Судрууд
Хиламан 15


Бүлэг 15

Их Эзэн нифайчуудыг хайрладаг учраас тэр тэднийг зэмлэв—Хөрвүүлэгдсэн леменчүүд сүсэг бишрэлдээ чанд мөн гуйвшгүй байв—Их Эзэн хожмын өдрүүдэд леменчүүдэд нигүүлсэнгүй байх болно. Ойролцоогоор МЭӨ 6 он.

1 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, болгоогтун, та нар наманчлахгүй аваас гэр орон чинь эзгүйрэн орхигдох болно гэдгийг би та нарт тунхаглая.

2 Тийм ээ, та нар наманчлахгүй аваас, эмэгтэйчүүд чинь хөхүүлж байх өдрөө гашуудах агуу шалтгаантай байх болно; учир нь та нар зугтахаар завдана мөн орогнох газар олдохгүй байх болно; тийм ээ, мөн хүүхэд тээж буй тэдэнд халаг, учир нь тэд хөл хүнд мөн зугтаж чадахгүй байх болно; тиймийн тул, тэд доор дэвслэгдэж мөн мөхөхөөр орхигдох болно.

3 Тийм ээ, Нифайн хүмүүс гэж нэрлэгдсэн энэ хүмүүст, тэд наманчлахгүй аваас, тэдэнд үзүүлэгдэх эдгээр бүх тэмдэг мөн гайхамшгуудыг тэд харах үед тэдэнд халаг; учир нь болгоогтун, тэд Их Эзэнээр сонгогдсон нэгэн ард түмэн байсаар буй; тийм ээ, Нифайн хүмүүсийг тэр хайрласан, мөн түүнчлэн тэднийг зэмлэсэн; тийм ээ, тэр тэднийг хайрладаг учраас алдсуудынх нь өдрүүдэд тэднийг зэмлэсэн билээ.

4 Гэвч болгоогтун ах дүүс минь, тэрээр леменчүүдийг үйлүүд нь үргэлжийн хилэнцэт байсан учир үзэн ядав, мөн энэ нь тэдний эцэг өвгөдийнх нь уламжлалын алдсын учир билээ. Гэвч болгоогтун, нифайчуудын номлолоор аврал тэдэнд ирсэн бөлгөө; мөн энэ зорилгын тулд Их Эзэн тэдний өдрүүдийг уртасгасан болой.

5 Мөн тэдний ихэнх хэсэг нь үүргийнхээ замд байж, мөн тэд Бурханы өмнө хянамгай алхаж, мөн тэд Мосегийн хуулийн дагуу түүний зарлигуудыг мөн түүний дүрмүүд болон тогтоолуудыг дагахаар мэрийдэг гэдгийг та нар болгоогоосой хэмээнэ би.

6 Тийм ээ, би та нарт хэлнэ, тэдний ихэнх хэсэг нь үүнийг хийж, мөн тэд ах дүүсийнхээ үлдсэнийг нь үнэний мэдлэгт авчирч болохын тулд шантралгүй хичээнгүйлэн оролдож байна; тиймийн тул өдөр тутам тэдний тоог нэмж байгаа нь олон байна.

7 Мөн болгоогтун, та нар өөрсдөө мэднэ, учир нь та нар үүнийг харсан, үнэний мэдлэгт мөн эцэг өвгөдийнхөө ёс бус мөн жигшүүрт уламжлалын тухай мэдэхээр авчрагдсан болгон нь, тийм ээ, тэдэнд зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчрах итгэл болон наманчлал буюу Их Эзэнд итгэх итгэлд мөн наманчлал тийш удирдах ариун бошиглогчдын бичсэн тэрхүү бошиглолуудад мөн ариун судруудад итгэхээр удирдагдсан болгон нь—

8 Тиймийн тул, үүнд ирсэн болгон нь, итгэлдээ мөн тэд чөлөөтэй болоход нь тусалсан түүндээ чанд мөн гуйвшгүй байгааг та нар өөрсдөө мэднэ.

9 Мөн түүнчлэн тэд дайны зэр зэвсгүүдээ булшилж, мөн ямар нэгэн байдлаар нүгэл үйлдэх болуузай хэмээн тэдгээрийг авахаас айдаг гэдгийг та нар мэднэ; тийм ээ, тэд нүгэл үйлдэхээс айдгийг та нар харж чадна—учир нь болгоогтун дайснуудаараа доор дэвслэгдэхийг мөн алагдахыг тэд өөрсдөө зөвшөөрөх бөлгөө, мөн тэдний эсрэг илднүүдээ өргөхгүй, мөн энэ нь Христэд итгэх тэдний итгэлийн улмаас билээ.

10 Мөн эдүгээ, тэдний итгэдэг тэр зүйлдээ итгэх үедээ үзүүлэх тэдний тууштай чанарын улмаас, өөрөөр хэлбэл тэдний нэгэнтээ гэгээрсэн үедээ үзүүлэх гуйвшгүй байдлын улмаас, болгоогтун, тэдний алдсууд байсан хэдий ч Их Эзэн тэднийг адисалж мөн тэдний өдрүүдийг уртасгах болно—

11 Тийм ээ, бүр тэд итгэлээ алдан доройтлоо ч, Их Эзэн тэдний өдрүүдийг уртасгах болно, ах дүүс леменчүүдийг маань дахин үнэний мэдлэгт хүргэх сэргээлтийн талаар, бидний эцэг өвгөдөөр, мөн түүнчлэн бошиглогч Зиносоор, мөн бусад олон бошиглогчоор яригдсан тэр цаг ирэх хүртэл буюу—

12 Тийм ээ, би та нарт хэлнэ, Их Эзэний амлалтууд бидний ах дүүст, леменчүүдэд хожмын үед өгөгдөх боломжтой ажгуу; мөн тэдэнд олон зүдгүүр байх хэдий ч, мөн тэд нутгийн гадаргуу дээр нааш цааш туугдан, мөрдөгдөж, мөн цохигдон бас хааяагүй тараагдаж, мөн хоргодох газаргүй байх хэдий ч, Их Эзэн тэдэнд нигүүлсэнгүй байх болно.

13 Мөн энэ нигүүлсэл нь Гэтэлгэгчийнх нь талаарх мөн тэдний агуу их бөгөөд жинхэнэ хоньчны талаарх мэдлэг болох тэрхүү үнэн мэдлэгт тэд дахин авчрагдана, мөн түүний хонин дунд тоологдоно гэсэн бошиглолын дагуу юм.

14 Тиймийн тул би та нарт хэлнэ, та нар наманчлахгүй аваас, тэдний хувьд та нарынхаас илүү дээр байх болно.

15 Учир нь болгоогтун, та нарт үзүүлэгдсэн хүчирхэг ажлууд тэдэнд, тийм ээ, эцэг өвгөдийнхөө уламжлалын учир итгэлээ алдан доройтсон тэдэнд үзүүлэгдсэн бол, тэд дахин хэзээ ч итгэлээ алдан доройтохгүйг та нар өөрсдөө үзэж чадна.

16 Тиймийн тул, Их Эзэн хэлдэг: Би тэднийг бүрмөсөн устгахгүй, харин би өөрийн мэргэн ухааны тэрхүү өдөр тэднийг дахин надад эргэж ирэх болгоно хэмээн Их Эзэн хэлдэг.

17 Мөн эдүгээ болгоогтун, нифайчуудын ард түмний талаар Их Эзэн хэлсэн нь: Хэрэв тэд наманчлахгүй, мөн тааллыг минь үйлдэхээр мэрийхгүй аваас, тэдний дунд миний үйлдсэн олон хүчирхэг ажил байсан ч, итгэлгүйнх нь учир би тэднийг бүрмөсөн устгах болно хэмээн Их Эзэн хэлдэг; мөн Их Эзэн амьд нь гарцаагүйн адил эдгээр зүйл тохиох болно хэмээн Их Эзэн хэлдэг бөлгөө.