Үйлчлэлийн номлогч
3. Номлогчийн биеэ авч явах байдал


“3. Номлогчийн биеэ авч явах байдал,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол (2021)

“3. Номлогчийн биеэ авч явах байдал,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол

Зураг
Өвдөг бүхэн сөгдөх болно, Ж.Көрк Ричардс

3

Номлогчийн биеэ авч явах байдал

3.0

Оршил

Энэ хэсэгт номлогчийн зан байдлын жишгүүд болон Христийнхтэй адил чанаруудыг тайлбарлана. Та Есүс Христийн илүү үнэнч шавь болохын тулд эдгээр жишиг, чанараар дадлага хийж, хөгжүүлэх ёстой. Бошиглогч Моронайн зөвлөсөнчлөн “Тэдний үйлүүдээр та нар тэднийг мэдэх болно хэмээсэн Бурханы тэрхүү үгийг би санаж байна; учир нь хэрэв тэдний үйлс сайн байх аваас, тэгвэл тэд ч түүнчлэн сайн бөлгөө” (Моронай 7:5).

3.1

Христийнхтэй адил зан байдал

Судрууд болон амьд бошиглогчдын сургаалд дүрслэгдсэн Христийнхтэй адил зан чанар буюу шинж чанаруудыг хөгжүүлэхийн тулд залбиран байж хөдөлмөрлө. Эдгээр шинж чанарт талархал, сайхан сэтгэл, хайр, даруу байдал, тэвчээр, өрөвдөх сэтгэл, дуулгавартай байдал ордог. Их Эзэний туслалцаа, өөрийн чин сэтгэл, хичээнгүй чармайлтаар та Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлж чадна (Мозая 3:19-ийг үзнэ үү).

Сайхан сэтгэлтэй, эерэг, өөдрөг бай. Хүн нэг бүрийн нөхцөл байдлыг сайтар бодож үз. Та үйлчилдэг газартаа зочин нь бөгөөд тухайн хүмүүс, газар нутагт хүндэтгэлтэй, талархалтай хандах ёстой.

Олон нийтэд үйлчлэхдээ бусдын ёс заншил, шашны итгэл үнэмшил, зан үйлийг үргэлж хүндэтгэ. Бусдыг гомдоохоос зайлсхий. Таныг үүрэг даалгавраа гүйцэтгэж байх үед юу хэлж мөн хийснийг тань сонсож, ажиглаж, бичиж авч магадгүйг сана. Хаана ч хуваарилагдсан бай та бол Есүс Христийн болон Түүний сэргээгдсэн Сүмийн төлөөлөгч юм.

3.2

Ариун сүмийн зохистой байдал

Номлогчид номлолынхоо туршид ариун сүмд орохуйц зохистой байх ёстой.

Их Эзэн Есүс Христ таныг “өөрсдийгөө бэлтгэ, мөн өөрсдийгөө ариусга; тийм ээ, би та нарыг цэвэр ариун болгож болохын тулд зүрх сэтгэлээ цэвэршүүл, мөн миний өмнө гараа мөн хөлөө цэвэршүүлэгтүн” (Сургаал ба Гэрээ 88:74) хэмээн урьсан. Хэрэв та ариун сүмд хишгээ хүртсэн бол ариун сүмийн гэрээнүүдээ сахих нь энэхүү бэлтгэлийн нэг хэсэг болдог.

3.2.1

Ариун сүмийн гэрээнүүд (хэрэв хишиг хүртсэн бол)

Дуулгавартай байдал, золиос, ариуслын ариун сүмийн гэрээнүүдээ сахих нь таныг хүчирхэгжүүлж, Аврагчтай илүү адилхан болоход тусална.

Таны үйлчлэлийн номлолын бүсэд ариун сүм байхгүй байсан ч ариун сүмд орохуйц зохистой хэвээр бай. Зөвшөөрлийн бичгийнхээ хугацааг дуусахаас өмнө бишоп болон гадасны ерөнхийлөгчөөсөө ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагад орохыг хүс.

Хишгээ хүртэх гэрээ байгуулсан хүмүүсийн хувьд ариун сүмийн өмсгөлийг өмсөх нь онцгой, ариун нандин боломж юм. Өмсгөлийг өмсөх хувийн амлалтаа бодож үзэхдээ та Ариун Сүнсийг чиглүүлгээ болго.

3.2.2

Ариун сүмд шүтэн бишрэх

Таны ойролцоо ариун сүм байдаг бол номлолынхоо туршид ариун сүмд орохыг зөвлөж байна. Энэ нь танд хуваарилсан үйлчлэлийн боломжуудын нэг байж магадгүй юм.

Ариун сүмд очих нь таны номлогчийн бусад үүрэг даалгаварт саад болох ёсгүй. Та ариун сүмд үйлчилж байхдаа үүрэг даалгавраа нэр төртэй, хүндэтгэл, бишрэлтэйгээр биелүүл. Ариун сүмд орохдоо дараах зүйлсийг сана. Үүнд:

  • Хэрэв ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл таныг ёслолын ажилтнаар дуудсан бол тэдний чиглүүлсний дагуу та ариун сүмд үйлчилнэ.

  • Ариун сүм дотор хэрэглэхийн тулд камер, гар утас, унших зүйлс (тухайлбал патриархын адислал) авчирч болохгүй.

  • Номлогчдын хувьд бөөнөөрөө цугларч эсвэл селестиел өрөөнд өвдөг сөгдөн залбирч болохгүй.

  • Ариун сүмд гэр бүлийнхнийхээ нэрсийг аваачсанаар та ариун сүмийн туршлагаа нэмэгдүүлж, хөшигний нөгөө талд Израилыг цуглуулахад тусалдаг.

3.3

Ариун явдлын хууль

Ариун сүмд орохуйц зохистой байхын нэг чухал хэсэг нь ариун явдлын хуулийг дагах юм. Ариун нандин гэрээнүүдээ зөрчихөд хүргэж болохуйц бэлгийн харьцааны уруу таталтаас өөрийгөө хамгаалахын төлөө чадах бүхнээ хий. Ариун явдлын хуулийг зөрчих үйлдэл гаргах нь зарим газарт эрүүгийн хариуцлага хүлээхэд хүргэж болзошгүй.

Таныг Сүнснээс салгах аливаа бодол, үйлдлээс зайлсхий. Үүнд завхайрал, садар самуун явдал, ижил хүйстний үйл ажиллагаа, аман секс, бэлгийн сэрэл өдөөх, зохисгүй байдлаар биед хүрэх, ёс суртахуунгүй эсвэл бэлгийн харьцааны шинжтэй зураг, видео зурвас илгээх эсвэл хүлээн авах, гар хангалга хийх, порнограф үзэх эсвэл хэрэглэх зэрэг үйлдлүүд орох боловч эдгээрээр хязгаарлагдахгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг унших бол Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011) дээрх “Наманчлал”-ыг х. 28–29-өөс үзнэ үү.

Танд эдгээр жишгийг дагахад бэрхшээлтэй байгаа бол Их Эзэнээс тусламж хүсэж, гадасны ерөнхийлөгчтэйгөө нэн даруй ярилц.

3.3.1

Порнографаас зайлсхийх

Порнографын олон хэлбэр бий. Урьдаас төлөвлөх болон зөв сонголтуудыг хийх нь порнографаас зайлсхийхэд тань тусалж чадна. Ийм зүйл харвал, харцаа буруулж, цахим хэрэгслээ унтраах эсвэл уг нөхцөлөөс холдон яв.

Порнографаас зайлсхийхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүл. Үүнд:

  • Порнографаас эсвэл үүнийг санал болгох зүйлсийг сонсох, унших эсвэл харах вэбсайт, материал, орчин нөхцөлөөс зайлсхий.

  • Технологийг буруу ашиглахад хамгийн их уруу татагддаг үеүд болох ядарсан эсвэл уйдсан гэх мэт үеэ ялган таньж сур.

  • Тийм үеүдэд оронд нь юу хийх талаараа төлөвлөгөө гарга. Үйлчлэлийн номлолын удирдагчид тань тусалж чадна. Та түүнчлэн ChurchofJesusChrist.org/addressing-pornography дээрээс мэдээлэл авч болно.

Порнографаас зайлсхийж, салахыг эрэлхийлж байгаа хүн бүр Есүс Христийн Цагаатгалаар дамжин тусламж, эдгэрэл олж авч чадна. Танд асуудал бэрхшээл байгаа бол хайраар зөвлөгөө, дэмжлэг үзүүлж чадах гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилц.

3.4

Шударга байдал

Бидэнд шударга байхыг зарлигласан. Таны ариун сүмд орох зохистой байдалд бусадтай харилцах бүх харилцаандаа шударга байх явдал багтдаг. Шударга байх гэдэгт дараахыг оруулдаг. Үүнд:

  • Ялангуяа үйлчлэлийн номлолын удирдагчид, гадасны ерөнхийлөгчдөө өөрийн биеэ авч явах байдал, гэрчлэл, ажлын дадал хэвшил, сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэндийн талаар үнэнийг хэлэх

  • Та үйлчлэлийнхээ тухай мөн долоо хоногийн турш цагаа хэрхэн зарцуулснаа үнэн зөв тайлагнах

  • Найдвартай байж, хэн нэгний болон үйлчлэлийн үүрэг даалгаврынхаа тухай худал тайлан эсвэл мэдээлэл хэзээ ч өгөхгүй байх

  • Хэн нэгний хувийн эд зүйлийг (хувцас, ном, электрон хэрэгсэл, үнэт эдлэл гэх мэт) зөвшөөрөлгүй зээлэхгүй, авахгүй, хэрэглэхгүй байх мөн бусдыг хүндэтгэх

3.5

Бусадтай харилцах

Аврагч “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал” (Иохан 15:12) гэж заасан. Аврагчийн үлгэр жишээг дагахыг мөн эелдэг, аюулгүй, боломжтой нөхцөл байдалд тохируулан үйлдэхийг сонго.

3.5.1

Гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах ерөнхий жишиг

Гэр бүл, найз нөхдөдөө дэмтэй байж, сайн үлгэр дуурайл бол. Номлолын туршлагаасаа урам зориг өгсөн түүхүүдийг хуваалц.

Та амжилттай үйлчлэхийн тулд таны гэр бүлийн гишүүд бие махбодын хэрэгцээнд тань, тээврийн хэрэгслээр эсвэл өөр аргаар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байж магадгүй юм. Номлолын үйлчлэлийн үеэр гэр бүлийн амьдралд зарим өөрчлөлт гарна. Хамгийн утга учиртай, үр бүтээлтэй номлолын туршлага олж авахын тулд та өөрөө болон танай гэр бүлийнхэн зарим нэг золиос гаргах шаардлагатай тулгарна.

3.5.2

Насанд хүрэгчидтэй харилцах ерөнхий жишиг

Үйлчилдэг хүмүүстээ итгэлцэл төрүүлж, утга учиртай харилцаа тогтоо. Чадварлаг мөртлөө зөөлөн ханд. Дараах жишгүүдийг дагаж мөрд. Үүнд:

  • Бие махбод эсвэл сүнслэг байдалд аюултай байж болох эсвэл буруу ойлголт төрүүлэх нөхцөл байдлаас зайлсхий.

  • Хэн нэгэнтэй бүү сээтгэнэ эсвэл зохисгүй байдлаар бүү харьц.

  • Соёлтой боловсон үг хэллэг хэрэглэ. Бүдүүлэг үг хэллэг хэрэглэхээс зайлсхий. Бусдад хандахдаа зохих нэрийг хэрэглэ. Жишээ нь: Бусад үйлчлэлийн номлогч, үйлчлэлийн номлолын удирдагчид руу хандахдаа “ахлагч” эсвэл “эгч” гэдэг нэрсийг хэрэглэн, тэдний дуудлагыг хүндэтгэж байгаагаа харуул.

3.5.3

Хүүхэд болон эмзэг бүлгийн насанд хүрэгчидтэй харилцах ерөнхий жишиг

Өөрийнхөө болон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэдэнтэй харилцахдаа дараах жишгийг чанд мөрд. Үүнд:

  • Ямар ч тохиолдолд хүүхэд эсвэл эмзэг бүлгийн насанд хүрэгчидтэй ганцаараа үлдэж болохгүй.

  • Хүүхэд харж өгч, хувцаслаж, эм өгч, хувийн ариун цэврийг нь сахиулж болохгүй.

  • Тэдэнд үйлчлэхдээ, зөвхөн хариуцлагатай насанд хүрсэн өөр хүний хамт үйлчил. Сүмийн эсвэл үйлчилж буй энэрлийн байгууллагынхаа аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрд.

  • Хэрэв та тэдэнтэй хамт энэрлийн байгууллагад ажиллах гэж байгаа бол эхлээд хувийн хэргээ өгөх хэрэгтэй.

Эмзэг бүлгийн насанд хүрэгчид гэж нөхцөл байдлыг ойлгоход болон хүчирхийлэл, үл хүндлэл, мөлжлөгөөс өөрийгөө хамгаалах чадварт нь ихээхэн нөлөөлөх сэтгэцийн болон бие махбодын бэрхшээлтэй хүмүүсийг хэлнэ. Эмзэг бүлгийн насанд хүрэгч гэдэгт хэл, соёлын ялгааг ойлгохгүй дүрвэгчдийг мөн хамааруулна.

3.5.4

Заах дуудлагатай номлогчидтой харилцах ерөнхий жишиг

Заах дуудлагатай номлогчдыг айлд сургаал заахаар очих үед та Сүмийн гишүүний хувиар дагалдан явж болно. Та өөрийгөө заах дуудлагатай номлогч мэт харуулах ёсгүй. Хичээл заах айлчлалд дагалдан оролцож байгаа бол үйлчлэлийн номлогчийн нэрийн тэмдгийг зүүж болохгүй. Тухайн номлолын ерөнхийлөгч таныг уриагүй л бол та заах дуудлагатай номлогчидтой хамт дүүрэг, бүсийн чуулганд оролцож болохгүй.

3.5.5

Болзох

Та номлогчийн хувьд болзож болохгүй. Таныг ГБЗ-ын тойрог, үйл ажиллагаанд оролцохыг урамшуулах хэдий ч та бүжигт оролцох ёсгүй. Болзож байгаа мэт харагдах аливаа үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой бай.

3.5.6

Номлогчийн нэрийн тэмдэг зүүх

Номлогчийн нэрийн тэмдэг зүүх нь нэр төрийн хэрэг бөгөөд онцгой эрх юм. Номлогчийн үүрэг даалгавраа гүйцэтгэхээр явах, буцах болон үүрэг даалгавраа гүйцэтгэж байхдаа мөн Сүмийн цуглааны үеэр нэрийн тэмдгээ үргэлж зүү.

Номлогчийн үүрэг даалгавар гэдэгт номлогчийн хурал, чуулган, гэр бүлдээ үйлчлэх цаг, гэрээсээ гүйцэтгэж буй Сүмийн болон энэрлийн байгууллагын ажлууд багтана. Хэрэв танд номлогчийн нэрийн тэмдгийг хэзээ зүүх талаар асуух зүйл байвал үйлчлэлийн номлолын удирдагчдаасаа асуугаарай.

3.5.7

Гэртээ амьдрах

Таны дуудлагын захидалд таныг гэртээ амьдрангаа Христтэй адил үйлчлэн, орон нутагтаа үйлчлэлийн номлогчоор ажиллахаар томилогдлоо гэж бичсэн байгаа.

3.5.8

Ажил эрхлэх, сургуульд суралцах

Бүтэн эсвэл хагас цагаар ажил эрхлэх, сургуульд суралцахын аль аль нь үйлчлэлийн номлолын зорилгын хэсэг биш юм. Та номлолдоо цаг зав, авьяас чадвар, эрч хүч, санхүүгийн нөөцөө зориулах ёстой. Энэ бол ариуслын хуулийн нэг хэсэг билээ.

Хэрэв хүсвэл институт болон PathwayConnect-д хамрагдаж болно.

3.5.9

Үйл ажиллагааны аюулгүй байдлын зааварчилгаа

Үйл ажиллагааны аюулгүй байдлын зааварчилгаа нь ганц бие залуучуудад, тэр тусмаа үйлчлэлийн номлогчийн хувьд танд хамааралтай юм. Хоногоор зохион байгуулагддаг үйл ажиллагаанд оролцох, таны томилогдсон ариун сүмийн дүүргээс гадуурх ариун сүмд зочлох, холын аялалд явах зэрэгт хязгаарлалт тавьдаг. Эдгээр үйл ажиллагаанд оролцохын тулд таны үйлчлэлийн номлолын удирдагчид эртнээс төлөвлөх, томилогдсон санваарын удирдагчдаас зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Таныг оролцуулахын тулд таны эцэг эх, асран хамгаалагчид зөвшөөрлийн болон эмнэлгийн хуудас бөглөх шаардлагатай байж магадгүй.

3.6

Амралт, үзвэр үйлчилгээ

Сэтгэл сэргээж, тайвшрахад туслах үйл ажиллагааг сонго. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр дасгал хөдөлгөөн хийж, бие махбод, оюун санаагаа үйлчлэхэд тохируулахын тулд идэвхтэй байлга. Осол гэмтэл, хэт ядаргаа үүсгэж болзошгүй үйл ажиллагаанаас зайлсхий.

3.6.1

Тоглоом, кино, телевиз

Үйлчлэлийн үүрэг даалгавар гүйцэтгээгүй цагаараа та гадасны ерөнхийлөгч болон үйлчлэлийн номлолын удирдагчдынхаа зөвшөөрлөөр зохих видео тоглоом, кино, телевизийн шоу зэргийг үзэж болно.

Ийм үйл ажиллагаа нь таны хувийн бэлтгэлээ хангах, суралцах, үйлчлэх цагт саад учруулах ёсгүй. Сүнсийг холдуулдаг аливаа зүйлээс зайлсхий. Ийм төрлийн үйл ажиллагааны үеэр нэрийн тэмдгээ зүүхдээ болгоомжтой ханд.

3.6.2

Семинар, институтийн оролцоо

Номлогчоор үйлчлэх үед таны гишүүнчлэлийн бүртгэл танай тойрогт үлдэх ёстой. Зөвшөөрөгдсөн тохиолдолд та бүсийнхээ ганц бие залуучуудын тойрогт сууж болно.

Үйлчлэлийн номлогчдыг институтийн ангиудад болон үйл ажиллагаанд оролцохыг урамшуулдаг. Мөн тойрог эсвэл гадаснаас явуулж буй ганц бие залуучуудын үйл ажиллагаанд, тухайлбал гэр бүлийн үдэш, ариун сүмийн аялал, онцгой цугларалт, тоглоом, зугаалга гэх мэт бүжгээс бусад үйл ажиллагаанд оролцож болно.

3.6.3

Соёл, амралт зугаалгын үйл ажиллагаа

Та номлогч гэдгээ сана. Таны оролцох үйл ажиллагаа үргэлж эрүүл, урам зориг өгсөн, энэ гарын авлагын жишгүүдэд нийцсэн байх ёстой.

Амралт зугаалгын үйл ажиллагаанд оролцохдоо үргэлж аюулгүй байдлаа хангаж, бодолтой ханд. Номлолынхоо үеэр та эрсдэл ихтэй үйл ажиллагаанд оролцох ёсгүй.

Та үйлчлэлийн үүрэг даалгавар гүйцэтгээгүй үедээ үйлчлэлийн бусад номлогчтой хамтдаа цугларч эсвэл ийм цугларалтад оролцож болно. Гэхдээ эдгээр үйл ажиллагаа нь үйлчлэлийн номлогчдын жишгийн дагуу байх ёстой ба хоногоор зохион байгуулагдаж болохгүй.

Та үйлчлэлийн номлолын удирдагчид болон үйл ажиллагааны удирдагчдаа урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр гэр бүлийнхэнтэйгээ амарч болно. Үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа хамтран амралтынхаа үеэр номлолын туршлагаа нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруул.

3.6.4

Дуу хөгжим

Таны ариун нандин дуудлагад нийцсэн дуу хөгжим сонс. Дуу хөгжим нь Сүнсийг урихаас гадна ажилдаа төвлөрч, бодол санаа, мэдрэмжээ Аврагч руу чиглүүлэхэд тусалдаг байвал зохино.

Ёс суртахуунгүй байдлыг өөгшүүлсэн, хүчирхийллийг магтсан, доромжилсон үг хэллэг ашигласан, эсвэл дууны хэмнэл, хөгжмийн зэмсэг, дууны үг, эрчим нь таны сүнслэг мэдрэмжийг мохоосон дуу хөгжмийг бүү сонс.

3.6.5

Электрон болон компьютерын тоног төхөөрөмж

Гар утас, компьютер зэрэг электрон төхөөрөмж, мэдээллийн хэрэгслийн бүх хэрэглээ тань сайн мэдээний зарчмуудтай нийцэж байх ёстой. Электрон хэрэгслийн хэрэглээ нь таныг Сүнснээс болон номлолын дуудлагаас тань ямар ч байдлаар холдуулах ёсгүй.

Бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүчирхийлэлтэй, садар самуун байдлыг харуулсан аливаа зүйлсээс зайлсхий. Үйлчлэлийн үүрэг даалгаврынхаа цагаар гар утсаа бүү ашигла.

3.6.6

Хэвлэл мэдээлэл

Нийгмийн сүлжээ нь номлогчийн хувьд Аврагчийг хэрхэн дагаж байгаагаа хуваалцах үр дүнтэй арга байж болох юм. Номлолын бус үйл ажиллагааны талаарх нийтлэлүүд таны номлолын дуудлагын нэр хүндэд харшлах ёсгүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа ухаалгаар сонго. Таны уншиж, сонсож, үзэж байгаа бүхэн танд нөлөөлөх болно. Танд зөвхөн урам зориг өгөх мэдээллийн хэрэгслийг сонго.

Технологийн тусламжтайгаар аливаа хувийн мэдээлэл, зургаа хуваалцахдаа болгоомжтой хандаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханга. Өөрийн бүртгэл дээр “ахлагч,” “эгч” зэрэг нэрийг бүү хэрэглэ. Биечлэн хуваалцахад зохисгүй зүйлийг интернэтээр эсвэл зурвасаар бүү хуваалц. Улс төрийн үзэл бодлоо бүү хуваалц. Дуу хөгжим, кино болон зохиогчийн эрхтэй бусад зүйлийг хуваалцахдаа, тэдгээрийг журамласан хуулиудыг дага. Таны хуваалцсан зүйл Сүмийн албан ёсны захиас юм гэх санааг багтааж болохгүй.

Интернэт, зөөврийн төхөөрөмж эсвэл бусад мэдээллийн хэрэгсэлд хэт их цаг зарцуулах нь таныг үйлчлэлийн номлолын хуваарь болон үүрэг даалгавраа биелүүлэхэд саад учруулж болзошгүй.

Ямар нэг зүйлийг үзэх буюу сонсох нь зохистой эсэхэд эргэлзэж байвал эцэг эх, бишоп, үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа ярилц. Ариун Сүнс та нарт зөвийг сонгох хүч чадал өгөх болно.

3.7

Бодлогод үл хамаарах зүйлс

Тайлбарласан эдгээр жишигт үл хамаарах зүйл нь таны гадасны ерөнхийлөгч, бишоп, эцэг эх эсвэл үйлчлэлийн номлолын удирдагчдын дангаараа гаргах шийдвэр биш юм. Хэрэв та онцгой тохиолдлыг анхаарч үзэх хэрэгтэй гэж бодож байвал гадасны ерөнхийлөгч болон үйлчлэлийн номлолын удирдагчидтай нөхцөл байдлын талаар ярилц. Дараа нь үйлчлэлийн номлолын удирдагчид таны хүсэлтийг уламжлахаар Үйлчлэлийн номлолын төвтэй ярилцах болно.

3.8

Үйлчлэлийн номлолын удирдагчид, санваарын удирдагчид, үйлчлэх газрын удирдлагатай харилцах

Номлогчоор үйлчлэх гэдэгт Их Эзэн болон удирдагчдынхаа өмнө хариуцлага хүлээх явдал багтдаг. Үүний тулд та номлогчийн тайланг тогтмол явуулах хэрэгтэй. Эдгээр тайланд:

  • Таны номлогчийн үүрэг даалгавар ба хуваарь

  • Таны бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд

  • Таны сүнслэг туршлага ба өсөлт хөгжил

  • Таны сүүлийн үеийн амжилт ба сорилтууд орж болно.

Та үйлчлэлийнхээ үүрэг даалгаварт оролцох боломжгүй болбол үйлчлэх газрынхаа удирдлагад болон үйлчлэлийн номлолын удирдагчдадаа мэдэгдэх ёстой. Хэрэв боломжтой бол энэ тухай аль болох эрт хэлэх хэрэгтэй.

Хувийн э-мэйл хаягуудын оронд өөрт оноосон номлогчийн э-мэйл хаягийг номлолынхоо үеэр ашигла.