Институт
1-р хичээл: Номлогчийн зорилго


1

Номлогчийн зорилго

Оршил

Миний сайн мэдээг номло удирдамжинд номлогчийн зорилго бол “Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ба эцсээ хүртэл тэвчихээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь туслах байдлаар бусдыг Христэд ирэхэд урих” гэж заадаг (Миний сайн мэдээг номло, 1). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн “Та нарын номлол бол хүмүүсийг Христэд авчирч, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ариун үйлс байх болно” гэж хэлжээ (“Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign, 2011 оны 5-р сар, 50 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52). Энэ анги нь суралцагчдыг тань номлолын ажлын ариун нандин боломжинд оролцохын тулд бэлтгэхэд тусална.

Нэмэлт бэлтгэл

Заах зөвлөмж

Номлогчийн ажлын зорилго

Суралцагчдаас номлогчдын тогтмол хийдэг үйл ажиллагаа, үүрэг даалгавруудыг олж тогтоогоод, тэдгээрийг самбар дээр жагсаан бичихийг хүс. (Хариултад сонирхогчдыг олох, судлах, заах, залбирах, үйлчлэх зэрэг нь орж болно.)

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р хуудсан дээрх “Таны зорилго” гэсэн хайрцган доторх бичвэрийг уншихад урь. (Эхний хичээл тул олон суралцагчид Миний сайн мэдээг номло гарын авлага байхгүй байж болох учраас та энэ болон бусад шаардлагатай хуудсыг хэвлэж, тараах хэрэг гарч магадгүй.)

Дараа нь суралцагчдыг номлогчийн зорилгын тухай мэдэгдлийг самбар дээрх үүрэг даалгаврын жагсаалттай харьцуулахад урьж, асуу:

  • Номлогчийн зорилгын тухай мэдэгдлийг ойлгох нь номлогчдын хийдэг ажлын тухай таны ойлголтыг хэрхэн өргөжүүлж байна вэ? Энэхүү зорилго нь номлогчдын гүйцэтгэх үүрэг даалгаврыг хэрхэн илүү утга учиртай болгож байна вэ?

  • Энэ зорилгын тухай мэдэгдлийн аль хэсэг нь номлогчийн мөн аль хэсэг нь сонирхогчийн үүрэг хариуцлагыг тодорхойлж байна вэ?

  • Та энэ зорилгын тухай мэдэгдлийг ажлынхаа баримтлах зарчим болгосноор хэрхэн таныг илүү үр бүтээлтэй номлогч болгох вэ? (Уг зорилгын тухай мэдэгдэл нь номлогчийн ажилд удирдамж өгдөг. Энэ нь номлогчдод үүрэг даалгавар гүйцэтгэхэд бага анхаарч, жинхэнэ зорилгоо гүйцэтгэхэд илүү их анхаарал хандуулахад тусалдаг.)

Ангийн гишүүдэд номлогчийн ажлын зорилгыг илүү сайн ойлгоход туслахын тулд тэднийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р хуудсыг нээхэд уриад, дараа нь нэг суралцагчаас “Та хүмүүст” гэж эхэлж буй сүүлийн догол мөрийг чанга уншихыг хүс.

Ангиараа дараах асуултуудыг ярилц:

  • Энэ догол мөрөнд дурдагдсанаар, хувь хүн Аврагчид ирэхийн тулд юу хийх ёстой вэ?

  • Энэ догол мөрөнд дурдагдсанаар, номлогч Есүс Христэд ирэхэд нь бусдад туслахын тулд юу хийх ёстой вэ?

Суралцагч бүрд “Номлогч бидний зорилго” тараах материалыг тарааж өг. Тараах материалд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгээс оруулсан байгаа. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарил эсвэл тэднийг өөрсдөө бүлэг үүсгэхэд урь. Тараах материалыг хамтдаа уншаад, төгсгөлд нь байгаа асуултуудыг ярилцахыг бүлэг бүрээс хүс.

Зураг
Номлогч бидний зорилго тараах материал

Ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгийг судалж, ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн суралцагчийг ярилцлагын асуултуудад өгсөн хариултаа хуваалцахад урь. Дараа нь дараах асуултыг тавь:

  • Та номлогчийн зорилгын тухай мэдэгдэл дээр хэрхэн анхаарлаа төвлөрүүлж эхлэх вэ? (Хариултад: суралцагчид үүнийг чээжлэх, бичиж авах, өдөр бүр харж болох газар тавих, илүү сайн ойлгохын тулд тусламж хүсэн залбирах эсвэл уг зорилгын тодорхой хэсгүүдийг судар судлахдаа нэг хэсэг болгон хайх зэрэг нь орж болно.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид ‘хүмүүсийг Сүмд авчрахын’ тулд эсвэл Сүмийн гишүүнчлэлийн тоог өсгөхийн тулд номлож, заадаггүй. Бид хүмүүст зөвхөн илүү сайхан амьдралаар амьдрахыг ухуулан таниулах гэж номлож, заадаггүй. … Бид селестиел хаант улсын хаалгыг Бурханы охид, хөвгүүдэд нээж өгөхийн тулд бүх хүнийг наманчлал, баптисм, гишүүний баталгаагаар дамжуулан Христэд ирэхэд урьдаг [С ба Г 76: 51–52-ыг үзнэ үү]. Өөр хэн ч үүнийг хийж чадахгүй” (“The Purpose of Missionary Work,” missionary satellite broadcast, 1995 оны 4-р сар).

  • Яагаад сайн мэдээг номлох нь зөвхөн Сүмийн гишүүн болоход хэн нэгэнд туслахаас илүү агуу зүйл гэдгийг санаж байх нь чухал вэ? (3 Нифай 11:33–34-ийг үзнэ үү.)

  • Зааж буй хүмүүстээ “селестиел хаант улсын хаалгыг нээж өгөхөд” тусална гэж бодоход танд юу бодогдож байна вэ?

Суралцагчдыг номлогчийн зорилгыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үзэхэд уриад, тэднээс номлолд үйлчлэх гэсэн хувийн сэдэл нь Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх номлогчийн зорилгын мэдэгдэлтэй нийцэж байгаа эсэхийг бодож үзэхийг хүс. Номлолд үйлчлэх гэсэн шалтгаанаа энэхүү зорилготой илүү сайн нийцүүлэхийн тулд хийж болох тодорхой үйлдлүүдээ цаасан дээр эсвэл судлах тэмдэглэл дээрээ бичиж авахыг суралцагчдаас хүс.

Христийн сургаалыг заах нь

Аврагч Мормоны Номын үндсэн зорилгуудын нэг нь “миний сургаалын үнэн зөв хэсгүүдийг, [тийм ээ] цорын ганц тэрхүү сургаалыг гэрэлд авчрах” (С ба Г 10:62) болно хэмээн тунхагласан гэдгийг ангийнханд тайлбарла. Христийн сургаалд Есүс Христэд бүх хүн төрөлхтөн Их Эзэн Аврагч хэмээн итгэх, нүглээ наманчилж, баптисм хүртэх, Сүнсийг хүлээн авах гэсэн зарлигууд багтдаг (3 Нифай 11:32-ыг үзнэ үү). Дараах өгүүлбэрийг самбар дээр бич:

2 Нифай 31:2, 10–21   3 Нифай 11:31–41   3 Нифай 27:13–21

Ангийг гурван бүлэг болгон хуваарил. Нэг бүлгээс 2 Нифай 31:2, 10–21-ийг, хоёр дахь бүлгээс 3 Нифай 11:31–41-ийг, гурав дахь бүлгээс 3 Нифай 27:13–22-ыг судлахыг тус тус хүс. Бүлэг бүрээс шүлгүүдээ уншаад, Есүс Христийг дагахыг эрэлхийлдэг хүмүүсээс юу шаардагддаг болохыг олж тогтоохыг хүс. Та суралцагчдыг судар дээрээ Есүс Христийн сургаал ба сайн мэдээний тухай тодорхой үнэнүүдийг тэмдэглэж авахад урамшуулан дэмжиж болно.

Суралцагчдад эдгээр судрын хэсгийг унших цөөн минут гаргаж өгсний дараа тэднээс самбар дээрх эшлэл бүрийн доор Есүс Христийн дагалдагчдаас шаардагддаг тодорхой үйлдлүүдийг жагсааж бичихийг хүс.

Дараа нь дараахтай адил асуултуудыг тавь:

  • Хэрэв хэн нэгэн хүн танаас мормончууд Есүс Христэд итгэдэг үү гэж асуувал самбар дээрх эдгээр гурван судрын хэсэг хариулахад тань хэрхэн туслах вэ?

  • Та Есүс Христийн сургаал эсвэл сайн мэдээ гэж юу болохыг мэддэггүй хүнд энэ тухай өөрийн үгээр хэрхэн тайлбарлах вэ?

  • Номлогчид Есүс Христэд аль хэдийн итгэдэг хүмүүст яагаад номлодог юм бол гэж зарим хүн асууж магадгүй. Самбар дээр тоймлосон эдгээр сударт дурдсанаар, Христийн сургаал хэрхэн танд энэ асуултад хариулахад туслах вэ?

Суралцагчдыг хариулах үед Христийн сургаал нь (1) Есүс Христ биднийг Эцэгт авчрахын тулд хийсэн болон хийсээр байгаа зүйлс (Алма 33:22; С ба Г 76:40–42-ыг үзнэ үү), (2) Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хүртэхийн тулд итгэлтэй байх, наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих зэргийг багтаасан бидний хийх ёстой зүйлс (3 Нифай 27:16–21-ийг үзнэ үү) гэсэн хоёр хэсгээс бүрддэг гэдгийг тэдэнд ойлгуулахад анхаар.

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх номлогчийн зорилгын тухай мэдэгдэл рүү эргүүлэн хандуулаад, асуу:

  • Христийн сургаал хэрхэн номлолын ажлын зорилготой холбогддог вэ?

Суралцагчид энэ асуултыг ярилцаж байхдаа дараах үнэнийг илэрхийлж болох юм: Номлогчид Христийн сургаалыг хүлээн авч, итгэлээ хөгжүүлэх, наманчилж, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих зэрэгт сонирхогчдод тусалснаар зорилгоо гүйцэлдүүлдэг.

Сонирхогчид нь сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахын тулд Христийн сургаалын дагуу үйлдэх ёстой гэдгийг суралцагчдад илүү гүнзгий ойлгуулахын тулд тэднийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р хуудсыг нээхэд уриад, нэг суралцагчаас “Есүс Христийн сайн мэдээ” хэсгийн эхний хоёр догол мөрийг чанга уншихыг хүс. Дараа нь суралцагчдад яагаад сонирхогчдын хувьд итгэлээр үйлдэх нь чухал гэдгийг олж харахад туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавь.

  • Сонирхогч нь Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг хөгжүүлэн, наманчилж, баптисмын гэрээг хүлээн авахад бэлдэж байгаа гэдгийг тодорхойлохын тулд номлогч ямар нотолгоог эрэлхийлэх ёстой вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, номлогчид ихэвчлэн зөв зүйлийг хэлж, хийхэд анхаарлаа хандуулдаг гэдгийг тайлбарла. Гэхдээ сонирхогчид номлогчдын заасан зүйлийн дагуу итгэлээр үйлдэх нь тэдний хэлж, хийсэн зүйлээс илүү чухал юм. Номлогчийн хөгжүүлж болох хамгийн чухал ур чадваруудын нэг бол сонирхогч үнэхээр итгэлээр үйлдэн, хөрвөгдөж байгаа эсэхийг Сүнсээр ялган таних чадвар юм.

  • Номлогч Ариун Сүнс хичээлийн үеэр хамт байж, сонирхогч түүнийг нь мэдэрч байгаа эсэхийг тодорхойлох ямар нотолгоог олж харж болох вэ?

  • Ирээдүйн номлогчид Христийн сургаалыг илүү сайн ойлгож, хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ? (Хариултад: илүү сайн ойлгохын тулд итгэлээр залбирах, Есүс Христийн Цагаатгал, сайн мэдээний анхдагч зарчим, ёслолууд гэх мэт Христийн сургаалын тодорхой хэсгүүдийг судруудаас судлах, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд юу хийсэн талаар бусадтай ярилцах, баптисмын гэрээнүүдийг илүү сайн ойлгохын тулд ариун ёслолын залбирлыг судлах зэрэг нь орсон байж болно)

“The Purpose of Missionary Work: Robles Family” (9:19) видео бичлэгийг үзүүлээд, ангийн гишүүдээс Роблэсийн гэр бүлд Христэд ирэхэд нь туслахын тулд номлогчид юу хийсэн тухай тэмдэглэж авахыг хүс.

Видео бичлэгийг үзүүлсний дараа номлогчид зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд юу хийснийг тайлбарлахад нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавь:

  • Эдгээр номлогч Роблэсийн гэр бүлд итгэлээ хөгжүүлэхэд нь туслахын тулд юу хийсэн бэ? (Хариултад: тэднийг Мормоны Номын тухай залбирахад урамшуулсан, асуултуудад хариулсан, зарлигуудыг дагах нь яагаад чухал болохыг заасан, зарлигуудыг дагах амлалтыг тэднээс авсан, баптисмын ёслолыг хүлээн авахад тусалсан, тойргийнхон тэдний амьдралд оролцож байгаа эсэхэд анхаарал хандуулсан, тэднийг ариун сүм рүү чиглүүлсэн зэрэг нь орсон байж болно.)

  • Яагаад сонирхогчдод заах, тэднийг Христэд ирэхэд урих гэсэн хоёр ажил номлогчдын хийдэг ажлын чухал хэсэг байдаг вэ?

  • Та Роблэсийн гэр бүлийн гишүүдийн итгэл өссөн мөн тэд Христийн Сүнстэй илүү холбоотой болсныг харуулсан ямар нотолгоог олж харсан бэ?

Суралцагчдадаа Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх “Амлалтуудаа биелүүлэхэд нь бусдад туслах нь: Итгэл болон наманчлалд хүрэх зам” гарчигтай хэсгийг судлах хугацаа гаргаж өг. Дараа нь суралцагчдыг хос болгон хуваарилаад, нэг нэгээрээ ээлжлэн бусдыг амлалтаа биелүүлэхэд урих талаар юу гэж бодож байгаагаа хуваалцах даалгавар өг. Тэд юунаас айдаг эсвэл юунд санаа зовдог вэ? Тэдэнд үүнийг хийж чадна гэж итгэхэд юу тусалдаг вэ? Дараа нь дараах асуултуудыг тавь:

  • Христийн сургаалыг ойлгох нь сонирхогчдыг амлалт өгөхөд урихад танд хэрхэн тусалдаг вэ?

  • Ахлагч Жэффри Р.Холланд хүмүүс Мормоны Номыг уншина эсвэл үүний тухай залбирна гэсэн амлалтаа биелүүлээгүй бол яагаад номлогчдын “сэтгэл гонсойх” ёстой гэж хэлсэн бэ?

Хүмүүс өөрчлөгдөж, баптисм хүртэхэд нь тэдэнд туслахад ямар санагдах талаар төсөөлөхөд ангийнхныг урь. Суралцагчдаас найздаа юм уу гэр бүлийнхээ гишүүнд Христэд ирэхэд нь тусалсан хүн байгаа эсэхийг асуугаад, энэ үйл явцад туслахад ямар санагдсан талаараа хуваалцахад урь.

Хамгийн агуу үүрэг

Хэрхэн номлогчдод Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд сайн мэдээг заах, Цагаатгалын адислалуудаас хүртэх боломж олгох ёслолуудыг хүлээн авахад нь туслах эрх мэдэл байдаг талаар ярилц. Дараах мэдэгдлүүдийг үзүүлээд, нэг суралцагчаас тэдгээрийг ангийнханд чанга уншиж өгөхийг хүс.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Эцсийн эцэст, хамгийн агуу, хамгийн ач холбогдолтой үүрэг бол сайн мэдээг номлох явдал мөн” (Иосеф Смит, Миний сайн мэдээг номло, 13-р хуудаснаас эш татав).

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Сайн мэдээг заах нь бусад сайн үйлээс илүү чухал юм. Та дэлхий дээрх хамгийн агуу ажилд оролцож байгаа бөгөөд дэлхий дээрх өөр ямар ч зүйлийг үүнтэй харьцуулахын аргагүй билээ. Байшин барилга, зам гүүр барих юу ч биш. Дэлхийг барьж байгуулах нь таны өндийлгөн босгож байгаа хүмүүний амьдралтай харьцуулахад юу ч биш юм. Таны хийж буй зүйлийг мөнх бус амьдралыг аврахтай харьцуулбал тийм ч чухал амжилт биш. Магадгүй та оршуулгын газар очоод, үхэгсдийг, тэр ч бүү хэл олон мянган үхэгсдийг амилуулсан ч энэ нь хүмүүнийг аврахын тулд хийж буй таны ажлын хажууд өчүүхэн төдий зүйл билээ” (The Teachings of Spencer W. Kimball [1982], 547).

Суралцагчдын дунд яагаад сайн мэдээг номлох нь бидний хамгийн чухал үүрэг гэж бодож байгаа талаар бодлоо хуваалцах хүн байгаа эсэхийг асуу. Бид сайн мэдээг номлосноор бусдад Цагаатгалын адислалуудаас хүртэхэд нь тусалдаг гэдгийг суралцагчдад ойлгуулахад анхаар.

Ангийнхныг дагаж уншаад, сайн мэдээг номлодог ба түүнийг хүлээн авдаг хүмүүст ирэх адислалуудыг хайж байх хооронд нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 18:10, 15–16-г чанга уншихыг хүс. Дараа нь асуу:

  • Сайн мэдээг номлодог мөн түүнийг заалгадаг хүмүүст ямар ямар адислал ирдэг вэ?

Номлогчийн ажил хэцүү бэрх байж болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Аврал нь хямдхан олддог туршлага биш учраас номлогчийн ажил амар бус гэдэгт би итгэдэг. Аврал хэзээ ч амархан байгаагүй. Бид бол Есүс Христийн Сүм, энэ нь үнэн бөгөөд Тэрээр бидний Агуу, Мөнхийн Тэргүүн юм. Түүнд хэзээ ч амар байгаагүй зүйл бидэнд амар байна гэдэгт бид хэрхэн итгэж болох билээ? Надад номлогчид болон номлолын удирдагчид Гетсеманид хэдхэн хормыг ч гэсэн өнгөрүүлсэн байх ёстой юм шиг санагддаг. Номлогчид болон номлолын удирдагчид Калварийн толгод руу ядаж нэг юм уу хоёр алхам хийсэн байх ёстой.

“… Номлогчид болон сонирхогчид үнэнийг мэдэж, авралд ирэн, үнэ нь төлөгдсөн төлөөсийн талаар ямар нэгэн зүйлийг олж мэдэхийн тулд уг үнэ цэнд дүйцэхүйц төлбөрийг төлөх ёстой гэдэгт би итгэдэг” (“Missionary Work and the Atonement,” Ensign, 2001 оны 3-р сар, 15).

  • Номлогчийн ажлын талаарх энэхүү ойлголт номлогчийн хувьд сорилт бэрхшээлтэй тулгарах үед танд хэрхэн туслах вэ?

Хичээлийн төгсгөлд суралцагчдад номлогчийн ажил, Христийн сургаал хоёрын хоорондын уялдаа холбооны талаар сурсан зүйлээ бичиж тэмдэглэх цаг гаргаж өг. Суралцагчдыг номлолд бэлтгэхдээ Христийн сургаалыг илүү сайн ойлгохын тулд хийж болох зүйлээр зорилго тавихад урамшуулан дэмж. Суралцагчдаас ангийнхантай гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуу. Хэрэв суралцагчид Христийн сургаалыг судалж, үүний дагуу үйлдэх юм бол илүү амжилттай номлогчид болно гэсэн гэрчлэлээ хуваалц.

Үйлдэх урилга

Бүрэн цагийн номлолд үр дүнтэй бэлтгэгдэхийн тулд ангиас гадуур хичээл зүтгэл гаргах шаардлагатай гэдгийг суралцагчдад тайлбарла. Иймээс та хичээл бүрийн төгсгөлд тэдэнд номлолд үйлчлэхэд илүү сайн бэлтгэгдэхэд нь туслах зорилгоор хийгдсэн санал болгосон үйл ажиллагаануудыг тарааж өгч бай. Суралцагчдад яг одооноос эхлэн Их Эзэний ажилд хэрхэн оролцож болоход нь туслахын тулд тэднийг дараах үйл ажиллагаанаас нэг эсвэл түүнээс олныг хийхэд уриал:

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан, яагаад номлолд үйлчлэх гэж байгаадаа баярлаж байгаагаа мөн үүнд бэлдэхийн тулд юу хийж байгаагаа бусадтай хуваалцах

  • LDS.org вэбсайтын Hastening the Work of Salvation хэсэгт байгаа видео бичлэгүүдээс хэдийг үзээд, авралын ажилд оролцох боломжийн талаар эргэцүүлэн бодоод төрсөн сэтгэгдлээ судлах тэмдэглэл дээрээ бичих

  • Нэг найзаа номлолд бэлтгэх ангид хамт суухад урих (Та хичээл бүрийн төгсгөлд энэ урилгыг суралцагчдад өгч болно.)

  • Гишүүн бус эсвэл идэвх султай найзаа номлогчоос хичээл авахад урих