгээр зүйлийн талаар гэрчилсэн учир тэрбээр Иерусалимаас гаргагдсан билээ. Түүнчлэн Нифай, мөн бүр энэ цагийг хүртэлх бидний бараг бүх эцэг өвгөд түүнчлэн эдгээр зүйлийн талаар гэрчилсэн юм; тийм ээ, тэд Христийн ирэлтийн талаар гэрчилж, мөн үүнийг хүсэн хүлээж, мөн ирэх түүний өдөрт баяссан билээ.

23 Мөн болгоогтун, тэр бол Бурхан мөн тэрээр тэдэнтэй хамт буй, мөн тэрээр өөрийгөө тэдэнд үзүүлсэн, тиймээс тэд түүгээр гэтэлгэгдсэн бөлгөө; мөн тэд ирэх зүйлийн учир түүнд алдар сууг өгсөн бөлгөө.

24 Мөн эдүгээ, та нар эдгээр зүйлийг мэддэг мөн та нар худал хэлэхээс бусдаар тэдгээрийг үгүйсгэж чадахгүйн учир, тиймийн тул үүнд та нар нүгэл үйлдсэн, учир нь та нар, ийм олон нотолгоо хүлээн авсан хэдий ч эдгээр бүх зүйлийг эсэргүүцсэн; тийм ээ, та нар бүр бүх зүйлийг, тэнгэр дэх зүйлс, мөн газар дээрх бүх зүйлийг аль алиныг нь, эдгээр зүйл нь үнэн болохын гэрч болгон хүлээн авсан билээ.

25 Гэвч болгоогтун, та нар үнэнийг үгүйсгэж, мөн ариун Бурханыхаа эсрэг эсэргүүцсэн; мөн бүр энэ цагт, цэвэр бус юухан ч орж чадахгүй, юу ч ялзардаггүй тэнгэрт өөрсдийнхөө төлөө эрдэнэс хураахын оронд та нар шүүлтийн өдөрт зориулан өөрсдийн төлөө уур хилэнг овоолон бөөгнүүлж байна.

26 Тийм ээ, та нар аллагууд, завхайрлынхаа мөн ёс бусынхаа учир, бүр энэ цаг үед ч, үүрдийн устгалд хүрэхээр боловсорч байна; тийм ээ, мөн та нар наманчлахгүй аваас энэ нь та нарт удахгүй ирэх болно.

27 Тийм ээ, болгоогтун энэ нь эдүгээ бүр үүдэн дээр чинь байна; тийм ээ, та нар шүүгчийн суудалд очиж, мөн асуу; мөн болгоогтун, шүүгч чинь алагдсан буй, мөн тэр цусандаа хутгалдан хэвтэж байгаа; мөн шүүгчийн суудалд суухыг эрэлхийлсэн дүүдээ тэрээр алагджээ.

28 Мөн болгоогтун, хүмүүсийн бодгалийг устгахыг эрэлхийлэх хилэнцэт нэгнээр мөн Гадиантоноор үүсгэгдсэн та нарын нууц бүлэглэлд тэр хоёр хоёулаа харьяалагддаг билээ.