Институт
11-р хичээл: Авралын төлөвлөгөөг заах нь (2-р хэсэг)


11

Авралын төлөвлөгөөг заах нь (2-р хэсэг)

Оршил

Авралын төлөвлөгөө нь Адамын Уналтын үр дагавруудыг ялан дийлэх Аврагчийг өгдөг. Бид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан үхэл, нүгэл, уй гашууг даван гарч чадна. Түүнчлэн бид амилуулагдах бөгөөд зөв шударга хүмүүс Бурханы оршихуй руу эргэж очин, Түүнтэй адил болох юм. Ирээдүйн номлогчид авралын төлөвлөгөөний сургаалын тухай тодорхой ойлголттой болж, үүнийг энгийнээр тайлбарлан, хүчтэй гэрчлэхэд өөрсдийгөө бэлтгэсэн байх ёстой.

Нэмэлт бэлтгэл

Заах зөвлөмж

Есүс Христийн Цагаатгал

Хичээл эхлэхээс өмнө дараах өгүүлбэрийг самбар дээр бич:

“[Иохан 3:16] нь авралын төлөвлөгөөг бүхэлд нь нэгтгэн дүгнэсэн байдаг” (ахлагч Брүс Р.Макконки).

Хичээл эхлэх үед суралцагчдаас Иохан 3:16-г дотроо уншаад, энэ шүлэг нь хэрхэн “авралын төлөвлөгөөг бүхэлд нь нэгтгэн дүгнэж” байгаа талаар бодож үзэхийг хүс.

Суралцагчдад уншин, тунгаан бодох хэдэн хором гаргаж өгсний дараа тэднийг энэ судар нь хэрхэн авралын төлөвлөгөөг нэгтгэн дүгнэж байгаа талаар ярилцахад урь. Хэрэв шаардлагатай бол та Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн Иохан 3:16-ийн талаар хийсэн илүү бүрэн мэдэгдлийг уншиж болно.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Энэ нь магадгүй хэлэгдэж байсан судруудаас хамгийн алдартай мөн хүчирхэг шүлэг юм. Энэ нь авралын төлөвлөгөөг бүхэлд нь нэгтгэн дүгнэж, Эцэг, Хүү, Түүний цагаатгагч золиослол буюу зөв шударга үйлс, итгэлтэй тэдэнд олгогдох эцсийн мөнхийн өргөмжлөлийг өөртөө багтаадаг Түүнд итгэх итгэлийг хамтад нь холбож өгдөг юм” (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–1973], 1:144)

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 56-р хуудсан дээрх “Цагаатгал” хэсгийн эхний догол мөрийг чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Яагаад Есүс Христийн цагаатгагч золиослол Бурханы хүүхэд бүрд чухал болохыг та нэг өгүүлбэрээр хэрхэн хэлэх вэ? (Суралцагчдын хариултад Есүс Христийн Цагаатгал бидэнд Уналтын үр дагавруудыг давж гарах боломжийг олгодог хэмээх сургаал орсон байх ёстой.)

  • Бид бүгдийн өөр дээрээ мэдэрсэн Уналтын ямар ямар үр дагавар байдаг вэ? (Томоохон үр дагаврууд нь [1] биеийн үхэл, [2] нүгэл ба сүнсний үхэл [Бурханаас тусгаарлагдах], [3] зовлон шаналал, уйтгар гуниг юм.)

Суралцагчдыг хариулж байх хооронд тэдний хариултыг “Уналтын үр дагаврууд” гарчгийн доорх багананд самбар дээр жагсаан бичих талаар бодож үз. Дараа нь баруун гар тал дахь “Цагаатгал Уналтын үр дагавруудыг хэрхэн ялан дийлдэг вэ?” (эсвэл энэ хүснэгтийг өөр арга барилаар үзүүл) гэсэн гарчиг бүхий баганыг бөглө.

Уналтын үр дагаврууд

Цагаатгал Уналтын үр дагавруудыг хэрхэн ялан дийлдэг вэ?

Биеийн үхэл

1 Коринт 15:20–22

Aлмa 11:42–45

Миний сайн мэдээг номло, 56, “Цагаатгал,” 2-р догол мөр.

Нүгэл ба сүнсний үхэл

Алма 34:8–9

С ба Г 19:15–19

Миний сайн мэдээг номло, 56–57, “Цагаатгал,” 3–5-р догол мөр

Зовлон шаналал ба уйтгар гуниг

Исаиа 53:3–5

Aлмa 7:11–13

Миний сайн мэдээг номло, 56–57, “Цагаатгал,” 6-р догол мөр.

Ангийг гурван бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд хүснэгт дэх гурван ангиллын аль нэгэнд буй судрын эшлэлүүдийг судлах даалгавар өг. Судалсан материалууд нь Есүс Христийн Цагаатгал Уналтын үр дагавруудыг хэрхэн ялан дийлдэг болохыг тайлбарлахад тусалдаг талаар бэлдэн, хуваалцахыг суралцагчдаас хүс. Суралцагчдад энэ хүснэгт дэх судрууд нь Цагаатгалын сургаалыг харуулахад ашиглаж болох олон судрыг төлөөлдөг ба тэд энэ сургаалын талаар илүү гүнзгий ойлголттой болохын тулд нэмэлт судрын хэсгүүдийг судлах хэрэгтэй гэдгийг хэл. Тэдэнд судлах хангалттай цаг гаргаж өгсний дараа ангийн бүлэг бүрээс хэдэн суралцагчийг юу сурснаа мөн энэ нь Цагаатгал биднийг адисалдаг болохыг ойлгоход хэрхэн тусалж байгааг тайлбарлахад урь.

Суралцагчдад Есүс Христийн Цагаатгалын талаар сонирхогчдод заахыг хүсэж байгаа зүйлээ нэгтгэн дүгнэж эсвэл тоймлосон хэд хэдэн өгүүлбэр бичих хэдэн минут өг. Хэдэн минутын дараа цөөн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхандаа уншиж өгөхөд урих талаар бодож үз.

Суралцагчдад Есүс Христийн Цагаатгалын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд нь туслах Сүнсийг урихын тулд “For God So Loved the World” (4:48) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг Есүс Христийн дэлхийг хайрлах хайраа харуулсан арга замыг олж мэдэхэд урь.

Видео бичлэгийг үзүүлж дууссаны дараа асуу:

  • Есүс Христ бусдыг хайрлах хайраа ямар арга замаар харуулсан байна вэ?

  • Энэ видео бичлэг Аврагчийн тохинуулал ба цагаатгагч номлолд талархахад танд хэрхэн тусалж байна вэ?

Суралцагчдыг сонирхогчдод Есүс Христийн Цагаатгалын тухай юу заахыг хүсэж байгаа тухай бичсэн зүйлээ эргэж харахад урь. Тэдэнд Есүс Христийн Цагаатгалын тухай юунд итгэдэг мөн юуг гэрчилж чадах талаар нэгтгэн дүгнэсэн нэмэлт өгүүлбэрүүдийг бичих цөөн минут гаргаж өг. Хэдэн минутын дараа суралцагчдад хос хосоороо хуваарилагдаад, нэг нэгэндээ Есүс Христийн Цагаатгалын талаар сонирхогчид хэрхэн гэрчлэх тухай жүжигчлэн тоглох даалгавар өг.

Суралцагч бүрд жүжигчлэн тоглох боломж олгосны дараа дараах асуултыг тавин, хичээлийн энэ хэсгийг өндөрлө:

  • Номлогчид зааж буй хүмүүстээ Есүс Христийн талаарх гэрчлэлээ ойр ойрхон хуваалцаж байх нь яагаад чухал вэ? (Та Ариун Сүнсний нэг үүрэг бол Есүс Христийн тухай гэрчлэх явдал юм гэдгийг онцолж болно [Иохан 15:26; 3 Нифай 11:32-ыг үзнэ үү]. Иймээс бид бусдад Есүс Христийн тухай гэрчилж байхдаа зааж буй хүмүүсийн маань зүрх сэтгэлд бидний гэрчлэлийг баталж өгөх Ариун Сүнсийг урьдаг.)

Суралцагчдыг Есүс Христэд болон Түүний Цагаатгалд талархах талархлаа мөн тэдгээрийн тухай гэрчлэлээ гүнзгийрүүлэхийн тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урамшуулан дэмж. Аврагчийн тухай гэрчлэлээ гүнзгийрүүлснээр бусдыг Христэд ирэхэд урихад илүү сайн бэлтгэгдэх болно гэдгийг суралцагчдад бататгаж өг.

Бидний мөнхийн хувь заяа

Суралцагчдын анхаарлыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 59-р хуудсан дээрх “Авралын төлөвлөгөө” хайрцган доторх бүдүүвч зурагт хандуул. Суралцагчдыг эхлээд бүдүүвч зургийг судлаад, дараа нь Миний сайн мэдээг номло гарын авлагыг харалгүй өөрсдийнхөөрөө зурахад урь. Тэдний бүдүүвч зурагт авралын төлөвлөгөөний чухал хэсгүүд орсон л бол ямар ч хэлбэртэй байж болно. Суралцагчдад номлогчид авралын төлөвлөгөөний чухал хэсгүүдийг энгийн үгээр сонирхогчдод заах ёстой гэдгийг сануул.

Суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р хичээлийн үлдсэн гурван хэсэг дэх (57–59-р хуудас) агуулгыг ойлгоход нь туслахын тулд суралцагчдаас хэсгүүдийг цөөн минутад уншаад, сонирхогчдын мэдэх хэрэгтэй сургаал, зарчим, санаануудыг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг уншиж байх хооронд самбар дээрх хүснэгтэн дэх хэсгүүдийн гарчгийг үзүүл:

Сонирхогч юу мэдэх хэрэгтэй вэ?

Сүнсний дэлхий

Амилалт, шүүлт, үхэшгүй байдал

Алдар суугийн хаант улсууд

Хэсгүүдийг нэг нэгээр нь судлаад, дараагийн хэсэг рүү орохоосоо өмнө олж тогтоосон сургаал, зарчим, санаануудаа хуваалцах нь суралцагчдад тустай байж болно. Та нэг суралцагчийг ангийнхны хариултуудыг самбар дээрх зохих гарчгийн доор бичихэд урьж болно. Ангийнхныг ярилцаж байх хооронд хүснэгтийг судлах тэмдэглэл дээрээ зураад, бөглөхийг суралцагчдаас хүсэх талаар бодож үз.

Дараахтай адил асуултууд суралцагчдад уншсан зүйл дээрээ дүн шинжилгээ хийхэд тусалж болно:

  • Энэ дэлхий дээр гаргасан шийдвэрүүд маань биднийг нас барсны дараа хэрхэн нөлөөлөх вэ?

  • Шүүлтийн тухай бидний ойлголт одоо гаргах шийдвэрт маань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Есүс Христийн Цагаатгал бидний оршихуйн үе шат бүрд (мөнх бус байдлын өмнөх, мөнх бус байдал, мөнх бус байдлын дараах амьдрал) хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Яагаад эдгээр үнэнийг бусдад танилцуулахдаа тодорхой бөгөөд энгийн байх нь чухал вэ?

Бурханы хүүхдүүдэд Түүнтэй адил болох чадавх байдаг гэдэг нь Сэргээлтийн чухал сургаалуудын нэг гэдгийг суралцагчдад тайлбарла. Тэнгэрлэг Эцэгийн тухай бидний ойлголт Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өсөж хөгжин, өргөмжлөлийн адислалаас хүртэнэ гэсэн найдварыг бидэнд өгдөг (Миний сайн мэдээг номло, “Өргөмжлөл,” 64-р хуудсыг үзнэ үү). Бид нэгэн өдөр Бурхантай адил болж болох ч, Түүнийг үргэлж шүтэн бишрэх болно. Өсөлт хөгжил маань бидний Эцэг, Бурхан гэсэн Түүний жинхэнэ төлөв байдлыг хэзээ ч өөрчлөхгүй. (Энэ сэдвийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд lds.org/topics дээрх “Becoming Like God” (Бурхантай адил болох нь) гарчигтай Gospel Topics-ийн өгүүллийг үзнэ үү.)

Ангийнхныг хос хосоор нь хуваарилаад, хос бүрийг хэн нэгэнд амьдралын зорилго болон биднийг нас барсны дараа юу тохиолддог талаар заахад бэлдэхэд урь. Суралцагчид бэлтгэж байхдаа Миний сайн мэдээг номло гарын авлагын 56–59-р хуудас эсвэл Авралын төлөвлөгөө нэртэй номлогчид зориулсан товхимлын 10–15-р хуудсыг ашиглах хэрэгтэй. Суралцагчдыг зааж байхдаа доод тал нь нэг судар ашиглахад урамшуулан дэмж. Түүнчлэн тэднийг өөрсдийн бэлдсэн авралын төлөвлөгөөний бүдүүвч зургийг эсвэл Миний сайн мэдээг номло гарын авлагын 59-р хуудсан дээрх бүдүүвч зургийг ашиглахад урамшуулан дэмж. Тэдний заах зүйл энгийн, тодорхой байж, гэрчлэлээр төгсөх ёстой гэдгийг тайлбарла. Хосуудад заах хангалттай цаг гаргаж өгсний дараа хос бүрийг өөр хостой хамтрахад урь. Нэг хосод бусад хоёр суралцагчид заах даалгавар өг.

Хамтрагчдыг зааж дууссаны дараа бүлэг бүрийг дараах асуултуудыг ярилцахад урь. Заах үед юу сайн байж чадсан бэ? Заасан суралцагчид хэрхэн сайжирч болох вэ?

Дараа нь дүрүүдээ солиод, заалгасан суралцагчдад нөгөө хоёр суралцагчдаа заах боломж олго. Тэдэнд саналаа хүлээн авах цаг гаргахад анхаар. Хос бүрийг зааж дууссаны дараа ангийн гишүүдийг уг туршлагаас төрсөн сэтгэгдлээ ангийнхантай хуваалцахад урь.

Хэрэв цаг гарвал авралын төлөвлөгөөний талаарх гэрчлэлээ хуваалцаж эсвэл ангийн гишүүдийг хуваалцахад урин, хичээлээ өндөрлө.

Үйлдэх урилга

Суралцагчдын авралын төлөвлөгөөний тухай ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд ангиас гадуурх дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг сонгон хийж гүйцэтгэхэд тэднийг урь.

  • Миний сайн мэдээг номло гарын авлагын 59-р хуудсан дээрх хүснэгтийг зуран, хэсэг бүрийг судар ашиглан дэмжих маягаар авралын төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг тайлбарлах дадлага хий.

  • Та саяхан гэр бүлийн гишүүнээ эсвэл хайртай хүнээ алдсан хэн нэгэнд туслахын тулд авралын төлөвлөгөөг хэрхэн заах талаар бодож үз. Өөрийн санаа бодлын товч дүгнэлтийг эсвэл хураангуй таталбарыг судлах тэмдэглэл дээрээ бич.

  • Хамгийн сүүлчийн Ерөнхий чуулганы үгсээс Есүс Христийн Цагаатгалын тухай хэлсэн үгсийг судал. Уг үгээс Есүс Христийн Цагаатгалыг илүү сайн ойлгоход тань туслах зарчмуудыг олж тогтоо. Цагаатгал таныг өдөр бүр адисалж байдаг арга замуудыг жагсаан бич.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар илүү сайн ойлгосноор адислагдаж болох хэн нэгэнтэй авралын төлөвлөгөөний талаар хуваалцах боломжийн төлөө залбир. Дараа нь уг хүний амьдралыг адислахын тулд итгэлээр үйлдэн, энэ сургаалыг заа.