Бишопын зөвлөл
Амралт зуслан


Амралт зуслан

Амралт зуслангийн газрын зохицуулалт

Сүмийн амралт зуслангийн газар нь гадаа явагддаг Сүмийн үйл ажиллагаануудад зориулагдсан. Эдгээр газрыг Сүмийн тогтоосон онцлог жишиг, төлөвлөгөөнүүдийн дагуу байгуулдаг. Хоёр төрлийн амралт зуслангийн газар бий. Үүнд:

  1. Амралт зуслангийн газар

  2. Орон нутгийн соёл амралтын төв (ОНСАТ)

Амралт зуслангийн газар нь залуу эмэгтэйчүүдэд таатай аюулгүй нөхцөлд цагийг өнгөрөөнгөө Сүнсийг мэдрэхэд туслах гол зорилготой. Гадас, тойрог, Сүмийн гишүүн гэр бүлүүд болон тэдний зочид зөвшөөрөгдсөн үйл ажиллагаануудад эдгээр зусланг ашиглаж болно. Сүмийн амралт зуслангийн газрыг нийгэмлэг, арилжааны байгууллага, өөр сүсэг бишрэлтэй хувь хүмүүсийн өмнөөс захиалж болохгүй. Харин Сүмийн гишүүд өөр сүсэг бишрэлтэй найз нөхдөө уриад, хамтдаа очиж болно.

Засварлах, арчлан хамгаалах эсвэл нөхөн сэргээх зардлыг нөхөх зорилгоор амралт зусланг ашигласны төлбөр авч болох юм. Бүх амралт зуслангийн захиалгыг Сүмийн онлайн захиалгын систем camping.ChurchofJesusChrist.org-ийг ашиглан хийнэ. Бүх төлбөрийг уг системээр дамжуулан төлөх ба нэгжийн захиалгын хувьд зөвхөн нэгжээс нэгж рүү шилжүүлэх замаар, хувийн захиалгын хувьд хувийн кредит картаар төлөх ёстой.

ОНСАТ нь ерөнхийдөө гадасны хилийн дотор байрладаг бөгөөд голчлон тухайн гадасны эсвэл ойролцоох гадасны тойргууд ашиглах зориулалттай. Нийтлэг жишээнд асар, павильон юм уу гадаа үйл ажиллагаа явуулах нэмэлт газар орно. Гадаснууд ОНСАТ-ийг ашигласны төлөө Сүмийн гишүүдээс төлбөр авах ёсгүй.

Зайлшгүй хэрэгцээ үүссэн бол гадас шинээр ОНСАТ юм уу амралт зусланг сэргээн засварлах эсвэл худалдан авах хүсэлтийг гаргаж болно. Гадасны ерөнхийлөгч бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд хүргүүлэх жилийн төлөвлөгөөнд төслийн хүсэлт оруулуулахаар барилгын албаны менежер эсвэл бүсийн албатай холбогдож болно.

Гэхдээ орон нутгийн нэгжүүдийг хүсэлт илгээхийнхээ өмнө нийтийн болон хувийн эзэмшлийн барилга байгууламж ашиглахыг нь дэмждэг. Сүмийн эзэмшлийн барилга байгууламж залгаа гадасны хил хязгаар дотор, ойролцоо оршдог бол нэмэлт барилга байгууламжтай болох хүсэлт гаргахын өмнө эдгээр барилга байгууламжийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах ёстой.

Дараах агуулгад ялангуяа амралт зуслантай холбоотой зүйлс багтсан.

Шинэ амралт зуслангийн газрууд

Амралт зуслан худалдаж авах эсвэл барих зорилгоор Сүмээс санхүүжилт хүссэн хүсэлтийг ажлын албаны захирлаар дамжуулан илгээнэ. Зөвхөн зохих шаардлага болон боловсруулалтын стандартыг хангасан нөхцөлд амралт зуслангуудын жил тутмын төлөвлөх үйл явцын дагуу Сүмийн ерөнхий санд хүсэлт гаргадаг. Барилгын албаны менежертэй холбогдож, хэлэлцэх үйл явцыг эхлүүлнэ.

Амралт зуслангийн газаргүй гадаснууд

Бүсийн дал (Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс томилсон) гадаснуудад гадасны хэрэгцээ, газрын хол ойр, хэрэглээ зэрэгт үндэслэн Сүмийн эзэмшлийн зусланг оноон, томилж болно. Мөн нийтийн эсвэл хувийн эзэмшлийн зуслан ашиглах талаар авч үзэж болно.

Амралт зуслангүй гадаснууд онлайн захиалгын системийг ашиглан, вэбсайтад нийтлэгдсэн захиалга өгөх тусгай хуваарийн дагуу аль ч амралт зугаалгын газрыг захиалж болно.

Ашиглаж байгаа амралт зуслангийн газрыг сэргээн засах зардлыг санхүүжүүлэх

Зуслан бүрд барилгын албаны менежер томилогдсон байх бөгөөд зуслангийн бүх барилга байгууламжийг биечлэн хариуцна. Санхүүжих үйл явц нь жил тутмын төсвийн нэг хэсэг бөгөөд солих, сэргээн засварлах, үйл ажиллагаа явуулах, засвар үйлчилгээ хийх санхүүжилт бүгд үүнд багтана. Зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаа, материалд шаардлагатай зардлыг зуслангийн хэрэглэгчийн төлсөн төлбөрөөс (зусланд зориулсан гадасны санхүүг үзнэ үү) гаргадаг.

Үйл ажиллагаа ба засвар арчилгаа

Аюулгүй байдалтай холбоотой асуудал болоод байнгын засвар хийгдэх шаардлагатай эсэхийг тогтоохын тулд дор хаяж хагас жил тутамд зуслангийн өмч хөрөнгөд үзлэг шалгалт явуулна. Хүчтэй салхи, ширүүн бороо, цас зэрэг байгалийн ноцтой үзэгдлийн дараа зуслангууд болон ой модтой бүсүүдэд үзлэг шалгалт явуулах ёстой.

Америкийн Нэгдсэн Улс, Канадад Цуглааны байр, барилга байгууламж хариуцсан хэлтсийн Байгалийн баялгийн үйлчилгээний албатай хамтран ажилладаг барилгын албаны менежерт хүсэлтээ илгээж; үзлэг шалгалт, засвар үйлчилгээний дэмжлэг авах боломжтой.

Түрээсийн газар дээр амралт зуслантай бол ихээхэн хөрөнгө оруулалт зарцуулах нөхцөл байдлыг зөвтгөх урт хугацааны түрээсийн гэрээ байгуулаагүй л бол хамгийн бага түвшинд засвар, үйлчилгээ хийнэ.

Одоо байгаа амралт зуслангуудыг худалдах эсвэл түрээслэх

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл одоо байгаа амралт зуслангийн газрыг зарах эсвэл түрээслэхийг хүсвэл, барилгын албаны менежерт эсвэл бүсийн захиргааны албанд хандах ёстой. Гадаснууд амралт зуслангийн газар худалдан авах, түрээслэх, захиран зарцуулахтай холбоотой аливаа хэлэлцээрийг хотын захиргаа, үл хөдлөх хөрөнгийн төлөөлөгчтэй байгуулах эрхгүй.

Захиргаа

Бүсийн дал (Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс томилсон) амралт зуслангийн газрын захиргааг хариуцах гадасны ерөнхийлөгчийг томилно. Төлөөлөгч гадасны ерөнхийлөгч шашны бүсийн хувьд өмч хөрөнгө байрлаж байгаа бүс нутагт оршин суудаг байх ёстой.

Татвараас чөлөөлөгдөх нөхцөл байдал

Амралт зуслангийн өмч хөрөнгө татвараас чөлөөлөгдөх нөхцөл байдлаа хадгалах ёстой. Тухайн өмч хөрөнгө нь ашгийн юм уу улс төрийн зорилгоор эсвэл ашиглалт, арчилгаа, засвар үйлчилгээний хэрэгцээнээс давах орлого олох зорилгоор ашиглагдах ёсгүй. Хэрэв тухайн амралт зуслангийн оршин байгаа газрын орон нутгийн засаг захиргаа татвараас чөлөөлөгдөх эрх өгдөггүй бол татварыг Сүмийн удирдах газар төлнө.

Зусланд зориулсан гадасны санхүү

Америкийн Нэгдсэн Улс, Канадад төлөөлөгч гадас нь Сүмийн удирдах газрын Сангийн үйлчлэлийн албаар дамжуулан Сүмийн нэгжийн банкны системд тусгай данс (CUBS) нээлгэж, зуслангийн санхүүг удирдана. Төлөөлөгч гадас нь банктай шууд харилцаж эсвэл хадгаламжийн данс нээж болохгүй. Тусгай дансыг зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаа, материалын төлбөрийг төлөхөд ашиглана. Хэрэглэгчийн бүх төлбөр, тооцоог уг харилцах дансанд хуримтлуулна. Америкийн Нэгдсэн Улс, Канадаас бусад бүс нутагт төлөөлөгч гадасны ерөнхийлөгч данс нээлгэх зааварчилгааг авахын тулд бүсийн санхүүгийн ажилтантай холбоо барина.

Төлөөлөгч гадасны аудитор зуслангийн санхүүгийн үйл ажиллагааг шалгахдаа одоо ашиглаж байгаа Амралт зуслангийн аудитын маягтыг Бүсийн аудитын эх сурвалжийн сан-гаас авч ашиглана.

Төлөөлөгч гадасны ерөнхийлөгч бүх орлого, зарлагыг хянамгай шалгаж, батална. Хэрэв амралт зуслан нь байгалийн баялгаас орлого олдог бол төлөөлөгч гадас Цуглааны байр, барилга байгууламж хариуцсан хэлтсийн Байгалийн баялгийн үйлчилгээний алба (Нэгдсэн Улс, Канадад) эсвэл бүсийн алба (Нэгдсэн Улс, Канадаас гадна)-тай хамтран ажилладаг барилгын албаны менежерт мэдэгдэнэ. Иймэрхүү орлогыг Сүмийн ерөнхий санд хадгална.

Сүмийн гишүүд засварын жижиг ажилд өөрсдийн хөдөлмөр, материал, тоног төхөөрөмжийг ашиглан, амралт зуслангийн засвар үйлчилгээ, сэргээн засах ажлын зардлыг багасгахад тусалж болно. Бүх солих, сэргээн засах ажлыг зөвхөн урьдчилсан шаардлага хангасан гэрээт ажилтнууд болон батлагдсан жилийн төлөвлөгөөний санг ашиглан барилгын албаны менежер гүйцэтгэдэг. Сүмийн удирдагчид амралт зуслангуудыг засахын (Одоо ашиглаж байгаа амралт зуслангуудын засварыг санхүүжүүлэх нь хэсгийг үзнэ үү) тулд хандив цуглуулах тусгай арга хэмжээ зохиох ёсгүй.

Ундны усны хангамж

Хувийн худаг эсвэл булаг шандаас (нийтийн усан хангамжийн системээс авахаас гадна) нийлүүлэгддэг, Сүмийн бүх өмч хөрөнгө дэх ундны усны хангамжийн систем нь Сүмийн жишгийн дагуу тогтоогдож, хууль журмын дагуу баригдаж, ашиглагдаж мөн засварлагддаг. Барилгын албаны менежер нь хуульд заасны дагуу мөн шилдэг хяналтын туршлагуудын дагуу усны чанарын стандарт тогтоох дээж авч, шинжилж байгаа эсэхийг нягтлах үүрэг хүлээдэг.

Тоног төхөөрөмж ба тээврийн хэрэгслүүд

Цуглааны байр, барилга байгууламж хариуцсан хэлтэс төдийгүй Сүм ерөнхийдөө амралт зуслангийн газруудыг тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр хангаж эсвэл арчилдаггүй. Шаардлагатай үед тусгай тоног төхөөрөмжүүдийг гадасны зардлаар түрээслэх, гадасны гишүүдээс түр зээлэх эсвэл орон нутгийн нэгжийн төсөв болон хэрэглэгчийн төлсөн төлбөрийг ашиглан худалдан авдаг.

Арчлан хамгаалагч

Хэрэв нэг болон түүнээс дээш тооны бүрэн цагийн арчлан хамгаалагч хэрэгтэй бол төлөөлөгч гадасны ерөнхийлөгч Сүмийн үйлчлэлийн номлогчдыг уг ажилд дуудаж болно. Сүмийн үйлчлэлийн эдгээр номлогчийг бишоп нь онцгойлон адисална.

Сүмийн үйлчлэлийн номлогчдыг дуудах талаар нэмэлт мэдээлэл авахын тулд Ерөнхий гарын авлага номын 24.7-г үзнэ үү.